• Lemon Press
  • Posts
  • 🐫 Тэмээ шиг том ялгаа

🐫 Тэмээ шиг том ялгаа

Спорт заалыг тоогоор харъя | ДНБ 7.9% өслөө | $TAL-н супер ашиг

POWERED BY

Өглөөний мэнд! Сонирхолтой факт хэлье. Жинсэн өмдний түүх яг энэ өдрөөс эхтэй ажээ. Леви Страусс болон оёдолчин Жейкоб Дэвис нар ажлын өмдний халаасыг илүү бөх бат болгохын тулд зэс товруугаар бэхлэх санааг сэдэж, 1873 оны 5 сарын 19-нд патентаа авч байжээ. Энэ нь өнөөдрийн бидний өмсөх дуртай "Levi's" брэндийн үндэс суурь болсон гэнэ дээ. 👖😎

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Энэ оны I улиралд ДНБ 7.9% өслөө. Тодруулбал, 2015 оны зэрэгцүүлэх үнээр ₮6.7 их наядад хүрсэн байна. Сануулахад, 2024 оны I улиралд ДНБ 8.1%, 2023 оны мөн үед 8% өсөж байжээ. 

UB: Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчилж, 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан гэнэ.

MRT: Энэ оны эхний 4 сард нийт 4.3 мянган олон улсын нислэг, 2.9 мянган орон нутгийн нислэг үйлдэгджээ

📈 Бүтээмж +₮0.5 сая

Өнгөрсөн I улирлын байдлаар Монгол Улсын 1 ажилтан дунджаар ₮4.8 саяын хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллажээ. Сайжраад байна уу, үгүй юу? 

  • ☔️ Анхаар цаг агаар: Энд анхаарах нь манай эдийн засаг цаг агаараас өндөр хамааралтай бөгөөд ялангуяа I улиралд барилга, ХАА-н салбар зогсонги байдалд ордог тул хөдөлмөрийн бүтээмж жилийн бусад үетэй харьцуулахад хамгийн доогуур түвшиндээ очдог зүй тогтолтой.

📌 Нэмэгдсэн гэхдээ

₮4.8 саяын бүтээмж нь өмнөх оны мөн үеэс 11.4% буюу хагас сая ₮-өөр өссөн дүн. Хөдөлмөрийн бүтээмжийг бодит ДНБ-ээс тооцдог тул 11.4%-ийн ахиц нь инфляцын шүүлтүүрийг давсан цэвэр өсөлт юм. Түүнчлэн, энэ нь манай улсын өвлийн улирлын түүхэн дэх хамгийн өндөр бүтээмж билээ. 

  • ⛳️ Зогсонгиос гарав: Хамгийн сүүлд 2021 онд энэ түвшинд хүрч рекорд тогтоож байсан бол 2022 оноос хойш жил бүрийн I улиралд бүтээмж ₮4.2-₮4.3 сая дээр гацсаар ирсэн. Харин дөрвөн жилийн дараа л бид ийнхүү зогсонги байдлыг давж, хуучин оргил түвшиндээ эргэн ирж байна.

🐫 Тэмээ шиг том ялгаа

1990 оны үед худалдаа, материал техникийн хангамж, аж үйлдвэр, тээвэр холбоо зэрэг салбаруудын бүтээмж хамгийн өндөр байсан аж. Худалдааны салбарынх бол бүр улсын дунджаас 2.9 дахин их байсан байна. Харин нөгөө талд ХАА-н салбарын хөдөлмөрийн бүтээмж дунджаас 2.4 дахин бага байж. Энэ цагаас хойш 36 жил өнгөрсөн ч ХАА-н салбар өөдлөөгүй хэвээр. 

  • 🙁 ₮1 сая хүрэхгүй: Одоогоор манай хамгийн өндөр бүтээмжтэй салбар уул уурхайн салбар байгаа. 1 ажилтанд ногдох ДНБ нь жилийн өмнөхөөсөө 13.2% нэмэгдэж ₮12.9 сая болоодохжээ. Харин ХАА-н салбарынх бол одоо ч ₮1 сая хүрдэггүй хэвээр. Уул уурхайн салбарын бүтээмжтэй харьцуулахад 16 дахин бага байна. 

Эцэст нь… Бидний өвлийн улирлын бүтээмж 4 жилийн гацаанаас гарсан нь сайн хэрэг. Гэвч салбаруудын бүтээмжийн ялгаа тэмээ шиг том байгаа нь харамсалтай. ХАА-н салбарыг технологижуулж, бүтээмжийг нь өсгөхгүйгээр иргэдийн дундаж амьжиргааг жинхэнэ утгаар нь дээшлүүлэх боломжгүйг энэхүү статистик дахин санууллаа даа.

  • 🤷🏻‍♂️ Улаанбаатар хотын дараагийн даргаар хэн сонгогдох вэ? (iToim)

  • 🇰🇷 Биржид бүртгэлтэй TheBornKorea-н хоолны сүлжээ Монголд анхны салбар нээжээ. (SEDaily)

  • 🎙️ Манайд On Brand with Jimmy Fallon шоу албан ёсны эрхтэйгээр бүтээгдэнэ. (CentralTV)

  • 🪖 Куба 300 гаруй цэргийн дроноор Америкийн цэргийн бааз руу дайрах тухай хэлэлцэв. (Axios)

⚡️ $TAL-н супер ашиг

TAL: 2025 онд Сүхбаатар аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Талын гал ХК-ийн цэвэр ашиг өмнөх оноос 26 дахин нэмэгдэж ₮456.5 саяд хүрчээ. Энэхүү өсөлтөд борлуулалтын орлого 2.1 дахин ихсэж ₮6.3 тэрбумд, нийт зардал 1.9% буурч ₮993.7 саяд тус тус хүрсэн нь голлон нөлөөлсөн байна. Гэвч борлуулсан бүтээгдэхүүний өртөг 2.5 дахин нэмэгдсэнтэй холбоотой компанийн ашгийн маржин өмнөх оноос 11.7% багасаж 23.1%-д хүрсэн аж. Сонирхуулахад, энэ онд $TAL 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮50 буюу нийт ₮34.7 саяыг тараахаа мэдэгджээ

🔢 Спорт заалыг тоогоор харъя

Ирэх хичээлийн жилээс урлаг болон спорт заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулдаг болох гэнэ. Тэгвэл Монголд олон жил чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын нэгээр нэрлэгдэж ирсэн спорт заалтай холбоотой сонирхолтой тоонуудыг толилуулъя.

🚨 Үнэгүй заал

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ЕБС-ийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах уриалгыг НИТХ-ын Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцжээ. Үр дүнд нь ирэх хичээлийн жилээс спорт заалыг амралтын өдөр хүүхдүүдэд ашиглуулах ажлын хэсэг байгуулж, уриалгыг хэрэгжүүлэх тэмдэглэлийг НИТХ баталсан аж. 

  • 🫡 Тоглож явснаас тоолж явсангүй: 2024 оны байдлаар нийт улсын хэмжээнд 1541 спорт заал үйл ажиллагаа явуулж буйгаас 699 нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Түүнчлэн УБ хотын спорт заалны тоо 2017 оноос хойш 2.6 дахин өссөн нь сүүлийн жилүүдэд заалны эрэлт өндөр байгааг харуулна.

🔎 Улсын төсөв

Энэ жил улсын төсвөөр сургуулийн барилгыг тооцохгүйгээр нийт 31 спорт заал барихаар төлөвлөжээ. Ингэхдээ ₮27.2 тэрбумыг зарцуулах бөгөөд хамгийн өндөр төсөвтэй нь ₮2.5 тэрбумаар баригдах Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн спорт заал аж. Цаашлаад, 1 заал барихад дунджаар ₮877.2 саяар хэмжигдэж байна.

📊 Дундаж үнэ ₮108.1 мянга

Нэг үеэ бодвол заалны сонголт хүнсний дэлгүүрийн лангуу дээрх бараа шиг л олон төрөлтэй болжээ. Нэмээд үүнийг даган эрэлт, инфляцаас хамаарч заалны 1 цагийн үнэ ч овоо үнэд хүрсэн юм. Тухайлбал, eZaal платформд бүртгэлтэй хотын 6 дүүргийн 138 спорт заалны 1 цагийн дундаж үнэ ₮108.1 мянгад хүрээд байна. 

Том зургаар… Заалны тоо болон үнэ өсөж буй энэ цаг үедЕБС-ын сургуулиудын заалыг амралтын өдөр үнэгүй болгох энэхүү шийдвэр нь хүүхэд залуусын спортоор хичээллэх хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүйд Монголын спортын хөгжилд томоохон нөлөөг үзүүлэх биз ээ.

Манай лимонууд ер нь өдөрт хэр их кофе, хийжүүлсэн ундаа ууж байна даа? 

GIPHY

☕️ 1946 онд Америкт 1 хүн жилд дунджаар ойролцоогоор 176 литр кофе уудаг байсан бол 2005 онд энэ хэмжээ 92 литр болж буурчээ. Энэ бууралтын нэг шалтгаан нь 1970-аад оноос эхлэн хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид чихэрлэг ундааг илүү эрүүл, кофег эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн сурталчилж байсантай холбоотой гэж судлаачид үздэг. Нөгөөтээгүүр, энэ хугацаанд 1947 онд 41 литр байсан нэг хүний хийжүүлсэн ундааны хэрэглээ 2005 он гэхэд 195 литр болж 4 дахин өссөн аж. 

🤯 Хамгийн өндөр барилгын талаар дуулсан уу? 

Энэ оны IV улиралд Монголын хамгийн өндөр барилга болох Encanto Trade Center ашиглалтад орно. Уг барилга инженерчлэлийн хувьд 4.5 метр өндөр таазтай, шалнаас үлээдэг халаалт, бүрэн агаар сэлгэх систем гээд олон ухаалаг шийдэлтэй аж. Түүнчлэн:

  • 🏙️Гадна фасад: Гадна фасад нь дэлхийд 1-т орох технологи бүхий өлгөдөг шилэн фасад тул өвөл, зун харгалзахгүй жилийн 4 улирлын турш тав тухыг хангана.

  • 🛗 Ухаалаг лифт: Ажилдаа хоцрох гээд яарч явахад хүлээх хугацааг хамгийн багаар байлгаж, алтан цагийг хэмнэх Fujitic ухаалаг лифттэй юм.

  • 🅿️ Зогсоол асуудалгүй: Мөн оффисын ажилчдын автомашины зогсоолын асуудлыг бүрэн шийдэх ажилчдын 7 давхар 400 автомашины зогсоолтой гэнэ.

Барилгын ашиглалтад орох хугацаа дөхөхийн хэрээр үнэ нэмэгддэг. За тэгээд оффисын түрээсийн захиалга нь нээгдсэн байгаа тул нэмэлт мэдээлэл авахын хүсвэл ЭНД дараарай. 😉 

📞 Холбогдох: 99191522, 94018858 

 

GIPHY

🍋 2023 оны үнээр илэрхийлэгдсэн 1 өрхийн сарын дундаж бодит нийт орлого ₮2.9 сая болж бодитоор 6.3% өсөв. Уг өсөлтөд цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого бодитоор ₮88.6 мянгаар, тэтгэвэр, тэтгэмжийн орлого ₮32.6 мянгаар тус тус нэмэгдсэн нь нөлөөлж. Нөгөө талд нийт зардал нь ₮2.8 сая байгаа бөгөөд үүний 75.4%-ийг хүнсний бус худалдан авалтын зардал, 21%-ийг хүнсний зардал, 3.1%-ийг шилжүүлгийн зардал бүрдүүлжээ.

🍋 15 дахь Азийн аялал жуулчлалын форумыг Монголд зохион байгуулна. Форум ирэх 6 сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд арга хэмжээнд 22 орны 100 гаруй төлөөлөгч оролцон чиг хандлага, тогтвортой хөгжлийг хэлэлцэх нь. Уг арга хэмжээг Монголын аялал жуулчлалыг дэлхийд таниулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой гэж үзжээ. 

🍋 Трамп Татварын албаны (IRS) эсрэг гаргасан $10 тэрбумын заргаа албан ёсоор цуцаллаа. Ерөнхийлөгч нь өөрийн хяналтад байдаг агентлагийг шүүхэд өгсөн нь хуулийн маргаан дагуулж, шүүгчийн зүгээс шахалт иржээ. Тэрбээр заргаа зогсоосны хариуд өмнөх засгийн үед хэлмэгдсэн гэх холбоотнууд болон Капитолийн үймээнд буруутгагдсан хүмүүст нөхөн олговор олгох улсын төсвийн $1.7 тэрбумын сан байгуулахаар тохиролцсон гэнэ.

🍋 TMK Energy (TMK.AX) компани "Гурвантэс XXXV" төслийн хүрээнд буюу байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр Дашваанжил Групп ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ нь хайгуулын шатнаас арилжааны эргэлтэд орох боломжийг нээж буй бөгөөд дотоодын дэд бүтцийг ашиглан говийн бүсийн уул уурхайнуудыг найдвартай, байгаль орчинд ээлтэй эрчим хүчээр хангах ач холбогдолтой аж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.