- Lemon Press
- Posts
- 🤕 Экспорт элгээрээ хэвтлээ
🤕 Экспорт элгээрээ хэвтлээ
Крипто татвар | Pepsi x Poppi | Playtime Festival 2025
POWERED BY
Цэргийн баярын мэнд хүргэе! 🎖️ Өнөөдөр бол эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан зүтгэсэн, зүтгэж буй эрэлхэг дайчид, үе үеийн эх орончдын өдөр билээ. Та бүхэнд энх тайван, бат бэх амьдралыг хүсэн ерөөе!


NSO: 2024 оны эхний 2 сард ₮1.3 их наядын ашигтай гарч байсан төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны мөн үед ₮565.8 тэрбумын алдагдал хүлээлээ.
GOV: Хятадын ЗГ-тай байгуулах Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив.
MSE: Бодь Даатгал (BODI) болон Мах импекс (MMX) нарын ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал 4 сарын 23-нд тус тус болно.
MNG: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс дахь айлчлал өнөөдрөөс эхлэн 3 сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

⛳️ Экспорт элгээрээ хэвтлээ
5-2=3 байсан бол 4-3=1 боллоо. Юу гэсэн үг вэ гэхээр, 👇
🪫 Дундарсаар, дундарсаар
Манай гадаад валютын улсын нөөц өмнөх сараасаа 2.5%, оны эхнээс 13.6% буурч $4.76 тэрбум руу уналаа. Учир нь бидний экспортоосоо олж байгаа орлого буураад байгаа хэрэг. Тодруулбал, өнгөрсөн сарын экспорт жилийн өмнөхөөсөө 8.1%, 2023 оны оргил сараас 35% буурчээ. Энэ хэдхэн %-ийн цаана хэдэн зуун сая $ яригдаж байгаа шүү. 35%-ийн цаана л гэхэд $531.6 саяын зөрүү байна.
🧐 Шалтаг шавар: Экспортын орлого буурсан нь хамгийн том, тод шалтгаан нь нүүрсний үнийн бууралт. Өнгөрсөн сарын нүүрсний экспортын орлого л гэхэд жилийн өмнөхөөсөө $445.9 саяар багассан байгаа юм. Бас болоогүй дайн дээр дажин гэгчээр ямааны мах, төмрийн хүдрийн экспортын орлого ч буураадахжээ.
📌 Юунд хөтөлнө вэ? Ийм нөхцөл байдалд төгрөгийн ханшид дарамт үүсэх, импортын барааны үнэ өсөж гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах эрсдэл үүсэхээр байна.
⚔️ Нөгөө талаас хонхойлгочихгүйхэн шиг: Алт, зэс экспортолдоггүй байсан бол манай экспорт элгээрээ хэвтэх биш, шал арчих байж. Учир нь саяын ярьсан хугацаанд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт $143.4 сая, зэсийн хүдэр ба баяжмал $108.2 саяар өссөн байгаа юм. Ажилтай тулдаа өртэй байна гэдэг шиг зэс, алт экспортолдог тулдаа 8.1% буураад тогтжээ.
⛲️ Урсгасаар, урсгасаар
Эсрэг талд бид суудлын автомашин болон дизель түлшний импортод дийлэнх мөнгөө урсгаж байна. Өнгөрсөн сарын суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэсээ 49.8 саяар, дизелийн түлшнийх 45 саяар тус тус нэмэгдсэн тул импорт өмнөх оны мөн үеэс 115.7 саяар өссөн байгаа юм. Түгжрэлтэй ч машинд дуртай, газрын тостой ч үйлдвэргүй улс байх цаг дор инфляц нь өсөөд, ₮ нь сулраад л байж байна даа.
Эцэст нь… Нүүрсний үнэ буцаж сэргэх нь юу л бол. Зэс, алтны үнэ экспортын орлогыг навс унагахгүй торгоож байгаа дээр нь уул уурхайн салбараа тэлээд, олон том орд хайж илрүүлээд, дотоодын үйлдвэрлэлээ дорвитой, бодитой дэмжээд импортын хамаарлаа бага ч гэсэн бууруулчих юм сан.

🥤 Pepsi x Poppi
PEP: Pepsi уух дуртай юу? PepsiCo компани эрүүл мэндэд тустай ундааны брэнд болох Poppi-г $1.5 тэрбумаар худалдан авахаар хэлэлцэж байна. Уг хэлэлцээр нь ирэх 7 хоногт албан ёсоор зарлагдаж магадгүй байгаа юм. PepsiCo-н энэ алхам нь бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлж, эрүүл мэндэд ээлтэй ундааны зах зээлд ч байр сууриа бэхжүүлэх санаатай байгааг нь илэрхийлж байна даа. PepsiCo-н бүтээгдэхүүн эрүүл мэндийг чинь дэмжин чиг, хорлон чиг болох нь дээ. 😅

💸 Крипто татвар

Ойрын үед крипто мэдээ дуулгаагүй юм байна. Америк Биткойны нөөц сантай болж татвартай холбоотой дүрэм журамд өөрчлөлт оруулах, цуцлах талаар ярьж байгааг дуулаа л биз дээ? Улс орнууд криптовалютад хэр хэмжээний татвар ногдуулдаг гэж бодож байна?
👀 Хаана, хэдийг?
Криптовалютыг Хятад, Афганистан, Непал, Египет тэргүүтэй 8 оронд тас хорьсныг эс тооцвол бусад орнуудад криптовалютыг тодорхой хэмжээнд зохицуулаад явж байна.
🫨 Пүү 55%: Япон бол дэлхийн хамгийн өндөр криптовалютын татвартай улс. Тус улсад ¥200,000-ээс дээш ашиг олсон тохиолдолд шаталсан байдлаар 15%-55%-ийн татвар ногдуулдаг байсан. Харин одоо 20% болгон бууруулахаар яригдаж байгаа. Хэрэв 20% болгоод бууруулчихвал хамгийн өндөр татвартай орон нь Дани болох нь байна.
🤨 Харин Америкийн хувьд татвар өндөртэй улсуудын нэг бөгөөд хувь хүний орлогын түвшин, үйл ажиллагааны төрлөөс хамаарч богино хугацааны ашигт 10%-37%, урт хугацааныхад 0%-20%-ийн татвар ногдуулдаг аж. Уг зохицуулалтыг өөрчилнө гээд байгаа.
❣️ Крипто диваажин
Харин нөгөө эрэг дээр Сингапур, Хонконг, Малта, Герман гэхчлэн 17 орнуудын криптовалютын татварын орчин бусдаасаа хамаагүй сайн буюу нийтлэгээрээ хөрөнгийн орлогын албан татвар авдаггүйн сацуу орлогын албан татвараа маш бага тогтоож, уян хатан зохицуулсан.
🏝️ Хамгийн алдартай оффшор байршлын нэг нь Виржиний арлууд бөгөөд хөрөнгийн орлогын татвараас эхлээд ААН, хувь хүний орлогын албан татвар авдаггүй учраас крипто гэлтгүй эзэнгүй мөнгө эргэлдүүлэхэд төгс тохирох газар гэнэ дээ.
🪙 Виртуал хөрөнгийн хууль
Харин Монголын хувьд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуультай болоод 3 жил болж байгаа ч татвартай холбоотой агуулга нь татвар төлөгч гэж бүртгүүлэх, татварын өргүй байх гэх л агуулга. Өөрөөр бол манайд татварын ерөнхий хуулиар л зохицуулагддаг гэсэн үг.
🌠 IHC койныг гаргагсдын нэг О.Мөнхжингийн ярилцлагаас харахад анх татан төвлөрүүлсэн санхүүжилтээс шууд 25% нэмээд НӨАТ-ын 10% буюу 35%-ийн татварыг элбэг төлдөг байх нь.
Эцэст нь… Манай эрх баригчид энэ хаврын чуулганаар татварыг бууруулахад бус цаашид нэмэхгүй байхад анхаарах бололтой. Гэтэл шаталсан системтэй татварын ерөнхий хууль маань криптовалютаас эхлээд салбар, салбарын бизнес эрхлэгчдэд дарамт болж байгааг илэрхийлсээр л байна даа.

Excel дээр томьёо ашиглахдаа нүд тус бүрийг нэрлэх нь цаг их шаардахаас гадна алдаа гарах магадлал өндөр. Тэгвэл өгөгдлүүдийг бүлэг бүлгээр нь утгачлах “Named ranges” цэсийг ашиглах, цаашид томьёондоо хэрхэн хэрэглэх талаар сурцгаая. 👇🏻
A1:B10 хүснэгт өгсөн байя. Эндээс босоогоор “Sales” гарчигтай A1:A10 баганын нүднүүдэд байх тоон утгуудын нийлбэрийг олно.
Энэ тохиолдолд нарийн томьёо ашиглахгүйн тулд A1:A10 баганаа идэвхжүүлээд Data➡️Named ranges цэс рүү ороод хүссэн утгаа оруулна. Жишээ нь: Sales.
Үр дүнд нь баганын нийлбэрийг олоход =Sum(Sales) гэж бичихэд болох нь.
Үүнийг мөр, багана аль алинд нь ашиглах боломжтой шүү. Мөн ямар ч томьёогоор.

🎤⛺ Сонороо мялаах өдрүүд айсуй…

Чих тавин хүлээж суусан уу? “Playtime Festival 2025”-н тасалбарыг 40%-60% хөнгөлөлттэй авах сүүлийн боломж 3 сарын 24-ний 18:00 цаг хүртэл сунгагджээ. 📢
Энэ хугацаанд амжин тасалбараа дараах сонголтуудаар төлөөрэй:
💸 Гялс: Advance нөхцөлөөр GA болон VIP тасалбаруудыг үндсэн үнээс тус тус 40% хөнгөлөлттэй шууд худалдан авах,
🍰 Pay-In-3: Эсвэл 40% хөнгөлөлттэй GA тасалбараа 60 хоногт 3 хуваан төлөх,
✨ Дассанаас өөр: Аан харин М банкны харилцагчид GA тасалбараа бүр 60% хөнгөлөлттэй буюу ₮240 мянгаар шууд авч болох нь ээ. Сайн бод бод.
За тэгээд тасалбараа хөнгөлөлттэй байх хугацаанд нь авч амжаагүй гээд урвайж суугаа найздаа энэ мэдээг дуулгана биз ээ. Боломж үргэлж байдаг. 😜


University of Rochester
🍋 Америк гадаад худалдааны алдагдалтай байгаа бүх оронд татвар ногдуулна. Өөрөөр хэлбэл тус улсын гадаад худалдааны дайн одоогоор жинтэйхэн татвар ногдуулаад байгаа Канад, Мексик, ЕХ, Хятадаар тогтохгүй аж. Гэхдээ нэгэнт татвар ногдуулсан бол худалдааны алдагдлаа нөхөх хэлэлцээрт хүрэхээс нааш тоон дээр өөрчлөлт оруулахгүй гэнэ. Дэлхийн ЭЗ-т ойрноос галав юүлэх нь дээ.
🍋 Өнгөрсөн оны IV улирлын байдлаар НДШ төлөгчдийн 50% буюу 393.7 мянга нь ₮2.2 саяас бага цалинтай байна. Энэ дундаа ₮550 мянгын цалинтай нь хамгийн бага буюу 2.4% байгаа бол ₮1.5 саяас ₮2 саяын цалинтай нь хамгийн их буюу 26.7% байна. Түүнчлэн улсын дундаж цалин жилийн өмнөхөөсөө 19.5% нэмэгдэж ₮2.72 сая болжээ.
🍋 Хятадын дата төвүүдийг хөгжүүлэгч GDS Holdings $3.4 тэрбумын санхүүжилт татна. Санхүүжилтийг тэд 5 жилийн хугацаанд Малайзд төвтэй, Сингапур, Индонез, Тайланд, Хонконг болон Японд үйл ажиллагаа явуулдаг DayOne салбар компанийн өр төлбөрийг дахин санхүүжүүлэх, дата төвүүдийг нь өргөжүүлэхэд ашиглах аж. Мартсанаас, цаашид DayOne IPO хийх төлөвлөгөөтэй байгаа.
🍋 УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Энэ хүрээнд УИХ-ын олонхыг бүрдүүлж буй улстөрийн хүчнээс түр хорооны олонхыг бүрдүүлдэг тогтолцоог халах аж. Улмаар түр хорооны даргыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөллөөс, эсвэл цөөнхийн төлөөллөөс сонгодог болох нь.

🦸🏻♂️ Өмнөд Солонгосын бүтээгдэхүүнүүд үс уналтын том дайсан. (KoreaTimes)
♾️ Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг яаж бүрдүүлнэ гэв? (ЦХИХХЯ)
👩🏻⚕️ AI сувилагч нар шуугиулж байна. (APNews)
⚖️ Үнэгүй анхан шатны хуулийн зөвлөгөө авах боломж. (Ulaanbaatar)


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply