- Lemon Press
- Posts
- 👔 Монголбанкны шинэ Ерөнхийлөгч
👔 Монголбанкны шинэ Ерөнхийлөгч
24/7 ажилладаг бирж | $KHAN: $50 саяын санхүүжилт | EV-с зайгаа барих Ford
POWERED BY
Лхагва гаргийн мэнд! 12 настай монгол охин дэлхийн ой тогтоолтын аварга болж, тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Улмаар алт авсан 2 төрөлдөө дэлхийн рекорд тогтоосон байна. Гэснээс GAMA дээрх улс орнуудын жагсаалтаар Монгол Улсын 6 тамирчин ТОП-10-т жагсдаг юм байна. Галзуу! 👏


*Нэг өдрийн өөрчлөлт.
KHAN: ХААН Банк ХК Канадын хөгжлийн санхүүгийн институтээс $50 саяын санхүүжилт татжээ.
MNG: Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

👔 Монголбанкны шинэ Ерөнхийлөгч

Өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч С.Наранцогтын томилгооны сонсгол болж, түүний томилгоо албажлаа. Тэрбээр Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн билээ.
👥 Үе, үеийн Монголбанкны Ерөнхийлөгчид
2000 оноос хойш Монголбанкны Ерөнхийлөгчөөр 6 хүн томилогдон ажилласан ч ердөө 2 буюу О.Чулуунбат, Б.Лхагвасүрэн нар л бүрэн эрхийн хугацаа болох 6 жилээ дуусгажээ. Харин үлдсэн 4 Ерөнхийлөгчийн ажилласан дундаж хугацаа нь 3.2 жил. Өөрөөр бол бүрэн эрхийнхээ талд орж байтал солигдоод явсан байгаа юм.
🆕 Шинэ Ерөнхийлөгчийн бодлогын чиглэл
Сонсголын үеэр Монголбанкны шинэ Ерөнхийлөгч богино хугацаад бодлогын хүүг бууруулах боломжгүй учраас төсөв, мөнгөний бодлогоор маневр хийж ажиллахаа мэдэгдсэн. Мөн хэрэглээний болон импортын зээл өндөр байгаа нь учраас зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж, эдгээр зээлд тавигдах тодорхой шаардлагуудыг эргэн харж, оронд нь бизнес эрхлэгчдийн зээлийг нэмэгдүүлэх бодлого баримтлах аж.
🤔 Зээлийн хүү буурах уу? Тэрбээр зээлийн хүү өндөр байгаад 4 төрлийн хүчин зүйл түлхүү нөлөөлдгөөс хамгийн том зардал нь эх үүсвэрийн зардал тул бүтцийн нарийвчилсан шинжилгээ хийж, мэс заслын гэж хэлж болох засваруудыг хийнэ хэмээсэн юм.
🔎 Инфляц чухал уу, хөрөнгийн урсгал чухал уу?
Тэрбээр яриандаа, валютын ханшийг хатуу, тогтвортой барих гэж оролдох нь өндөр зардалтай. Өнгөрсөн хугацаанд Төв банк валютын ханшийг иргэд, бизнес эрхлэгчдэд хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх чиглэлд ажиллаж, хөдөлгөөнгүй барихын тулд $2 тэрбумыг интервенцид төлжээ. Тиймээс ирэх жилүүдэд богино болон дунд хугацаанд төлөх гадаад өр, импортын хэрэгцээ, төлбөрийн тэнцлийг харгалзан бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
Мөнгөний бодлого 🆚 төсвийн бодлогын зөрчилдөөн: Мөн Сангийн яам улсын төсвийг тэлэх чиглэлд ажиллаж байгаа нь Төв банкны бодлоготой зөрчилдөж ирсэн тул төсвийн болон мөнгөний бодлогыг уялдаатай явуулахад анхаарч ажиллах аж.
Эцэст нь… Монголбанкны шинэ Ерөнхийлөгч өөрийн хамгийн түрүүнд хийх ажлаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах ажлыг амлан аваад буй. Мөн Монголбанкийг ЗГ-ын касс болгохгүйгээр хөгжлийн тэтгэгч болгоно хэмээжээ. За тэгээд амлалтаа хэр биелүүлж Төв банкны бие даасан үйл ажиллагааг хэр хэрэгжүүлэхийг харах л үлдлээ.

💊 Цайрыг зөв давтамжтай ууж ханиадыг эмчлэх боломжтой. (WashingtonPost)
🧳 Эргүүлэн татах болон шинээр томилох элчин сайд нарын жагсаалт. (Parliament)
🔮 Ойрын ирээдүйд эдийн засаг, улс төр, технологийн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйлс. (DerekThompson)
🏖️ Хэдэн сард, хаашаа аялбал хамгийн таатай вэ? (Trip)

🫵🏻 EV-с зайгаа барих Ford
F: Автомашин үйлдвэрлэгч Ford EV-н стратегиа өөрчлөхөөр шийджээ. Ингэхдээ цэвэр EV мотортой зарим автомашинаас татгалзаж, Hybrid болон EREV төрлийн автомашины үйлдвэрлэлийг өргөжүүлэх аж. Энэхүү шийдвэрийн хүрээнд компани $19.5 тэрбумын алдагдал хүлээх ба цаашид EV пикапын үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргажээ. Тус мэдээнээс улбаалан компанийн нэгж хувьцааны үнэ харьцангуй тогтвортой буюу 0.8% унаж $13.6-т хүрчээ.

⏱️ Зогсолтгүй ажиллах бирж айсуй

Хөрөнгийн зах зээлд арилжаа хийж буй хөрөнгө оруулагчдын толгойны өвчин болсон нэг асуудал бол арилжааны цагийн хуваарь билээ. Дэлхийн зарим хөрөнгийн биржүүдийн арилжаа 24/7-д ойртож байхад Монголын томоохон бирж өдөрт ердөө 3 цаг арилжаа явуулж байна.
🌏 Томчууд цагийн хуваарь
Дэлхийн томоохон биржүүд дээр өдөрт дунджаар 6-8.5 цагийн хугацаанд арилжаа явагддаг. Эдгээр хамгийн урт цагаар ажилладаг нь Лондонгийн хөрөнгийн бирж бөгөөд тус биржийн цагийн хуваарь өглөө 08:00 цагаас өдөр 16:30 цагийн хооронд үргэлжилдэг аж.
🤯 24/5 ажиллана: Саяхан Америкийн 2 дахь том бирж болох NASDAQ арилжаагаа 23 цаг болгох хүсэлтээ SEC-д хүргүүлжээ. Хэрэв батлагдвал NASDAQ-н арилжаа бараг л бүтэн өдөр ажиллах боломж бүрдэх ч арилжааны өдрүүд ажлын 5 өдөрт байх аж.
🇲🇳 Манай бирж
Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE)-ийн нэг өдрийн үнэт цаасны арилжааны цаг нээлтийн дуудлага худалдаа болон хаалтын үнийг тогтоох хугацааг оруулаад дэлхийн томоохон биржүүдийн дунджаас 3-аар бага буюу 3.25 цаг үргэлжилдэг. Харин Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX)-ийн хувьд арилжааны цагийн хуваарь 7 цаг байдаг аж.
💰 Short арилжаа: Өнгөрсөн долоо хоногт 2024 онд Үнэт цаасны зах зээлийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой СЗХ-оос Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээний журмыг баталсан. Тус шийдвэрийн дагуу манай зах зээлд хувьцааг зээлээр авч зарах байдлаар ашиг олох Short арилжаа буюу позицын арилжаа нэвтрэхэд тун ойрхон ирээд байна.
💡 Сониноос: Энэ долоо хоногоос эхлэн Биржийн бус зах зээл (ББЗЗ)-ийн үнэт цаасны арилжаа ажлын өдөр 24 цаг тасралтгүй ажиллах горимд албан ёсоор шилжсэн. Энэхүү шинэчлэлийг МҮЦАЭХ удирдаж, технологийн хөгжүүлэлтийг нь АНД Глобал блокчэйнд суурилан гүйцэтгэжээ.
Эцэст нь… Манай хөрөнгийн зах зээлийн хөгжил өдрөөс өдөрт урагшилсаар байна. Одоо гол нь $MSE-н арилжааны цаг хэзээ уртсах вэ гэдэг л сонирхолтой байна даа. 🤔

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.Цагдаагийн байгууллага “Архигүй шинэ жил” нэгдсэн арга хэмжээг улс даяар зохион байгуулж буй. Энэ хүрээнд бусдыг архиар шахаж, согтоосны улмаас учирсан гэм хорыг шаардсан этгээд хариуцах тэргүүтэй зохицуулалтуудыг хийх нь. Энэ талаар таны байр суурь? |


PayPal
🍋 Paypal (PYPL) Америкт банк үүсгэн байгуулах лицензийн хүсэлт гаргалаа. Одоогоор компани Люксембургт банк байгуулах лицензээ аваад буй бөгөөд хэрэв Америкт банктай болбол Toyota (TM)-н санхүүгийн салбарын Гүйцэтгэх захирал асан Мара МакНейлээр удирдуулах аж. Тэгвэл Paypal банкны үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болсноор гуравдагч этгээдээс хамаарал багасаж, хэрэглэгчдэдээ хадгаламжийн FDIC даатгал санал болгож эхлэх юм.
🍋 Монгол, Солонгосын хамтарсан ГХЭ-ийн судалгаа, шинжилгээний төв нээгдэв. Тус судалгааны төвийг Солонгосын ₩ 9.8 тэрбумын буцалтгүй тусламжаар тус улсын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (KOMIR) 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү төвд нийт 57 тоног төхөөрөмж ашиглан Монголд байгаа ГХЭ-ийг шинжлэн судалж, боловсруулах, баяжуулах, цэвэршүүлэх технологийн сургалт явуулах аж.
🍋 Илон Маск жилийн дотор хөрөнгөө 30% нэмэгдүүлж $677 тэрбумын хөрөнгөтэй болжээ. Тодруулбал, SpaceX энэ сард одоогийн үнэлгээгээ 2 дахин нугалж $800 тэрбумын үнэлгээтэйгээр нээлттэй тендер зарласан нь компанийн 42%-ийг эзэмшдэг Илон Маскийн хөрөнгийг ийн нэмэгдэхэд нөлөөлжээ. Цаашлаад түүний xAI Holdings компани шинэ хөрөнгө босгож зах зээлийн үнэлгээгээ 2 нугалан $230 тэрбум болгохоор хэлэлцэж буй.
🍋 Нийслэл ирэх онд 26,982 нэгж талбарын 4344.05 га газрыг ₮200 тэрбумын нөхөн олговортойгоор чөлөөлнө. Энэ нь Нийслэлийн ирэх онд хэрэгжүүлэх 341 төсөл, арга хэмжээнд хамаарах газар бөгөөд хамгийн их буюу 35.9%-д нь инженерийн шугам сүлжээ байгуулах аж. Гэснээс Нийслэл энэ оны эхний 10 сард 154 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд улс, нийслэлийн төсвийн ₮598.4 тэрбумыг зарцуулаад байгаа.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply