🇲🇳 Apple Pay Монголд

Ногоон санхүүжилт нэмэгдэнэ | $INV-н үнэ = ₮8,000 | Мега төсөл ба Ricycle сан

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр дэлхийн хамгийн чухал байгууллагуудын нэг болох НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-гийн төрсөн өдөр тохиож байна! 🎉 Үеийн үед хүүхдийн эрхийг хамгаалах, сайн сайхан амьдралыг бий болгох зорилгоор ажиллаж ирсэн UNICEF-д талархал илэрхийлье. 🌍

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монголын ЗГ-аас Германы Сэргээн босголт, зээлийн банканд төлөх €29 саяын зээлийн эргэн төлөлтийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлэхээр боллоо

IPO: Тэнгэр даатгалын IPO-н анхдагч захиалгын арилжаанд нийт 992 хөрөнгө оруулагчийн 1,012 захиалга ирснээр татан төвлөрүүлэх дүнгээс ₮907 саяар давсан тул олон нийтийн захиалгыг 62.97%-иар хувь тэнцүүлэн хуваарилав

POL: Ирэх оны төсвийн шинэ төсөлд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөс ₮17.5 тэрбум хасагдсан байна.

👏 Монголд Apple Pay нэвтэрлээ

Apple Pay Монголд нэвтэрч Худалдаа Хөгжлийн Банк (TDB) болон Голомт банк (GLMT)-ны картаа холбох боломжтой боллоо. Yeay! 🎉 Одоо бидний амьдралд юу өөрчлөгдөх вэ? 

iOS хэрэглэгч ➡️ Илүү хялбар амьдрал

Apple Pay танилцуулагдсанаасаа хойш 10 жилийн ойгоороо Монголд албан ёсоор нэвтэрснээр төлбөр тооцооны талбарт шинэ боломжууд нээгдэж байна. Дэлхий даяар 86 улсын 800 сая гаруй хэрэглэгчтэй уг үйлчилгээг Монголын 1.6 сая гаруй IOS хэрэглэгч ашиглаж болно гэхээр сэтгэл догдлом. Одоо бид Apple Pay-р дэлхийн хаанаас ч худалдан авалт хийж болохоос гадна Монголд ашиглагдаж буй 150 мянга гаруй ПОС төхөөрөмжүүдэд ч Apple Watch болон iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой. 

  • Онцлог ➡️ ₮: Гол нь Apple Pay-д Mastercard-с гадна “₮ карт”-ыг холбон төлбөр тооцоо хийх боломж нээгдэж байгаа нь үндэсний төлбөрийн системийг дэлхийн төлбөр тооцооны сүлжээтэй холбосон том алхам боллоо. Түүнчлэн Монголын финтек салбарын хөгжлийг хурдасгахад ч нөлөөлөх юм. 

  • 💭 Нөлөө: Apple Pay-н нөлөөгөөр наанадаж бид Amazon, eBay, Airbnb зэрэг дэлхийн цахим худалдаа, үйлчилгээг хялбараар авах, гадаад төлбөр тооцооны карт захиалахгүйгээр зардлаа хэмнэх бол цаанадаж жуулчдын төлбөр тооцооны асуудал шийдэгдэж, аялал жуулчлал, гаднын хөрөнгө оруулалтад ч эергээр нөлөөлөх боломжтой. 

🦺 №1 Аюулгүй байдал

Нэмээд мөнгө угаах гэмт хэрэг буурахгүй байгаа энэ үед хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьдаг төлбөрийн үйлчилгээ орж ирж байна. Учир нь Apple Pay-р гүйлгээ хийх үед картын дугаар Apple-н сервер болон төхөөрөмжид хадгалагдахгүй буюу токен дугаараар хадгалдаг. Мөн Face ID, Touch ID, эсвэл нууц үг ашиглан зөвхөн эзэмшигч баталгаажуулалт хийдэг тул хувийн мэдээлэл болон аюулгүй байдалд санаа зовохгүй байж болно. 

Эцэст нь… Apple Pay Монголд нэвтэрсэн нь хувь хэрэглэгчид төдийгүй улс орны тооцооны шилжилт, аюулгүй байдлыг сайжруулж, төлбөр тооцооны талбарт дэвшил авч ирсэн үйл явдал болж байна. Одоо TDB-н картаа холбоод туршиж үзэх л үлдээ дээ. 😎 Харин яаж холбохыг ЭНД-ээс хараарай.

Залруулга: Өчигдрийн буюу 12 сарын 10-ны товхимолд ЦХИХХЯ-ны хэрэгжүүлж буй "Ухаалаг засаг" II хөтөлбөрийн нийт зээлийн дүнг “$40.7 тэрбум” хэмээн төөрөгдөл үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Нийт зээлийн хэмжээ нь $40.7 сая юм шүү. 🙇

Харин хөтөлбөрийн тендерийн мэдээллийг “Smart Government”-н вэбсайт болон цахим хаяг харин сонгон шалгаруулалтын үр дүнгийн мэдээллийг “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-ээс авах боломжтой аж.

📈 Шинэ тогтвортой үнэ = ₮8,000

INV: Инвескор ББСБ ХК-ийн хувьцааны үнэ энэ оны 9 сарын 9-нд анх удаа ₮8 мянгыг давсан. Үүнээс хойш $INV уг үнийн ойролцоо тогтворжиж 11 сарын 25-нд дахин түүхэнд дээд ханшаа эвдэж ₮8,500-т хүрсэн бол өчигдөр ₮8,200 дээр хаагдлаа. Өөрөөр хэлбэл, $INV-н үнэ хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн цагаас хойш буюу 5 жилийн дотор 5 дахин өсөөд байна.

🆙 Ногоон санхүүжилт нэмэгдэнэ…

Монгол Улс 2030 гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7%, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт болон шингээлтийн зөрүүг тэглэх амлалт өгөөд буй. Уг амлалтаа биелүүлэхэд бидэнд ДНБ-ий 50% буюу ₮28 их наядтай тэнцэх хэмжээний санхүүжилт хэрэгтэй. 

🏆 COP-н түүхэн шийдвэр

Өнгөрсөн 11-р сард болсон COP29 уулзалтаар хөгжиж буй орнуудад жил бүр $300 тэрбумыг олгох түүхэн шийдвэр гарсан. Энэ нь өмнөх санхүүжилтээ 3 дахин нэмэгдүүлсэн дүн юм. Улмаар Монгол шиг уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөж буй орнууд санхүүжилт авах боломжтой болж буй. Үүний хүрээнд бидэнд байгаа боломж нь, 

  • 🍀🧺 Байгаль орчны байнгын санхүүжилтийн хөтөлбөр: Тус чиглэлд одоогоор гаднын хөрөнгө оруулагчдаас $70 гаруй саяыг төвлөрүүлээд буй. 2030 он гэхэд үүнийг $100 саяд хүргэх боломж бий гэдэг төсөөллийг ч гарчээ. 

📢 Бохирдуулагч 3 салбар

Монголд хүлэмжийн хийг хамгийн ихээр үйлдвэрлэж буй ТОП-3 салбар бол эрчим хүч, ХАА, барилгын салбар. Тэгэхээр ирэх жилүүдэд энэ салбаруудыг уламжлалт аргаас нь салгаж, ногоон зам руу оруулах томоохон сорилт бодитоор тулж ирж байна. Харин энэ шилжилтийг хэрхэн хийж болох талаар ТоС Форум дээр олон санаачилгуудыг танилцуулж, бохирдуулагчдаас эхлээд санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар өргөн хүрээтэй хэлэлцсэн юм. 

  • 💚 Ногоон бондууд: Цаашлаад, энэ онд дотоодын банкнуудаас эхлээд анх удаа ААН буюу TML Plastics ногоон бонд гаргасан нь зах зээлийн онцлох үйл явдал болсон. Тухайлбал, өнгөрсөн жил ХААН Банк (KHAN) Монголын анхны Ногоон бондыг гаргаж байсан бол энэ жил TDB (TDB) Австри Улсын Венийн Хөрөнгийн Бирж дээр ногоон болон нийгмийн бонд, TML Plastics МХБ (MSE) дээр бондоо гаргаад буй. 

Монголын зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн гэх утгаараа тус бондууд бүгд $-оор гарч нийлбэр дүнгээр $90 тэрбумыг татан төвлөрүүлээд байна. Гол нь энэ онд зах зээлд 9 бонд гарсны 4 нь ногоон бонд байсан нь маш том амжилт. Үүн дээр Төрийн банк (SBM) ч нэмэгдэж ББЗЗ дээр ногоон бонд гаргаад буй. Үүнээс харахад банкнууд ирэх жил ногоон санхүүжилтээ нэмэгдүүлж илүү олон ногоон бонд зах зээлд гарах төлөв ажиглагдаж байна даа. 

Эцэст нь… Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтэд ХАА-н салбарт олгосон хувь нь ердөө 3%-5%-ийг эзэлдэг. Гэтэл энэ салбар бол Монголын хамгийн том хүлэмжийн хийн ялгаруулагч. Ирэх жилүүдэд ногоон амлалтуудаа биелүүлэхийн тулд нүүдэлчин үндэстэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлж, үүний эсрэг тэсвэртэй эдийн засгийг бий болгохын тулд ХАА-н салбарыг ногооруулахаас өөр замгүй том сорилттой тулж байна даа.

Бяцхан кейс задлан. 💡

  • Асуудал: Нэгэн дижитал банкны хэрэглэгчид тэдний шинэ үйлчилгээний апп-ийг ашиглахгүй байв. Шалтгаан нь тус апп хэрэглэгчдэд төвөгтэй, ойлгомжгүй байснаас болж бухимдаж, уламжлалт аргаар банкны үйлчилгээг авахыг илүүд үзэж байжээ.

  • Шийдэл: Банк хэрэглэгчдийн санал хүсэлтийг гүнзгий судалсны үндсэн дээр UX/UI дизайн багийг шинээр бүрдүүлж, апп-ийн интерфейст өөрчлөлт оруулсан. Тэд апп-аа илүү хялбаршуулсан бөгөөд тухайн үеийн трендэд нийцсэн "Dark Mode" тохиргоог нэмжээ.

Энэ шийдэл харилцагчдыг хэр их татах бол? Санал, бодлоо хуваалцаарай! 😉

Arenteiro

🍋 Онлайн төлбөр тооцоо буюу хөдөлгөөнт банкны гүйлгээ энэ оны II улиралд ₮240.6 их наядад хүрчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад 27.8% өссөн дүн юм. Түүнчлэн мөн хугацаанд хөдөлгөөнт банкны идэвхтэй хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 2.6 сая болж 2020 онтой харьцуулахад 70.4% өссөн аж. 

🍋 SpaceX хувьцаагаа хоёрдогч зах зээлд дахин санал болгож үнэлгээгээ $350 тэрбумд хүргэх талаар хэлэлцэж байна. Хэрэв энэ хэлэлцээр амжилттай болбол тус компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хаалттай компани болох юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн эхээр SpaceX-н үнэлгээ $137 тэрбум байсан бол тун удахгүй 2.5 нугарах төлөвтэй байна даа.

🍋 Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30-35 мянган хүний суудалтай болгоно. Энэ хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнг нээгдэж хаагддаг автомат болон битүү дээвэртэй, олон улсын урлаг, спорт, наадмын арга хэмжээг жилийн аль ч улиралд зохион байгуулах боломжтой болгох аж. Тэгвэл уг төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг энэ сард хийж дуусах юм гэнэ. 

🍋 Хятад Nvidia (NVDA)-г өрсөлдөөний эсрэг хууль зөрчсөн гэх үндэслэлээр мөрдөн байцаалт эхлүүлэв. Тодруулбал Хятадын зах зээлийн зохицуулалтын улсын удирдлага (SAMR) нь Nvidia-г Mellanox Technologies (ZZE.DE)-тэй хийсэн гэрээний хүрээнд худалдан авалтын үүднээс хүлээсэн үүрэг амлалтаа зөрчсөн байж магадгүй гэж үзээд буй.

🌱 Мега төсөл ба Ricycle сан

Томоохон уул уурхайн компаниуд байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход ямар нөлөө үзүүлж байна вэ? 

📈 Төслүүдийн нөлөө

Оюу толгойн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан “Говийн оюу” сан л гэхэд нийтдээ 300 гаруй төсөлд ₮100 гаруй тэрбумын санхүүжилт олгосон байдаг. Үүнээс гадна уул уурхайн компаниуд нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулж нийгэм, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлж, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг байх нь. 

🇲🇳 Монгол дахь нөлөөллийн сан 

Бидний сайн мэдэхээр Рио Тинто Монгол компани Улаанбаатарт 10.2 га талбайтай ногоон цэцэрлэгт хүрээлэн бий болгосон. Энэ нь тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон ажлын нэг. Үүнээс гадна Рио Тинто Монгол болон Инвескор санхүүгийн групп хамтран Монголын анхны нөлөөллийн хувийн хөрөнгө оруулалтын сан болох “Инвескор РИ Сайкл”-ыг үүсгэн байгуулсан. 

  • 🤔 Нөлөө нь юу вэ? Инвескор РИ Сайкл нөлөөллийн ХОС нь хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, түүнийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар байгаль орчин, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгож байна. 

Эцэст нь… Уул уурхайн компаниуд зөвхөн олборлолтоор бус, орон нутгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагаар дамжуулан илүү өргөн хүрээнд эерэг нөлөө үзүүлж байна. Үүний үр дүнд хариуцлагатай уул уурхай байна гэдэг нь зөвхөн ашиг олохоос гадна тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг гэдгийг хэн бүхэн ойлгож байна даа. 

  • 📝 Дональд Трампын эхний 100 хоногтоо хийх ажлууд. (NBCNews)

  • 🪄 Harry Potter-н шинэ бүтээлд хэн хэн нэр дэвшив? (Wealth)

  • 🔍 Бизнес төлөвлөгөөний нэг чухал хэсэг нь өрсөлдөгчөө судлах юм. (FastCompany)

  • 🎙️ Энэ оны онцлох TED подкастууд. (TED)

Reply

or to participate.