- Lemon Press
- Posts
- 🫨 Интернэтийн донсолгоо
🫨 Интернэтийн донсолгоо
$6 саяын хөрөнгө босголт | $CUMN: Борлуулалт 35.3% өсөв | Эмэгтэй ЕС
POWERED BY
Лхагва гарагийн мэнд! Ойрын өдрүүдэд нийгмийн анхаарлыг хамгийн их татаж буй сэдвийн нэг бол яах аргагүй багш нарын цалин. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЗГ-аас багш нарын цалинг ₮3.5 саяд хүргэхийн тулд ирэх 1-р сарын 1-ээс 20%, 7-р сараас 10%-иар нэмэх ерөнхий тооцоолол гаргаад байна. Бодит байдал дээр яг нэмэгддэг л байгаа даа. 🧐


*Нэг өдрийн өөрчлөлт.
MIK: Өнгөрсөн III улиралд МИК Холдинг ХК (MIK) ₮307.9 тэрбумын хүү болон түүнтэй адилтгах орлого олж, ₮23.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллав.
JP: Японы эрх баригч Либерал ардчилсан намын дарга Санае Такаичи Парламентын доод танхимын санал хураалтаар олонхын санал авч, анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдлоо.
MCO: Moody’s агентлаг Голомт банк (GLMT) болон Төрийн банк (SBM)-ны зээлжих зэрэглэлийг тус тус “B1, тогтвортой” болгон сайжрууллаа.

🎙️ Зах зээл өсөж байх үед хүн бүр суут ухаантан мэт болдог

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт Ашид Ассет Менежментийн Сангийн менежер Б.Батгаригийн “Зах зээлийн өсөлт ба суут ухаантны синдром” хэмээх нийтлэлийг хүргэж байна.
Зах зээл өсөж байх үед хүн бүр суут ухаантан мэт санагддаг. Гэвч энэ нь зах зээлийн бүтэц өөрчлөгдөх мөчид дуусдаг. Өөрийгөө зах зээлийг ойлгож байна гэж бодож буй өөртөө итгэлтэй хөрөнгө оруулагч зах зээлийн бүтэц өөрчлөгдөх үед бодит байдалтай нүүр тулж үгүй болдог. Харин амьд үлддэг хөрөнгө оруулагчдыг ялгадаг зүйл бол урьдчилан таамаглах чадвар биш, тэсвэр тэвчээр, сахилга бат юм. Эдгээр хөрөнгө оруулагчдын нууц нь …

🔋 Монгол: Батарей үйлдвэрлэлийн ирээдүйтэй

Asian Battery Metals (AZ9.AX) Монгол дахь төслүүдийнхээ хайгуулыг эрчимжүүлэхээр $6 саяын хөрөнгө босголоо.
📝 Энэ хүрээнд компани шинэ болон одоогийн хөрөнгө оруулагчдынхаа дунд 142.8 сая ширхэг Chess Depository Interest (CDI)-г $0.042-оор санал болгож нийт $6 сая босгоод буй. Сониноос CDI-нх нь захиалга нь дүүрч, нэмэлт захиалгад дарагдсан гэнэ.
💛 Баруун бүсийн зэс, алтны орд
Asian Battery Metals-н хөрөнгө татсан гол төсөл нь Говь-Алтай аймгийн Шарга сум дахь зэс, никель, цагаан алтны бүлэг орд гэгдэх Ямбат төсөл. Сүүлийн 2 жилд төслийн хайгуул нэлээн урагштай байгаа төдийгүй саяхан Ямбат төслөөс 8 км-ийн зайд орших зэс, алтны Майхан уул төслийн хайгуулын үеэр 34.3 м-ийн хэмжээтэй их хэмжээний сульфидын эрдэсжилт илрүүлээд буй.
🤑 Компани шинээр татсан хөрөнгөөрөө Монгол дахь хайгуулын ажлаа үргэлжлүүлж, Майхан уул төслийн худалдан авах судалгааг гүйцээх, хөрөнгө оруулалтын зардлаа санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
💡 Чухал элементийн чухал төслүүд
Тэд Монголд зөвхөн Ямбат төслийг эзэмшдэггүй буюу графитын Баян сайр, Хөх таг, литийн Цагаан дэрс тэргүүтэй төслүүдийг 100% эзэмшиж байна. Хайгуулын ажил амжилттай явагдаж буйтай холбоотойгоор ойрын хугацаанд Ямбат ордын III үе шатны өрөмдлөгийн шинжилгээ гарах төдийгүй анхны металлургийн туршилт нь явагдах аж.
🐯 Том зорилт
Asian Battery Metals нь Азийн эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалыг нээж, хөгжүүлэхээр зорьж буй компани. Тус компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир нэгэнтээ дотоодын цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглах боломжтой хэдий ч хайгуул хангалттай хийгдээгүй хэмээж байв. Үүнээс гадна графит, лити тэргүүтэй цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалууд манай улсын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх бүрэн боломжтой гэж байгаа.
Эцэст нь… Asian Battery Metals-н Монголд хайж буй ашигт малтмалууд нь EV, батарей, сэргээгдэх эрчим хүч, устөрөгчийн түлш зэрэг цэвэр эрчим хүчний шилжилтийн гол технологиудын гол орц. Энэ ч утгаараа урт хугацаандаа тус төслүүдийн үр шимээр Монгол Азийн түүхий эдийн ханган нийлүүлэгч болох ирээдүй цухалзаж байна даа.

👣 Луврын музейг хэрхэн тонов? (NYT)
📏 Өндөр болох эсэх нь цор ганц генээс шалтгаалдаггүй. (OurWorldInData)
⛏️ Уран олборлох төсөл хэр урагштай явж байна? (Ikon)
💡 Meta-д программ хангамжийн чиглэлээр ажиллах боломж. (Entrepreneur)

📈 $CUMN: Борлуулалт 35.3% өсөв
CUMN: Премиум Нэксус ХК-ийн борлуулалтын орлого өнгөрсөн III улиралд 2024 оны мөн үеэс 35.3% өсөж ₮587.1 тэрбум болсон бол цэвэр ашиг 0.2% нэмэгдэж ₮26.4 саяд хүрчээ. Үйл ажиллагааны гол үзүүлэлт болох нийт салбар дэлгүүрийн тоо 15.7% өсөж 515-д, нийт үйлчлүүлэгчдийн тоо давхардсан тоогоор 21.8% ихсэж 52.5 сая болсон аж. Тус мэдээтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 0.2% өсөж ₮191.6-т хүрээд байна.

🫨 Интернэтийн донсолгоо

Энэ долоо хоногийн эхээр Amazon (AMZN)-н AWS үйлчилгээ доголдсоны улмаас олон мянган вэбсайт, платформын үйл ажиллагаа хэсэг хугацаанд саатжээ. Үүний улмаас дэлхийн хэмжээнд нэг цагт ойролцоогоор $75 саяын хохирол учирсан гэнэ дээ.
📉 Дата төвийн саатал
Өнгөрсөн Даваа гарагт Хойд Америкт байрлах $AMZN-н US-EAST-1 дата төвд гэмтэл гарч, ойролцоогоор 2-3 цагийн турш доголдсон аж. Тус гэмтэлтэй холбоотой Zoom (ZM), Roblox (RBLX), Reddit (RDDT), Duolingo (DUOL) Canva, Slack гэх мэт олон технологийн томчуудын үйл ажиллагаа тасалджээ. Тус доголдол нь дэлхийн үүлэн технологийн хэрэглээний 1/3-ийг хамарсан гэж шинжээчид үзээд байна.
🕸️ Аварга сүлжээ: $AMZN-н AWS-г дэлхий даяар 76 орчим сая вэбсайт үйлчилгээндээ ашигладаг ба үүнээс 20 мянга гаруй вэбсайт нь сар бүр $1 саяас дээш орлоготой томоохон вэбсайтууд аж.
💰 Ашигтай бизнес
Одоогоос 23 жилийн өмнө технологийн акул $AMZN үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр AWS-г хөгжүүлсэн. Үүнээс хойш дан ганц $AMZN гэлтгүй олон компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэхээр AWS-г ашиглах болсон аж. Сонирхуулахад, өнгөрсөн улиралд AWS нь $AMZN-ны үйл ажиллагааны орлогын 53.1% буюу $10.2 тэрбумыг бүрдүүлжээ.
1.6%-ийн өсөлт: Хэдий $AMZN-н дата төв доголдсон ч компанийн нэгж хувьцааны үнэ тухайн өдөр 1.6% өсөж $216.5-т хүрчээ. Энэ жил ихэнх технологийн томчуудын хувьцааны үнэ өсөөд байгаа бол $AMZN-н нэгж хувьцааны үнэ оны эхнээс 1.3% буурсан хэвээр байна.
Эцэст нь… Монгол технологийн компаниуд ч үйл ажиллагаандаа AWS-г түгээмэл ашигладаг. Тус гэмтлийн улмаас тэдний үйл ажиллагаа бага зэрэг саатсан бололтой. За тэгээд энэ үйл явдал интернетийн дэд бүтэц хэт төвлөрснөөр дэлхийн хэмжээний доголдол үүсэх эрсдэл өндөр болохыг харуулж байна. 🫣

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэУлаанбаатарын зарим хэсэгт дулаан хангалттай түгэхгүй байгаа талаар иргэдийн гомдол нэмэгдэж, орон сууцууд хүйтэн байгаа тухай мэдээлэл олонтоо гарч байна. Энэ асуудалд ОСК-иуд болон УБДС ТӨХК харилцан нэгэндээ бурууг тохож буй. Үүнд таны байр суурь? |

🔑 Монголдоо орон сууцтай болох боломж

Монголдоо орон сууц авахаар хайж байгаа бол анхаарлаа нааш! “Мандала Гарден” цогцолбор хороолол Австрали дахь Монголчууддаа зориулан төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууц захиалах боломжийг танилцуулах онлайн өдөрлөг зохион байгуулах гэж байна. 📢
Өдөрлөгт оролцсоноор:
💰 Төлбөрийн таатай нөхцөл: Үлдэгдэл төлбөрийн хувь лизингийн нөхцөл болон 2026–2027 онд ашиглалтад орох орон сууцуудад санал болгож буй “Урьдчилгаа хуваах нөхцөл”-ийн талаар мэдээлэл авахаас гадна,
🏢 Орон сууцны сонголт: Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, нүүж ороход бэлэн орон сууц болон удахгүй ашиглалтад орох орон сууцын мэдээлэл авах боломжтой юм.
“Мандала Гарден” цогцолбор хороолол байршлын хувьд Яармаг, Арцатын аманд Богдхан уулын хойд бэл, Туул голын урд эргийн байгальтай хоршин сүндэрлэж буй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
📆 Хэзээ: 10 сарын 26, Улаанбаатарын цагаар 17:00 цагт


Reuters
🍋 Америк, Австрали чухал ашигт малтмалын төслүүдэд нийт $3 тэрбумын хамтын хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцлээ. Энэ нь ирэх 6 сарын хугацаанд цутгах дүн бөгөөд цаашлаад нийт $8.5 тэрбумыг хөрөнгө оруулахаар төлөвлөж буй. Зах зухаас нь дурдвал, Америк Өмнөд Австралид жилд 100 тн гали боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихад хөрөнгө оруулах юм.
🍋 ДЦС-V төсөлд байгаль, орчны нөлөөллийг бууруулах технологийн шийдлүүдийг нэвтрүүлнэ. Улмаар тус станцаас ялгарах үнс, шаарыг барилгын материалын үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглах бол хорт утаа хийн ялгарлыг шохойн чулуу ашиглан бууруулах аж. Тэгвэл ДЦС-V ашиглалтад орсноор нийт 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр хангах тооцоо гарч.
🍋 iPhone 17-н эрэлтээс шалтгаалан Apple (APPL)-н зах зээлийн үнэлгээ $4 их наядад хүрэх төлөвтэй байна. Тодруулбал, IPhone 17 цуврал IPhone 16 цувралтай харьцуулахад Хятад болон Америкт худалдаанд гарсан эхний 10 хоногтоо 14% илүү борлуулагджээ. Ийн эрэлтээ өндөр хадгалбал компанийн хувьцааны үнэ жилийн эхнээс 5% өсөж $4 их наядын зах зээлийн үнэлгээтэй болсон 3 дахь компани болох төлөвтэй.
🍋 “Говь Эрдэнэ Кашмер” Ванкуверт “Gerdene” брэнд дэлгүүртэй болжээ. Тус брэнд нь олон улсын зах зээлд гарах стратеги баримталж буй бөгөөд ийнхүү Монгол дахь 4 салбар дэлгүүрээс гадна анхны олон улсын салбар дэлгүүрээ нээж буй. Мөн тэд одоогоор 10 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолдог аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply