• Lemon Press
  • Posts
  • 👼🏻 Альфа үеийн давамгайлал

👼🏻 Альфа үеийн давамгайлал

ҮХХ-ийн хамгийн эрэлттэй дүүрэг | Том төлөвлөгөөтэй $TUM | AI-д суурилсан эмийн нээлт

POWERED BY

Өглөөний мэнд! Одоогоос 25 жилийн өмнө мэддэгт мэргэн цоохор Wikipedia нээлтээ хийжээ. Өдгөө дэлхийн 342 хэл дээр 66 сая орчим нийтлэлтэй болсон Wikipedia руу сард дунджаар 1.5 сая төхөөрөмж нэвтэрдэг аж. Happy Birthday Wikipedia 🥳

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: ЗГ энэ онд Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэхээр Хятадын талтай хамтран ажиллана

CN: Өнгөрсөн онд Хятад болон Энэтхэгийн нүүрсний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 1970 оноос хойш анх удаа буурчээ. Тус онд Хятад нарны 300 ГВт, салхины 100 ГВт цахилгаан станц барьсан бол Энэтхэг 35 ГВт нар, 6 ГВт салхи, 3.5 ГВт усан цахилгаан станц барьсан байна. 

MNG: Нийгмийн даатгалын сангийн орлого 2025 онд өнгөрсөн оны мөн үеэс 20% өсөж ₮6.7 их наяд, зарлага нь 14.7% өсөж ₮5.8 их наядад тус тус хүрлээ

📍 Үл хөдлөхийн хамгийн эрэлттэй дүүрэг Сүхбаатар 

Сүүлийн үед хотын төвд бизнес зэрэглэлийн орон сууцууд сүндэрлэж, шилэн барилгууд хотын маань өнгө төрхийн нэг хэсэг болоод байна. Тэр дундаа Сүхбаатар дүүрэг хотын төвийн өнгө төрх, бизнесийн голлох дүүрэг болжээ.

🗺️ Байршлын өрсөлдөөн

2025 оноос эхлээд Сүхбаатар дүүрэгт орон сууцны насжилтаас үл хамааран орон сууцны үнэ хамгийн өндөр буюу зах зээл дэх хамгийн эрэлттэй, үнэтэй дүүрэг болоод буй.  

  • 2024 оны 6-р сард шинэ орон сууц Хан-Уул дүүрэгт, хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байсан бол түүнээс хойш Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин ялгаагүй үнэлгээ нь огцом өсөв.

  • Өнгөрсөн 12-р сарын байдлаар Сүхбаатар дүүргийн орон сууцны үнэ хотын дунджаас 18.7% буюу ₮900 мянгаар өндөр байв. Үнийн өсөлтөд худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт нөлөөлж байгаа буюу 1 хүнд дунджаар 1.4 зарагдаагүй орон сууц ногдож байхад Сүхбаатар дүүрэгт энэ тоо 0.9, Хан-Уул дүүрэгт 1.8 байгаа юм.

Тэр тусмаа хотын төвөөс 1 км радиуст ногдох орон сууцны тоо 0.4 байгаа нь Сүхбаатар дүүрэгт ирээдүйд хэрэгжих бүтээн байгуулалт хязгаартаа тулж, нийлүүлэлт нь буурч байгааг харуулж буй. 

🤓 Хэрэгжиж буй төслүүд 

Сүүлийн 2 жилд Сүхбаатар дүүрэгт Eco Tower, Minister Tower, Encanto Centro-1, Embassy One зэрэг томоохон төслүүд ашиглалтад орсон бол одоо MCS Tower, Monastery Tower, Florence Residence зэрэг нийт 26 шинэ төсөл хэрэгжиж буй. Эдгээр төслүүдийн м.кв-ын дундаж үнэ ₮5.9 саятай байгаа. Шинэ төслүүд дунд Ehlel Group-н бизнес зэрэглэлийн, үйлчилгээ, орон сууцны Monastery Tower төсөл “Hybrid” буюу орон сууц эзэмших эсвэл хөрөнгө оруулах сонголттой нөхцөл санал болгож буйгаараа онцлог.

  • Уг төслийн 50%-ийг банкны зээл, 20%-ийг борлуулалтын орлого, 15%-ийг Эхлэл Группийн өөрийн хөрөнгө, 15%-ийг бартераар санхүүжүүлж буй. 

  • Сүүлийн үед “Hybrid” нөхцөлтэй барилгын төслүүд хөрөнгө оруулалтын шинэ загвар болж, эхнээсээ Moncon Group Мандала хотхоны төсөлд, Мишээл Групп ХХК Misheel Residence, Master Group Ub Tower дээр ашиглаж байсан. 

“Monastery Tower” төслийн санал болгож буй жилийн өгөөж нь 24% байгаа бол төсөл ашиглалтад орох үед 75% өсөх тооцоололтой байгаа аж.

Эцэст нь… Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өндөр ашигтай хэдий ч хөрөнгө оруулах төслийнхөө ясыг нь цайтал судалж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах ёстой шүү.  

  • 👽 Бүх цаг үеийн хамгийн их орлоготой жүжигчин. (Variety)

  • 🧑‍🏫 Багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж. (БоловсролынЯам)

  • 🚀 NASA ирэх сард сансрын нисгэгчдээ сар луу илгээнэ. (NND)

  • 🌪️ Хэвлэл мэдээллийн сайтуудын вэб хандалт AI шуурганы дараагийн бай болох уу? (TheGuardian)

🥚 Том төлөвлөгөөтэй $TUM

TUM: Энэ оны 8-р сард Түмэн Шувуутын дотоодын өндөгний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх “Түмэн Шувуут 3” шувууны фермийн төсөл ашиглалтад орох хүлээлттэй байна. Монголд жилд 500-550 сая орчим ширхэг өндөг дотоодод хэрэглэгддэг бөгөөд $TUM-н хувьд өнгөрсөн онд 176 сая ширхэг өндөр бэлтгэсэн нь тэдний зах зээлийн томоохон тоглогч гэдгийг харуулна. Үүний нөлөөгөөр өнгөрсөн Лхагва гаргийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 1.3% өсөж ₮368.8-т хүрчээ.

🌏 Аль үе давамгайлж байна?

Уншигч та өөртэйгөө адил насны бүлэгт харьяалагдах хэр олон хүн дэлхий дээр байгааг өмнө нь бодож байсан уу? Хэрэв тийм бол насны бүлгүүдтэй холбоотой НҮБ-ын сонирхолтой судалгааг хуваалцъя. 

📍 Дэлхий гараг

Дэлхий дээр ойролцоогоор 8.2-8.3 тэрбум хүн оршин суудаг. Эдгээр хүмүүсийг насны бүлэг буюу үеэр нь харвал хамгийн их буюу 2013 оноос хойших Альфа үеийнхэн нийт хүн амын 24.2%-ийг бүрдүүлж байгаа аж. Үүний араас хүн амын 23%-ийг эзэлдэг Z үе, 21%-ийг бүрдүүлэгч Миллениал үеийнхэн тус тус оржээ. Тодруулбал:

  • 2 тэрбум хүүхэд: Хүн амын хамгийн том хэсэг болсон Альфа үеийнхний тоо өнгөрсөн оны байдлаар 2 тэрбумд хүрэв.

  • 1.9 тэрбум Z: Бусад үеийнхэндээ адлагдах нь их 1997-2012 онуудад төрсөн 1.9 тэрбум Z үеийнхэн манай гараг дээр бий. 

  • 1.7 тэрбум дунд үе: Гуравт жагсаж буй 1981-1996 оны хооронд мэндэлсэн Миллениал үеийнхний тоо 1.7 тэрбумд хүрээд байна. 

🔎 Монголын тухайд

Монголын хүн амын 25%-ийг 2013-2024 оны хооронд төрсөн Альфа үеийнхэн эзэлж байгаа бөгөөд энэ нь нийт 886.2 мянган хүн аж. Харин Z үеийнхэн 851.6 мянга буюу хүн амын 24%-ийг эзэлж байна. Тэгвэл одоо эдийн засгийн талаас нь авч үзье. 

  • 🔻 Ажиллах хүчний хомсдол: Монголд 1990-2005 онуудад жилд дунджаар 45-50 мянган хүүхэд мэндэлсэн нь сүүлийн 30 жилийн дунджаас 15-20 мянгаар бага үзүүлэлт юм. Энэ хугацаанд төрөлт 240-320 мянгаар буурсан нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ. Тус төрөлтийн нөлөө 2028 оноос суларч цаашид хөдөлмөрийн насны хүн амын тоо аажмаар нэмэгдэх аж.

Эцэст нь… Монголд 2025 онд 54.1 мянган хүүхэд төрсөн нь 2024 оны мөн үеэс 6.3% буурсан үзүүлэлт болжээ. Монголд төрсөн хүүхдүүдийн тоо 2008 оноос хойш тогтмол 60 мянгын босгыг давдаг байсан ч 2024 оноос эхлэн буурч эхэллээ. Манай лимонууд шалтгааныг нь юу гэж бодож байна. 🤔

17.3%
Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гаднын иргэдийн тоо өнгөрсөн оны IV улиралд 2024 оноос 17.3% өсөж 9.4 мянга болжээ. 
76.3 дахин
Эдгээр иргэд нь нийт 102 улсаас ирсэн бөгөөд мөн хугацаанд Бангладешаас ирсэн иргэдийн тоо хамгийн их буюу 76.3 дахин өсөж 229 болсон байна. 
1/3 
Тэгвэл нийт гаднын иргэдийн 30.3% буюу 1.3 нь уул уурхай, олборлолтын салбарт, үлдсэн нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, боловсрол тэргүүтэй салбарт ажиллаж байгаа аж.

Reuters

🍋 Өмнөд Солонгосын тусгай прокурорын баг Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд цаазын ял оноох хүсэлт гаргав. Тэд түүнийг эрх мэдлээ хадгалахын тулд улс орон даяар цэргийн дэглэм тогтоон шүүх, парламентыг хянах замаар төрийн эргэлт хийхээр завдсан хэмээн буруутгаж буй. Харин Юн Сог Ёлийн зүгээс Ерөнхийлөгчийн онцгой эрхээ л хэрэгжүүлсэн хэмээн мэдэгджээ. Тэгвэл шүүхийн шийдвэр ирэх сарын 19-нд гарах юм.

🍋 Монгол болон Казакстан хамтран малын вакцины үйлдвэр байгуулна. Санаачилгыг Казахстаны талаас гаргасан бөгөөд үүнээс гадна ноолуурын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд буй. Казакстаны хувьд вакцин үйлдвэрлэлийн салбар дахь гол тоглогчид нь Antigen, OtarBioPharm компаниуд болон Биологийн аюулгүй байдлын судалгааны институт байна.

🍋 Nvidia (NVDA), Elly Lilly (LLY) AI-д суурилсан эмийн нээлт, хөгжүүлэлтийн хамтарсан лаборатори байгуулжээ. Уг хамтралаар тэд эм шинжлэлийн салбарт тулгардаг хамгийн нарийн асуудлуудыг AI ашиглан шийдвэрлэхэд чиглэх бөгөөд ирэх 5 жилд лабораторийн боловсон хүчин, дэд бүтэц, тооцооллын нөөцөд тус тус $1 тэрбумын хөрөнгө оруулах юм. Ийнхүү тус лаборатори энэ оны эхээр Өмнөд Сан Францискод нээлтээ хийх нь.

🍋 Дүүжин замын тээвэр төслийн кабинууд Монголд буулаа. Кабиныг Францын Poma группийн охин компани Sigma хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин Монголд буусан байна. Сонирхуулахад, 1 кабинд 10 зорчигч суух боломжтой бөгөөд 3 сарын хугацаанд стандарт жинтэй элс зэргээр орлуулан 850 кг-тай дүйцэх жинг байршуулж турших юм гэнэ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.