• Lemon Press
  • Posts
  • 💡 Хэт хүйтрэлт = 0 зогсолт

💡 Хэт хүйтрэлт = 0 зогсолт

Арилжааны идэвх | MOST +129.7% | Тэтгэврийн сонин сайхан

POWERED BY

Өглөөний мэнд ээ! “Рио Тинто” групп дэлхийд тэргүүлэгч Австралийн Квинсландын их сургуультай хамтран “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг байгуулжээ. Ингэснээр уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэх боломжтой боллоо. 🎉

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: S&P Global Ratings Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2023 оны 7-р сард "В/Тогтвортой" гэж тогтоож байсан бол одоо "B+/Эерэг" болгон нэмэгдүүллээ

BOM: Өнгөрсөн сарын байдлаар гадаад валютын улсын нөөц $4.66 тэрбум болж оны эхнээс 5.3% буурав

MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE) мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүллээ.

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮23.6 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжаалагджээ.

 🤔 Хэн, хаана байна? 

Сүүлийн үед ямар төрлийн хувьцаа сонирхож байна даа? Монгол дундаа МХБ (MSE)-ийн I ангиллын хувьцааны арилжаа л хамгийн идэвхтэй байна даа. Арилжааны хов базъя. 

💨 I рүү шуурах шуурга 

Одоогоор МХБ-д бүртгэлтэй 172 компани байгаа. Үүний 3 нь 100% төрийн өмчит, 11 нь төрийн оролцоотой, 158 нь хувийн өмчит компаниуд. Гэхдээ өнгөрсөн сард л гэхэд нийт бүртгэлтэй үнэт цаасны 67.4% нь л ямар нэгэн байдлаар арилжигдсан байгаа юм. Энэ дундаа МХБ-ийн I ангиллын компаниудын хувьцааны арилжаа нийт арилжааны үнийн дүнгийн дийлэнхийг бүрдүүлж байна. 

  • 📄 Жишээ нь, Баасан гаргийн хувьцааны нийт арилжааны 86.4%-ийг I ангиллын хувьцааны арилжаа бүрдүүлсэн байгаа юм. Харин II ангиллын хувьцаанаас хэд хэд нь хааяа идэвхтэй арилжаалагддаг. Өнгөрөн Пүрэв гарагт л гэхэд Сэндли ББСБ ХК (SEND)-ийн 8%-ийн хувьцаа ₮3.73 тэрбумаар арилжигдсан байна

🌟 Хамгийн халуухан ХК?

Цаашлаад, манай жижиг хувьцаа эзэмшигч буюу аливаа нээлттэй компанийн 5%-иас доош хувь эзэмшигчдийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 78.3% өсөж 596.4 мянгад хүрээд буй. 

  • 📈 Төвлөрөл: Жижиг хөрөнгө оруулагчид МХБ-ийн I ангиллын хувьцаа буюу АПУ (APU), ХААН Банк (KHAN), Говь (COV) руу хошуурч буй. Харин II болон III ангиллын хувьцааны жижиг хөрөнгө оруулагчид харьцангуй бага байна.  

⁉ Нэмэгдсэн, гэхдээ… 

Банкны реформтой холбоотойгоор сүүлийн 2 жилийн хугацаанд манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ даруй 2 дахин нэмэгдсэн. Гэхдээ арилжааны идэвх, тэр дундаа хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа урагшгүй хэвээр. Энэ оны 9-р сард л гэхэд хувьцааны хоёрдогч зах зээлийн нийт арилжааны 18.6%-ийг л бүрдүүлсэн байна. 

Эцэст нь… Манай хөрөнгө оруулагчид шинээр гарч байгаа IPO, ХБҮЦ-ыг харьцангуй анхаардаг болоод байгаа. Харин хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа нэг их сайн биш л байна. Нийт бүртгэлтэй үнэт цаасны 50%-60% нь л арилжааны хөдөлгөөнд бага сага орж байна шүү дээ. Одоо ХК-иуд нь жижиг хувьцаа эзэмшигчдээ анхаараад, хөрөнгө оруулагчид нь тухайн компанийнхаа мэдээллийг цаг алдалгүй авч үйлдэл хийдэг болмоор байна даа…

📈 Унана, босно

MOST: Өнгөрсөн онд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр IPO хийж ₮5.9 тэрбумын санхүүжилт босгосон төлбөр тооцооны дэд бүтэц хөгжүүлэгч МОСТ Финтек ХК-ийн хувьцааны үнэ 10 сарын 2-нд огцом буюу сарын өмнөхөөсөө 129.7% өсөж ₮36.6-т хүрчээ. Харин маргааш нь энэ дүнгээсээ 10.9% унасан ч Баасан гарагт ₮423.2 саяын арилжаа явагдаж хувьцааны үнэ нь 9.12% өссөн байна. Гэхдээ тэдний IPO-н үнэ ₮44 байсан билээ.

 🥶 Хахир өвлийн нөлөө эдийн засагт

Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн өвөл болох төлөвтэй байна. Монголд бол түгжрэл, утаа гээд л олон асуудал өвлийн дагаад ирдэг. Харин дэлхий даяар өвлийн улирал улс, орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна? 

💡 Хэт хүйтрэлт = 0 зогсолт

6 жилийн өмнө хүйтэн цаг агаараас болж Их Британийн эдийн засаг өдөрт 1 тэрбумын хохирол амсаж байсан түүхтэй. Тухайн үед 2010 оноос хойш үзэгдэж харагдаагүй шуурга тохиож, нислэгүүд цуцлагдаж хүмүүс гэртээ бүгэн кафе, ресторанууд эзгүйрч байсан буюу бараг л эдийн засгийн 0 зогсолт болж байв. Түүнчлэн 2012 онд Орост хэт хүйтэрч эрчим хүчний салбарын хямрал, хөлдөж, эвдэрсэн дамжуулах хоолойнуудыг засах ажлуудаас болж эдийн засаг нь $15 тэрбумын хохирол амсаж байжээ. 

😪 Давуу бас сул тал бий

Хэт хүйтэн өвөл эдийн засагт томоохон цоорхой үүсгэдэг ч өвлийн аялал жуулчлал өндөр хөгжсөн улсуудын хувьд өвөл шиг гоё улирал байхгүй. Санаж байгаа бол өнгөрсөн жил Хятадын Харбин хотод болсон 3 өдрийн өвлийн наадмаар 3 сая гаруй жуулчид ирж $826 саяын орлого олж байв. Илүү том зургаараа Норвеги, Швейцар, Австри гэхчлэн Скандинавын болон Баруун Европын орнууд өвөл хамгийн их жуулчин хүлээж авдаг билээ. 

  • 😎 Хахир өвлийг халуун оронд: Харин нөгөө талд хүйтнээс зугтсан хүмүүс Зүүн Азийн улсууд руу нүүдлийн шувуу шиг л нүүдэллэдэг. Тус бүс нутагт өвөл төдийгүй ер нь л аялахад хямд төсөр байдаг нь хүйтэн өвлийг өнтэй давах гэсэн хүмүүсийг татах хөшүүрэг болдог аж. Сонирхуулахад, Зүүн Азид 11-р сараас 3-р  сард хур бороо төдийлөн ордоггүй учир аялахад хамгийн таатай сарууд ч байдаг гэнэ шүү

😖 Харин дэлхийн хамгийн хүйтэн хотод

Эрс тэс уур амьсгалтай Монголын өвөл эдийн засгийн алдагдлаас гадна алдагдсан боломжийн өртгөө тооцож үзвэл нэлээн нүсэр тоо гарч ирэх биз ээ. Утаа униар, түгжрэл гээд л хот даяараа өвлийн улиралд хэд хэдэн удаа 0 зогсолт хийдэг. Бусад орноос ялгаатай нь бид жинхэнэ утгаараа зам дээр 0 зогсолт хийж харуулдаг гэдгээрээ онцлог. 

Эцэст нь… Жил ирэх тусам л Монголын өвлийг давахад бэрх болж, монголчууд Тайланд, Вьетнам руу нүүдэллэж байна. Гэснээс Тайландын томоохон хотод 1 сар амьдрахад дунджаар $600-$900, 2-3 сар амьдрахад $1,200-$2,000 орчмыг зарцуулдаг аж. Яаж өвлөө давна даа…

Энэ оны байдлаар улсын хэмжээнд өндөр настны тэтгэвэр авч байгаа 398.3 мянган хүн байна. Үүнтэй холбоотой зарим тоо баримтуудаас хүргэвэл,

  • Тэтгэврийн хэмжээ: Доод хэмжээ ₮660 мянга, дундаж хэмжээ ₮730 мянга, харин дээд хэмжээ ₮2 сая байгаа бол, 

  • Жилд дунджаар: 15 мянга орчим хүн өндөр настны тэтгэвэр тогтоолгож,

  • Ахмад настны тоо: Улсын хэмжээнд 385.3 мянган ахмад настан байгаа бөгөөд энэ дүн нийт хүн амын 10.9%-ийг эзэлж буй.

✈️ Оюутны хөнгөлөлттэй тийз

Иргэний нисэхийн салбарт тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй Aero Mongolia Сөүл болон Токио чиглэлд зорчих оюутнууддаа зориулан дараах урамшууллыг зарлажээ. 📢

Ямар урамшуулал вэ? Их, дээд сургуулийн бүх түвшинд болон коллежийн хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнууд хөнгөлөлттэй үнэ бүхий тусгай тийзийг худалдан авах боломжтой.

  • 🇲🇳➡️🇰🇷: 1 талын тийзээ ₮554,484 болон 2 талын тийзээ ₮1,003,668,

  • 🇰🇷➡️🇲🇳: 1 талын тийзээ ₮552,405 болон 2 талын тийзээ ₮1,014,990,

  • 🇲🇳➡️🇯🇵: 1 талын тийзээ ₮852,012 болон 2 талын тийзээ ₮1,431,954,

  • 🇯🇵➡️🇲🇳: 1 талын тийзээ ₮884,745 болон 2 талын тийзээ ₮1,483,080-аар тус тус аваарай.

Жич: Уг тийз нь энгийн тийзээс маш хямд үнээр гарч байгаа учир хэд хэдэн нөхцөлтэй юм байна. Иймд захиалга үүсгэхдээ анхаарах хэрэгтэй гэнэ шүү.

📞 Холбогдох: 70103030

Inflight VR

🍋 Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бүрэн зураглалыг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой болжээ. Ингэхдээ, тус VR төхөөрөмжүүдийг Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн иргэд олноор цугладаг цэгүүд дээр цагийн хуваарийн дагуу байрших нь. Тус цэгүүд дээр байгаа “Сэлбэ шинэ дэд төв” гэх бичигтэй автобус руу орж харах боломжтой аж.  

🍋 ЦХИХХЯ орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодруулбал, уг сүлжээг энэ онд 74 багт, харин ирэх онд 55 багт суурилуулах нь. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох юм байна.

🍋 Япон төмөр замын тээвэрлэлт болон Чингис хаан Үндэсний музейн боловсролын тоног төхөөрөмжийг сайжруулах төслүүдэд ¥1.56 тэрбум болон ¥97.5 саяын тусламжийг тус тус үзүүлнэ. Энэ хүрээнд төмөр замаар логистикийг хөнгөвчлөх болон аюулгүй байдлыг сайжруулах, мөн соёлын өвийг үзүүлэх технологийг сайжруулах, боловсролын чанарыг сайжруулах ажлуудыг хийх аж.  

🍋 ЕХ Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудын импортод 45%-ийн татвар ногдуулахаар төлөвлөж байна. Татварыг ийнхүү нэмж буй нь Хятад EV экспортод татаас өгч, тус салбарын дотоодын компаниудыг ихээр дэмжиж байгаа нь шударга бус худалдааг бий болгож байгаатай холбоотой гэнэ. Сонирхуулахад, ЕХ-ны орнууд өнгөрсөн онд Хятадтай €739 тэрбумын худалдаа хийгээд буй. 

  •  🏎️ Өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа эхэлнэ. (Transdep)

  • 🤳 Google Lens илүү ухаалгаар хайлт хийдэг боллоо. (Wired)

  • 🎫 Америкийн цагаачлалын визийн хөтөлбөр буюу ногоон картын бүртгэл эхэлсэн байна шүү. (USembassy)

  • 🥶 Сингапурын Зам тээврийн сайд асан С.Исваран жүжгийн, хөлбөмбөг, Formula 1 уралдааны тасалбар бэлгэнд авсан хэргээр 1 жил шоронд суухаар болжээ. (NYTimes)

  • Даваа: Хятадын Үндэсний баярын өдөр тохиож байгаа тул биржүүд амарна.

  • Мягмар: Өнгөрсөн сарын тээвэр, мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс танилцуулагдана

  • Лхагва: 9-р сарын инфляцын үзүүлэлт гарна

  • Пүрэв: Араас нь Америкийн инфляц өнгөрсөн сард хэр хөдөлсөнтэй танилцах нь ээ

  • Баасан: Орон нутгийн сонгууль болох тул бүх нийтээр амарна

Reply

or to participate.