- Lemon Press
- Posts
- 😵 Түүхэн өр
😵 Түүхэн өр
Өрсөлдөх чадвар: Сул | Rio-н Европын хамгийн том литийн үйлдвэр | Ажилтны бүтээмж
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Энэ сарын сүүлийн 10 хоногт гэнэтийн дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, ирэх 2 сард олон жилийн дунджаас их бороо орох төлөвтэй байна. Өвөлдөө зудтай, зундаа үертэй. Ай, амьдрал аа гэж… 😖
*Нэг өдрийн өөрчлөлт
CUS: Өнгөрсөн Пүрэв гарагт Гашуунсухайт боомтоор 1,654 тээврийн хэрэгслээр 209.9 мянган тн нүүрс экспортолж 1 өдөрт экспортолсон нүүрсний хэмжээ түүхэн дээд түвшинд хүрэв.
RUS: Владимир Путин 24 жилийн дараа Хойд Солонгост айлчилж тус улсын тусгаар тогтнолыг үргэлжлүүлэн дэмжсээр байхаа илэрхийллээ.
^IXIC: Nasdaq индекс он гарснаас хойш 20.9% өсөж 17,857 нэгж буюу түүхэн дээд түвшинд хүрчээ.
Сонгууль болоход 8 хоног үлдлээ. Эдгээр өдрүүдэд сонгуулийн эргэн тойронд юу болж буйг хураангуйлан хүргэж байна.
Сонгогчдын боловсролын төвөөс залуучуудыг сонгуульд уриалсан V-Check чэллэнжийг эхлүүлжээ. (M-Election)
ТэнГэр ТВ зохион байгуулж буй мэтгэлцээний 9 дэх дугаараар нэр дэвшигч нар “Дижитал шилжилт мэдээллийн технологи” сэдвийн хүрээнд мэтгэлцлээ. (TenGerTV)
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-аас УИХ-ын 1-р тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох шийдвэрийг СЕХ-нд хүргүүлсэн талаар мэдээлэв. (iKon)
😵 Түүхэн өр
Гадаад өр энэ оны эхний улиралд өнгөрсөн оноосоо 4.8% өсөж $35 тэрбумд хүрээд буй. Энэ тоо яагаад өсөөд байна вэ?
Гадаад өрийн сагс
Монгол Улсын гадаад өрийн хамгийн их хувийг компани хоорондын зээллэг буюу ГШХО эзэлдэг бөгөөд өнгөрсөн улиралд л гэхэд өрийн сагсны 44.8%-ийг эзэлжээ. Харин ЗГ-ын өр I улиралд өмнөх оноосоо 10.9% буурч $7.9 тэрбумд хүрсэн бөгөөд гадаад өрийн сагсны 23%-ийг бүрдүүлэх болов. Гэхдээ сүүлийн 10 жилд компани хоорондын зээллэг тус хугацаанд 30% өссөн байхад ЗГ-ын өр бүр 57%, бусад салбарынх 53.8% буюу нэлээн хурдацтай өссөн байгаа юм.
Цаашлаад, гадаад өрийн сагсанд эзлэх компани хоорондын зээллэгийн хувь хэмжээ I улиралд 10 жилийн өмнөхөөс 5.5 нэгж хувиар буурсан бол ЗГ-ынх 6.9 нэгж хувиар, бусад салбарын өр 6 нэгжээр тус тус нэмэгджээ.
Өрийн түлхэгч хүч: Үүнээс гадаад өр сүүлийн 10 жилд 62% өсөхөд ЗГ болон бусад салбарын өр тогтмол нэмэгдсэн нь нөлөөлснийг харж болохоор.
Харин ДНБ-д? Цаашлаад гадаад өрийг ДНБ-тай харьцуулан харвал өнгөрсөн жилийн эцэст ДНБ-ий 150%-тай дүйх болсон. Үүнээс ЗГ-ын өр дангаараа ДНБ-ий 49%-тай тэнцэх болсон төдийгүй Fitch Ratings-с 2024 онд тус харьцааг 53%-д хүрэх таамаглал гаргаад буй.
Сонгуулийн жилийн нөлөө
ЗГ энэ онд $600 саяын дүн бүхий Хуралдай бондын эргэн төлөлт хийх товтой байсан ч өнгөрсөн 11-р сард $350 саяын дүн бүхий Сенчири III бондыг гаргаснаар 2026 он хүртэл ямар нэг бондын эргэн төлөлтөд нүдүүлэхээргүй болсон. Угтаа бол урд хормойгоороо хойдхоо нөхөж өрөө төлөх хугацаагаа 2 жилээр хойшлуулсан хэрэг.
Бондыг бондоор: Сенчири III бондын хүү 7.875% буюу хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд гэж танилцуулж байсан. Гэсэн ч манайд бондоор босгосон санхүүжилтээрээ шинэ юм бүтээдэг биш хуучин өрөө дардаг тогтолцоо ужгирчихсан.
Эцэст нь… Гадаад өр түүхэн дээд түвшин болох $35 тэрбумд хүрснээр 1 хүнд ногдох өрийн хэмжээ ч нэмэгдээд буй. Ирэх 4 жилд хэрхэх бол? Өрийн хэмжээ үргэлжлээд л түүхэн дээд түвшинг цохисоор байвал яана вэ? Иргэд маань эдийн засгийн хэцүүхэн хэдэн тоогоо эргүүлж тойруулж байгаад шийдвэрээ гаргадаг бол ч…
⛏️ Rio-н Европын хамгийн том литийн үйлдвэр
RIO: Rio Tinto-н Сербийн баруун хэсэгт Европын хамгийн том литийн уурхай барих Jadar төсөл 2 жил зогссоны дараа урагшлахаар боллоо. Тухайлбал, $2.4 тэрбумын өртөгтэй Jadar төсөл 2022 онд байгаль орчинд хохиролтой гэх эсэргүүцлээс болж тусгай лицензээ цуцлуулж байсан юм. Улмаар компани уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хохиролгүйг баталсан байгаль орчны үнэлгээг танилцуулж төсөл эхлэх нөхцөлийг бүрдүүлээд буй. Сонирхуулахад, төсөл хэрэгжиж дуусвал тэд Европын өнөөгийн литийн хэрэгцээний 90%-ийг хангаад зогсохгүй Rio Tinto дэлхийн тэргүүлэх лити үйлдвэрлэгч болох гэнэ.
🤔 Өрсөлдөх чадвар: Сул
Дэлхийн өрсөлдөх чадварын энэ оны тайланд Монголын авсан оноо жилийн өмнөхөөсөө 10.3 оноогоор нэмэгдэж 46.3 болсон ч 67 орноос 61-рт эрэмбэлэгджээ. Угаас манай өрсөлдөх чадвар гэж хэцүүхэн юм бий.
Тайлан: Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс дэлхийн 67 орны өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа гэсэн 4 үндсэн бүлэг, нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан тайлагнадаг билээ.
Хэн өсөж, хэн уруудав?
Өрсөлдөөнөөрөө тэргүүлэгчдийг ухвал, Сингапур өнгөрсөн оноос 3 байр ахиж титмийн эзэн болсон бол Аргентин, Венесуэл тус тус 3 байр ухарч сүүл мушгисан байна. Сонирхуулахад, хөгжлийн хувьд хоцронгуй, засаглалын хямралтай орнууд хойгуур байруудад дахин эрэмбэлэгджээ. Тайланг цааш сөхвөл,
8/11: Энэ оны тайланд Өмнөд Солонгос хамгийн олон буюу 8 байр ахиж 20-рт эрэмбэлэгдсэн бол Чех 11 байр ухарч 29-д эрэмбэлэгдэв.
Шинэ: Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд өмнөх онуудад 64 орон эрэмбэлэгддэг байсан бол энэ оны тайланд Гана, Нигери, Пуэрто Рико нэмэгдсэнээр 67 орон болсон юм.
Цаашид нэмүү өртөг шингээсэн хөдөлмөрөө хамгийн өндрөөр үнэлж чаддаг орнууд илүү өрсөлдөх чадвартай байгааг тайланд дурджээ.
Монголын хувьд
Монгол эдийн засгийн тамир тэнхээ бүлгээр өндөр буюу 47.2 оноо авсан бол дэд бүтцийн бүлгээр хамгийн бага буюу 14.4 оноо авлаа. Сонирхуулахад, уг тайланд ЗГ-ын зардал, популист амлалтууд нэмэгдсэн нь цаашид мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж магадгүй төдийгүй сонгууль дууссаны дараа валютын ханш савлах магадлалтай гэж дүгнэсэн байна. Нэмээд энэ онд нүүрсний экспортын хэмжээ буурснаар эдийн засагт багагүй сорилт болно гэх таамаглалыг дэвшүүлж буй.
Эцэст нь… Тус тайланд Монгол 2015 оноос хойш хамрагдахдаа сүүлээсээ 2, 3-рт жагсдаг байсан бол энэ жилийн хувьд шинэ 3 орон нэмэгдэж 67 орон болсноор 61-рт эрэмбэлэгдсэн байна. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэндээ ахисан хэрэг биш шүү. Чүй ай Аргентин, Венесуэлийн өмнө орж байна…
🎯 Ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх дижитал хөтөлбөр
Ажилтны амьдралын хэв маяг бизнесийн амжилтад ч нөлөөлдөг гэдэг дээ. Тэгвэл ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн мэргэжилтний оролцоо бага шийдлийг хайж байна уу? 👀
HabiDo апп сэтгэл судлал, технологийн шийдлээр амьдралын зөв хэв маягийг бий болгож, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжин дараах 21 хоногийн дижитал хөтөлбөрүүдийг санал болгож байна. Үүнд:
Дижитал хэрэглээ ба бүтээмж,
Амьдралын хэв маяг ба бүтээмж,
Тогтвортой сэтгэл зүй ба бүтээмж,
Чанартай харилцаа ба бүтээмж.
Хөтөлбөрийн хүрээнд хамт олноороо өдөр бүр ердөө 20 минутыг зарцуулах сэтгэл зүйн тест, шинжлэх ухаанд суурилсан зөвлөмж болон эерэг дадлуудыг хэвшүүлэх сорилт байх юм.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
DailyExpress
🍋 Их Британийн хөрөнгийн бирж зах зээлийн үнэлгээгээрээ Францыг давж Европын хамгийн том хөрөнгийн бирж болов. Тодруулбал, Ерөнхийлөгч Эммануэл Макрон парламентын ээлжит бус сонгууль явуулахаар зарласны дараа Франц компаниудын үнэлгээ £200 тэрбумаар буураад буй. Ингэснээр Даваа гаргийн байдлаар Их Британийн хөрөнгийн биржүүдийн нийт үнэлгээ $3.18 их наяд хүрсэн бол Францынх $3.13 их наядын үнэлгээтэй байна.
🍋 Хятад 10 жилийн дараа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ Америкийг давна. Одоогоор Америкийн суурилагдсан цөмийн эрчим хүчний хүчин чадал Хятадаас илүү байгаа ч Хятад 2020-2035 оны хооронд 150 орчим станц байгуулахаар зорьж буй. Харин Америк тус тоог гүйцэх хэмжээний бүтээн байгуулалт хийхээргүй байгаа юм.
🍋 Баяншувууны үйлдвэрийн сэргээн босголтод Түмэн Шувуут ХК (TUM) 50 мянган ширхэг өндөгний цаасан үүр хандивлалаа. Тодруулбал, энэ сарын 4-нд Баяншувууны үйлдвэрт гал гарч, нийт өндөглөгч тахианых нь 40% орчим нь галд өртсөн юм. Нэмээд Emart, Жүр Үр Бэйкери, Алтан Хажир ХХК зэрэг компаниуд ч мөнгөн болон эд материалын тусламж илгээжээ.
🍋 Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах ногоон байгууламжийн ажил 40%-тай байна. Үүнд усалгааны систем суурилуулах, ногоон байгууламжийг нэмэх, камерын систем нэвтрүүлэх зэрэг ажлууд багтсан аж. Сонирхуулахад, хүрээлэнг шинэчлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр Populous Holdings-н төлөөлөгчид Улаанбаатарт ажилласан юм.
Алдааг олоорой. 🔎
А. Дэлхийн өрсөлдөх чадварын энэ оны тайланд Монгол 46.3 оноотойгоор 61-рт эрэмбэлэгдэв.
B. Rio Tinto Сербийн баруун хэсэгт Европын хамгийн том литийн уурхай барина.
С. Гадаад өр I улиралд өнгөрсөн оноос 4.8% өсөж $25 тэрбумд хүрчээ.
Анхаар: Монголын эдийн засгийн чуулган 7 сарын 8-9-нд болно. (InsideMongolia)
Сонирх: ББЗЗ-ээс хэрхэн хөрөнгө татах вэ? (CMMGuide)
Хөөх: Inside Out 2 нээлтээ хийсэн өдрөө $155 саяын ашиг олсон гэнэ. (Fortune)
Өө, хө: Apple-н AI функцүүд ирэх жилээс л зах зээлд нэвтрэх нь дээ. (TechRadar)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Зөв хариулт нь С буюу гадаад өр I улиралд өнгөрсөн оноос 4.8% өсөж $25 тэрбумд биш %35 тэрбумд хүрсэн нь шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply