• Lemon Press
  • Posts
  • 🧹 ТӨХК-иудын их цэвэрлэгээ

🧹 ТӨХК-иудын их цэвэрлэгээ

Газрын тосны хүнд сарууд | Эерэг мэдээтэй Labubu | Stranger Things-н айхтар тоо

POWERED BY

Шинэ сарын мэнд! Домгийн шувуу үргээж, шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хөрөнгийн зах зээлийн маань хувьд сүүлийн 13 жилийн хугацаанд 12-р саруудад дунджаар 6.7% өсдөг гэсэн баримт бий. Тэгэхээр дотоодын хувьцаанд хөрөнгө оруулахаар сонирхож байгаа лимонууд байвал нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ. 🙌🏻

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.  

CONS: Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ

OTC: Өнгөрсөн долоо хоногт ББЗЗ дээр нийт 142,479 ширхэг үнэт цаас ₮132.5 тэрбумаар арилжаалагдсаны 71.7%-ийг нь анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.

GOV: ЗГ-ын нөөц сангаас эмч, ажилчдын илүү цагийн хөлс, оношлуурын зардалд ₮1.4 тэрбумыг гаргана

🧹 ТӨХК-иудын их цэвэрлэгээ

Өнгөрсөн Баасан гарагт ЗГ ээлжит бусаар хуралдаж, зарим төрийн өмчит компанид хийсэн хяналт, шинжилгээний үр дүнг танилцуулсан билээ. Үр дүнд нь МИАТ ТӨХК, ДЦС-IV, Харилцаа холбооны сүлжээ ТӨХК-ийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болов. 

🤕 Юу болов? 

Тус хяналт, шалгалтын үр дүн танилцуулсан 3 ТӨХК-ийн удирдлагууд Тендерийн тухай хуулийг зөрсөн байж болзошгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэхчлэн зөрчлүүд илэрчээ

  • ДЦС-IV ТӨХК гэхэд өнгөрсөн онд ₮1.8 тэрбумын бараа, материалыг хадгалалтын горим алдагдсанаас үүдэн ашиглах аргагүй болгосон. Мөн 2 болон 4 зуухын их засварыг хийхдээ өртгийг нь ₮1.1 тэрбумаар хэтрүүлсэн аж. 

Цаашлаад, Эрчист Монгол ХХК-ийн харьяа Мэдээлэл холбооны сүлжээ ХХК 2024, 2025 онд тендер зарлалгүйгээр шууд гэрээгээр нийт ₮5.3 тэрбумын шатахуун худалдан авсан байх жишээний. 

Харин МИАТ ТӨХК-ийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн ч гүйцэтгэл нь батлагдсан төлөвлөгөөнөөсөө доогуур байгаа аж. Үүний хажуугаар үндсэн болон түр орон тоо нь хэтэрч цалингийн багц зардал нь ₮9 тэрбумаар өсөөд буй. 

  • Тэдний араас АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон, ИНЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр, УБЦТС ТӨХК-ийн дарга К.Эрдэнэбаяр нарыг чөлөөлөх магадлалтай байгаа аж. 

🫥 Бодит шинэчлэл хэрэгтэй!

Шалгаад нийтэд зарласан нь энэ 3 компани болохоос биш ТӨХК-иудыг ухвал энэ байтугай л асуудал гарна. Хэдий ЗГ ТӨХК-иудыг үр ашигтай болгоно гэж ярьж байгаа ч ТӨХК-иудын засаглал, бүтээмж, ил тод байдлыг сайжруулах хуулийн төсөл аль өнгөрсөн 5-р сард УИХ-д өргөн барьсан ч одоо болтол анхны хэлэлцүүлгээ ч хийгээгүй байна. 

Ер нь эрх баригчид ТӨХК-иудын засаглалыг сайжруулах гэж байгаа бол ядаж засаг солигдох үеэр өөрсдийн хүмүүсийг томилдог бурангуй жишгээ халах ёстой. Өөрсдөө хүмүүсээ томилдог хэр нь үе, үе ухаан орж буй мэт шинэчлэл яриад, хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлөх нь ТӨХК-ийн шинэчлэл биш шүү!

  • 🍽️ Монголын хоол үйлдвэрлэл, уух зүйлсийн үйлчилгээний салбар шилдгүүдээ тодруулна. (MongolianRestaurants)

  • 🧮 50 наснаас өмнө санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь нэн ховор. (Investopedia)

  • 🕰️ ChatGPT цаг хугацааг яг таг зааж чаддаггүйн шалтгаан. (TheVerge)

  • 🧑‍🦲 Үс халцрах асуудалтай тэмцэх цоо шинэ арга. (TechCrunch)

🧸 Эерэг мэдээтэй Labubu

9992.HK: Өнгөрсөн долоо хоногт Хятад хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах төлөвлөгөөг танилцуулсан ба энэ нь тус салбарын компаниудад эерэг мэдээ болоод байна. Тухайлбал, энэ жилийн трэнд болоод буй Labubu тоглоомыг үйлдвэрлэгч Pop Mart International-н нэгж хувьцааны үнэ тус мэдээтэй холбоотой Хонконгийн бирж дээр 2.8% өсөж HK$224.8-т хүрчээ.

🛢️ Газрын тосны амаргүй сарууд

Сүүлийн нэг сарын хугацаанд брент төрлийн газрын тосны фьючерс үнэ 2.8%, WTI төрлийнх 3.3% тус тус унажээ. Энэ нь зөвхөн ганцхан сарын уналт биш бөгөөд 2023 оноос хойших хамгийн урт буюу сүүлийн 4 сар дараалан унасан хэрэг байв. 

🔦 Хариултын эрэлд

Газрын тосны үнэ сүүлийн саруудад дараалан унаж байгаад нийлүүлэлт, геополитикийн хурцадмал байдал, арилжааны идэвх зэрэг нь жинтэй нөлөөг үзүүлээд байна. Эдгээр хүчин зүйлс хэрхэн яаж, нөлөөлж байгааг задлаад харъя. 

  • ОПЕК+: Дэлхийн газрын тосны зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОПЕК+ орнууд болон бусад газрын тос олборлогчид он гарснаас хойш нийлүүлэлтээ нэмсээр иржээ. Энэ нь зах зээлд илүүдлийг бий болгосон бөгөөд ОПЕК+ орнууд газрын тосны үнийн уналтыг зогсоохоор ирэх оны эхний улиралд олборлолтоо нэмэхгүй байх магадлал өндөр байна.

  • 🔮 Дайн дажин: Украин болон Оросын хооронд энхийн хэлэлцээр тогтоход ойртож байгаа нь үнийн бууралтад нөлөөлөх болсон. Уг асуудлаар энэ долоо хоногт Доналд Трампын төлөөлөгч Москвад айлчлан, Владимир Путинтай уулзах ба хэрэв дайн дуусвал Барууны орнуудын Орост тавьсан хориг зогсож, Хятад, Энэтхэг, Турк зэрэг томоохон улсууд руу газрын тос чөлөөтэй нийлүүлж эхлэх билээ.

  • 📉 Гацсан арилжаа: Өнгөрсөн сарын газрын тосны үнийн уналтад Талархлын баярын дараахан арилжааны идэвх буурсан нь ихээхэн нөлөөтэй байв. Тухайлбал, Дата төвийн хөргөлтийн асуудлаас үүдэн Чикагогийн биржийн платформ хэдэн цагийн турш доголдсон нь арилжаачдыг бухимдуулж, газрын тос болон бензин, дизель түлшний үнэд ч нөлөөлсөн аж.

Цаашид… Газрын тосны үнэ ОПЕК+ орнуудын шийдвэр, Украин болон Оросын энхийн хэлэлцээр, худалдан авагчдын эрэлтээс шууд хамаарна. 2025 он гарснаас хойш 15% унасан газрын тосны үнэ ирэх жил хэрхэн өөрчлөгдөх нь тун сонирхолтой. 🤔

Өнгөрсөн 7 хоногт “Stranger Things 5“ цацагдаж Neftlix-н сүсэгтэн олныг доргиогоод амжлаа шүү. Гэснээс “Stranger Things” цуврал мэндэлснээс хойш 10 жил өнгөрлөө. Энэ хугацаанд Netflix хэр тэлсэн бол? 👀

  • Хувьцааны үнэ: 10.9 дахин нэмэгдэж $107.58,

  • Хэрэглэгчдийн тоо: 3.4 дахин өсөж 301.6 сая,

  • Premium багцын сарын төлбөр 2 дахин нэмэгдэж $24.99,

  • Зах зээлийн үнэлгээ: 10.7 дахин нэмэгдэж $451.6 тэрбум болсон бол,

  • Жилийн орлого: 5.1 дахин нэмэгдэж энэ онд $45.1 тэрбум болох төлөвтэй байна даа. 

WESH

🍋 Америкийн иргэншил, цагаачлалын алба 19 орны иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгахаа мэдэгдлээ. Шалгалт ямар хэлбэрээр явагдах талаар тодорхойгүй ч, үүнд Афганистан, Иран, Судан тэргүүтэй цагаачид ихээр илгээдэг орнуудыг багтаажээ. Сонирхуулахад, энэ оны байдлаар нийт 14 сая гаднын иргэн Америкийн ногоон карт эзэмшдэг бөгөөд Мексикчүүд хамгийн их буюу 139 мянган ногоон карт эзэмшдэг аж. 

🍋 ЗТЯ 2026-2030 онд авто замын салбарт нийт 170 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд 4,600 км орчим хатуу хучилттай авто зам барих бөгөөд шинээр 6 боомтыг холбох, 2,000 м төмөр бетон гүүрний барилга, их засвар, шинэчлэлийн ажлыг тус тус гүйцэтгэх аж. Мөн төсвийн хүндрэлтэй байгаа томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 

🍋 Хиймэл оюун ухаан (AI) Америкийн хөдөлмөрийн зах зээлийн 11.7%-ийг орлох боломжтой. Энэ нь ойролцоогоор 151 сая ажилтан, $1.2 их наядын цалин хөлстэй тэнцэх хэмжээний дүн бөгөөд голчлон эрүүл мэнд, захиргаа гэхчлэн салбаруудыг төлөөлжээ. Одоогоор Америкийн компаниуд AI-г технологи, программчлалын ажилд ашиглаж байгаа бөгөөд үүнд ойролцоогоор үүнд $211 тэрбумын цалин хөлс зарцуулагдаж буй. 

🍋 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу “Лаг хатааж шатаах үйлдвэр” төслийн бүрэн шинжилгээ хийнэ. Улмаар үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хотын төвөөс 12 км зайд төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барих бөгөөд 2027 онд бүтээн байгуулалтын ажил дуусах аж. Тус үйлдвэр нь хоногт дунджаар 238 тн лаг, нийт 843.2 мянган м.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцоолжээ.

  • Даваа: ХНС мэдэгдэл хийнэ.

  • Мягмар: Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр тохиож байна

  • Лхагва: Оросын валютын интервенц хэр байв?

  • Пүрэв: Өнгөрсөн сарын төлбөрийн тэнцлийн статистиктай танилцана.

  • Баасан: Германы автомашины зах зээлийн жилийн өсөлтийн индекс гарах нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.