- Lemon Press
- Posts
- ⚠️ CU: Алдагдал өсөв
⚠️ CU: Алдагдал өсөв
Оросын түүхий эдийн экспорт болон аялал жуулчлалын талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авах нь ээ. ЭНД дарж заавартай танилцаарай. 👶
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан своп хэлцлийн ерөнхий гэрээний хугацааг дахин 3 жилээр сунгав.
MNG: Энэ оны эхний хагаст төмөр замаар тээвэрлэсэн ачаа жилийн өмнөхөөс 24.9% нэмэгдэж 3.16 сая тн-д хүрчээ.
CHN: Хятадын металл, уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоолоо.
🧳 1 өдөрт 3,739 жуулчин
Энэ онд 1 сая жуулчин хүлээн авах ЗГ-ын зорилт 33.5%-тай явж байна. Аялал жуулчлалын сар дуусах дөхөж байгаа тул гүйцэтгэлийг нь шинжье.
Гийчид
Өнгөрсөн сарын 30-ны байдлаар Монголд нийт 335,432 жуулчин ирсний бараг тал нь 6 болон 7-р сард иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.6 дахин өссөн дүн юм. Сонирхуулахад, 2019 онд Монгол хамгийн их буюу 577 мянган жуулчин хүлээн авч байв. Үргэлжлүүлэн улсаар нь харвал,
Оросоос: 140,880,
Өмнөд Солонгосоос: 60,816,
Хятадаас: 57,272,
Казакстанаас: 13,269,
Японоос: 9,254 жуулчин ирсэн аж.
Цаашлаад, Монголыг зорин ирж буй жуулчдын 75.5% нь визгүй орноос, 19.7% нь визтэй орноос ирсэн байна. Задалбал, визгүй орноос ирсэн жуулчдын 41.8% нь Оросоос, 18.4% нь Өмнөд Солонгосоос иржээ. Түүнчлэн тус хугацаанд ирсэн жуулчдын 151,407 буюу 44.7% нь Чингис Хаан ОУ-ын онгоцны буудлаар, Алтанбулаг боомтоор 17.7%, Боршоо боомтоор 12.9% нь орж иржээ.
Сонирхуулахад, өчигдрийн байдлаар л гэхэд Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд ирэх төлөвлөгөөт 16 ОУ-ын нислэгийн 7 нь Өмнөд Солонгосоос байлаа.
Welcome to Mongolia хэр хэрэгжиж байна?
Монголд зочлох жилийг тохиолдуулан ЗГ-аас 35 төсөл, хөтөлбөрт ₮801 тэрбумыг зарцуулахаар төлөвлөөд буй. Тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн үр дүнтэй хэрэгжиж буй ажил бол, Өмнөд Солонгос тэргүүтэй орноос ирж буй жуулчдыг визгүй болгосон болон орон нутгийн нислэгийг нэмэгдүүлж, тогтворжуулсан нь байлаа. Цаашид, агаарын тээврээр зорчих жуулчдын тоог нэмэх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх зэрэг ажлыг төлөвлөж байгаа аж.
Эцэст нь… Аялал жуулчлал ид буцалдаг зуны улирал дуусахад 1 сар үлдсэн ч бүтэн жилийн гүйцэтгэл нь 33.5%-тай байгаа. 1 сая жуулчин хүлээн авах зорилтдоо хүрж чадахгүй байсан ч энэ онд овоо жуулчид хүлээн аваад байгаа нь сайшаалтай юм.
⚠️ Алдагдал
💭 Орос Монголын өрсөлдөгч болох уу?
Оросын Хятад руу нийлүүлсэн газрын тосны хэмжээ энэ оны эхний хагаст дээд амжилт тогтоолоо. Тэгвэл Оросын түүхий эдийн худалдаа юу болоод байгааг тоймлон хүргэе.
Хувирал ба Хятадын хожил
Бидний мэдэж байгаачлан Европын орнууд дайнаас үүдэн Оросын экспортод хориг тавьсан. Улмаар нийт газрын тосны экспортынхоо 60%-ийг Европ руу нийлүүлдэг Орос Өмнөд Ази тэр дундаа Хятад руу их хэмжээний газрын тосыг бага үнээр цутгаж эхэлсэн хэрэг. Ингэснээр,
Хоёрын голоос хожигч: Энэ оны эхний хагаст Орос Хятадад 2.1 сая баррель газрын тос экспортолсон нь Саудын Арабынхаас 1.9 сая баррелиар илүүрхэв. Тэгэхээр нэг талд Орос Хятадын хамгийн том нийлүүлэгч болж нөгөө талд Хятад Саудын Арабынхаас 13.6% хямд газрын тосоор нөөц бүрдүүлж, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүнээ илүү ашигтайгаар экспортолж буй.
Хятадаар хязгаарлагдахгүй: Оросын Энэтхэг, Турк руу экспортолсон газрын тосны хэмжээ ч мөн нэмэгдсэн байна. Өнгөрсөн 5-р сарын Энэтхэг рүү нийлүүлсэн газрын тосны хэмжээ л гэхэд 2 жилийн өмнөхөөсөө 19.6 дахин өссөн аж.
Зөвхөн газрын тосоор зогсохгүй
Орос газрын тосноос гадна нүүрс, байгалийн хийг ч мөн нийлүүлж буй. Энэ оны 3-р сард Оросын Хятадад хийсэн нүүрсний экспорт жилийн өмнөхөөс 3 дахин өсөж 8.9 сая тн болсноор дээд амжилт тогтоогоод амжсан. Тэд мөн Өмнөд Солонгос, Турк, Энэтхэг зэрэг улсууд руу ч нүүрс гаргаж байгаа.
🛑 Байз, өрсөлдөгч! Оросын түүхий эдийн экспортын түрэмгийлэл хэнд халтай вэ гэвэл мэдээж бидэнд. Орос Хятад руу биднээс илүү бага өртгөөр нүүрс нийлүүлэх нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, манай байр суурийг ганхуулж болохуйц харагдаж байна.
Тэгэхээр… Бид түүхий эдийн зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед стратегийн шинэчлэл, сайжруулалт хийх, цаашлаад илүү олон улс руу экспорт хийхэд анхаарах хэрэгтэй байна даа.
ЗАЛРУУЛГА: Өчигдөр буюу Мягмар гаргийн дугаарт "ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 34.4% унасан бол эсрэгээрээ Тандэм инвэст ББСБ ХК-ийнх 16.2% өссөн байна" хэмээн ТАШАА мэдээ оруулсныг залруулж байна. Энд хувьцааны үнийн өөрчлөлтийг андуурч алдаа гаргажээ.
Залруулбал, ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 52.4% өссөн бол эсрэгээрээ Тандэм инвэст ББСБ ХК-ийнх 13.9% буурсан байна.
Залруулсан нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу. Бид алдаатай мэдээлэл хүргэсэндээ хүлцэл өчиж байна. 🙇🏻♂️
Yahoo
🔹 Toyota (7203.T)-н ээлжит улирлын ашиг өнгөрсөн оноос 78% өсөж $9.2 тэрбумд хүрснээр түүхэн дээд амжилт тогтоолоо. Учир нь үйл ажиллагааны ашиг нь 94% өсөж $7.9 тэрбумд хүрэв. Тус өсөлтөд компанийн борлуулсан автомашины тоо 8% өсөж 2.75 саяд хүрсэн болон иений ханшийн сулрал голлон нөлөөлсөн аж.
🔹 Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС ХХК (MFG)-ийн II улирлын хүүгийн орлого жилийн өмнөхөөс 33.8% буурч ₮1.4 тэрбумд хүрчээ. Гэхдээ ашиг нь 26% өсөж ₮2.3 тэрбумд хүрсэн байна. Үүнд ногдол ашгийн орлого нь 110 дахин өсөж ₮553.8 саяд, валютын ханшийн зөрүүний орлого 60.6% өсөж ₮508 сая болсон нь нөлөөлөв.
🔹 Walmart (WMT) Энэтхэгийн томоохон худалдааны платформ Flipkart-н эзэмшил хувьцаагаа нэмэгдүүлэв. Тодруулбал, тэд Tiger Global-с тэдний эзэмшиж буй Flipkart-н үлдсэн хувьцааг $1.4 тэрбумаар худалдаж авсан юм. Сонирхуулахад, Tiger Global Flipkart-д нийт $1.2 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна.
🔹 Tether-н нийт хөрөнгө II улиралд өнгөрсөн улирлаасаа 5.7% өсөж $850 саяд хүрч дээд амжилт тогтоолоо. Түүнчлэн үйл ажиллагааны ашиг нь 30% өсөж $1 тэрбумд хүрэв. Тэдний эзэмшилд $115 саяын үнэлгээ бүхий корпорацын бонд, $3.3 тэрбумын үнэт металл, $1.7 тэрбумын биткойн зэрэг багтдаг аж.
Доорхоос бурууг олоорой.
A. Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК энэ оны хагас жилд ₮19.4 тэрбумын алдагдалтай ажиллалаа.
B. Walmart Энэтхэгийн томоохон худалдааны платформ Flipkart-н эзэмшил хувьцаагаа бууруулав.
C. Хятадын металл, уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоожээ.
"Ухаангүй ноёнд урагшгүй албат" гэж айхтар гүн ухаан бн шүү. Ер нь сайн менежер л чадвартай хүмүүсийг цуглуулж, баг болгож, үр дүн гаргаж чадна. Ер нь ардын үг айхтар айхтар.
— SimplenomicS (@Tumen_Tsengel)
4:25 AM • Aug 1, 2023
Анхаар: Алтай Таван Богд руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглолоо. (Montsame)
Унш: Улаанбаатар аялахад таатай хот мөн үү? (SCMP)
Танилц: PS5-н бета хувилбар. (PlayStation.Blog)
Тогло: Тархи амраах бяцхан тоглоом. (Blocks)
Зөв хариулт B. Walmart Энэтхэгийн томоохон худалдааны платформ Flipkart-н эзэмшил хувьцаагаа нэмэгдүүлсэн шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply