• Lemon Press
  • Posts
  • 💭 Том болоод хотын дарга болно

💭 Том болоод хотын дарга болно

Алдагдал: 17-гоос 10 | $MU: $1 их наядын клуб | Цахилгаан машины цех

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр Олон улсын бургерын өдөр тохиож байна. Түүхчид бургерын хувьслыг Чингис хаантай холбодог. Чингис хааны цэргүүд түүхий үхэр, морины махыг эмээл дороо хавчуулж, давхиан дундаа зөөлрүүлж иддэг байсан нь хожим Европт "Тартар стейк" болж хөгжсөн. Улмаар 1758 онд Германд Гамбург хиамны анхны жор гарч, 1800-ад оны дунд үед Германаас Нью-Йорк руу зорчиж буй цагаачдад Гамбург загварын татсан махтай хавчуурга өгдөг байснаар Гамбургер гэх нэршил Америкт үүссэн гэдэг. Монгол хүн байна даа, өнөөдөр бургер иднэ байгаа. 🍔😋 🍵📚

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: ЗГ-ын ₮9.78 тэрбумын бондод ₮12.5 тэрбумын 17 захиалга ирснээр анхдагч зах зээлийн арилжаа хаагджээ

POL: ЗГ тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан тухай бүр нэмэгдүүлнэ гэж тусгасан хуулийн төслийг өргөн барилаа.

US: Америкийн ипотекийн дахин санхүүжүүлэх эрэлт 18% буурч, хүү нь 8-р сараас хойших хамгийн өндөр түвшинд буюу 6.65%-д хүрсэн байна.

💭 Том болоод хотын дарга болно

Шинээр томилогдсон Б.Пүрэвдагва хотын дарга маань орондоо орох завгүй л өдөр хоногийг өнгөрөөж байгаа сурагтай. Үүний зэрэгцээ олон нийт ч түүний хөрөнгө оруулгын мэдүүлэг (ХОМ)-ийг ихээр сонирхож байна. Тэгвэл ер нь өмнөх хотын дарга нарын ХОМ-ийг хамтдаа ухацгаая.

🔎 Өмнөх үеийн түүх

Сүүлийн 5 хотын дарга нарын түүхийг сөхвөл тэд ажлаа хүлээн авахаас өмнө жилд дунджаар ₮54.5 саяыг олдог байсан бол ажлаа өгсний дараах орлого нь 7.6 дахин нэмэгдэж ₮416.1 саяд хүрсэн байна. Нөгөөтээгүүр, 34 дэх хотын дарга болох С.Амарсайханы орлогыг тооцохгүйгээр бусад дарга нарын орлого 30.5% буюу ₮15.4 саяар нэмэгджээ.

  • 💸 Чинээлэг нэгэн: Одоогийн Хууль зүйн сайд, ₮3.2 тэрбумаар усан оргилуур барьсан хотын дарга нэрээрээ хүмүүсийн дурсамжид тод үлдсэн С.Амарсайханы хувьд албаа хашихаасаа өмнө ₮70.7 саяыг олдог байжээ. Харин ажлаа өгсний дараа түүний орлого ₮1.8 тэрбумд хүрсэн аж. Түүний орлого огцом өссөн нь магадгүй хувийн бизнестэй холбоотой байж болох юм.

  • 🍖 Сүүлийн дарга: Саяхан махны өсөлтөөс болж ажлаа өгсөн Х.Нямбаатар нь 2022 онд нийт ₮38.7 саяын орлоготой аж төрж байсан бол 2024 оны байдлаар түүний орлого 69.9% өсөж ₮65.7 саяд хүрчээ. Эндээс харахад өнгөрсөн оны хөрөнгө оруулгын мэдүүлэг ил болох үед түүний орлого хэд болсон байх нь тун сонирхолтой.

  • 🆕 Шинэков: Хотын дарга Б.Пүрэвдагвын 2023 оны ХОМ-ээс харахад тэрээр нийт ₮81.5 саяын орлоготой, ₮883 саяын орон сууц, барилга байгууламжтай, ₮198.5 саяын тээврийн хэрэгсэлтэй, 62 адуу, 46 сайн үүлдрийн үхэртэй нэгэн ажээ. Мөн спортын хувцасны K50 дэлгүүрт хөрөнгө оруулсан гэнэ дээ.

Эцэст нь… Эдгээр дарга нарын хадгаламжийг харахад гудсан доороо мөнгө зулчихав уу гэдэг шиг л мөнгөө банкны хадгаламжид хийх дургүй хүмүүс бололтой шүү. Учир нь нийт хадгаламжийн дүн ажлаа авахаас өмнө ₮238 сая байсан бол өгсний дараа 22% нэмэгдэж ₮290.3 саяд хүрчээ. За тэгээд энэ бүхнээс дүгнэхэд дараагийн хотын даргын орлого хэдэн % өсөх нь тун сонирхолтой байна даа.

  • 🏀 FIBA 3х3 Дэлхийн аваргад оролцох Монголын шигшээ баг ил боллоо. (MGL3x3)

  • 🍚 Япончуудын будааны хэрэглээ сүүлийн 7 жилийн хамгийн доод түвшинд хүрэв. (JapanTimes)

  • 📚 Румыны ЗГ-ын 2026–2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. (MOE)

  • 🕵🏻‍♀️ Их Британийн туршлагатай тагнуулч Оросын заналхийлэл өргөжиж буйг мэдээлжээ. (NYtimes)

🤑 $MU: $1 их наядын клуб

MU: Америкийн чип үйлдвэрлэгч Micron Technology-н нэгж хувьцаа өнгөрсөн Даваа гаргийн арилжаагаар 19.3% өсөж $895.9-т хүрснээр компанийн зах зээлийн үнэлгээ $1 их наядыг давлаа. Ингэснээр Micron дэлхийн $1 их наядаас дээш үнэлгээтэй 13 дахь нээлттэй компани болжээ. Тус өсөлтөд Доналд Трампын онцолсон $100 тэрбумын өртөгтэй чипийн үйлдвэрийн төлөвлөгөө болон үүлэн тооцооллын томоохон компаниудтай байгуулсан урт хугацааны гэрээнүүд голлон нөлөөлсөн байна.

😱 Алдагдал: 17-гоос 10

ЗГ-аас Эрдэнэс Монгол нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд Чингис хаан Үндэсний баялгийн сан корпорац болгон өөрчилж, олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгох шийдвэр гаргалаа. Ямар нөхцөл байдалтай компаниуд юу болох гээд байна вэ? 

  • 📌 Хийгдэх ажил: 260 орчим орон тоог оновчтой болгож, захиргааны зардлыг 10%, түрээсийн зардлыг 30% бууруулж, ₮67.3 тэрбумын зардлын хэмнэлт хийхээр төлөвлөсөн гэнэ. 

🃏 Сайн нэр, саар тоо

Нэгдлийн компаниудын санхүүгийн тайланг сөхвөл бодит байдал тийм ч гялаан биш байна. Өнгөрсөн онд нэгдлийн 17 компаниас 10 нь буюу талаас илүү хувь нь нийт ₮78.9 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Эдгээрээс үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиггүй 10 хүртэлх компаниудыг нэгтгэх, татан буулгахаар байгаа. Санхүүгийн үзүүлэлтээс харахад хар жагсаалтын тэргүүн эгнээнд дараах салбарын компаниуд байна. 

  • 🏭 Боловсруулах үйлдвэр & Дэд бүтэц: Хамгийн том гал алдагч нь ₮62.7 тэрбумын алдагдалтай Монгол газрын тос боловсруулах үйлдвэр, удаах нь ₮5 тэрбумын алдагдал хүлээсэн Эрдэнэс ҮТП болон ₮3.1 тэрбумын алдагдалтай Цемент Шохой. 

  • ⚡️⛽️ Эрчим хүч, Хийн түлш: Эрдэнэс Газ, Эрдэнэс Метан зэрэг ирээдүйн гэгдэх боловч одоогоор зөвхөн зардал үүсгэж буй компаниуд.

  • 🔍 Цөмийн энерги & Хайгуул: Мон Атом болон Эрдэнэс Баянбогд гэсэн өмнө нь нэг их дуулдаж байгаагүй компаниуд.

🙂‍↕️ Мөнгө хуримтлуулж чадах уу?

Өнөөдрийн дүр зургаар эдгээр компаниуд баялгийн санд хувьд нэмэртэй байна гэдэг хэцүү. Баялгийн санг ЭТТ болон Эрдэнэт үйлдвэр гэсэн 2 халим нуруун дээрээ үүрч буй. Бусад нь хуримтлал үүсгэх байтугай, энэ 2-ын олсон ашгаас цусалдаг гэмээр бүтэцтэй. ОУ-ын жишигт баялгийн сан нь бэлэн ашгийг арвижуулдаг болохоос, алдагдалтай төслүүдийг тэжээдэг халамжийн сан биш билээ.

😶‍🌫️ Ийм компаниудыг хувьчилна гэхээр?

Ашиггүй, алдагдалтай компаниудыг IPO гаргах эсвэл хувьчилна гэдэг хүндрэлтэй. Хөрөнгө оруулагчид компанийн алдагдлыг шууд худалдаж авахгүй. Тэгэхээр төр эхлээд эдгээр компаниудын засаглалыг сайжруулж, санхүүг нь эрүүлжүүлсний дараа хувийн хэвшилд тодорхой хувийг нь хувьчлах замаар ачааг хөнгөлөх үе шаттай тактик хэрэглэх нь зүй бололтой. Цаг ч орохоор байна даа.

10 хоног
Өнөөдөр шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Улаанбаатарт эхлэх бөгөөд 21 дэх удаагийн тус тэмцээн 10 хоногийн турш Баянгол зочид буудалд үргэлжилнэ.
27 орон
Тэмцээнд 27 орны 240 гаруй шилдэг шатарчид цугларч, оюун ухаанаа уралдуулж, аваргаа тодруулна. Мөн эхний 5 байранд шалгарсан шатарчид ирэх жил зохион байгуулагдах Шатрын ДАШТ-ий эрхээ авах юм.
$60 мянга
Энэхүү тэмцээний шагналын сан $60 мянга ба үүнээс 1-р байранд $15 мянга, 2-р байранд $11 мянга, 3-р байранд $9 мянга, 4-р байранд $7 мянгыг тус тус олгох аж.

💬🤖 Таны хамгийн шилдэг ажилтан бодит хүн биш ЗочилБот ч байж болно

Бизнес эрхлэгчид маань хэрэглэгчдийнхээ чат, асуултад хариулж амжихгүй л байна уу? Өдөрт хэдэн хүн үнэ, хаяг асуугаад, хариу хүлээж ядаад худалдан авалтын шийдвэрээ өөрчилж байгаа бол? 💭

Хэрэглэгчдийн 78% нь хамгийн түрүүлж асуултад нь хариулсан бизнесээс худалдан авалт хийдэг гэнэ. Хэрэглэгч чат бичсэнээс хойш эхний 5 минутын дотор хариу ирэхгүй бол худалдан авах сонирхол нь 80% буурдаг байна. Өнөөдөр хэрэглэгчид хариу хүлээхээ больж, хэн хурдан байна, тэр хождог үе иржээ гэж.

💡 Шийдэл: ЗочилБот 

ЗочилБот нь зүгээр нэг чатбот биш, таны бизнесийн дижитал дуу хоолой болж чадах аж. Бизнес эрхлэгчийн өгөгдлөөр коммент, мессеж бүрд 0.5 секундийн дотор, 24/7 тасралтгүй, яг л амьд хүн шиг оновчтой хариулна. Уг ботын:

  • 🗑️ Хаягдсан мессеж: 0 

  • 🫸 Удсан хариулт: 0 

  • 💯 Хадгалагдсан борлуулалтын боломж: 100% 

ЗочилБотыг зөвхөн автомат хариулагч биш, үйлчилгээгээ хурдасгаж, борлуулалтаа өсгөх гол зэвсгээ болгох боломжтой шүү.

Nikkei Asia

🍋 SK Hynix (000660.KS) компанийн хувьцааны ханш жилийн дотор 900% гаруйгаар өсөж, зах зээлийн үнэлгээ нь $1 их наядыг давав. Хиймэл оюуны чипийн тэргүүлэгч Nvidia (NVDA)-д санах ой нийлүүлдэг тус компанийн өсөлтөд хөрөнгө оруулагчид ихээхэн итгэл хүлээлгэж байгаа нь харагдаж байна даа. Ингэснээр тэд $1 их наядын клубт нэгдсэн Азийн 3 дахь компани боллоо.

🍋 Богд Банк хаалттай ХК олон улсын хөрөнгийн зах зээлд $75 саяын үнийн дүнтэй нээлттэй бондыг амжилттай арилжааллаа. Тус бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 9.5%-ийн тогтмол купонтой бөгөөд Австри улсын Венын Хөрөнгийн биржид бүртгэгдсэнээрээ онцлог юм. Анхдагч зах зээлийн арилжаагаар олон улсын институционал хөрөнгө оруулагчид захиалга өгснөөр санхүүжилтийг 100% татан төвлөрүүлжээ.

🍋 ЗГ боловсролын салбарт технологи нэвтрүүлж, чанарын ялгааг арилгах "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг баталлаа. Энэхүү хөтөлбөрийг 2026-2028 онд үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр зээл болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэнэ дээ. Ингэснээр 1 компьютерт 11 хүүхэд ногдож буйг өөрчилж, алслагдсан бүсийн сурагчдыг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх юм байх.

🍋 УБТЗ ХНН нийт ₮12.8 тэрбумын хөрөнгө оруулалтаар зүтгүүрийн хөдөлгүүр засварлах Цахилгаан машины цехийг нээжээ. Ингэснээр илчит тэрэгний хөдөлгүүрийг дотооддоо их засварт оруулж, гадагшаа урсдаг байсан жил бүрийн ₮8 тэрбумын валютыг хэмнэх боломж бүрдсэн гэнэ. Уг хөрөнгө оруулалтыг 4.9 жилийн хугацаанд нөхөх бөгөөд тус цех нь 143 илчит тэрэгний хөдөлгүүрийг засварлах хүчин чадалтай.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.