• Lemon Press
  • Posts
  • 📈 Өсөлт, бууралттай товхимол

📈 Өсөлт, бууралттай товхимол

2024 оны эдийн засгийн тойм

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр энэ онд эдийн засагт юу, юу болсон талаар тоймлоно. Монгол Улсын эдийн засагт татвар болон бүтээмжээрээ хувь нэмэр оруулж байгаа хүн бүр уншвал, мэдвэл, ойлговол зохилтой тойм шүү. 📊📈

📃 Товч, тодорхой 

Монголын эдийн засаг 2022 онд 5%, 2023 онд 7.4% өссөн бол энэ оны III улиралд 5% өсөөд байна. Учир нь уул уурхайн түүхий эдийн олборлолт тэр дундаа нүүрсний экспортын биет хэмжээ 25% нэмэгдэж, нэмэгдсэнээр түүнийг дагасан салбаруудын өсөлт үргэлжилж, оны II хагасаас эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн билээ. Мөн цалин, тэтгэврийн нэмэгдлийн улмаас өрхийн хэрэглээ өсөж, Засгийн газрын хэрэглээ ч огцом тэлж эдийн засаг идэвхжилээ. 

Түүнчлэн Монголбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд хангах, зээл олголтоор дамжуулан бизнес өсөлтийг дэмжих, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг буулган 10%-д хадгалаад байна. Улмаар зээл олголт өмнө оны мөн үеэс ₮8.7 их наяд буюу 33.4%-иар өслөө. 

🔢 2024 оны ЭЗ-ийн тоо

Энэ оны эдийн засгийн өнгийг илэрхийлэх хэд хэдэн тоог харцгаая. 

  • 10%: Монголбанк 2022 онд бодлогын хүүг 5 удаа дараалан өсгөж 13%-д хүргэсэн. Харин энэ оны 3-р сараас хойш бодлогын хүүг бууруулж 10%-д хүргэсэн билээ. Ингэснээр зээл олголт нэмэгдээд байгаа хэрэг. Харин Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдаад байсан инфляц 8.1%-д хүрээд байгаа билээ.

  • 0.3%: Экспортын орлого нэмэгдэж, ГВУН нэмэгдсэнээр төгрөгийн ханш сүүлийн 2 жил харьцангуй тогтвортой байгаа. Энэ утгаараа энэ он гарснаас хойш $-ын эсрэг 0.3% суларч  $1=₮3,420 болоод байна. 

  • 0.88%: Дээр дурдсанчлан манай гадаад валютын улсын нөөц бодлогын хүүг бууруулж эхлэх үе буюу 3-р сард $5.2 тэрбумыг даваад байсан ч гадаадын өр, ЗГ-ын бондын эргэн төлөлттэй холбоотойгоор эргэн $4.96 тэрбум болж буурснаар цэвэр дүнгээрээ бол энэ онд 0.88% л өссөн аж. 

  • ₮2.024 сая: Түүнчлэн 11-р сарын байдлаар голч цалин өмнөх оны мөн үеэс 30.1% буюу ₮467.9 мянгаар нэмэгдэж ₮2.024 саяд хүрсэн бол дундаж цалин 23.4% буюу ₮470.3 мянгаар өсөж ₮2.479 сая боллоо. Улмаар 2023 оны I улиралд дундаж болон голч цалингийн зөрүү дээд хэмжээ буюу ₮478 мянгад хүрч холдоод байсан бол одоо ₮455 болсон хэрэг. 

  • ₮792 мянга: 2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20% буюу ₮132 мянгаар нэмэгдүүлэн ₮792 мянга болгохоор тогтсон. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ түүхэндээ анх удаа 3 жил дараалан шинэчлэгдэж байна. Энэ удаад ₮132 мянгаар нэмэгдэж байгаа нь жил жилийн дундаж нэмэгдлээс 1.7 дахин өндөр дүн. 

🇨🇳🇷🇺 Хөршүүдийн хамаарал

Энэ онд Монгол Улсын гадаад харилцааны өндөр жил байсан. 12 улс, 1 ОУ-ын байгууллагын Ерөнхийлөгч зочилсон гэхээр ирэх онд үүнийг даган гадаад харилцаа ч солонгорох биз. Харин энэ жилийн хувьд манай гадаад худалдаанд эзлэх Хятад, Оросын хувь хэмжээ нэлээд тэлжээ. Тодруулбал, эхний 11 сарын байдлаар нийт экспортын 91.2% нь Хятад руу гарч, импортын 64%-ийг Хятад болон Орос бүрдүүлсэн байх жишээтэй. 

Илүү олон улс руу экспорт хийхийн тулд эдийн засгийн төрөлжилт зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар Хятад руу гарч буй экспортын ихэнхийг нүүрс бүрдүүлж байгаа бол Швейцар руу чиглэсэн экспорт бараг бүхэлдээ алтнаас бүрдэж байна. Тэгэхээр зөвхөн түүхий эд экспортлохоос хальж, илүү олон улс оронд хүрч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж байж гадаад худалдааны бүтэц, өрсөлдөх чадварыг сайжруулна.  

Онцгой жил

Монгол Улсын төсөв 2018 оноос бусад жилд нь жил бүр алдагдал хүлээсэн. Ирэх онд ч мөн алдагдалтай төсөв батлаад байтал Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар төсвийн төслийг дахин өргөн барьж төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5%-ийн ашигтай байхаар баталсан. 

Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий ₮2.3 их наядаар танагдсан ч хаана, юуг танасан нь сонин. Энэ таналтад шинээр авах төрийн албан хаагчдын тоог бууруулсан зэрэг авууштай хасалтууд байгаа ч бяслагийн үйлдвэр зэрэг хөгийн ч гэмээр хөгжилтэй ч гэмээр дүнгүүд хасагдаагүй. Нэмээд Ерөнхий сайд болон 16 яамны сайдын ирэх онд зарцуулах нийт төсөв ₮1.8 их наядаар танагдсан ч дотроо нэлээд хоржоонтой. 

  • Өөрөөр хэлбэл, Зам тээврийн хөгжлийн сайдын төсөв хамгийн ихээр буюу 33%, төсөвт хамгийн их орлого оруулж ирэх яамдын 2-рт эрэмбэлэгдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсөв 31% тус тус танагдсан хэр нь Ерөнхий сайдын төсөв эсрэгээрээ 43% нэмэгдсэн юм. Юутай ч алдагдалгүй төсөв баталсан нь сайн хэрэг. Одоо гүйцэтгэл л сайн байх хэрэгтэй. 

💰 $36 тэрбум шүү дээ, Цэнцэрэн минь

Энэ оны III улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр жилийн өмнөхөөсөө 7.2% нэмэгдэж $35.6 тэрбум болсон. Энэ дундаа хадгаламжийн байгууллагуудын гадаад өр хамгийн их буюу 23.1% нэмэгдсэн байгаа юм. 

Харин ЗГ-ын хувьд Гэрэгэ, Самурай, Чингис зэрэг бондуудыг бүрэн төлж барагдуулаад байгаа. Ингэхдээ Гэрэгэ бондын $800 саяыг, Хуралдай бондын $600 саяыг төлөхөөр Шинэ бонд гаргасан. Улмаар 2026-2029 онд хугацаа нь дуусах 3 бондтой болсон бөгөөд үндсэн төлөлтдөө л гэхэд нийт $1.6 тэрбумыг төлнө. Нэмээд тус бондууд дунджаар 7.2%-ийн хүүтэй гэхээр хүүгийн төлбөрт нь ч нэлээд мөнгө орно. Гол асуудал нь бондын зөв зарцуулалт, зарцуулалтын хяналт л байна даа. 

Үүнээс гадна Нийслэл энэ онд ₮500 тэрбумын болон $500 саяын 2 бонд гаргасан. Эхний удаагийн ₮500 тэрбумын бондын 60%-ийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээлдүүлэн зарцуулж, 40%-ийг нь авто зам, Туул коллектор, үерийн далангуудыг шинэчлэх зэрэгт зориулж байна. Харин $500 саяын бонд 100% Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулагдахаар байгаа хэрэг. Энэ бүхний үр дүн аятайхан л юм байгаасай даа. 

📈 Өснө = 7.2%

Тун удахгүй гарах гэж байгаа 2025 онд Монголын эдийн засаг 2024 оныхоос даруй 2 нэгж хувиар илүү өсөхөөр байгаа. Тодруулбал, нөлөө бүхий байгууллагуудын Монголын эдийн засгийн 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаг дунджаар 7.2% байгаа юм. Энэ дунд Сангийн яамных хамгийн өндөр буюу 8%, АХБ-ны хамгийн бага буюу 6% байгаа. 

Гэсэн хэдий ч ирэх оны хувьд бидэнд олон жилийн туршид байсан эрчим хүч, шатахууны нийлүүлэлтийн асуудал, түүхий эдийн үнийн бууралт, импортын барааны үнийн өсөлт зэрэг сорилтууд хэвээр үргэлжилнэ. Иймд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн төрөлжилт, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах зэрэг урт хугацааны бодлого, шийдэл шаардлагатай байна даа. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.