• Lemon Press
  • Posts
  • 🔙 Эргээд нүүрсээ түл!

🔙 Эргээд нүүрсээ түл!

Meta-н түүхэн шүүх хурал | RE/MAX: ₮345 тэрбумын борлуулалт | $AAPL хэцүүдэв

POWERED BY

Өглөөний мэнд! Хаврын нарлаг өдрүүд түр зуур түр амсхийж, шороон шуургатай өдрүүд айлчилж байна. Бүр цасан шуурга ч болж магадгүй нь ээ. Дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй та минь ээ. 🌬️🧣  

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Төгрөг нуур ордтой холбоотойгоор Х.Баттулгын 90%-ийг нь эзэмшдэг Камекс ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэх 4 үндэслэлээр шалгуулна

BOM: Монголбанк өнгөрсөн онд системийн хэмжээнд захиргааны зардлыг төлөвлөснөөс 9%, хөрөнгө оруулалтын зардлыг 38% хэмнэж ажиллажээ

U.S.: Доналд Трамп 20 гаруй жил зогсонги байгаа Америкийн нүүрсний үйлдвэрлэлийг сэргээх 4 захирамжид гарын үсэг зурлаа.

RE/MAX: ₮345 тэрбумын борлуулалт 

Монголын үл хөдлөх зуучлалын салбарын хамгийн том тоглогч RE/MAX-н борлуулалт, агентын тоо жилээс жилд, улирлаас улиралд тогтмол өсөж байгаа. Харин тэд өнгөрсөн улиралд ямар үр дүнтэй ажиллав? 

🅰 Төлөвлөгөөний гүйцэтгэл: 104%

Улсын бүртгэлийн ерөнхий газрын датанаас харахад 2025 оны I улиралд нийт зах зээл эргэлдэж буй үл хөдлөхийн тоо жилийн өмнөхөөсөө 5% нэмэгдэж 26.9 мянгад хүрсэн байна. Харин RE/MAX-н агентуудын энэ хугацаанд борлуулсан үл хөдлөх хөрөнгийн тоо 14% нэмэгдсэнээр зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлжээ. 

  • 📈 Өсөлт үргэлжилсээр: Улмаар тэдний нийт борлуулалтын орлого өмнөх жилийн мөн үеэс 32.5% нэмэгдэж ₮345.4 тэрбумд, шимтгэлийн орлого нь 50.6% өсөж ₮13.1 тэрбум болсон аж. Учир нь тэдний идэвхтэй агентуудын тоо л гэхэд 26.6% нэмэгдэн 1,286 болсон байна. Энэ эрчээрээ бол тэдний 2024 онд тогтоосон ₮1.5 их наядын борлуулалтын дээд амжилт дахиад эвдэгдэх нь дээ. 

🧮 Борлуулалт: 29%

Тэдний борлуулалтын процессыг нарийн харвал тайлант хугацаанд шинээр 7,886 үл хөдлөх хөрөнгөтэй гэрээ байгуулсны 29%-ийг нь амжилттай борлуулсан бол 19% нь эзэмшигчийн шийдвэрээр худалдагдаагүй, үлдсэн 52% буюу 4,100 үл хөдлөх одоо ч идэвхтэй борлуулалтын процесст байгаа аж. 

  • 🤝 Онцлог: RE/MAX-н санал болгож буй энгийн гэрээний борлуулалтын системийн нэг онцлог нь, хэрэв үл хөдлөх хөрөнгийг борлуулж амжаагүй тохиолдолд харилцагчаас ямар ч төлбөр авахгүй байх зарчим юм. Энэ нь худалдагч талд санхүүгийн эрсдэлгүйгээр үл хөдлөх хөрөнгөө зуучлуулах боломжийг олгож буй. Нэмээд энгийн гэрээ нь нийт гэрээний 90% гаруйг бүрдүүлдэг аж. 

Амжилтын нууц, RE/MAX-н хувьд тогтмол 10,000 гаруй үл хөдлөх хөрөнгийг борлуулах, түрээслэх байдлаар зуучилж, нэг талаас худалдагч, нөгөө талаас худалдан авагч, түрээслэгчдийг холбох гүүр болон ажиллаж байна. Зөвхөн нэг агент бус технологийн болон үйл ажиллагааны нэгдсэн системээр ажиллах шийдэл нь тэднийг зах зээлийн үр дүнтэй тоглогч болгож байна даа.  

  •  👀 Ирэх сард 7 нам төрөөс ₮7.4 тэрбумын санхүүжилт авах юм гэнэ. (Gogo)

  • 🎡 Universal Studios-н анхны Европт сүндэрлэх сэдэвчилсэн парк 8.5 сая жуулчин татна. (TheIndependent)

  • 📱 Samsung-н Galaxy S25 загвар өөрийн ч, өрөөлийн компанийн ч хувьцааны үнийг өсгөлөө. (JapanTimes)

  • 😶‍🌫️ Монголын утаа олон улсын дурангаар. (TheGuardian)

🎭 Хамгийн хүнд цохилт Apple-д

AAPL: Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн статусаа Microsoft (MSFT)-д алдлаа. Тодруулбал, Трампын тарифын нөлөөгөөр Apple-н хувьцааны үнэ сүүлийн 4 хоногт 23% унаж, зах зээлийн үнэлгээ нь $2.6 их наяд болсон юм. Өнгөрсөн оны 12-р сард $AAPL-н зах зээлийн үнэлгээ $3.7 их наяд буюу оргил цэгтээ гялалзаж байсан бол 4 сарын дотор $1.1 их наядыг алдаад зогсохгүй Хятадад ч үйл ажиллагаа явуулахад хэцүүхэн болж эхэллээ. 

🗨️ Meta Instagram-г зарах уу?

$1.3 их наядын үнэлгээтэй Meta (META)-г задалж мэдэх түүхэн шүүх хурал ирэх Даваа гарагт эхлэх гэж байна

  • Яагаад чухалчлав? Энэ бол зүгээр нэг технологийн титаны зах зээлийн давамгайллын тухай бус түүний арын завхарсан улс төр, дэлхийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл болсон Facebook-г ирээдүйд хэн удирдах тухай асуудал.  

🏃🏻‍♀️ Өрсөлдөгчгүй тоглож байна!

Meta 2012 оноос хойш Instagram, WhatsApp зэрэг боломжит өрсөлдөгчдөө худалдан авснаар чөлөөт өрсөлдөөнийг хязгаарласан хэмээн буруутгагдаж шүүхэд дуудагдсан. Хэрэв тэд маргаандаа ялагдвал эдгээр платформыг зарах эрсдэлтэй. Нөгөө талд Meta-н зүгээс уг худалдан авалтууд нь хууль ёсных, нэмээд хөгжүүлэлтэд нүсэр хөрөнгө оруулалт хийсэн, монопол биш гэдгээ TikTok, YouTube жишээгээр иш татан батлах гэж оролдож буй.

  • 🗣️ FTC-н байр суурь: Хэрэв та дуулж байсан бол Америкийн худалдааны комисс (FTC)-н хэрэг шийдвэрлэлт Цагаан ордонд хэн байгаагаас үл хамааран ном журмаараа явдаг гэдгээрээ алдартай. Гэхдээ энэ удаад арай өөр. 

  • 🫂 Сүрхий сүжирч байна: Угтаа Meta-н уг асуудал Трампын Ерөнхийлөгчөөр ажилласан эхний 4 жилд дэгдсэн. Харин энэ удаад про-либерал байр суурьтай хэмээн шүүмжилдэг байсан Марк Зукербергтэйгээ овоо зузаан харилцаатай болсон

😚 Доналд Трампын зассан зам

Тэдний харилцааг нотлох мэт Трамп энэ 3-р сард тус агентлагийн Ардчилсан намын 2 комиссарыг гэнэт халж, Бүгд найрамдах намын комиссар Фергюсонд FTC-г хянах бүрэн эрхийг өгсөн. Ийм ил цагаан, хүч далайлгасан явдал FTC-н түүхэнд байгаагүй гэдэг. Ингэснээр FTC-д одоо 5 гишүүнээс 3 Бүгд найрамдах намын коммисорууд үлдсэнээр Трамп маргааныг Meta-н талд эргүүлж, тохиролцоод мултрах боломжтой. 

  • 👀 Ингээд харвал Meta Facebook дээрх баримт шалгалтын хэрэгслээ устгасан нь Трампад өргөсөн багахан өргөл байсан мэт. Учир нь Трампын сошиал платформууд дээр өөрийн буюу баруун төвийн үзэлтэй контентыг түлхүү түгээх экосистемийг угсрах хүслээ ч нууж дийлээгүй юм даа. 

Эцэст нь… Технологийн титанууд жижиг стартапыг худалдан авч, асар их дүнгээр хөрөнгө оруулснаа гайхуулах дуртай. Гэхдээ үүний цаана лаг инновацлаг бүтээгдэхүүн гаргах бус өрсөлдөж хэрэглэгчээ хуваахгүй гэсэн аминчхан хүсэл л байгаа. Харамсалтай нь дэлхийг өөрчилнө гэсэн стартапууд том компанийн шүхэр дор өөрсдийн алсын хараа, чиг шугамаа алдаж зүгээр нэг хэрэгсэл болсон тохиолдол зөндөө дөө.

71 мянга
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас явуулсан өрхийн мэдээллийн судалгаанд 71 мянган өрх хамрагдсан байна.
86 мянга
Судалгаанаас харвал Монгол Улсад хүнсний талон авч буй 86 мянган иргэн байгаа аж. 
3 систем
Иймд ГБХНХЯ хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй өрх, иргэний хувийн хэргийн бүрдэл, өргөдөл, гомдол зэрэг системийг бүрэн цахимжуулахаар шийджээ.  

📦🚛 Чингэлэг тээврээ найдвартай гарт

Гадаад худалдааны бизнес эрхлэгч, аж ахуй нэгж байгууллагууд анхаарлаа нааш нь. Тээвэр логистикийн салбарт 20 жилийн туршлагатай Монложистикс Групп Хятадаас чингэлэг тээвэр тогтмол хийж байна. 📢

Илүү сайн танилцвал

  • 🧭 Тодорхой: Монложистикс Групп нь Тяньжин, Шанхай, Гуанжоу зэрэг Хятадын бүх хотуудаас 7-15 хоногт Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж байна. 

  • 🧩 Овор хэмжээ хамаарахгүй: Үүнд энгийн жижиг хэмжээтэйгээс овор ихтэй буюу хүнд техник, тоног төхөөрөмж, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах ачаа гэхчлэн бүх төрлийн ачаа барааг автомашин болон вагоноор авчирч өгөх нь ээ.

Гэснээс ЭНД дарж тэдний өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тэлэлтийг сонирхоорой.

Boston Magazine

🍋 Janus Henderson (JHG) Guardian Life-н $45 тэрбумын хөрөнгийн багцыг удирдана. Үүний сацуу Guardian Life нь $JHG-д $400 саяын суурь капитал өгч тэдний шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний хөгжилд дэмжлэг үзүүлэх аж. Үүнийг оролцуулаад $JHG дэлхий даяар удирдаж буй нийт хөрөнгийн багцынхаа 74% буюу $109 тэрбумыг ТОП 15 даатгалын компаниудынхаар дүүргэлээ. 

🍋 Тусгай замын автобус (BRT)-ны төслийг Азийн Хөгжлийн Банкны $60 саяын санхүүжилтээр хэрэгжүүлнэ. BRT нь 20-25 км/цагийн хурдаар өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд одоогийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 12.6% нэмэх ач холбогдолтой аж. Тэгвэл төслийн судалгааны ажил одоогоор 60%-ийн гүйцэтгэлтэй яваа ба 2026-2028 онд барилга угсралтын ажил хийгдэхээр төлөвлөж. 

🍋 Тайван $15.15 тэрбумын Үндэсний Тогтворжуулах Сангаа идэвхжүүллээ. Тус сан нь зах зээлд үүссэн хямралын үед Тайванийн хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тогтворжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Өмнө нь Ковид-19-ийн үед идэвхжүүлж байв. Өнгөрсөн 5 хоногт л гэхэд TWSE (^TWII) индекс 16% унаж сүүлийн 14 сарын хамгийн доод түвшинд очоод байна. 

🍋 ЗТЯ Европын холбоо болон Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжилт татахаар хэлэлцэж байна. Үүнд ЗТЯ тус банкнаас Лүн-Хархорин чиглэлийн зам болон Замын-Үүд–Хөшигийн хөндий чиглэлийн босоо тэнхлэгийн замыг 4 эгнээ болгон өргөтгөх төслүүдэд шаардлагатай зээл санхүүжилт олгох боломжтой эсэх дээр санал тавив. Нөгөө талаас төслүүдийн талаар мэдээлэл болон судалгаатай танилцахаар болжээ.

Reply

or to participate.