- Lemon Press
- Posts
- ♨️ Хэт халуун байна!
♨️ Хэт халуун байна!
Тэнгэр бараадах үнэ | $GOOG-н жинтэй хөрөнгө оруулалт | Хүйтэн бэлэн гоймон
POWERED BY
Өглөөний мэнд! Манай уншигчид дунд кинонд дурлагсад хэр их байна вэ? The Odyssey-г үзэж амжсан уу? Яг 7 хоногийн дараа энэ оны хамгийн хүлээлттэй кинонуудын нэг болох Spider-Man: Brand New Day ч гарч эхлэх нь ээ. Эхний өдрийн оройн цагийн үзвэрүүд хэдийнээ дүүрсэн харагдаж байна шүү. 🕸️🕷️🎥


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Төгрөгийн евротой харьцах ханш жилийн өмнөхөөсөө ₮111.2-өөр чангарч ₮4,099 болжээ.
XAC: ХасБанк ХК (XAC) өчигдрөөс эхлэн хувьцаанаас тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөр жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд эргүүлэн авах үнэ нь ₮1,200.
MCSD: Энэ оны эхний хагаст жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо жилийн өмнөхөөсөө 59 мянгаар буюу 9.6% өсөж 676 мянгад хүрсэн байна.

🪂 Тэнгэр бараадах үнэ

Энэ 7 хоногийн Мягмар гаргаас эхлэн ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулсан. Улмаар үнэ өсөх үү гэдэг асуулт үүсэв. Юутай ч энэ хэлэлцээрээс өмнө буюу энэ оны эхний хагаст үнэ яаж өссөнийг харъя.
🗼 Өсөлтгүй бараа үгүй
Үндэсний Статистикийн Хорооноос сар бүр хянадаг гол нэрийн 43 бараа, үйлчилгээний үнийг энэ оны эхний хагасын байдлаар харвал жилийн өмнөхөөсөө дунджаар 18% өсжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн худалдан авалт тутамд дунджаар ₮1,960-ийн нэмэлт зардал үүссэн гэсэн үг юм. Угаас уг 43 барааны 41-ийнх нь үнэ өссөн бол гар нүүрийн саван болон Хятадаас импортолж байгаа сонгинын үнэ л буурч.
🎢 Махны галзуурал: Үнийн өсөлтийн %-иар эхний 10-т бичигдсэн бүтээгдэхүүний 5 нь үхэр, ямаа, хонь, адууны мах аж. Тус бүрийн үнэ дунджаар 56% нэмэгдсэн. Үнийн дүнгийн хувьд үхрийн цул махны үнэ кг тутамд ₮13.9 мянгаар, хониных ₮10.6 мянгаар өсөж.
🤯 Дэндүү дээ, даанч дэндүү: 43 бараа, үйлчилгээнийхээ одоогийн үнийг 2020 онтой харьцуулбал үнэ нь өсөөгүй зүйл гэж үгүй. Дунджаар 102.3%, үнийн дүнгээр бол дунджаар ₮5.4 мянгаар нэмэгдсэн байгаа юм даа.
🤔 Хэлэлцээр нөлөөтэй юу?
Ийнхүү Монголд өглөө бүр дэлгүүрийн лангуун дээрх үнийн шошго өөрчлөгдөж, өрхийн санхүү өдөр ирэх тусам ачаалал авч байгаа яг ийм шахагдсан эдийн засгийн үед ЕАЭЗХ-ны хэлэлцээр эхэлж байдаг. Хэлэлцээрийн дараа яах бол?
💭‼️ Боломж ба эрсдэл: Махны татвар 0% болсноор ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1%, хөрөнгө оруулалт 2.6% өсөх тооцоотой. Энэ нь нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн гаргах боломж юм. Гэвч Орос, Казахстаны хямд импорт нэмэгдэж, дотоодын гурил, сүүний салбар өрсөлдөөнд шахагдах эрсдэлтэй.
Эцэст нь… Одоогоор нөхцөл байдал, үнийн өсөлт нэг ийм л дүр зурагтай байна даа. Оны төгсгөлөөр үнийн өөрчлөлт, гаалийн дата дээр сонирхолтой дүр зураг гарах биз ээ. Ажиглана чиг тоймлоно чиг байя аа.

⚽️ Хөлбөмбөгийн спорт дэлхийд хөгждөг ч Монголд хөгждөггүй. (news.mn)
💰 Uber-н Травис Каланик өөрийн шинэ стартапдаа $1.7 санхүүжилт татлаа. (FT)
😵💫 Нью-Йорк хот Израилын Ерөнхийлөгчийг баривчлахыг хүссэн ч ЗГ-аас татгалзав. (Reuters)
✅ Дэлхийн хамгийн жижиг улс AI-г хэрхэн зөв голдирлоор нь ашиглаж байна? (ProfGMedia)

💸 $GOOG-н жинтэй хөрөнгө оруулалт
GOOG: Өнгөрсөн улиралд технологийн аварга Google-н нийт орлого өмнөх оны мөн үеэс 24% өсөж $119.8 тэрбумд хүрчээ. Үүнд Google Cloud үйлчилгээний орлого 82%, YouTube-н зар сурталчилгааны орлого 13% өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн аж. Мөн компани AI дэд бүтэц, дата төвүүдэд хийх энэ жилийн хөрөнгө оруулалтын төсвөө $15 тэрбумаар нэмэгдүүлж $195-$205 тэрбумд хүргэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв. Энэхүү мэдэгдлээс улбаалан Лхагва гаргийн арилжаагаар $GOOG-н нэгж хувьцааны үнэ 1.2% унаж $341.9 дээр хаагджээ.

♨️ Хэт халуун байна!

Сүүлийн хэд хоногоос л Монгол орон энэ жилийн халуун зуныг мэдэрч эхэлж байгаа бол дэлхий нийт хэт халалттай дасаад багагүй хугацааг өнгөрөөжээ. Тэгсэн томоохон банкнууд Эль Ниногоос үүдэлтэй хэт халалт эдийн засагт гэнэтийн цохилт авчирч болзошгүйг анхааруулж эхлээд байна.
🌊 Эль Нино нь Номхон далайн төв болон зүүн экваторын бүсийн усны гадаргуу ердийн үеэсээ дулаарах байгалийн үзэгдэл юм. Ингэхдээ дунджаар 2-7 жил тутамд нэг удаа тохиолдож, ихэвчлэн 9-12 сарын турш үргэлжилдэг аж.
⚠️ Банкнуудын сэрэмжлүүлэг
Олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкнууд хийгээд зарим орны төв банкнаас түүхэнд байгаагүй хүчтэй Эль Нино үзэгдэл идэвхжиж буйг зарлаад байна. Петерсоны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн тооцооллоор, Эль Ниногийн хамгийн муу хувилбар биеллээ олбол дэлхийн эдийн засагт $700 тэрбумаас $3 их наядын хохирол учрах эрсдэлтэйг харуулжээ. Мөн ургацын хэмжээ зарим бүс нутгуудад 20%-50% буурах эрсдэлтэй байгаа аж.
🦢 Хар хун: Энэ жилийн хэт халалт нь Азийн цагаан будааны нийлүүлэлт доголдуулж, хүнсний үнэ огцом өсөх аюултайг HSBC (HSBC) мэдэгдээд байна. Үүний улмаас эдийн засагт уур амьсгалын хар хун буюу асар өндөр хохиролтой, сэргэхэд бэрх гэнэтийн цочрол үүсэх магадлал өндөр хэмээн шинжээчид үзсэн юм.
🍜 Хүйтэн усны гоймон: Хэт халалтын эсрэг хүнс үйлдвэрлэгчид ч хариу арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, саяхан 100 гаруй оронд худалдаалагддаг Японы Cup Noodle брэнд буцалсан ус биш, хүйтэн усанд дэвтдэг дэлхийн анхны бэлэн гоймонг танилцууллаа. Сонирхуулахад, Японд 2021-2025 оны хооронд наршилтын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн тоо 2 дахин нэмэгдсэн аж.
Эцэст нь… Энэ долоо хоногийг дуустал Монгол орны ихэнх нутгаар +30℃-аас +38℃ давж хална. Одоогоор зуншлага нийт нутгийн 50%-д нь сайн, 40%-д нь дунд, 10%-д нь тааруу байгаа сурагтай. Газар тариалангийн тухайд 6-р сарын хүйтрэлээс үүдэн ургацын болц оройтсон ч, ойрын өдрүүдийн халалт ургацад эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. Ингэхэд манай лимонууд эдгээр халуун өдрүүдийг яаж давж байна даа. 🥵

💡 Таавар таацгаая.
… нь анх байгуулагдаж байх үедээ 1.6 мянган өрх, 7.8 мянган хүн амтай байсан бол өдгөө 30.5 мянган өрх, 111.5 мянган хүн амтай болж өргөжөөд байна. Түүнчлэн хүн амын жилийн дундаж өсөлт 2.2% буюу нийт хүн амын 63.9%-ийг залуучууд эзэлдэг аж. Энэ ямар газар вэ? Таасан бол энэ амралтын өдрүүдээр аялаад харамсахгүй байх шүү. 🗺️


NOYB
🍋 Өмнөд Солонгосоос TikTok компанийг 9.45 сая хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулж, зар сурталчилгаанд ашигласан тул $7 саяар торголоо. Мөн Siri-н дууны болон бичвэр мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулсан Apple (AAPL) компанид ₩252 саяын торгууль ногдуулжээ. Хяналтын комисс эдгээр байгууллагуудыг хувийн мэдээллийн хууль зөрчсөн гэж үзэн засан сайжруулах шийдвэр гаргасан байна.
🍋 Жуулчин дюти фрий ХК (SUL)-ийн эргэлтийн хөрөнгө энэ оны II улирлын эцэст 5.7% буурч ₮1.8 тэрбум болсон байна. Тус компанийн Төмөр замын Төв буудал болон Алтанбулаг салбар дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тайлант хугацаанд ₮48.9 саяын ашигтай ажиллав. Энэ нь жилийн өмнөхөөсөө ₮5.1 сая буюу 11.6% нэмэгдсэн дүн ажээ.
🍋 Казахстан Улс энэ оны 11-р сараас "Astana" брэндийн дизель болон хийн хөдөлгүүрт автобусыг цувралаар үйлдвэрлэж эхэлнэ. Уг загварыг Хятадын технологийн түншүүд болон Казахстаны инженерүүдийн оролцоотойгоор бүтээжээ. Мөн BYD (BYDDF) компанитай хамтрах цахилгаан автобусны үйлдвэрлэлийг 2027 оны 3-р сараас эхлүүлэхээр төлөвлөж буй.
🍋 Нийслэл дэх боловсролын талбарт 131 төсөл хэрэгжиж байгаагаас энэ онд 12 барилга ашиглалтад оржээ. Цаашид сургуулийн ачааллыг бууруулахаар 6 цэцэрлэгийн барилгыг өөрчлөн, 2,240 хүүхдийн багтаамжтай хотхоны бага сургууль болгох аж. Ирэх 9 сарын 1-нээс өмнө хүн амын нягтаршил ихтэй 5-10 байршилд тус сургуулиудыг байгуулах боломжийг судалж байгаа л гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply