- Lemon Press
- Posts
- 😑 Бухын доодхыг харж...
😑 Бухын доодхыг харж...
$GLMT 🤝 Хятадын банк | 2024 оны ТОП автомашинууд | Өвлийн амралтаараа Ханой руу
POWERED BY
Hey! Өнөөдрөөс эхлээд "Улаанбаатар хот -100" архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд толилуулагдаж байгаа юм байна шүү. Энэ сарын 30-наас өмнө ороод гарахад гэмгүй биз ээ. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
FRC: Санхүүгийн зах зээлд үйлчилж буй журмын тоог цөөлж, бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
BOND: Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйтай холбоотойгоор Америкийн ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 3 сарын дээд цэгт буюу 4.08%-д хүрлээ.
GOLD: Алтны үнэ он гарсаар 33%, жилийн өмнөхөөсөө 38.9% тус тус өсөж унц нь $2,746-т хүрч шинэ дээд амжилт тогтоов.
😑 Бухын доодхыг харж…
Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болно гэснээс хойш 8 жил өнгөрчээ. Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгчээр дотоодоосоо шатахуун авахаа хүлээж байх хоорондоо хэдэн ₮ нь гадагшаа урссаар… Хэзээ ахиц гарах вэ?
💸 $10.7 тэрбум урсав
Энэ оны 9-р сарын байдлаар нийт импортын барааны 18.9%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзэлжээ. Том дүнгээр бол Монгол Улс 2016 оноос хойш нийт $10.7 тэрбумыг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн импортлоход зарцуулсан байна. Жилийн ДНБ-ийхээ ойролцоогоор 53.9%-тай тэнцэх дүнг сүүлийн 8 жилд нефтийн бүтээгдэхүүнд зарцуулсан гэсэн үг шүү дээ, базарваань.
🤔 Гол нь өсөөд байна: 2016 онд бид нийт $512.1 саяар нефтийн бүтээгдэхүүн авч байсан бол 2024 оны ердөө эхний 9 сард энэ тоо 3.2 дахин өссөн аж. Тэгэхээр газрын тосны үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа хойшлох тусам биднээс улам их валют урсаж гадагшилна.
🧐 Үйлдвэр нь хаа байна аа?
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцыг танилцуулж. 2016 онд ЗГ Энэтхэгийн Эксим банкнаас газрын тос боловсруулах үйлдвэр барих $1.2 тэрбумын зээл авсан бол үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2019 оноос эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт 4 багц ажил дууссаны дараа ашиглалтад орох ч одоогоор эхний багцын л ажил дуусаж, 2, 3 дахь нь хэрэгжилтийн шатандаа явж байгаа аж.
📃 Дахиад мөнгө хэрэгтэй: Харин сүүлийнхийг дуусгахад дахиад $431 саяын санхүүжилт хэрэгтэй гэнэ. Төлөвлөгөөгөөр бол уг үйлдвэр 2027 оны 8-р сард ашиглалтад орох юм. Санхүүжилт нь олдох ч юм уу, хугацаандаа ашиглалтад орох ч юм уу?
Уг нь бол, газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор хэрэгцээнийхээ 70%-ийг дотоодоосоо хангаж, валютын гарах урсгал 20%, долларын ханш 18%-25% тус тус буурах тооцоолол гарсан. Гэхдээ одоо болтол бүтээн байгуулалт нь урагшгүй, валют маань импортын нефтийн бүтээгдэхүүнд урссаар байна даа.
$GLMT 🤝 Хятадын банк
GLMT: Голомт банк Хятадын Тариалангийн банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Уг банк нь Хятадын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагуудын нэг бөгөөд дэлхийн хэмжээнд 22,600 гаруй салбар нэгжтэй, 11 сая байгууллагын харилцагчтай аж. Талууд санамж бичиг байгуулснаар хил дамнасан санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэхээс гадна юанийн гүйлгээ, Хятадын хөрөнгийн зах зээлийн платформ болох China Interbank Bond Market-д идэвхтэй хамтарч ажиллах боломжтой болж буй.
🚗 2024 оны ТОП автомашинууд
За, юу юугүй л 2024 он дууслаа шүү. Энэ оны хамгийн эрэлттэй, өндөр борлуулалттай байсан автомашинуудыг сонирхоцгоох уу? Автомашины хорхойтой хүмүүс нэг сайхан тухлаад суучих.
👑 Toyato: 10 гаруй жил эзэгнэлээ
Автомашины брэндүүдийн нийт борлуулалтыг харах юм бол III улирал хүртэл Toyato-н нийт борлуулалт 8.4% өсөж 9.1 саяд хүрээд буй. Тэд сүүлийн 10 гаруй жил тэргүүлэгчийн байраа хадгалж байгаа. Харин Volkswagen (VOW3.DE)-н борлуулалт 2.8% буурч 6.2 саяд хүрсэн хэдий ч жагсаалтын 2-рт эрэмбэлэгдэж байна. Автомашин үйлдвэрлэгчдийн хамгийн халуухан загваруудыг өнгөрсөн жилтэй харьцуулахад,
😲 Онцлох загварууд: Өнгөрсөн онд Tesla (TSLA)-н Model Y өнгөрсөн оны хамгийн эрэлттэй загвар байсан бол энэ жил Toyato-н RAV4 байр ахиж дэлхийн хамгийн эрэлттэй загвар болов. Хэдий RAV4 тус жагсаалтыг тэргүүлэх болсон ч том зургаараа Toyato-н Camry, Corolla загварууд нь ТОП-10-н жагсаалтаас хасагдаад буй.
