• Lemon Press
  • Posts
  • 😶‍🌫️ Албаар уу, алдаа юу?

😶‍🌫️ Албаар уу, алдаа юу?

DBM: Стратеги шинэчлэгдэв | eSport-н анхны олимп | ТӨК-иудыг шинэчилнэ

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Төрийн ордонд сарын хугацаанд цалинтай дадлага хийх хөтөлбөр зарлагдсан байна. Улс эх орныхоо ирээдүйн хөгжилд гар бие оролцох хүсэлтэй 100 оюутныг 20 залуу УИХ-ын гишүүнээр менторлуулах хөтөлбөр гэсэн шүү. Сонирхоорой. 🍋

U.S.: ХНС-ийн хяналтын Дэд дарга Майкл Барр үүрэгт ажлаа өгөх шийдвэр гаргалаа

MNG: Ураны төслөөс Монгол Улс нийт $5.2 тэрбумын орлого төвлөрүүлнэ.

CAN: Канадын Ерөнхий сайдын албыг 9 жил хашсан Жастин Трюдо огцрохоо мэдэгдэв

💁‍♂️ DBM: Стратеги шинэчлэгдэв

Хөгжлийн банк энэ онд ₮2 их наядаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн сацуу 2030 он хүртэлх стратегиа шинэчилж 2030 он гэхэд ДНБ-ий 12.8%-ийг бүрдүүлэх зорилт тавиад байна

💡 Гол 5 чиглэл

2023 онд Хөгжлийн банк ДНБ-ий 3.5%-ийг эзэлж байсан гэхээр 5 жилийн дотор нийт активын хэмжээгээ $7 тэрбумаар өсгөнө  гэсэн үг. Улмаар шинэчилсэн стратегидаа хариуцлагатай засаглал, мэргэжлийн удирдлага, ногоон санхүүжилт, инновац, дижитал шилжилтийг дэмжих гэхчлэн 5 зорилтуудыг дэвшүүлжээ. Ингэхдээ хамгийн түрүүлж юу хийх вэ гэхээр,  

1️⃣ Балансаа цэвэрлэх 

Хөгжлийн банк 2024 оныг ₮2.4 их наядын актив хөрөнгөтэй, 33 зээлдэгчийн ₮2.3 их наядын зээлийн үлдэгдэлтэй үдсэн. Харин чанаргүй зээлийн үлдэгдэл нь ₮1.7 их наяд буюу нийт зээлийн багцын 57.5%-ийг бүрдүүлж буй. 

  • Цаашид тэдэнд өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд ₮700 тэрбум шаардлагатай байгаа бөгөөд нэн тэргүүнд төрийн хамаарал бүхий зээлүүдийг төлүүлэх, баланс шилжүүлэх арга хэмжээг авах аж. 

2️⃣ Санхүүжилтээ олгож эхэлнэ

Хөгжлийн банк 2011 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш ₮7.6 их наядын зээл олгож, нийт 15 төслийг санхүүжүүлсэн байдаг. Үүний 13 нь хэрэгжиж дууссан бол газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станцын төсөл тус тус хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд улс төртэй холилдсон зээлийн асуудлаас болж зээл олгох, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх гэхчлэн үндсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй зогсонги байдалтай байгаа.

  • Улмаар эрх зүйн шинэчлэл хийж холбогдох хуулиа энэ онд шинэчлэн батлуулах, цаашлаад олон улсын зах зээлээс $500 саяын санхүүжилт татахаар судалж байгаа аж. Эрх зүйн шинэчлэлийн хувьд Хөгжлийн банкийг экспорт, импортын чиглэлийн төслийг санхүүжүүлэх эксим банк болох, ханшийн зөрүүнээс үүссэн зээлийн дарамтыг зардал багатайгаар зохицуулах журмыг тусгах гэнэ. 

Эцэст нь… Хөгжлийн банкны сонсголоос хойш зээлийн эргэн төлөлт эрчимжсэн ч чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буураагүй. Дээрээс нь одоог болтол төрийн оролцоотой компаниудын зээл тус банканд дараа болсоор байна. Хөгжлийн банк актив хөрөнгөө нэмэгдүүлснээр илүү олон төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй хөдөлгөх боломж бүрдэх учраас намуудын нөлөөллөөс ангид болгох, эрх зүйн шинэчлэл хийж үйл ажиллагааг нь хэвийн горим оруулах нь нэн чухал. Гол нь үр дүн чухал. 

😶‍🌫️ Албаар уу, алдаа юу?

0700.HK: Америкийн Батлан хамгаалахын яам Tencent-г Хятадын цэргийн компаниудын жагсаалтдаа нэмсний дараа хувьцааны үнэ нь шөнийн дотор 8% унаж HK$379.6-д хүрлээ. Тэднээс гадна Ford (F) болон Tesla (TSLA)-н нийлүүлэгч CATL ч тус жагсаалтад багтаад буй. Tencent болон CATL өөрсдийгөө батлан хамгаалах салбартай ямар ч холбоогүй компани бөгөөд тус шийдвэрийг алдаа гэж харж байгаагаа илэрхийлсэн. Тус жагсаалтад багтсан компаниуд шууд утгаараа Америкийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах боломжгүй болох тул ийн тэвдэх нь аргагүй биз ээ.

🇸🇦 eSport-н анхны олимп

eSport-н анхны олимп ирэх 7-р сард Саудын Арабд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс ч eSports-н комисстой болоод буй. 

💁‍♂️ Төрийн дэмжлэг

Тус комиссыг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны дэргэд байгуулсан бөгөөд eSports-н анхны олимпод оролцох Монголын баг тамирчдыг зохион байгуулалтаар хангаж, дэмжлэг үзүүлэх юм. Тус олимпын нийт шагналын сан нь $60 сая гэсэн шүү

  • 🤔 Яагаад заавал Саудын Арабд гэж? 2022 онд тус улс eSport-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатайн сацуу 23 сая гаруй eSport-н тоглогчтой, дэлхийн мэргэжлийн eSport-н тамирчдын ХАБ болоод буй

  • 💳 Шинэлэг: Гэснээс Монгол анх удаа eSport-н комисстой болсноос гадна банкны салбарт ч анхны eSport-д тусгайлан зориулсан карт нэвтэрсэн дээ. Ингэхдээ Богд банк ХК Mobile Legends: Bang Bang-д зориулагдсан 6 төрлийн карт гаргасан бөгөөд өнөөдрөөс 7 хоног бүр олон төрлийн урамшуулал зарлаж байгаа аж.

🏆 Тамирчдын амжилт 

Монголд төдийгүй дэлхийд чансаа өндөртэй явж буй MongolZ 2024 онд 7 тэмцээнд оролцсоноос 4-т нь аваргалсан амжилттай явж буй. Энэ дундаа “Thunderpick World Championship-2024”-д түрүүлж дэлхийн аварга болсон бол сүүлд “Perfect World Shanghai Major 2024”-д гал гарсан тоглолтыг харуулсан билээ. 

  • 🔝 Хамгийн, хамгийн: Одоогийн байдлаар тус багийн түүсэн нийт шагналын сан $1.2 сая орчим гэгдэж байгаа бөгөөд хамгийн өндөр шагналын сан нь $500,000 байжээ. 

  • 🎮 IHC Esports: Цаашлаад, IHC Esports багийн хувьд нийт хожсон шагналын сан нь $119,957, харин аваргалсан хамгийн өндөр дүнтэй тоглолт болох “IESF World Esports Championship 2022”-с $30,000-ыг авч байжээ.

Эцэст нь… Монголын eSport-н баг тамирчид дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж, таниулах тал дээр хамгийн сайн ажиллаж байгаа. Эргээгээд төрөөс тэднийг дэмжих комисс ч байгуулсан байна. Төрийн дэмжлэг, дэмжлэг гэхээсээ илүү тээр болох нь бүхий л салбарт ажиглагддаг. Дэмжвэл дэмжсэн шиг дэмжмээр байна. 

Бяцхан кейс задлан. 💡

  • Асуудал: Органик эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг стартап бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхэд хэрэглэгчдийн эрэлт хангалтгүйн дээр өрсөлдөөн өндөр байв.

  • Шийдэл: Тэд Niche Market Strategy-г ашиглаж ерөнхий хүнсний бүтээгдэхүүний зах зээлд биш, хэрэглэгчдийн сүүлийн үеийн хандлагад суурилан бүтээгдэхүүний брэндингээ төрөлжүүлсэн. 

Энэ стратеги нь жижиг зах зээлд түлхүү төвлөрдөг ба компаниудад тодорхой бүлэг хэрэглэгчдэд зориулан бүтээгдэхүүнээ сайжруулах боломж олгодгоороо онцлог. 

Тус стартап энэ аргыг ашиглан өөрийн зах зээлээ бий болгож чадах болов уу? Санал, бодлоо хуваалцаарай! 😉

This Is Construction

🍋 Toyota (TM) пуужин хөөргөгч үйлдвэрлэдэг стартап Interstellar Technologies-д $45 саяын хөрөнгө оруулна. Энэ нь тэдний “Woven by Toyota” инновацын төслийн нэг хэсэг бөгөөд одоогоор Mitsubishi-тэй өрсөлдөж буй. Төслийн томоохон хэсэг болох Фүжи уулын энгэрт байрлах 708 мянган м.кв талбайг хамарсан "Woven City" эхний 100 оршин суугчаа авахад бэлэн болжээ.

🍋 Монгол Улс ирэх сард ОУ-д “Хиймэл оюун ухааны үндэсний стратегиа” албан ёсоор зарлана. Энэ хүрээнд ЦХИХХЯ University of Houston-н боловсруулсан “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын AI хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх санал, шүүмжийг нээлттэйгээр салбарын эрдэмтэн, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс цуглуулж байгаа гэнэ.

🍋 Сингапур болон Малайз хил орчмын бүсийг холбосон ЭЗ-ийн тусгай бүс байгуулна. Улмаар 2030 он гэхэд 100 мянга орчим шинэ ажлын байр бий болж, Малайзын ЭЗ-т жилд $26 тэрбумыг төвлөрүүлэх нь. Сонирхуулахад, 3,500 км талбайг хамарсан тус бүс нь Сингапураас 4 дахин том байх бөгөөд өдөрт 300 мянган хүн дамжин өнгөрдгөөрөө дэлхийд тэргүүлдэг аж.

🍋 ТӨК-иудын Гүйцэтгэх захирлыг тодорхой шалгуур тавьж нээлттэй, ил тод сонгон шалгаруулна. Цаашлаад 3 жил алдагдалтай ажилласан ТӨК-иудыг татан буулгаж нэгтгэх,  ТУЗ-д салбарын мэргэжлийн холбоодын оролцоог хангах тэргүүтэй зохицуулалтууд "Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай" хуулийн төсөлд тусгагдах нь.

  • 👶 2025-2039 онд төрөх Beta үеийнхэн 2035 он гэхэд дэлхийн хүн амын 16%-ийг эзлэх төлөвтэй байна. (Impact)

  • 🧬 Дэлхийн анхны шүлс ашиглан дааврын түвшин шалгах төхөөрөмж. (Yahoo!Life

  • 🚨 Энэ Бямба гарагт Сүхбаатарын талбайд ЗГ-ыг эсэргүүцсэн жагсаал болох уу? (Crisis24)

  • 🕵️‍♂️ Детектив зохиолд дурлагсдын мэдлэгээ сорих тест. (NYT)

Reply

or to participate.