- Lemon Press
- Posts
- 🎭 Аз жаргалтай Монгол
🎭 Аз жаргалтай Монгол
Солонгос бизнесүүд Монголд | ₮28 саяын ногдол ашиг | Орон сууцны залилан
POWERED BY
Баасан гаргийн мэнд! Дэлхий нийтийг дуу, хөгжмөөрөө байлдан дагуулсан Шведийн ABBA хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэдний бүхий л олсон орлогыг бүртгэвэл $5.5 тэрбумд хүрэх бөгөөд одоо ч тус хамтлагийн холограммыг ашигласан ABBA Voyage тоглолт Лондонд $200 олж байна. За тэгээд лимонууд маань ABBA-н талаарх сонирхолтой бичвэрийг ЭНД дарж уншаад, өнөөдрийг ABBA сонсож эхлүүлээрэй. 🎶🕺🏻


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индексийн утга 2025 оны IV улиралд агших мужид 46 гарснаар сүүлийн 4 улирал дараалан агших мужид хэвээр хадгалагдлаа.
POL: АИ-92 шатахууны гаалийн албан татвар тонн тутамд ₮125,633 байгаа бөгөөд гаалийн албан татварыг ₮0 болгосноор литр тутамд үнэ ₮106-өөр багасаж, ₮57-ийн ашигтай болно гэнэ.
FRC: Өнгөрсөн сард 12 виртуал бирж дээр ₮6.8 тэрбумын арилжаа хийгджээ.
MSE: Монноос ХК (MNS) 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮80 буюу нийт ₮28 саяын ногдол ашгийг 5 сарын 31-ний дотор хуваарилна.

🎭 Аз жаргалтай Монгол

Өнөөдөр “Дэлхийн аз жаргалын өдөр” тохиож байна. Анх 2012 онд НҮБ-аас тус өдрийг тунхагласан бөгөөд мөн энэ өдөр Дэлхийн аз жаргалын индекс танилцуулагддаг уламжлалтай.
🧮 Тооцоолол: Аз жаргалын индексийг тооцохдоо иргэдийн амьдралаа 1-10 хүртэлх оноогоор үнэлсэн үнэлгээнд тулгуурлаж, сүүлийн 3 жилийн дундаж оноог ашигладаг. Үүнээс гадна тэгш бус байдал, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, эрүүл наслалт, сонголт хийх эрх чөлөө гэх мэт үзүүлэлтийг харгалзан үздэг аж.
🧐 Амьдрал сайжрав
2025 оны дэлхийн аз жаргалын индексээр Монгол 5.9 оноо авсан нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутагтаа 12-т, дэлхийд 75-т орох үзүүлэлт болжээ. Цаашлаад, 2012 оноос хойш Монголын аз жаргалын индекс 1.1 оноогоор өсөж, Зүүн Ази, Номхон далайн бүсийн 17 орноос өсөлтөөрөө 2-т бичигдээд байна.
📈 Сайжирсан байдал: Хамгийн өндөр өсөлттэй үзүүлэлт бол 27 байр дээшилж дэлхийд 5-т орсон нийгмийн дэмжлэг аж. Түүнчлэн эрүүл наслалт 19 байр ахиж 80-т орсон ба нэг хүнд ногдох ДНБ 18 байр ахижээ. Мөн сайн дурын ажлаар дээрээсээ эхний 10-т жагссан байна.
📉 Муу хэвээр: Тэгш бус байдлын үзүүлэлт 2012 оноос хойш эрс 42 байраар ухарч 55-т орсон бол сонголт хийх эрх чөлөө 80-аас 116-р байр руу унасан. Хачирхалтай нь Монголчууд танихгүй хүнд туслах байдлаар 63-аас 119-р байранд оржээ. Магадгүй энэ нь хүмүүс хоорондын итгэлцэл, тусархаг байдал муудсаны дохио юм.
🗺️ Дэлхийн сонин хачин
Финлянд 9 дахь жилдээ дараалан дэлхийн аз жаргалын индексийг тэргүүлж, араас нь Исланд, Дани, Коста-Рика, Швед эхний 5 байрыг бүрдүүллээ. Харин эсрэгээрээ англи хэлээр ярьдаг томоохон улсуудын аз жаргалтай байдал сүүлийн жилүүдэд тогтмол буурсаар байна. Жишээлбэл, өнгөрсөн онд Америк 23-т эрэмбэлэгдсэн бол Их Британи 29-т бичигджээ.
Эцэст нь… 2012 оноос хойш Монголчуудын аз жаргалтай байдал мэдэгдэхүйц дээшилснийг 27 байр ахиж одоо дэлхийд 75-д орсноос харж болно. Гэвч зарим зүйлс биднийг аз жаргалгүй болгож буй нь тус тайланд илэн далангүй харагдана. 😐

📚 Энэтхэгт 100% үнэгүй суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдав. (Ikon)
💸 Америкчуудын байршлын датаг FBI худалдан авдаг нь тогтоогдлоо. (TheTechBuzz)
⚠️ Гадна хаяг, зар сурталчилгааны стандартыг мөрдүүлж эхэлнэ. (Ulaanbaatar)
☀️ 2026 оны Наурызын баяр бусад жилээс нэг зүйлээрээ ялгаатай. (BBC)

🔥 $MNP: Цэвэр ашиг 3 нугарав
MNP: Өнгөрсөн онд Монгол Шуудан ХК-ийн цэвэр ашиг 2024 оны мөн үеэс 3 дахин өсөж ₮407.2 саяд хүрчээ. Үүнд хүнтэй холбоотой зардлаа 25.9% бууруулж ₮1.2 тэрбумд, бусад зардлаа 28.1% багасгаж ₮279.1 саяд хүргэсэн болон ₮387.2 саяын гадаад валютын ханшийн зөрүүний олзтой ажилласан нь томоохон нөлөөтэй байв. Түүнчлэн компанийн борлуулалтын орлого 6.4% өсөж ₮25.4 тэрбумд хүрсэн аж. Сонирхуулахад, $MNP-н нэгж хувьцааны үнэ 2025 оны мөн үеэс 1.4%, он гарснаас хойш 13.3% буураад байна.

🏇 Монголыг дайлаар мордож буй Солонгос бизнесүүд

Өмнөд Солонгосоос Монголын зах зээл нэвтэрч буй бараг бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүүм болж, толгой компаниудынхаа магнайг тэнийлгэсэн мэдээ ар араасаа хөрөвч байна даа.
🍰 Саяхан Dessert39 Mongolia-н орлого 9 хоногт рекорд эвдсэн талаар мэдээлж байсан бол одоо шар айргийн зах зээлд шажигнатал борлуулагдаж байгаа Солонгос брэндүүдийн талаар сонордуулъя.
👍 Дотооддоо сул ч Монголд бол луугар
Өмнөд Солонгост шар айргийн эрэлт буурч, компаниуд нь гадаад зах зээлээ онцгой анхаарах болов. Энэ нь ч Монгол, Тайван тэргүүтэй орнуудад амжилттай хэрэгжиж, өнгөрсөн онд тус улсын Тайван руу экспортолсон шар айргийн хэмжээ өмнөх оноосоо бараг 700% өсөж 7.7 сая л-т хүрсэн бол Монголынх өнгөрсөн оны эхний 8 сард 31 мянган тн-д хүрсэн байна. Энэ нь Өмнөд Солонгосын нийт шар айргийн экспортын 31.5%-тай тэнцэх дүн төдийгүй манайх тус улсын №1 импортлогч нь болжээ.
👀 Сонирхолтой харьцуулалт: Тус онд манай улс 23.3 сая хүн амтай Тайванаас 4 дахин шар айраг импортолсон. Бас л агуу үзүүлэлт байгаа биз…
🪻 Цэцэглэж буй шар айргийн импортын зах зээл
Энэ дундаас 2024 онд дотоодын зах зээлд нэвтэрсэн Lotte Chilsung-н “Crush” шар айргийн экспорт өнгөрсөн онд огцом буюу 90% өссөн байна. Тус шар айраг Монголд 2,000 орчим дэлгүүрт зарагддаг гэхээр түгээлтийн сүлжээ нь аргагүй өргөн юм. Тэднээс гадна манай улсын импортын шар айргийн зах зээлд HiteJinro шар айргийн стратегиа өргөжүүлж, CU-тай хамтран шинэ брэнд “Kelly”-гээ худалдаалж эхэлжээ. Мөн OB Beer дэлхийн №1 шар айргийн брэнд болох AB InBev-н сүлжээг ашиглан Cass шар айргийг Монгол руу нийлүүлдэг гэнэ.
😲 Харж байгаачлан хэдхэн жилийн өмнө дотоодын шар айргийн зах зээлд солонгос шар айргуудаас “Cass” давамгайлдаг байсан бол одоо нэр төрөл, брэндийн өрсөлдөөн ширүүхэн болжээ.
Ер нь л шар айраг гэлтгүй эм, кофе шоп, түргэн хоолны сүлжээ ресторан гэхчлэн зах зээлд нэвтэрсэн эхний жилдээ гал гарсан өсөлт гаргах нь олонтоо. Жишээ нь л гэхэд, Mega Coffee Монголд орж ирсэн эхний жилдээ 3 салбар, Mom’s Touch нээгдсэнээсээ хойш 3 сарын дараа 2 дахь салбаараа нээж байв. Том зургаар нь харвал 3 жилийн дотор Mom’s Touch 16 салбар, Mega Coffee 2 жилийн дотор 7 салбарыг тус тус нээгээд буй.
Цаашлаад, “Coldwon” хэмээх ханиадны сироп 2022 онд Монголоос $390,000-ын борлуулалтын орлого олж байсан бол ирэх жил нь тус дүн 53.8% өсөж $600,000-д хүрч байв. Үгүй тэгээд ийм үзүүлэлттэй байхад Өмнөд Солонгосын компаниуд манай улсад зориулсан тусгай төлөвлөгөөтэй байхгүй гээд яах билээ.

💡 Таавар таацгаая.
… нь 1975-1978 он хүртэл цахилгаан станцад автоматикийн инженерээр ажилласан бөгөөд үүний дараа 3 жилийн хугацаанд Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэж, сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болжээ. Тэр хэн бэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцахаа мартуузай. ✌️

🍕🍴 POCA Pizzeria: Ховор олдох чамин амт

Ciao! Улаанбаатар хотод жинхэнэ Итали пиццаг олно гэдэг өдрийн од шиг л ховор. Тэгвэл ховор олдох Итали пиццаны чамин амтыг POCA Pizzeria-с аваарай.
POCA Pizzeria нь сонгодог орц, уламжлалт аргаар пиццагаа бэлтгэн гаргадаг цөөн хэдэн газрын нэг ажээ.
Wood-fired + Sourdough = Чамин амт 🤌
🥖 Handmade Sourdough: 100% гар аргаар бэлтгэсэн, байгалийн хөрөнгөөр удаан исгэсэн гурилтай.
🔥 Wood-fired oven: Пиццагаа уламжлалт сонгодог хэв маягаар буюу модоор галласан ил зууханд бэлтгэдгээрээ онцлог.
Энэхүү амтыг мэдрэхийг та Сүхбаатарын талбайн чанх хойно ЗГ-ын ордны ард, Flora цэцгийн дэлгүүрээс баруун тийш хэд алхаад л олно. За бараг тэр хавиар алхаж явахад Итали пиццаны үнэрээр нь олчих байх шүү. 🤤
🤙 Захиалга өгөх: 7777-1088


Main Street Magazine
🍋 Орон сууц захиалгын луйвар, залилангийн гэмт хэргийн хохирлын хэмжээ 2019 оноос хойш 46 дахин өсжээ. Тухайлбал, 2019-2025 онд 2,365 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт ₮216 тэрбумын хохирол учруулсан байгаа юм. Тус төрлийн гэмт хэргийг таслан зогсоохоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа аж.
🍋 Казахстаны худалдаа, эдийн засгийн төлөөлөгчид Монголд 7 жилийн дараа анх удаа айлчлах гэж байна. QazTrade-н тооцооллоор 2 улсын худалдааны эргэц дунд хугацаанд 4 дахин өсөж $500 саяд хүрэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд хүнс, ундаа, барилгын материал, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн салбарын экспортлогчид багтжээ.
🍋 Эрчим хүчний салбарын ажилтнууд үндсэн цалингаа 30% нэмэгдүүлэх шаардлага тавилаа. Угтаа өнгөрсөн 12-р сард үйлдвэрчний эвлэл болон Эрчим хүчний яамтай хэлэлцээр хийх ёстой байсан ч хойшлуулж явсаар эцэст нь цалин нэмэх боломжгүй хэмээжээ. Улмаар тохиролцож чадаагүй учраас салбарын ажилтнууд ажил хаях нөхцөл бүрдэж байгааг анхааруулав.
🍋 “Улаанбаатар-Хүннү” ОУ-ын транзит зочид буудлыг Чингис хаан олон улсын нисэх буудалтай гүүрэн гарцаар холбоно. Тус ажлын хүрээнд нийслэл Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Өнгөрсөн онд Чингис хаан нисэх буудлыг нийт 45 мянган гаруй зорчигч дамжин өнгөрсөн бөгөөд цаашид тус урсцыг татах чиглэлд ажиллах нь ээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply