- Lemon Press
- Posts
- 🚫🗣️ Худал мэдээллийн хохирол = $78 тэрбум
🚫🗣️ Худал мэдээллийн хохирол = $78 тэрбум
$CUMN цэвэр ашиг ₮26.4 тэрбум | $ADB-н их хэмжээний хэлцэл | Энэтхэгт үйлдвэрлэсэн iPhone
POWERED BY
BOO! Аймшгийн баяр ч боллоо доо. Гэснээс сүүлийн жилүүдэд Монголд хүчээ аваад байгаа “Trick-or-Treat” буюу гэрийн хаалга тогшиж чихэр гуйх уламжлал нь Английн “Souling” хэмээх зан үйлийн үргэлжлэл гэсэн шүү. Та хэддээ баярын уур амьсгал мэдрүүлэх гээд товхимлоо жоохон чимэглэчихлээ. 🎃🦇
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Казахстан Төв Азиас Монголын анхны “Стратегийн түнш” орон боллоо.
TAX: Энэ оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтын нийт дүн өмнөх улирлаас 8.4% нэмэгдэж ₮91.7 тэрбумд хүрчээ.
KAZ: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Казахстаны Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
🏪 $CUMN: Дэлгүүрийн тоо = 415
Премиум Нэксус ХК (CUMN) энэ оны III улирлын байдлаар ₮26.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Тэдний тайлантай танилцъя.
🛒 Тэлэлт үргэлжилсээр
CU конвиниенс дэлгүүрийн тоо 2023 оны III улирлын байдлаар 349 байсан бол тайлант хугацаанд дэлгүүрийн тоо нь 19% нэмэгдэж 415 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компани зөвхөн Улаанбаатарт конвиниенс дэлгүүрийн үйлчилгээ үзүүлэхээс гадна орон даяар 12 аймагт үйл ажиллагаагаа тэлжээ.
📈 Өсөлттэй: Түүнчлэн тайлант хугацаанд CU-н харьцуулсан дэлгүүрийн гүйцэтгэлийг харвал, өдрийн дундаж борлуулалт нь 25.6%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 9.5% нэмэгдсэн байна.
🌈 Урамтай: Цаашлаад, CU-ээр үйлчлүүлж буй хэрэглэгчдэд илүү урамтай, илүү хурдтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор CU Pay төлбөрийн шийдлийг нэвтрүүлээд буй. Хэрэглэгч нэг удаагийн үйлдлээр төлбөр төлөх, оноо цуглуулах, Е-Баримтын автомат бүртгэл хийлгэх боломжтой. Энэ шийдэл нь хэрэглэгчийн төлбөр төлөх хурдыг 5-7 дахин нэмэгдүүлэхээс гадна цаасан баримт хэвлэхгүй байгальд ээлтэй хэрэглэгч байх боломжийг олгож байна.
🤑 Улирал дараалсан ашиг
Үргэлжлүүлээд, санхүүгийн үзүүлэлт рүү нь өнгийхөд, $CUMN-н бизнесийн тэлэлтээс шалтгаалан ашигт ажиллагаа нь сайжирсан байгаа юм. Тэдний нийт цэвэр борлуулалтын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс 55.6% өсөж ₮434 тэрбумд хүрсэн. Улмаар жилийн өмнө ₮25.8 тэрбумын алдагдал хүлээж байсан $CUMN 180°C-н өөрчлөлт хийж ₮26.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаад байна.
💪 Илүү өндөр маржин: Түүнчлэн компани энэ оны эхний хагаст ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж цэвэр ашгийн хувь нь 4%-д хүрсэн бол III улирлын тайлант хугацаанд цэвэр ашгийн хувь нь 6.1% болсон аж.
Эцэст нь… $CUMN-н санхүүгийн үзүүлэлтүүдийн эерэг өөрчлөлтүүд үргэлжилсээр байна. Хувьцааны үнэ нь ч он гарснаас хойш 27.1%, өчигдрийн арилжаагаар л гэхэд 4.46% өсжээ. Энэ бүхэн компанийн санхүүгийн стратеги, зардлын хяналт, үйл ажиллагааг сайжирсныг илтгэж байна даа.
⚠️ Их хэмжээний хэлцэл
ADB: Ард Кредит ББСБ ХК нь Ард Лизинг ХХК-д ₮1 тэрбумын шугамын зээлийн эрхийг нээжээ. Уг зээлийн эрх нь жилийн 22.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD) батлан даалт гаргасан байна. Түүнчлэн Ард Кредит ББСБ нь Ард Пропертиз ХХК-ийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг ₮2 тэрбумаар худалдаж авсан аж.
🗣️🚫 Худал мэдээллийн балаг тэрбумаар хэмжигддэг!!!
Сүнсний баяр болох гэж байгаатай холбоотойгоор хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим орчин дахь худал мэдээлэл, худал цуурхал эдийн засаг, бизнесүүдэд хэрхэн аймшигтайгаар нөлөөлж, заримыг нь бүр хорлож байсан түүхүүдийг хуваалцъя.
🤐 Хохирол их, хэтэрхий хорлонтой
Тэртээ 2016 онд Samsung (005930.KS)-н Galaxy Note 7 гар утасны батарей хөөж дэлбэрснээр Samsung 2 сая гаруй утаснуудаа эргүүлэн татаж асуудлыг шийдсэн ч түүний дараа Samsung-н бүх бүтээгдэхүүн дэлбэрдэг гэх цуурхал гарснаар түр борлуулалтаа зогсоож хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авахаар дэлхий даяар PR сурталчилгааг хийж байв. Энэ бүхэн компанид $5.3 тэрбумын алдагдлыг дагуулж байжээ.
😖 Нэр нэгтэйн буруу: Түүнчлэн Ковид 19-өөс болж Corona шар айраг үйлдвэрлэгчийн улирлын борлуулалт $170 саяар буурч байсан гэвэл итгэх үү? Шалтгаан нь ердөө төстэй нэртэй байсантай холбоотойгоор гарсан цуурхал, худалд мэдээллүүд.
😨 Айдсаар хооллодог худал мэдээлэл
Эдгээр худал мэдээлэл дэлхийн эдийн засагт жил бүр $78 тэрбумын хохирол учруулдаг. Хамгийн аймшигтай нь худал мэдээлэл хиймэл оюун ухааны ачаар хувьсаж буй явдал. Тухайлбал, өнгөрсөн жилийн 5-р сард X дээр Америкийн Батлан хамгаалах яамны төв байр болох Пентагон халдлагад өртсөн зураг цацагдсанаар хөрөнгийн зах зээлээс $500 тэрбум нэгхэн өдөрт арчигдаж байв.
🤔 Харин Монголд
Том зах зээлтэй, өрсөлдөгч олонтой улсад бол бизнесүүд өрсөлдөгчөө харлуулахаар худал мэдээлэл тархаах тохиолдол байдаг ч Монголд бол худал мэдээлэл бизнесүүд руу шууд чиглэхээс илүүтэйгээр улс төрийн дайралтын зэвсгээр ашиглагддаг. Учир нь манай эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нэг мэдээ гараад л хувьцааны үнэ нь унаж, индексүүд улайрах тийм идэвхтэй зах зээлтэй биш. Харин уул уурхайн төслүүдэд бол нэлээн том цохилт өгч, хохирол учруулсан хэргүүд олон.
Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 🔎
Асуудал: Гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани уламжлалт борлуулалтын арга барилаас шалтгаалан орлого нь тогтмол өсөхгүй, шинэ хэрэглэгчдэд хүрч чадахгүй байв. Улмаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зах зээлд танигдахгүй байгаа нь борлуулалтын тогтвортой бус байдалд хүргэжээ.
Шийдэл: Компани шинэ зах зээлд нэвтрэх стратеги баримталж, онлайнаар борлуулалт хийх платформууд болон хүргэлтийн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. Үүний хажуугаар бүтээгдэхүүн бүрийн гараар хийсэн, байгальд ээлтэй болон дахин боловсруулсан материал ашигласан талаарх онцлогуудыг тодруулж маркетингдаа ашиглаж эхэлсэн байна.
Тус компани тулгарч буй асуудалдаа олсон шийдэл нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉
Washington Post
🍋 Volkswagen (VWAGY) үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш анх удаа Герман дахь 3 үйлдвэрээ хааж 10 мянган ажилтнаа цомхотгоно. Учир нь цар тахлаас хойш Европ дахь автомашины эрэлт 500 мянга орчмоор буурсан гэж компани мэдэгдэж буй бөгөөд энэ нь Герман дахь Volkswagen-н 10 үйлдвэр байгаагаас 2-ынх нь үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний дүн аж. Үүн дээр Хятадын цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж буй нь ч мөн нөлөөлсөн байна.
🍋 Apple (AAPL)-н Энэтхэгт үйлдвэрлэсэн iPhone-н экспорт $6 тэрбумд хүрэв. Энэ нь өмнө жилийнхтэй харьцуулахад 33% өссөн дүн бөгөөд цаашид $10 тэрбумыг давах төлөвтэй байгаа юм. Ийнхүү Энэтхэгийн ухаалаг гар утасны экспорт энэ жилийн эхний хагасын байдлаар $2.88 тэрбумд хүрээд буй. Сонирхуулахад, 5 жилийн өмнө тус улсын ухаалаг гар утасны жилийн экспортын хэмжээ $5.2 сая байжээ.
🍋 Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран Монгол Улсад “WE Finance code” санаачилгыг хэрэгжүүлнэ. Тус санаачилга нь Дэлхийн банкнаас бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг Women’s Entrepreneurs Finance Initiative (We-Fi) хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих зорилттой бөгөөд одоогоор 14 улсад хэрэгжээд байгаа гэнэ.
🍋 OpenAI-н УЗ-ийн дарга Bret Taylor-н үүсгэн байгуулсан Sierra стартап $175 саяын санхүүжилт татаж $4.5 тэрбумын үнэлгээтэй болжээ. Үүсгэн байгуулагдаад жил гаруй хугацааг үдэж буй уг стартап 2 сарын дотор $110 саяын дүнтэй анхны санхүүжилтээ татаж, $1 тэрбумын үнэлгээтэй болоод байв. Сонирхуулахад, энэ жил венчур капиталын хөрөнгө оруулалтын $3 тутмын $1 нь хиймэл оюун ухааны салбарт орсон байна.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply