- Lemon Press
- Posts
- 🏆 Алтан дагинын төлөөх тулаан
🏆 Алтан дагинын төлөөх тулаан
Шинэ цахилгаан станцын сураг | Oracle-н үзээтэй тайлан | Хятадын айлчлал
POWERED BY
Morning! 1942 оны яг энэ өдөр Анне Франк охин 13 насны төрсөн өдрөөрөө улаан, цагаан шоотой жижигхэн дэвтэр бэлгэнд авч, түүнийгээ Китти хэмээн нэрлэжээ. Үүнээс ердөө сарын дараа тэдний гэр бүл нацистуудаас зугтан нуугдахад хүрч Анне тэнд өнгөрүүлсэн 2 гаруй жилийн амьдрал, айдас, өсвөр насны охины дотоод сэтгэл, ирээдүйн хүсэл мөрөөдлөө энэхүү дэвтэртээ бичиж үлдээсэн байдаг. Дайны дараа ганц амьд үлдсэн аав Отто Франк нь охиныхоо мөрөөдлийг биелүүлж хэвлүүлснээр уг ном өдгөө 70 гаруй хэлээр орчуулагдсан дэлхийн үнэ цэнтэй бүтээл болжээ. 😽📕


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Өнгөрсөн сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 25.1% өсөж 119.6-д хүрчээ. Уг өсөлтөд газрын тос олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 53.9%, металлын хүдэр олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 52.4% өссөн нь голлон нөлөөлсөн байна.
MSE: БиДиСЕК ҮЦК ХК (BDS) нь бондын хөтөлбөрийн хүрээнд 11%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, нийт $3 сая хүртэлх дүн бүхий бондыг олон нийтэд, мөн 12%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, ижил дүнтэй бондыг ББЗЗ-д тус тус гаргана.
MFAM: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ 6 сарын 13-15-ны өдрүүдэд Монголд айлчилна.
OSF: Нээлттэй Нийгэм Форум болон Оюуны Инновац ТББ хамтран гүйцэтгэсэн шүүхийн индексийн оноогоор Монгол 2025 оны эцэст 57.3 оноо авсан нь 2023 оноос 4.1-ээр ахисан үзүүлэлт болов.

⚡ Шинэ цахилгаан станцын сураг

Өнгөрсөн 7 хоногт Макс Группийн санаачилгаар Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын хүчин чадалтай, жилд 2.16 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын төслийн суурь тавигдсан. Тэгвэл өнөөдөр энэ төслийн талаар илүү дэлгэрэнгүй авч үзье.
🔌 Бүс нутгийн асуудал
Алтай-Улиастай болон Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдал 5%, ДЦС-ын дотоод хэрэгцээ 10%-ийг тооцвол 2026 онд 146 МВт, 2035 онд 310 МВт-ын эх үүсвэрийн хэрэгцээ үүсэхээр байна. Нэг үгээр, баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээ тогтмол өсөх хандлагатай. Иймд одоогийн нөхцөлд 2026 онд 127 МВт, 2035 онд 270 МВт-ын чадлын дутагдал үүсэх тооцоо гарчээ.
🆕 Хүрэн Голын Цахилгаан станц
Шинээр баригдаж буй Хүрэн голын цахилгаан станц ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системд үүсээд буй 150–180 МВт-ын дутагдлыг нөхөхөөс гадна бүс нутгийг үндсэн эх үүсвэрээр найдвартай хангах техникийн боломж бүрдэх юм. Цаашлаад Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын импортын хамаарлыг бууруулж, валютын гадагш урсгалыг сааруулах нөхцөл бүрдэх гэнэ.
💼 Ажлын байр: Цахилгаан станцын бүтээн байгуулалтын хугацаанд 1,600 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 500 гаруй тогтмол ажлын байр тус тус бий болох аж.
♻️ Өөр нэг төсөл: Үүнээс гадна Макс Групп сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд батарей хуримтлууртай хосолсон, 5 МВт-ын хүчин чадалтай дэвшилтэт салхин цахилгаан станцыг тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлүүд эрчим хүчний тулгамдсан асуудалд илүү идэвхтэй оролцох болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Жем Групп өөрийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт Тосон ДЦС-ыг ашиглалтад оруулсан бол энэ удаад Макс Групп баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх томоохон төслийг эхлүүлээд байна.

‼️ АН-ын бүлэгт Засгийн газрыг огцруулах олон үндэслэл бий. (iToim)
💰 Америкийн капитализмыг тэрбумтнууд биш саятнууд удирдаж байна. (TheEconomist)
🖼️ Тайваньд 13 жил олон нийтэд дэлгээгүй Чингис хааны эш хөргийг дэлгэн үзүүлнэ. (gogo)
🔵 The Social Network киноны үргэлжлэл болох The Social Reckoning-н трейлер цацагдлаа. (Sony)

🤔 Oracle-н үзээтэй тайлан
ORCL: Өнгөрсөн улиралд технологийн акул Oracle-н орлого өмнөх оны мөн үеэс 21% өсөж $19.2 тэрбумд хүрчээ. Ингэснээр компанийн цэвэр ашиг мөн үеэс 23% нэмэгдэж $4.22 тэрбумд хүрсэн бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь $1.45 болсноор шинжээчдийн таамгийг эвдсэн аж. Гэвч компани AI-н дэд бүтцээ санхүүжүүлэхийн тулд илүү их хөрөнгө босгохоор төлөвлөж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын санаанд нийцсэнгүй. Үүнтэй холбоотой Лхагва гаргийн арилжаагаар $ORCL-н нэгж хувьцааны үнэ 2.2% унаж $201.3 дээр хаагдсан байна.

⚽ Алтан дагинын төлөөх тулаан эхэллээ

Өнгөрсөн шөнө биднийг унтаж байх зуур энэ оны хамгийн өндөр хүлээлттэй спортын тэмцээнүүдийн нэг хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтууд болж өнгөрлөө. Анх удаа 48 улсын шигшээ баг оролцож буй энэ ДАШТ-ий сонин сайхныг хамтдаа харцгаая.
💸 Том шагналын сан
2026 оны ДАШТ-ий нийт шагналын сан өмнөх Катарт болсон ДАШТ-ээс даруй 98% өсөж $871 саяд хүрсэн бөгөөд улс тус бүр зөвхөн оролцсоныхоо төлөө дор хаяж $12.5 саяыг авна. Үүний шалтгаан нь тэмцээнд оролцох багуудын тоо 16-гаар нэмэгдэж 48-д хүрсэн болон багууд Америк, Канад, Мексик дамнан хол зайд аялж, байрлах байр, бэлтгэлийн бааз болон татварын зардал өндөр байгаатай холбоотой гэнэ.
📈 Эдийн засгийн нөлөө: Энэ жилийн ДАШТ нь дэлхийн ДНБ-ийг $40.9 тэрбумаар нэмэгдүүлж, $8.3 тэрбумын нийгмийн үр ашгийг бий болгоно гэх тооцоолол гарчээ. Мөн зохион байгуулагч 3 улс руу нийт 6.5 сая хүн зорчиж, тэмцээний тоглолтуудыг үзэх хүлээлттэй байна.
🌍 Өндөр үнэлгээтэй багууд
Тэмцээнд оролцож буй нийт 48 багийг тоглогчдын зах зээлийн үнэлгээгээр дэлхийн 2 удаагийн аварга Франц тэргүүлжээ. Тодруулбал, 26 тамирчдын дийлэнх нь Европын томоохон лигүүдэд тоглодог ба нийт үнэлгээ €1.5 тэрбумаар хэмжигджээ. Сонирхуулахад, хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй ТОП-10 багийн 8 нь Европын улсууд бол үлдсэн 2 нь Өмнөд Америкийн улсууд байв.
🏆 Алтан дагина: Сүүлийн 2 жилд алтны үнэ огцом өссөнөөр ДАШТ-ий аваргын цом болох Алтанд дагинын материаллаг үнэ цэн 150% өсөж $713 мянгад хүрчээ. Ингэснээр дэлхийн спортын ямар ч тэмцээний шагналаас үнэ цэнээрээ тэргүүлж эхлээд байна. Гэснээс, Алтан дагиныг 18 каратын алтаар урлаж, нийт 4.9 кг цэвэр алт ашиглан хийдэг гэнэ шүү.
Эцэст нь… Ойролцоогоор ДАШТ-ий 180 мянган тасалбар шагийн платформ дээр зарагдаагүй хэвээр байна. Түүнчлэн сүүлийн 1 сард шагийн тасалбарын медиан үнэ 20% буурчээ. Энэ нь тоглолтын тоо өндөр, мөн үзэх зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлтэй холбоотой байж болох юм.

… нь 1982 оноос хойш худалдаалагдаж буй автомашин бөгөөд нэрийн утга нь титмийг илтгэдэг байна. Тус машин Америкт 2002 оноос хойш тасралтгүй 19 жил хамгийн их борлуулагдсан суудлын машинаар тодорчээ. Мөн алдарт NASCAR уралдаанд энэхүү машиныг тоноглон оролцуулдаг гэнэ. Энэ машиныг тааж чадсан бол машинд нугасгүй найзаараа нэг таалгах гээд үзээрэй. Бараг л буруу хариулах болов уу?

⭐ ₮12 тэрбумын тэтгэлэг

2025-2026 оны хичээлийн жилд “Шилдэг” ЕБС-ийн сурагчид дэлхийн ТОП их сургуулиудаас ₮12 тэрбумын тэтгэлэг хүртжээ. Төгсөгчдийн хувьд Америк, Канад болон бусад улсын их сургуулиудаас ирсэн элсэлт, тэтгэлгийн шийдвэрүүдээ хүлээн авсан бол Австрали, Хятад зэрэг улсын их сургуулиудын тэтгэлгийн хариунууд хүлээгдэж байна.
🔎 Шилдэг ЕБС нь сурагчдаа бага ангиас нь эхлэн хос хэлээр бэлтгэж, IB, AP олон улсын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн түвшний мэдлэг, ур чадварыг олгодог. Мөн 9-р ангиас нь эхлэн их сургуульд бэлтгэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжил сонголт, тэтгэлгийн зөвлөгөө зэргийг бүхий л шатанд мэргэжлийн түвшинд үзүүлдэг байна.
Хүүхдээ дэлхийн хэмжээний боловсролтой, өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг хүсэж байвал 2026–2027 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтэд ЭНД дарж бүртгүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7000-9400 дугаараас авах боломжтой. 📞


Quartr
🍋 Өмнөд Солонгосын цахим худалдааны Coupang компани 37 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдсаны улмаас $400 саяар торгууллаа. Уг алдагдал нь тус улсын хүн амын тэн хагасаас илүүг хамарсан бөгөөд аюулгүй байдлын систем сул байснаас үүджээ. Тус компани хэрэглэгчдээс хүлцэл өчиж, аюулгүй байдлаа сайжруулахаа амласан ч уг торгуулийн шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандахаа мэдэгдэв.
🍋 Нийслэл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчид уулзаж, ногоон хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд гэр хорооллын эрчим хүчний шилжилтийг дэмжих, амьжиргааг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлж байна. Үүгээр гэр хорооллын 800 орчим өрхийг 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбох юм.
🍋 Өнгөрсөн сард орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.3% өссөн боловч, өмнөх сараас 1.6% буурчээ. Шинэ болон хуучин орон сууцны үнэ жилийн өмнөхөөс өссөн ч, өмнөх сараас тус тус 0.1% болон 2.2% тус тус буурсан байна. Орон сууцны 1 мк.в талбайн дундаж үнэ шинэ барилгад ₮4.7 сая, хуучинд ₮4.8 сая байгаа бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр хэвээр байгаа аж.
🍋 Монголбанк хил дамнасан төлбөр тооцооны дэвшилтэт "mBridge" төслийн үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хороонд нь нэгдлээ. Энэ нь Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), АНЭУ-ын Төв банк, Саудын Арабын Төв банк зэрэг 6 газрын хамтран хөгжүүлж буй төсөл бөгөөд цахим мөнгөнд суурилан, олон улсын шилжүүлгийн зардлыг бууруулж, хурдыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр Монголбанк төслийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад үүсгэн байгуулагчидтай ижил эрхтэй оролцож, санхүүгийн интеграциа бэхжүүлэх боломжтой болж байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply