• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Шинэхэн CFA цолтнууд

🇲🇳 Шинэхэн CFA цолтнууд

Кино урлагийн 5 дахь тэрбумтан | E-mart пуужиндав | Ипотекийн зээлийн үлдэгдэл ₮11 их наяд

POWERED BY

Өглөөний мэнд! 2026 он гарахад 15 өдөр үлдлээ. Жилийн сүүлийн өдрүүдэд өнгөрч буй жилийнхээ зорилгыг эргэн нэг харж, ирэх жилийн ажил, төлөвлөгөөгөө фокуслах хамгийн зөв үе шүү. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар МИАТ ТӨХК, Төрийн Банк ХК (SBM), Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ тэргүүтэй 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжиж, заримынх нь хувьцааг нэмж гаргахаар боллоо

MNG: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

NSO: 2025 оны эхний 11 сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ ₮25.6 их наяд, нийт зардал, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ ₮27.4 их наядад хүрч, ₮1.8 их наядын алдагдалтай гарчээ

🔥 Өсөн нэмэгдэж буй CFA цолтнууд 

Жил бүрийн 12 сард CFA Institute-с олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, санхүүгийн салбарын нэр хүндтэй мэргэжлийн цолын нэг болох CFA (Chartered Financial Analyst) цолыг шинээр хүртсэн мэргэжилтнүүдэд гардуулдаг. Үүний хүрээнд Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг (МИСШН)-ээс 2025 онд CFA цолоо авсан 12 шинэ цолтонд цолыг нь гардууллаа.

  • 🔎 CFA цол нь… Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч (CFA) цол нь 3 түвшний шатны шалгалтаас бүрдэх ба тус цолыг санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хамгийн том мэргэжлийн байгууллага CFA Institute-с олгодог. Олон улсын хэмжээнд хүнд шалгалтын нэгээр тооцогддог тус шалгалтын нэг түвшнийг давахад дунджаар 300 цагийн бэлтгэл шаарддаг аж. 

🇲🇳 Шинэ 18 цолтон

2025 онд Монголын CFA цолтны тоо 18-аар нэмэгдэж, нийт цолтны тоо 52-д хүрлээ. Үүнээс 12 цолтон нь өнгөрсөн долоо хоногт МИСШН-ээс зохион байгуулсан CFA цол гардуулах ёслолын үеэр цолоо авчээ. Сонирхуулахад, CFA цол авахаар горилж буй шинжээчдийн тоо энэ онд 271-д хүрсэн нь залуу санхүүгийн мэргэжилтнүүдийн дунд олон улсын мэргэшлийн цолын эрэлт, сонирхол тогтвортой өсөж буйг харуулна.

  • 🏛️ Монголын төлөөлөл: МИСШН нь Монголд CFA хөтөлбөрийг сурталчлах, санхүүгийн салбарын мэргэжлийн стандарт, ёс зүйг түгээн дэлгэрүүлэх, залуу шинжээчдийг дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

  • 🌎 Олон улсад: Өдгөө CFA цолтнууд 160 гаруй орны хөрөнгийн зах зээлд ажиллаж байна. Сүүлийн 5 жилд дэлхийн даяарх CFA цолтны тоо 10.5% өсөж 197.2 мянгыг давжээ.

🔟 CFA Research Challenge

Энэ жил МИСШН-ээс бакалавр, магистрын түвшний оюутнуудын дунд зохиогддог олон улсын CFA Research Challenge 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг тэмцээний дотоодын шатанд түрүүлсэн баг нь бүсийн шат, цаашлаад дэлхийн түвшинд өрсөлдөх эрхтэй болдог. 2025 оны тэмцээнд 6 их сургуулийн нийт 11 баг оролцож, Премиум Нэксус ХК (CUMN)-ийн үйл ажиллагаанд суурилсан судалгаа, үнэлгээг боловсруулах юм.

Эцэст нь… Монголын CFA цолтнуудын тоо өсөхийн хэрээр санхүүгийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах нь гарцаагүй. Шинээр цол авсан бүх хүмүүст халуун баяр хүргэе. 😎

🚀 E-mart-н хувьцаа пуужиндав

139480.KS: Солонгосын томоохон сүлжээ супермаркет болох E-mart өөрийн охин компани болох Shinsegae Food-н хувьцааг 100% эзэмших саналыг гаргалаа. Нэг үгээр одоогийн эзэмшиж буй 55.5%-ийг нэмэгдүүлэх замаар Shinsegae Food-г хаалттай компани болгох аж. Ингэхдээ компанийн нэгж хувьцааг одоогийн үнээс 20% өндөр дүн буюу ₩48.1 мянгаар худалдан авахаар мэдээлээд байна. Үүнтэй холбоотой E-mart-н нэгж хувьцааны үнэ 8.8% өсөж ₩89.4 мянгад хүрчээ.

🎥🤑 Жэймс Камерон тэрбумтан боллоо!

Урын сан нь “Titanic”, “Avatar” “The Terminator” гэхчлэн дэлхийн алдартай бүтээлүүдээс бүрддэг найруулагч Жэймс Камероны хөрөнгө $1.1 тэрбумд хүрч, кино урлагийн салбараас төрсөн 5 дахь тэрбумтан боллоо

🤴 Box Office-н амжилт $9 тэрбум

Өдгөө 71 настай Оскарын 3 удаагийн шагналт найруулагч Жэймс Камерон өөрийн карьерын 40 жилийг кино урлагийн салбарт өнгөрүүлж, 22 гаруй кино найруулжээ. Түүний найруулсан кинонууд дэлхийн Box Office-с нийтдээ $9 тэрбумын орлого олж байснаас 2009 онд дэлгэцийн бүтээл болсон “Avatar” кино нь $2.9 тэрбумын орлого олж байв. Улмаар дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон кино гэх статусаа 16 жил хадгалж буй гайхалтай бүтээл билээ. 

  • 🔎 Жэймс Камероны “Avatar”, “Avatar: Way of Water”, “Titanic” гэсэн 3 кино нийтдээ $7.5 тэрбумын орлого олж, түүний нийт бүтээлийн орлогын 83%-ийг бүрдүүлдэг аж. Тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Avatar: Fire and Ash”-н орлого ч мөн адил өмнөх ангиудынхаа босго болох $2 тэрбумыг давах төлөвтэй байгаа

🎩 Домогт 5

Кино урлагийн салбараас Стивен Спилберг тэртээ 1994 онд анхны тэрбумтан болж байв. Жэймс Камероноос гадна кино урлагийн салбараас төрсөн 4 тэрбумтаны 2 нь 1990-ээд онд, үлдсэн 2 нь 2020 оноос хойш тодорч байв. Хамгийн их мөнгө эргэлддэг мэт харагдах кино урлагийн салбар ердөө 5 тэрбумтантай байдгийн шалтгаан нь кино студиуд нийт орлогын 40%-60%-ийг авдагтай холбоотой

  • 🎥 Үүгээр тогтохгүй тухайн уран бүтээлийн оюуны өмч буюу эзэмшил найруулагч гэхээсээ илүү дийлэнх тохиолдолд студиуд дээр байдаг тул хамаг орлого нь студиудын халаасанд ордог байх нь. 

Юутай ч кино урлагийн шинэхэн тэрбумтан Жэймс Камероны найруулсан 5 шинэ уран бүтээл ойрын хугацаанд үзэгчдийн хүртээл болох төлөвтэй байгаа. Тун удахгүй гарах “Avatar: Fire and Ash” киног хүлээж байгаа хэр олон хүн байна? “Avatar 4” бараг хийгдэж дууссан, “Avatar 5” киноны зураг авалт өрнөж байгаа гэсэн шүү

  • 🚦 Төрийн өндөр албан тушаалтнуудад замын хөдөлгөөнд давуу эрх олгодгийг зогсооно. (Petition.Parliament)

  • 💭 Хэн нь хамгийн муу CEO вэ? (joinblind)

  • 🧠 Ой санамж, сэтгэцийн олдмол эмгэг бага наснаас эхлэн бий болох магадлалтай. (Yahoo)

  • 🍭 Чадварлаг ажилтнуудыг татах OpenAI-н шинэхэн стратеги. (WSJ)

Excel дээрх урт, төвөгтэй томьёог хялбархан унших, цаашлаад нэг тооцооллыг давтан хийхээс сэргийлэх LET функцтэй танилцъя.

LET функц нь Excel-ийн томьёонд түр хувьсагч (variable) үүсгэж, түүнд нэр өгөөд дахин ашиглах боломж олгодог. 👇

  • Жишээ нь, A1:B2 хүснэгт өгөгдсөн байя. Үүнээс А баганыг нийлбэрийг олох, B баганын нийлбэрийг олох, мөн эдгээрийг хооронд нь үржүүлэх томьёонуудыг тус тусад нь бичвэл, =(A1+A2)*(B1+B2) болно. 

  • Тэгвэл энэ томьёог дахин ашиглахад LET-г ашигласнаар =LET(sumA, A1+A2, sumB, B1+B2, sumA*sumB) болох нь. 

Энэхүү жижиг жишээн дээр LET илүүц мэт харагдах боломжтой ч, том өгөгдөл дээр томьёонуудыг ихээхэн цэгцэлж өгдөг эд дээ.

Primeminister.kz

🍋 Япон Төв Азийн орнуудтай хамтран AI-д суурилсан уул уурхайн олборлолтын технологи хөгжүүлнэ. Энэ хамтын ажиллагаанд Казакстан, Узбекистан, Киргизстан тэргүүтэй Төв Азийн 5 орон нэгдсэн бөгөөд Японы AI технологийг ашиглан ашигт малтмалын ордыг судлах, нөөцийг олборлох техник боловсруулах аж. Цаашлаад тус хамтын ажиллагаа эрчим хүч, ашигт малтмалын баялгийг экспортлох логистикийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд тэлэх нь. 

🍋 Oneplace.HR стартап Digital Startup Awards-н хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж $50 мянгын SAFE хөрөнгө оруулалт татав. Хурдасгуур хөтөлбөрт Төв Азийн 10 улсын нийт 360 баг өрсөлдсөн бөгөөд үүнээс 14 стартап амжилттай оролцож, тус бүр $25,000-$50,000-н SAFE хөрөнгө оруулалт татжээ. Сонирхуулахад, Oneplace.HR нь байгууллагуудын хүний нөөцийн процессыг автоматжуулах, дата-д суурилсан шийдлээр удирдлагыг сайжруулах платформ аж.

🍋 “Zootopia 2” дэлхий даяар $1.14 тэрбумын орлого оллоо. Улмаар тус уран бүтээл “Lilo & Stitch”-н араас $1 тэрбумын орлого олсон 2 дахь анимэйшн болж Disney (DIS)-н амжилтыг өнгөлж буй. Тэр дундаа “Zootopia 2”-н дэлхий даяарх орлогын 44% буюу $502.4 саяыг Хятадын зах зээл бүрдүүлснээр сүүлийн жилүүдэд Хятадад хамгийн их амжилт үзүүлсэн Холливудын кино болсон байна.

🍋 Ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 10-р сард өнгөрсөн оноос 21.4% өсөж ₮11 их наядад хүрчээ. Харин ипотекийн зээл авагсдын тоо 7.4% өсөж 130 мянга болсон бөгөөд өнгөрсөн онд л гэхэд ипотекийн зээлийн 73.5% нь Улаанбаатарт олгогдсон байна. Тэгвэл энэ хугацаанд орон сууцны үнэ 12.7% өсөж дунджаар ₮4.97 сая болсон ба тэр дундаа шинэ орон сууцных 11%, хуучин орон сууцных 13.9% өссөн байна даа. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.