✨ Шинэчлэгдэв: Тус орон зайг энэ онд BYD (1211.HK), Kia (KIA) нар эзлэх болсон. Тодруулбал, 2023 онд BYD-н жилийн борлуулалт 3 саяд хүрснээр анх удаа ТОП-20-н нэг болж байсан бол одоо бүр дээрээсээ 4-р байранд эрэмбэлэгдэх болжээ.
Харин Америкийн зах зээлд Ford (F)-н F-Series хамгийн өндөр борлуулалттай байгаа бөгөөд тэд 42 жилийн турш тус зах зээлд давамгайлж буй. Удаалан Chevrolet-н Silverado, Toyato-н RAV4, Tesla-н Model Y тус тус жагсаж байна. Үүнээс Америкчууд Европ, Ази гэхээсээ илүүтэй дотоодын автомашинуудыг илүүд үздэг нь харагдах мэт.
👶 Оны онцлох шинэ загвар
Үргэлжлүүлээд энэ онд Ford Mustang-н 7 дахь үе болон Ranger загваруудаа шинэчлэн гаргасан бол Lexus 14 жилийн дараа бартаат замд зориулагдсан загвар болох Lexus GX 550 загвараа мөн шинэчлэн гаргаад буй. Харин Honda хамгийн анхны цахилгаан автомашин болох Honda Prologue-г, Lexus шинэ хайбрид TX 500h автомашинуудаа зах зээлд шинээр гаргасан байдаг.
Зиа, энэ хүрээнд автомашины энэ оны сонин сайхныг хүргэж дууслаа. Удахгүй өөр нэг сонирхолтой салбарын мэдээллийг хуваалцъя. Хүлээж байгаарай.
Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 🔎
Асуудал: …оффисын тавилга үйлдвэрлэгч компанийн өрсөлдөгчид ижил бүтээгдэхүүнээ илүү хямд үнээр хэрэглэгчдэд санал болгож эхэлснээр тус компанийн борлуулалт буурах болжээ.
Шийдэл: Компани үнийн стратегиа шинэчилж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнүүдээ хямд үнээр санал болгохын хажуугаар нэмэлт үнэтэй премиум багц зах зээлд нэвтрүүлэв. Ингэснээр компанийн ашиг өсөж, илүү олон төрлийн хэрэглэгчдийг татах болсон байна.
Тус компани тулгарч буй асуудалдаа олсон шийдэл нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉
👙🩲 Өвлийн амралтаараа Ханой руу
Зиак, өвөл хаашаа аялъя гэж бодож байна даа. Хараахан төлөвлөөгүй бол анхаарлаа нааш! 📢
Aero Mongolia таныг Вьетнамын үзэсгэлэнт нийслэл Ханой руу шууд нислэгээр хүргэхээр хүлээж байна. Тасалбарын эхлэх үнийн хувьд,
↗️ 1 талдаа: ₮1,236,985-өөр,
🔁 2 талдаа: ₮2,124,903-ийн үнэтэй борлуулагдах аж.
Ханой хотын Хо Ши Мин бунхан, Хуучин хороолол, Ханой дуурийн театраар зочлох, алдарт По шөл идэх гээд сонирхолтой санаа оноо ЭНД-ээс хараарай.
Гэснээс нислэгийн тасалбараа эрт захиалбал илүү хямд байдгийг мартав аа. 😉
📌 Шууд нислэгийн тов: 12 сарын 16-аас 2 сарын 24 хүртэл
Giphy
🍋 Монгол ингэний сүү дэлхийн зах зээлд худалдаалагдана. Тодруулбал, өмнө жил Solid Partners ХХК ОУХААБ (FAO)-тай хамтран орчин үеийн арга барилаар мал маллах, арчлах ферм байгуулсан бөгөөд одоогоор Өмнөговьд ингэний сүү боловсруулах үйлдвэр нээхээр төлөвлөж буй. Цаашлаад үйлдвэрлэгчид орон нутгийн малчдад сүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэхэд нь туслан зөвлөгөө өгч ажиллах аж.
🍋 Энэтхэг Монголын коксжих нүүрсийг Оросоор дамжуулан импортлохыг зорьж байна. Тодруулбал, Энэтхэгийн гангийн компаниудын нийт хэрэгцээний 85%-ийг Австрали, Орос, Америк болон бусад цөөн улсуудаас импортоор хангадаг. Гол асуудал нь тэд коксжих нүүрс тогтмол нийлүүлэх улс хайж байгаа бөгөөд Монголын коксжих нүүрс хэдийгээр хол замыг туулж очих ч, Австралийнхаас 1 тн нь $50-аар хямд байна гэж үзжээ.
🍋 Тээвэр хөгжлийн банкны нийт хөрөнгө энэ оны III улиралд ₮985 тэрбумд хүрлээ. Харин татварын дараах цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 88% өсөж ₮8 тэрбум болсон байна. Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтээс авч үзвэл, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 30.2%-ийн биелэлттэй байна.
🍋 Stripe крипто стартап Bridge (BRDG)-г $1.1 тэрбумаар худалдаж авахаар хэлэлцэж байна. Хэрэв хэлцэл бүтвэл энэ нь Stripe-н хамгийн том худалдан авалт болох юм. Харин Bridge-н хувьд энэ нь тэдний 2013 онд Block-д Evenly компаниа худалдсанаас хойших 2 дахь хэлцэл болох юм.
🦻 AirPods Pro-н сонсгол хамгаалах функцүүд. (TheVerge)
🔭 Google-н хайлтыг харалган ашиглаад байгаа юм биш биз? (HubSpot)
🕹️ Slack хэрэглэгчдэд зориулсан гарын авлага. (FastCompany)
💰 Хиймэл оюун ухаан ашиглан амралтаараа аялах мөнгөө хадгалах нь. (CNet)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply