- Lemon Press
- Posts
- 🤕 Хориг үргэлжилнэ
🤕 Хориг үргэлжилнэ
Бизнесүүдийн ТОП асуудал | Шинэ ЗГ & УИХ-ын дарга | Хүлээлтэд хүрээгүй $TSLA
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! 2026 оны байдлаар Америкчууд тэтгэвэртээ гарахын тулд дор хаяж $1.5 сая хэрэгтэй гэж үзэж байна. Энэ нь өнгөрсөн оноос 15% өссөн дүн юм. Тэгвэл Монголд тэтгэвэртээ гараад тайван амьдрахад хэдэн ₮ хангалттай байх бол? 🫨 GenZ-г тэтгэвэртээ гарах үед ер нь юу болох бол оо, хэдэн сан нь байдаг байгаа?


*Нэг өдрийн өөрчлөлт.
POM: Өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, 114 гишүүн оролцсоноос 84-ийн саналаар С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдлоо.
BOM: Энэ оны I улиралд Монголын гадаад валютын нөөцийн хэмжээ оны эхнээс $182.5 саяар өсөж $7,187.8 саяд хүрснээр түүхэн дээд түвшинд хүрчээ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр нийт ₮118.4 тэрбумын болон $27.4 саяын арилжаа явагдсан байна. ₮-ийн арилжааны 57% нь анхдагч зах зээлийн арилжаа аж.
ETT: 2026 оны эхний улиралд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 72% нэмэгдэж $641.6 саяд хүрч, улсад ₮350.4 тэрбумын татвар, хураамж төлөв.

🎤 Д.Мөнхбат: Удирдагч хүн “0”-ээс “1”, оргүй хоосноос систем бүтээгч байх ёстой

Lead W/ булангийн шинэ дугаарт Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу.
Тэрбээр ажлын гараагаа Америкийн банкны салбарын луугаруудын нэг болох JPMorgan банкнаас эхлүүлж, карьерынхаа туршид хөрөнгө оруулалт босгох, зах зээлд шинэлэг технологи, систем, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх төслүүд дээр ажилласан туршлагатай нэгэн юм. Түүний манлайллын мантра нь “0-ээс 1”.

🥴 Бизнесүүдийн толгойны өвчин

Шинэ ЕС маань хувийн хэвшлээ жигтэйхэн дэмжиж ажиллана гэж ам гарсан. Тэгвэл бизнес эрхлэгч, ААН-үүдэд ямар асуудал тулгараад байгааг, юуг нь шийдэхийг яаруу тодоор хүүрнэе ээ.
📌📐 Судалгаа: МҮХАҮТ-аас гаргадаг “Бизнес итгэлийн индекс” судалгааны 2025 оны IV улирлын үр дүн гарсан байна. Судалгаанд Улаанбаатар хот, орон нутгийн нийт 335 ААН, бизнес эрхлэгчдийг хамруулсан аж.
🤒 Худалдааны салбар: Бидэнд итгэл алга
Судалгааны үр дүнд Бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчин, макро үзүүлэлт гэсэн үндсэн 4 бүлгийн нийт 12 үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцсон Бизнес итгэлийн индекс (БИИ) -0.15 гарсан нь бизнес эрхлэгчдийн дунд гутранги хүлээлт давамгайлсан хэвээр байгааг илтгэж байна.
🧱 Барилгын салбар: Хамгийн эерэг хүлээлттэй байгаа нь төрөөс хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүд эсвэл ипотекийн санхүүжилттэй холбоотой байх магадлалтай. Мөн хөрөнгө оруулах итгэл энэ салбарт хамгийн өндөр байгаагаас харахад салбарын тэлэлтийг илтгэж байна.
💰 Худалдааны салбар: Энэ салбарт итгэл хамгийн бага байгаа нь иргэдийн худалдан авах чадвар буурч, бараа материал болон тээвэр логистикийн зардал өссөнтэй холбоотой.
🥊 Албан бус секторын эмзэг байдал
Энэ удаагийн судалгааны онцлох хэсэг нь албан бус секторын бизнес эрхлэгчдийг тусад нь авч үзсэн явдал. Тус секторт БИИ илүү муу буюу -0.37 байгаа аж. Хөрөнгө оруулалтын орчны үнэлгээ нь бүр -0.40 гарч.
🩸 Мэдрэмтгий байдал: Тэдний 73% нь үнийн өсөлт, ядуурлыг илүү хурцаар мэдэрч байгаа нь тэдний санхүүгийн дархлаа сул, эдийн засгийн шокт хамгийн түрүүнд өртдөг болохыг баталж байна.
‼️ ТОП асуудлууд
Өмнө нь (2018-2020 он) бизнес эрхлэгчид зээлийн хүүг хамгийн том саад гэж нэрлэдэг байсан бол 2025 оны эцсийн байдлаар үнийн өсөлт, инфляц (45.4%) хамгийн том "толгойны өвчин" болжээ. Энэ нь бизнес эрхлэгчдийн зардлын хяналт алдагдаж, ашигт ажиллагаа шахагдаж байгааг илтгэж байна. Инфляцын дараа орох гол хүчин зүйлс нь:
Санхүүжилт (25.7%): Зээл болон санхүүгийн асуудал хурцадмал хэвээр.
Хүний нөөц (22.7%): Ажиллах хүчний хомсдол нь бизнесийн тэлэлтийг боомилох түвшинд хүрчээ.
Эрэлт ба Тээвэр (16.7-20%): Борлуулалтын идэвх болон тээврийн зардал нь үйл ажиллагааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.
📌 Харин бодлого, зохицуулалт, геополитик талаасаа эдгээр толгойн өвчнийг намдаах эм, анагаах шид гарч ирэх нь үү дээ.

🎫 Монголчуудын визгүй зорчих орнууд болон байрлах боломжит хугацаа. (visafreemn)
💥 AI зарим ажлыг устгаж, шинэ ажлуудыг бий болгож байна. (WSJ)
🇬🇧 Race Across the World: Сицили арлаас Хатгал сум хүртэл 12 мянган км аялсан түүх. (BBC)
🧠 Google-н Gemma 4 модель ямар ид шидтэй вэ? (GoogleBlog)

📉 Хүлээлтэд хүрээгүй $TSLA
TSLA: Энэ оны I улиралд Tesla 408.4 мянган автомашин үйлдвэрлэж, 358 мянган автомашиныг борлуулжээ. Гэвч уг гүйцэтгэл нь шинжээчдийн таамагт хүрээгүй төдийгүй хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нийцсэнгүй. Тодруулбал, нийлүүлэлт 2025 оны мөн үеэс 6.3% өссөн ч шинжээчдийн таамагласан 365.6 мянгаас доогуур үзүүлэлт болсон бөгөөд 2025 оны IV улиралтай харьцуулахад нийлүүлэлт 14% буурсан аж. Үүний нөлөөгөөр өнгөрсөн Баасан гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 5.4% унаж $360.6 дээр хаагдаад байна.

🤕 Хориг үргэлжилнэ

2026 он гарснаас хойш нэг баррель газрын тосны үнэ 93.4% өсөж $112.1-т хүрлээ. Ойрх дорнодод өрнөж буй Ираны дайнаас шалтгаалсан энэхүү хямрал цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус хэвээр байна. Тэгсэн энэ цөвүүн цагт хойд хөршөөс дахин нэг хүндхэн мэдээ дуулгажээ.
🇷🇺 Шатахуун өгөхгүй
Өнгөрсөн долоо хоногт хойд хөршөөс шатахууны экспортод тавьсан хоригоо өргөтгөх шийдвэр гаргалаа. Ингэснээр Орос дотооддоо шатахууны үнээ тогтворжуулах, хөдөө аж ахуйн улирлын эрэлтийг хангах, шатахууны хомсдолоос сэргийлэх боломж үүсэх аж. Түүнчлэн тус шийдвэр нь ирэх 7 сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд аз болж Монголтой байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ уг хоригт орохгүй буюу бид шатахуунаа үргэлжлүүлэн авахаар тусгагджээ.
🇲🇳 Шалдар булдар
Шинэ ЗГ томилогдсон даруйдаа маргааш нь анхны хуралдаанаа хийхээр байсан ч өнөөдөр болгож хойшлуулсан. Гол нь тус хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байв. Дотоодод АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны үнэ энэ сард Оросоос нэмэгдсэн үнээр орж ирнэ.
📈 Өсөх хүлээлт: Үүний улмаас энгийн АИ-92-оос бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш ₮2,200, Евро-5 дизель түлш ₮1,300, АИ-95 ₮500-өөр тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
🛢️ Саваа бэлдсээр: ЗГ 2026 онд багтан шатахуун нөөцлөх 150 мянган метр куб савыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ба нэмээд 140 мянган тн-ы савтай болох ажлыг ирэх жил дуусгахаар байна. Харин одоогоор Улаанбаатар төмөр замын 1.3 мянга гаруй цистерн вагоныг шатахууны түр агуулах хэлбэрээр ашиглаж, өртөө зөрлөг бүр дээр төвлөрүүлжээ.
Эцэст нь… Дотоодын шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахаар ЗГ-аас "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна. Нэг үгээр шатахууны татварт зохицуулалт хийх замаар үнийн өсөлтийг бууруулах аж. 👨🏻⚖️

Өнгөрсөн Баасан гарагт Ерөнхий сайд Н.Учралын шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн томилогдоо. Тэгвэл Дуулиан дагуулсан уг томилгоог тоогоор хүргэе.
Улирсан 10: Хуучин ЗГ-т ажиллаж байсан сайд нарын 53% буюу 10 сайд шинэ бүрэлдэхүүнд үлдлээ. Сонирхуулахад, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр ЗГХЭГ-ын газрын даргаар, ЦХИХХ-ны сайдаар ажиллаж байсан Э.Батшугар ЭМ-ийн сайдаар тус тус сонгогджээ.
9 шинэков: Шинээр байгуулагдсан ЗГ-т УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, З.Мэндсайхан С.Амарсайхан тэргүүтэй 9 сайд шинээр томилогдоод байна. Мөн “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайдаар ажиллахаар болов.
Ажилгүй 12: Өмнөх ЗГ-т ажиллаж байсан 16 дэд сайдын ердөө 4 нь ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон бол үлдсэн 12 дэд сайд цомхотголд өртлөө.
Давхардсан тоогоор, шинэ ЗГ-ын 19 сайдын энэ удаагийн томилгоог оролцуулаад нийт 40 удаа сайдын албан тушаал хашихаар боллоо. Үүнээс 3 удаа томилогдсон сайд 6 байгаа бол анх удаа томилогдсон сайд 3 байна даа. 🔢


Threads
🍋 "The Super Mario Galaxy Movie" нээлтээ хийсэн эхний 5 хоногтоо 4,252 кино театраас $190 саяын орлого оллоо. Нээлтээ хийсэн өдрөө л гэхэд $34.5 саяыг олсон нь энэ оны хамгийн өндөр орлоготой нээлтийн өдрөөр бүртгэгдэв. Нөгөө талд А24 студийн Роберт Паттинсон, Зендая нарын тоглосон "The Drama" кино $28 саяын орлого олоод байна.
🍋 FIBA 3x3 Asia Cup 2026 өндөрлөлөө. Эрэгтэй Шинэ Зеландын баг болон эмэгтэй Австралийн баг ялалт байгуулав. Тус тэмцээнд Монголын эрэгтэй баг чансааны 1-рт, эмэгтэй баг 2-рт эрэмбэлэгдэн оролцсон. Харамсалтай нь, манай эмэгтэй баг шөвгийн 8-д Филиппиний багт 15-12 харьцаатайгаар ялагдаж, эрэгтэй баг Японы багт хожигдсон билээ.
🍋 ЗГ хэмнэлтийн горим руу шилжсэн гэнэ. Одоогоор ЗГ-тай холбоотой 3,000 сул орон тоо байгаа бөгөөд үүнийг бөглөхгүйгээр ажиллах нь 26 яам татан буулгасантай адил хэмнэлт болох аж. Шинэ ЕС яам, сайд цомхотгох нь өндөр зардал дагуулах тул бүтцийг хэвээр хадгалах нь оновчтой гэжээ.
🍋 Үнэт цаасны зээл, шорт арилжааны журам батлагдлаа. Тодруулбал, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж уг журмыг СЗХ-гоор батламжлуулснаар зах зээлд үнэт цаасаа зээлж өгөөж хүртэх, ханшийн уналтаас ашиг олох стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээд байна.

Даваа: Хасын Хүлэгүүд баг BCL Asia-East тэмцээний эхний тоглолтоо хийнэ.
Мягмар: Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохионо.
Лхагва: 2026 оны 3-р сард Хэрэглээний үнийн индекс ямаршуухан байв?
Пүрэв: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ танилцуулагдана.
Баасан: Гадаад худалдаа, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын I улирлыг шинжинэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply