- Lemon Press
- Posts
- 🩼 Таяг тулсан Азиуд
🩼 Таяг тулсан Азиуд
Зэсийн эрэл дэх төлөвлөгөө | Онцлох сэргэлт | MFC 2.0 нэгдсэн үйлдвэрлэл
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Үнийн өсөлт хэр мэдрэгдэж байна вэ? Таксины ах бол гайгүй ээ л гэж байна билээ. Хувцас, бөс барааны үнэ сүүлийн 3 сар дараалан өссөн байна. Инфляц ирэх улирлуудад өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгаа. Аяа импортлогч бидний тавилан юм даа, Жавхлан гэж… 😑
MNG: Ураны төслийн ажилчдын дундаж цалинг ₮7-₮12 сая байхаар хэлэлцжээ.
BOND: Компаниуд энэ оны эхний 7 хоногт $83 тэрбумын бонд гаргаж дээд амжилт тогтоолоо.
GOV: Монгол Улс Чайна энержи компанид 2041 он хүртэл 247 сая тонн нүүрс нийлүүлнэ.
⛏️ Зэсийн эрэл дэх төлөвлөгөө
Одоогоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 23 уул уурхайн компани байгаа. Тэгвэл Монголд 2019 оноос хойш хайгуулын шатны төсөл хэрэгжүүлж байгаа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Aranjin Resources (ARJN.V)-н тухайд нэг дуулгах юм байна.
🅰️ Төлөвлөгөө
Aranjin Resources нь Баянхонгор аймаг дахь "Баян-Өндөр" зэсийн төслийг эзэмшдэг. Түүнчлэн яг жилийн өмнө Австралийн зэсийн 3 төслийн 80%-ийг эзэмшдэг болсон билээ. Тэгвэл компани Лхагва гарагт санхүүжилт болон өр барагдуулах төлөвлөгөөгөө зарлаад байна. Үүний зорилго нь санхүүгийн байдлыг сайжруулж Монгол болон Өмнөд Австрали дахь төслүүдийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал.
💭 Яана гэнэ ээ? Aranjin Resources нэг бүр нь CA$0.08-ын үнэтэй 8,125,000 нэгжийг санал болгож нийт CA$650,000-ын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Нэгжийн бүтэц нь 1 энгийн хувьцаа болон 1 хувьцаа худалдан авах эрхийн бичгийг агуулж буй. Өөрөөр хэлбэл тэд хөрөнгө оруулагчдад 24 сарын дотор 1 хувьцааг CA$0.105-оор худалдан авах боломжийг олгож байгаа хэрэг.
💰 Өрийн зохицуулалт: Түүнчлэн компани нийт CA$219,100-ын өрөө зохицуулахын тулд 2,738,750 энгийн хувьцааг нэг бүрийг нь CA$0.08-оор гаргахаар тохиролцсон байна. Үүний тулд TSX Venture биржийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд гаргасан бүх үнэт цаас нь 4 сар 1 хоногийн хугацаанд арилжаалагдах боломжгүй байх нөхцөлтэй аж.
🇲🇳 $ARJN.V ба Монгол
Aranjin Resources-н төлөвлөгөө нэг талаас хайгуулын ажил эрчимжих дохиог өгч байна. Ингэснээр Монголын зэсийн нөөц нэмэгдэнэ. Нөгөө талаас хайгуулын шатандаа явж байгаа уул уурхайн компаниудад санхүүжилтийн асуудал маш хурц. Үүний 1 шийдэл болгож олон улсын бирж дээр нээлттэй болсон ч хувьцааны өгөөж нь дийлэнхдээ сөрөг байдаг билээ. Aranjin Resources санхүүжилт болон өрийн зохицуулалт хийж байгаа нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал арга болж байна.
Монголын уул уурхайн компаниуд үүнээс суралцан гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт татахдаа илүү нарийн төлөвлөгөөтэй, итгэл төрүүлэхүйц арга барилаар хандаж, өрийг удирдах уян хатан байдлыг суралцах хэрэгтэй байна даа.
📈 Онцлох сэргэлт
MOST: Монголд анхны финтек үйлчилгээг нэвтрүүлсэн МОСТ Финтек Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр IPO хийж ₮5.9 тэрбумыг татан төвлөрүүлж байсан билээ. Тус компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 8-р сард түүхэн доод буюу ₮12.4-т хүрч байсан юм. Тэгвэл он гарсаар огцом сэргэж өнгөрсөн Баасан гарагт ₮49-т хүрээд амжсан байна. Харин өчигдрийн байдлаар ₮40 байгаа нь IPO-н үнээсээ ₮4-өөр бага байгаа хэрэг.
🔍🏭 MFC 2.0 нэгдсэн үйлдвэрлэлтэй танилцах нь
Монос Хүнс ХК ҮЦК болон банк санхүүгийн салбарынхныг хүлээн авч “MFC Tour” арга хэмжээ зохион байгуулжээ. ✅
Арга хэмжээнд оролцогчид MFC 2.0 нэгдсэн үйлдвэрлэлийн төслийн үр дүн, технологи, тоног төхөөрөмжүүд тэдгээрийн үйл ажиллагаа, чанарын хяналтын процесстой танилцаж санал солилцохын сацуу компанийн оффис болон өдөр тутмын үйл ажиллагааг үзэж, сонирхсон байна.
Үүнээс гадна Монос Хүнс ХК улирал бүр “Earnings Call” арга хэмжээг зохион байгуулж, хөрөнгийн зах зээл дээрх сонирхогч талууд, иргэд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах аж.
🩼 Таяг тулсан Азиуд
Гадаадад аялж явахдаа гудамжаар гүйлдэх хүүхдүүд цөөрч байгааг анзаарч байна уу? 50 хүрэхгүй жилийн дараа дэлхийн ихэнх орнуудад хүүхэд гүйлдэх, уйлах чимээ бүр ч багасна гээд бод доо.
👴 Азиуд ч хөгширч байна!
Европын орнуудын хүн амын хөгшрөлтөөрөө дэлхийд тэргүүлж “Хөгшин Европ” гэгддэг байсан бол араас нь Азийн орнууд хүчтэй хөгширч байна даа. Энэ эрчээрээ явбал, 2100 он гэхэд Өмнөд Солонгосын хүн ам 2 дахин буурч 25 сая орчимд, Японых мөн адил 2 дахин буурч 62.7 саяд хүрэх тооцоолол гараад буй.
🔕 Эдийн засгийн ид шид дууссан: Японы эдийн засаг 30 жилийн турш зогсонги байдалд орж, хүн амынх нь 29%-ийг 65-аас дээш насныхан эзэлж байхад 0-14 насныхны эзлэх хувь ердөө 12%. Цаашлаад, төрөлт буурсаар 2024 онд шинэ түүхэн доод түвшин тогтоох ч магадлалтай болжээ.
🤏 Ажиллах хүч татарсаар: Мөн Японы хамгийн залуу ажиллах хүчний нас болох 20-24 насныхны тоо сүүлийн 30 жилд 36% буурсан байгаа юм. Нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжилбэл тус улс 11 сая ажилчдын хомсдолтой тулгарах нь өнөө маргаашийн л асуудал болж буй.
👶 Шинэ үеийн арга барил
Улмаар Япон компаниуд Z үеийн шинэ төгсөгч нарыг татахдаа сургалтын төлбөрийн зээлийг нь төлөх, орон сууцны зээл авахад туслах байдлаар татах бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна.
Угаас тус улсад их сургуульдаа сурч буй оюутнуудад ажлын санал хар мянгаараа ирэх нь түгээмэл төдийгүй энэ 3-р сард төгсөх оюутнуудын 40% нь ямар нэгэн байдлаар бүтэн цагийн ажлын санал авч дээд амжилт эвдэв.
🏢 Ажилд орвол байртай!
Япон төдийгүй ихэнх оронд залуус байр авах хэцүү болсон энэ цагт компаниуд үүнийг HR давуу тал болгон ашиглаж байгаа. Жишээлбэл, Японы хамгийн том даатгалын компанийн нэг болох Nippon Life 2023 онд эрэгтэй ажилчдадаа зориулан 200 өрөөтэй барилга барьж, түрээснийх нь ⅓-ээс ч бага хувийг төлөх боломж олгожээ. Харин эмэгтэй ажилчдаа хөнгөлөлттэй орон сууцаар хангадаг. Амьдрах байр нь ажилчдад өглөө, өдөр, оройн хоол, кафе, саун зэрэг бусад урамшуулалтай гээд л бод.
Цаашлаад, Tokyo Energy & Systems ажилчдынхаа оюутны зээлд сард $127 олгодог бөгөөд дээд талдаа $22,800-ыг авах боломжтой.
Манайд ч төрөлт буурсаар л байгаа. Өнгөрсөн оны хагас жилд төрсөн хүүхдийн тоо жилийн өмнөхөөсөө 12.6% буурч 28.8 мянга болсон. Хүн ам цөөтэй улсад төрөлт багасах нь 20 жилийн дотор эдийн засаг элгээрээ эвхрэх эрсдэлийг ч авчрах эрсдэлтэй. Гэхдээ ийм эдийн засагтай үед залуус хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байгааг нь буруутгах ч аргагүй юм даа.
💡 Таавар таацгаая.
… нь үндсэн зээлийг төлж барагдуулаагүйгээс үүсэх хүлээгдэж буй нийт материаллаг алдагдлын дүн бөгөөд үүнд өрийн үлдэгдэл болон холбогдох барьцаа хөрөнгийг цуглуулахад зарцуулсан хүчин чармайлт, зардал багтана. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉
💻🧮 Санхүүгийн бүртгэлээ хүссэн газраасаа
Дата бэйнк ХХК-ийн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүү, бүртгэлийн платформ BAAZ ээлжит урамшууллаа зарлажээ. 📢
Тодруулбал, тус платформд энэ сарын 31-нээс урьтаж жилийн хугацаатай үйлчилгээ авбал нийт үнийн дүн 30% хямдрах аж. Эхлээд түүнтэй танилцах уу?
🛜 Орон зайг мартаад: ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын ОУ-ын стандартыг хангасан тул бизнесийн санхүүгийн дата алдагдах, нууцлал задрах, гэнэтийн эрсдэл учрах асуудлуудад зовнихгүй гар утас, таблет дээрээ суулгаад хаанаас ч, хэзээ ч ашиглаж болох нь.
💁♂️ Хүссэнээ: Санхүү, Цалин, Бараа материал, Борлуулалтын цэг зэрэг модулиас сонгоод дангаар нь эсвэл хослуулаад хэрэглэх боломжтой. Гэснээс туршилтын хугацаа нь 14 хоног гэнэ.
Гэснээс, BAAZ Dark mode-той болсон байна шүү. 🆒
Reuters
🍋 Disney (DIS)-н сурталчилгаатай контентуудыг дэлхий даяар сар бүр 157 сая хүн үздэг. Үүний 71% нь Америкчууд аж. Харин тус компанийн стрийминг платформууд болох Disney+Core 122.7 сая, Hulu 52 сая, ESPN+ 25.6 сая төлбөртэй хэрэглэгчтэй бөгөөд өнгөрсөн жилийн 9-р сард л гэхэд $321 саяын ашиг олжээ.
🍋 ЦХИХХЯ Вьетнамтай хамтран стартап компаниудыг ОУ-д гаргана. Энэ хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ гарч буй технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллах аж. Сонирхуулахад, Вьетнамын ДНБ-ний 3%-ийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь $150 тэрбумын орлоготой баздаг гэнэ.
🍋 Хонконгийн нисэх онгоцны буудал $7 тэрбумын бонд гаргаж дээд амжилт тогтоолоо. Улмаар $-н бондоор $4.15 тэрбум, харин HK$ болон ¥-н бондоор $2.8 тэрбумын хөрөнгө босгожээ. Компани уг хөрөнгийг 9 жилийн бүтээн байгуулалтын эцэст өнгөрсөн онд ашиглалтад орсон III зурвас системийн төсөл болон энэ жил хугацаа нь дуусах өр төлбөрийг дарахад зарцуулах нь.
🍋 Америк Монголд өвчтөний цусан дахь хүчилтөрөгчийн түвшнийг хэмждэг 2,000 ширхэг мэдрэгч багаж буюу импульсийн оксиметр хандивлав. Эдгээр төхөөрөмжүүдийг томуугийн өвчтөн нэмэгдсэнээс үүдэлтэй хамгийн их ачаалалтай байгаа Улаанбаатар хот болон түүний ойр орчмын улсын эмнэлгүүдэд хуваарилан тараах аж.
🏂 Италид болох “Winter World University Games 2025”-д Монголын 20 тамирчин оролцоно. (AKIPress)
🧱 Шинэ санаачилга гаргахад тулгардаг 4 сорилт. (HBR)
🆙 2024 оны эхний хагаст биржийн бус зах зээлд МХБ дээрх бондын татан төвлөрүүлсэн дүнгээс 1.3 дахин их бонд бүртгүүлжээ. (TDBSecurities)
🔥 Калифорни мужийн хотуудад үсэрхийлэн тархаж буй түймрээс шалтгаалан 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. (ABCNews)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply