- Lemon Press
- Posts
- 👔 Гүйцэтгэх захирлын томилгоо
👔 Гүйцэтгэх захирлын томилгоо
Ариг Банкны III улирал | COP29-н эргэн тойронд | Морокогийн соёлын өв болсон кофе
POWERED BY
Morning! Доналд Трампыг Ерөнхийлөгч болсны дараагаас ХНС бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулаад л, Биткойны үнэ түүхэнд дээд хэмжээндээ хүрээд л жинхэнэ буцалж байна даа. Харин хөрөнгө оруулагч та юу бодож байна? 💭
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 9 сард $250.8 саяын алдагдалтай гарчээ.
MSE: Техник Импорт ХК (TEX) эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ХХБ (TDB)-наас ₮15 тэрбумын зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 15.6%-ийн хүүтэйгээр авахаар болжээ.
IND: Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс ₮300 тэрбумыг ЗГ-ын үнэт цаас хэлбэрээр гаргана.
💰 Ариг Банк: Харилцах, хадгаламж х 2.6
Ариг Банкны харилцах, хадгаламжийн хэмжээ энэ оны III улирлын байдлаар жилийн өмнөхөөсөө 2.6 дахин нэмэгдэж ₮316.3 тэрбумд хүрсэн байна. Уг банкны эргэн тойронд юу болж байгааг харъя.
📈 Эрчимтэй өсөлт
Ариг Банкны III улирлын тайланг харвал нийт хөрөнгийн дүн нь жилийн өмнөхөөсөө 72.8% өсөж ₮608.9 тэрбум болсон байна. Угаас тус банкны цар хүрээ сүүлийн 2 жилд эрчимтэй тэлж буй. Тэдний хүүгийн орлого 25 жилийн ойгоороо буюу 2022 онд 2.5 дахин өсөж байсан түүхтэй. Мөн тус хугацаанд банкны өөрийн хөрөнгийн хэмжээ Монголбанкны тавьсан зорилтот хэмжээ буюу ₮100 тэрбумд хүрч эрсдэл даах чадвар нь нэмэгдсэн.
🆙 2 нугалав: Өнгөрсөн улирлын хувьд ч гэсэн Ариг Банкны харилцах, хадгаламжаас гадна олгосон цэвэр зээлийн хэмжээ нь ч 2.2 дахин нэмэгдэж ₮320 тэрбумыг давжээ. Улмаар хүүгийн орлого нь ч мөн 2 нугарсан байна.
🧲 Өсөлтийн хөшүүрэг юу байв?
Сүүлийн жилүүдэд тус банкны харилцах, хадгаламжийн хэмжээ огцом нэмэгдэж байгаа нь иргэн бүрийг хадгаламжтай болгох, хуримтлуулах дадал зуршил бий болгох зорилгоор төрөл бүрийн урамшуулалт бүтээгдэхүүн гаргаж байгаатай нь хамааралтай. Тэд энэ оны 4-р сараас эхлэн ₮100 саяын эзэн болох боломжтой хадгаламжийн урамшуулалт аяныг зарласан нь өдгөө VII үе дээрээ 349 хадгаламжийн эзнийг азтанаар тодруулж урамшуулсан байх жишээтэй.
Тодруулбал, тус банк Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы салбаруудад ₮50,000-өөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгон жилийн 14%-16.5% хүртэл хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэсэн харилцагч бүрдээ урамшууллын эрх олгож буй. Иймээс л тэдний харилцах, хадгаламжийн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом өсөж байгаа хэрэг. Гэснээс тун удахгүй тэдний ₮100 саяыг азтан тодрох нь ээ.
Эцэст нь… Банк, санхүүгийн салбарын хөгжил нэмэгдэхийн хэрээр өрсөлдөөн ч ширүүсэж байгаа энэ үед харилцагчдад ээлтэй шинэ, соргог бүтээгдэхүүнүүд ч нэмэгдэж байна даа.
👔 Гүйцэтгэх захирлын томилгоо
GOBI: Говь ХК-ийн ТУЗ хуралдаж Гоёо ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Амарсайханыг томилжээ. Тус компанийн өмнөх Гүйцэтгэх захирал Б.Ариунаа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр Говь ХК болон Гоёо ХХК нэг Гүйцэтгэх захиралтай боллоо. Сонирхуулахад, 2017 оноос Говь болон Гоёо компанийн нэгдэл яригдаж эхэлсэн бол 2019 онд Говь ХК Гоёо ХХК-ийг 100% эзэмшилдээ авснаа зарласан билээ.
😖 Парисын гэрээ зөрчигдөх үү?
Хамгийн урагшгүй шийдэлд хүрч чаддаггүй төрийн тэргүүн нарын уулзалт болох дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын бага хурал COP29 Азарбайжаны нийслэл Баку хотод эхэллээ.
🤵Хэн, хэн ирсэнгүй вэ? COP29-д 100 гаруй орны төрийн тэргүүн нар уламжлал ёсоор очсон бол нөгөө талд уламжлал ёсоор Жо Байден, Ши Жиньпин, Нариндра Моди гэхчлэн дэлхийн хамгийн том хүлэмжийн хийг үйлдвэрлэгч улсуудын төрийн тэргүүн нар ирсэнгүй.
🌏📉 Яагаад урагшгүй гэж дүгнэв?
COP бол улс орнуудын төрийн тэргүүн нар өөрийн улсын уур амьсгалын эсрэг тэмцэл, хичээл зүтгэл хэр явж байгаа болон цаашид юу хийх талаарх амлалтаа өгч хэрэгжилтээ хэлэлцэх цэг. Хятад, Энэтхэг, Америк 3 нийлээд дэлхийн хүлэмжийн хийн бараг тал буюу 42.6%-ийг үйлдвэрлэдэг. Гэтэл буурай хөгжилтэй 100 улс нийлээд ч 3% хүрэхгүй хүлэмжийн хийг ялгаруулж буй.
🫧 Тодорхой амлалтууд: Угтаа улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалт их энгийн. Дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн үеийнхээс бага буюу 1.5°C-аас доош байлгаж, уур амьсгалын өөрчлөлт хамгийн их өртөж буй орнуудад зориулан жил бүр $100 тэрбумыг төвлөрүүлэх.
😖 Гол асуудал: Гэсэн ч 2022 онд л $115.6 тэрбумыг төвлөрүүлж амлалтдаа хүрч байв. Цаашлаад тус санд төвлөрсөн мөнгөний 69% нь зээл байдлаар олгогдож байгаа тул буурай орнуудад тус болохоос илүү өрийн дарамтад унагаж ус болохоос цаашгүй байгаа юм.
Гэтэл энэ удаад санхүүжилтийг $1 их наяд хүртэл нэмэгдүүлэх гэнэ. Эхний амлаж байсан $100 тэрбумаа дөнгөн данган цуглуулсан гэхээр $1 их наяд боломжтой дүн гэж үү?
🥶 Америк Парисын гэрээнээс 2 дахиа гарна?!
Цаашлаад, Дональд Трамп тангаргаа өргөсний дараа хамгийн эхэнд Парисын гэрээнээс гарахаа хэлж байсан. Америк тус гэрээнээс гарах юм бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй улсуудад хариуцлага тооцоход улам хэцүү болно. Өөрөөр бол тэд бохирдуулж жижиг улс илүү хохирсоор байна л гэсэн үг.
Эцэст нь… COP-д нэгдсэн улс орнууд уур амьсгалын эсрэг хэрэгжүүлж буй ажлаа 5 жилээр үнэлүүлдэг. Сүүлд буюу 2021 оны үнэлгээгээр EV, цэвэр эрчим хүчний шилжилт эрчимжсэн хэдий ч энэ хурдаараа явбал 2030 он гэхэд дэлхийн дулаарал 1.5°C-аас дээшлэхээр байгааг тогтоож байв. Юутай ч энэ удаагийн уулзалт бодит шийдэлтэй болж чадах нь уу? Яах л бол доо.
Excel-н мөр болон баганад зэрэг хайлт хийх боломжтой XLOOKUP функцтэй танилцацгаая. 👀
Үүний тулд =XLOOKUP(lookup_value, lookup_array, return_array) томьёог бичлээ гэж бодъё.
Жишээ болгож утгуудыг орлуулбал =XLOOKUP(G4, B4:B8, D4:D8) болох юм.
Энэ тохиолдолд B4 талбараас G4 утгыг хайж, D4 дахь ижил мөрийн утгыг харуулах утга үүсэх нь.
Хэрэв хүсвэл хайлтын утгыг томьёонд шууд орлуулж ийм байдлаар бичиж болно: =XLOOKUP("Indian", B4:B8, D4:D8)
ЭНД-ээс видео хэлбэрээр үзэж болно шүү. 😉
☕😌 Үнэр, амтны төгс хоршил Монголд
Кофенд дурлагсдадаа дуулгах таатай мэдээтэй. Luxor International нь Сингапурын “Bacha сoffee” брэндийн кофе болон дагалдах хэрэгслүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголд тун удахгүй худалдаалах гэж байна.
Bacha кофе нь уламжлалт болон орчин үеийн кофены соёлыг шингээсэн ба 35 орны 200 гаруй гарал үүсэлтэй, нарийн амтлаг хольц бүхий онцгой амтаараа дэлхий даяар танигджээ.
🏅 Дээд зэрэглэлийн: Тус кофег 100% арабика үрээс гарган авч бэлтгэдэг ба Сингапур, Франц, Хонконг, Арабын Нэгдсэн Эмират болон Өмнөд Солонгост худалдаалагддаг аж.
👀 Зөвхөн кофе биш: Түүнчлэн тансаг үнэр, амттай кофеноос гадна кофены дагалдах хэрэгслийг үйлдвэрлэж бэлтгэдгээрээ онцлогтой юм байна шүү.
Гэснээс тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн борлуулалтын зах зээлийн нэг хэсэг болж, тэдний багт нэгдэхийг хүсвэл ЭНД дараарай.
За тэгээд ажил, гэрээсээ дэлхийн тансаг Bacha кофены амтаар аялаад байж дээ.
Giphy
🍋 Сүүлийн 5 жилд Монголын жимсний импорт 2 дахин нэмэгджээ. Тодруулбал, жимсний импорт 2018 онд 23 мянган тн байсан бол 2022 онд 51 мянган тн болсон аж. Үүний дийлэнх хувийг Хятад, Орос, Польш, Казакстан болон Бельги бүрдүүлж буй ч нийт жимсний 70% орчим нь гарал үүслийн стандарт тэмдэглэгээгүй худалдаалагдаж байгаа аж.
🍋 Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 11.9% өсөж ₮6.4 их наяд болов. Үүний 93.2% буюу ₮6 их наядын ажлыг дотоодын барилгын байгууллага, үлдсэн 6.8% буюу ₮435.8 тэрбумын ажлыг гадаад барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Тэгвэл салбарын гүйцэтгэлийн өсөлтөд дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 8.4% буюу ₮466.3 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлжээ.
🍋 Дональд Трамп Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар тэрбумтнуудын хөрөнгө нийлбэр дүнгээр $64 тэрбумаар өсөв. Энэ дундаа Илон Маскийн хөрөнгө хамгийн их буюу $26.5 тэрбумаар нэмэгдэж $304 тэрбум болсон бол Жефф Безосынх $11.8 тэрбум, Ларри Эллисоных $10.1 тэрбум, Билл Гейтсийнх $6.2 тэрбум тус тус нэмэгдсэн аж. Америкчуудаас гадна Бернард Арногийн хөрөнгө ч $6.8 тэрбумаар нэмэгдээд буй.
🍋 Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард ₮48.1 их наядад хүрч өмнөх оны мөн үеэс 15.8% буюу ₮6.6 их наядаар өслөө. Харин 9-р сард өмнөх сараас 4% өсөж ₮5.8 их наяд болсон байна. Тэгвэл тус салбарын борлуулалтын орлогын 21.2%-ийг хүнсний бүтээгдэхүүн, үлдсэн 78.8%-ийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж буй.
💸 $SBM-н тогтвортой хөгжлийн зээл
Өмнө нь бид Төрийн банк ХК (SBM)-ийн ногоон зээлийн талаар танилцуулж байсан бол энэ удаад тогтвортой хөгжлийн зээлийн бүтээгдэхүүнүүдийг нь сонжъё. Төрийн банкнаас тогтвортой хөгжлийн зээл авахаар сонирхож, төлөвлөж байгаа бол анхаарлаа нааш нь.
🍀 тогтвортой хөгжлийн дөрвөл
Төрийн банк ХК 4 жилийн өмнөөс буюу 2020 оноос эхлэн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдэнд зээл олгох болсон бөгөөд өдгөө 1,878 эмэгтэй бизнес эрхлэгчдэд ₮77.5 тэрбумын санхүүжилтийг олгоод байна.
🤗 Дундаж давхаргыг дэмжинэ: Тус чиглэлд тэд өрхийн болон гарааны бизнесийн гэсэн 2 төрлийн зээлийг олгодог. Уг 2 төрлийн зээл хүсэгчдийн аль алийг нь л Төрийн банк банкны бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулж санхүүгийн зөвлөгөө өгдөг аж. Үр дүнд нь өнгөрсөн жилийн байдлаар өрхийн зээлийн багц ₮7.5 тэрбумд, гарааны бизнесийнх ₮8.4 тэрбумд хүрсэн байна.
🏫🎒 Боловсролыг хэрхэн мартах билээ? Мөн л дундаж давхаргыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд банк 2023 оны 2-р сараас албан ёсоор боловсролыг дэмжих зээлийг нэршил, нөхцөлийг нь шинэчлэн гаргасан байдаг. Өмнөх туршилтаасаа үндэслэн зээлийн хэмжээ болон хугацааг нэмсэн бөгөөд ЕБС, их сургуульд суралцагсдад хичээлийн болон дотуур байрны, цаашлаад хичээлийн хэрэгсэл худалдан авахад хүртэл зориулан олгож буй.
Энэ хүрээд $SBM-н тогтвортой хөгжлийн бүтээгдэхүүнийг танилцуулж дууслаа. Дараа нь ямар банкны ногоон зээлийн талаар мэдээлэл авмаар байна? Бидэнд мэдэгдээрэй. 👐
Дижитал маркетингийн менежер / Arigv: Онлайн кампанит ажлыг зохион байгуулах авьяастай, аналитик ба тайлагнах чадвартай, брэндийн сошиал медиаг хөгжүүлэх ажлыг хашраах хүн байна уу? 👉 (Link)
Нягтлан бодогч / SCC: Мэргэжилдээ хайртай, өдөр тутмын банкны болон бэлэн мөнгөний гүйлгээг бэлтгэх, бүртгэл, тайлагналын ажлаа гаргууд эзэмшсэн нябо бол ийшээ. 👉 (Link)
Хүний нөөцийн менежер / Аглут ХХК: Англи хэлний мэдлэгтэй орчин үеийн залуустай хамтран ажиллах шинэлэг хүний нөөцийн бодлогыг бий болгож, ажлыг удирдан чиглүүлэх хүн хэрэгтэй байна аа. 👉 (Link)
❓ Сайн манлайлал сайн асуулт тавихад оршино гэнэ үү? (HBR)
🎥 Google Photos-н AI-д суурилсан видео засварлах хэрэгслүүдийг ашиглах заавар. (TheVerge)
✍️ Ажлын жагсаалтаа илүү үр дүнтэй гаргая. (FastCompany)
🩸5-хан минутын дасгалаар цусны даралтаа тогтворжуулах нь. (BusinessInsider)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply