• Lemon Press
  • Posts
  • 🎞️ Оскар ба ашиг орлого

🎞️ Оскар ба ашиг орлого

R2=0.886: Өсөлтийн хамаарал | $GUR-н хачин тайлан | Аж үйлдвэр салбар ₮10.4 их наяд

POWERED BY

Өглөөний мэнд ээ!  Эдийн засгийн ухааны доктор (PhD) цолтнууд төгсөөд хаана ажилд ордог гэж бодож байна? 44 эдийн засгийн тэнхмийн 8,825 PhD төгсөгчийн ажлын байрны мэдээллийг нэгтгэсэн сонирхолтой судалгаатай ЭНД дарж танилцаарай. 🎓

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Өнөөдөр ЗГ ээлжит бусаар хуралдаж, ажлаа өгсөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаатарын өргөдлийг хэлэлцэх байсан ч ЗГ-ын тогтвортой байдлыг хадгалахын тулд хугацаагүйгээр хойшлууллаа. 

MSE: АПУ ХК (APU)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 22-ний 14 цагаас цахимаар зохион байгуулагдана

NSO: Энэ оны эхний 2 сард үнэт цаасны зах зээлийн арилжааны гүйлгээ өнгөрсөн оны мөн үеэс 74.4% өсөж ₮188.3 тэрбумд хүрчээ. Нийт арилжааны 41.5%-ийг ХБҮЦ, 23.8%-ийг компанийн хувьцаа, 21.6%-ийг ЗГ-ын бонд тус тус бүрдүүлсэн байна. 

😮‍💨 Өсөлтийн хүйн хамаарал

Ипотекийн зээлийн хөтөлбөр (ИЗХ) хэрэгжиж эхлээд 13 жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.1 дахин өсөв. Одоо харин энэ сөрөг үр дагаврыг засна гэнэ.

🙀 Тогтвортойгоос үсрэлт рүү

2013 оны II хагаст ₮1 их наяд байсан ипотекийн зээлийн хэмжээ 13 жилийн турш тасралтгүй өсөж 2026 оны эхний байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл ₮11.5 их наядад хүрээд байна. Энэ хугацаанд,

  • 📌 2013-2020 он: Энэ хугацаанд ипотекийн зээл тогтвортой өссөн боловч орон сууцны үнэ харьцангуй тогтвортой буюу 1 м.кв талбайн үнэ ₮1.8 сая орчимд хадгалагдаж байв. 

  • 💥 5 жилийн өмнөх ₮5 их наядын давалт: Харин 2021 оноос хойш буюу ипотекийн зээлийн үлдэгдэл ₮5 их наяд давсны дараа орон сууцны үнэ илүү хурдтай өсөж эхэлсэн аж. Энэ үеэс л 1 м.кв-ын үнэ нэг, хоёр саяар хэмжигдэхээ больсон хэрэг. 

🤯 88.6%-ийн хамаарал

Лавшруулаад, 2022 оноос хойших хуучин орон сууцны үнэ болон ипотекийн зээлийн үлдэгдлийн хамаарал буюу корреляцийг харвал 0.94 (r=0.94) байгаа нь бараг л төгс эерэг хамааралтай байгааг илтгэнэ.

  • 🧠 R²=0.886: Улмаар орон сууцны үнийн өөрчлөлтийн ойролцоогоор 88.6% нь ипотекийн зээлийн өөрчлөлттэй хамт хөдөлж байгаа гэсэн үг. Үлдсэн 11.4%-д инфляц, барилгын материалын үнэ, ханш, хүн амын төвлөрөл гэх мэт үзүүлэлт нөлөөлж байгаа гэж харж болохоор. 

  • 📐 y=a+bx: Нэмээд 2022 оноос хойших дата дээрээ үндэслэн шугаман регресс хийж харвал зээлийн үлдэгдэл ₮1 их наядаар нэмэгдэх бүрд байрны үнэ дунджаар ₮387 мянгаар өсөх хандлагатай байна. 

🔤 Шийдэл = Шинэ хууль гэнэ

Өнгөрсөн 7 хоногт Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч “ИЗХ нь зах зээлийг гажуудуулж,  инфляцын дарамтыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавар бий болгохоос гадна эрэлт нь өссөнөөр 5,000-6,000 гаруй иргэний хүсэлт, зарим тохиолдолд 5-6 жилийн хүлээгдэл бий болж байгаа” гэдгийг дурдсан аж.

  • ⛱ Гарах өөрчлөлт: Цаашид ипотекийн хөнгөлөлттэй 6%-ийн хөтөлбөрийг ЗГ-т үе шаттайгаар шилжүүлэх, шинээр байгуулагдах Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалтыг хийх зэрэг ажил хийгдэх гэнэ. Юу болохыг харж л байя даа.

  • 🎙️ УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч юу хэлэв? (Gogo)

  • 💄 Гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилдаг инфлүсэрүүдийг AI ажилгүй болж байна. (MorningBrew)

  • 🍎 App Store Хятад дахь апп-ийн шимтгэлийн хувь хэмжээг бууруулна.  (TechCrunch)

  • 🕵🏻‍♂️ Америкийн тагнуулууд хэрхэн хүмүүсийг тагнаж, манупляци хийдэг вэ? (DOAC)

🤔 $GUR-н хачирхалтай тайлан

GUR: Увс аймагт байрлах Гурил ХК өнгөрсөн 2025 онд ₮50 саяын борлуулалтын орлоготой ажилласан нь 2024 оны мөн үеэс 11.6 дахин буурсан үзүүлэлт боллоо. Гэсэн хэдий ч борлуулалтын өртөг мөн үеэс 29.8 дахин багасаж ₮19.5 саяд хүрснээр компанийн цэвэр ашиг 34.3 дахин өсөж ₮30.5 саяд хүрчээ. Сонирхолтой нь 2010 оноос $GUR-н хувьцаа ердөө 4 өдөр л арилжаалагдсан бөгөөд нийт 333 ширхэг хувьцаа арилжаалагджээ.

🎞️ “Оскар”-ын эзэд хэр ашиг олов?

Өчигдөр кино хорхойтнуудын хамгийн их хүсэн хүлээдэг “Оскар” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Тэгвэл шагнал авсан бүтээлүүд болон тэдний санхүүгийн үзүүлэлтийг хамтдаа сонирхъё.

Тоо худлаа ярихгүй

Америкийн кино академийн дээд шагнал болох 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд нийт 50 кино 24 номинацид өрсөлджээ. Ингэхдээ Warner Bros. Discovery (WBD)-н “One Battle after Another”, “Sinners”, “Weapons” кинонууд нийлээд 30 төрөлд нэр дэвшсэн. Тоо худлаа ярьдаггүй гэдэг шиг эдгээр 3 кино 11 шагнал авч, нийт шагналын бараг л талыг нь түүсэн байна.

  • 🗣️ $NFLX-н мэдэгдэл: Netflix (NFLX)-н “Frankenstein” болон “KPop Demon Hunters” кинонууд нийт 5 шагналыг авчээ. Сонирхуулахад, нээлтээ хийснээс хойш 3 сарын хугацаанд хүмүүс Netflix дээр “KPop Demon Hunters”-г 325.1 сая удаа үзсэн нь рекорд эвдсэн амжилт байв. 

💰 Орлого, зарлагыг нь сөхвөл

Шагнал авсан 11 кино ойролцоогоор $1.2 тэрбумаар бүтсэн бөгөөд дэлхий даяар $3.1 тэрбумын орлого олов. Эдгээрээс хамгийн өндөр ашигтай ажилласан нь “Avatar: Fire and Ash” бөгөөд өнгөрсөн 12-р сард нээлтээ хийснээсээ хойш $1.1 тэрбумын ашиг олсон аж. Харин удаах байранд $250 саяын зардлаар бүтэж, $631.6 саяыг олсон $WBD болон Apple Original Films-н хамтын бүтээл “F1” оржээ.

  • 🏓 Том бүтэлгүйтэл: A24-н одуудаар зодсон “Marty Supreme” кино Оскарын 9 төрөлд нэр дэвшсэн ч ганзага хоосон үлдлээ. “Marty Supreme” нь A24-н хамгийн өндөр зардалтай бүтээгдсэн кино ба нийт $65 саяар бүтэж, $274.5 саяыг олжээ. Шагнал аваагүйд өндөр маркетингийн зардал болон гол дүрийн жүжигчний маргаан дагуулсан үйлдэл нөлөөлсөн байх талтай. 

🇲🇳 Монголтой холбоотой нь… Энэ жил Монголыг төлөөлөн Оскарт өрсөлдөх киногоор Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” шалгарсан. Мөн Баянхонгор аймагт зураг авалтаа хийсэн “The Wolves Always Come at Night” кино Австралийг төлөөлөн тус наадамд оролцжээ.

Манай гаргийн хамгийн алдартай хийжүүлсэн ундаа болох Coca-Cola-н жорыг 2 хүн л мэддэг гэвэл итгэх үү? 

Giphy

🥤 Одоогоор Coca-Cola-н жорыг компанийн удирдлагын багийн 2 хүн л мэддэг бөгөөд тэднийг нэг онгоцоор хамтдаа нисэхийг хориглодог байна. За тэгээд жорын тухайд Америкийн Атланта хотод хадгалагддаг гэх яриа бий. Нээлттэй мэдээллээр Coca-Cola-д фосфорын хүчил, сахар, карамель, кофейн, нимбэгийн шүүс, ваниль, мөн “7X” гэх нууц амтлагч ордог гэнэ дээ. 🤫

🖨️📑 6 сар хорны хэрэглээг ITStore даана

Амжаад аваарай! Canon брэндийн албан ёсны дистрибьютер ITStore  оффист хэрэглэхэд тохирох Maxify GX7070  загварын принтерт 4+4 буюу 8ш хорны бэлэгтэй болголоо. Ингэснээр 6 сар хүртэлх хугацаанд принтерийн хорны зардлаа ITStore-р даалгачихна шүү дээ. 📢

🔎 Canon-н цувралуудтай танилцвал: 

  • Шингэн хортой: Тасралтгүй олон хуудас хэвлэхэд зориулагдсан, түргэн хэвлэдгээрээ онцлог.  Мөн хорыг нь цэнэглэх, засвар үйлчилгээг авахад хялбар аж.

  • Лазер: Хар цагаан хэвлэл их хийдэг хуулийн фирм, нотариат зэрэг газруудад яг тохирох загвар гэгддэг. Учир нь тонер маш удаан хэрэглэгддэг,  нэг хуудсыг бага зардлаар хэвлэнэ.

  • Хувилагч: Оффист заавал байх шийдэл ба network cloud холболт, аюулгүй байдлын шийдэл гэх мэт байгууллагад хэрэгтэй бүгдийг багтаасан загвар юм. Түүнчлэн, 2 жилийн гэрээт үйлчилгээг үнэ төлбөргүй дагалддаг байна. 

Урт настай, удаан жаргалтай принтерүүдээ нэг шинэчлээд авна биз ээ. 🦾

NRDC

🍋 Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр ₮10.4 их наядыг давлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 54%, 2023 оныхоос 85.7% өссөн үзүүлэлт юм. Уг өсөлтийн 81.7% буюу ₮8.5 их наядыг уул уурхайн салбар бий болгож байгаа бөгөөд тэр дундаа төмрийн хүдрийн олборлолт 86%, чулуун нүүрснийх 62.9%, зэсийнх 40.9% өссөн нь нөлөөлжээ. 

🍋 Хятадын Баотоу хотод жилд 10,000 тн-ын газрын ховор элемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдана. China Northern Rare Earth болон Ningbo Funeng хамтарсан компани байгуулж, үйлдвэрийн санхүүжилтэд $15–$16 саяын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв. Тус үйлдвэр нь соронзын үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой материал үйлдвэрлэж, Хятадын ГХЭ-ийн дунд шатны боловсруулалтыг зузаатгахаар зорьж байгаа аж. 

🍋 Америкт шинэхэн төгссөн дипломтой ажилгүйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв. Улмаар тус улсын нийт ажилгүй хүмүүсийн 25%-ийг 4 жилийн бакалаврын боловсролтой хүмүүс бүрдүүлэх болжээ. Энэ нь санхүү, IT гэхчлэн бакалаврын диплом шаарддаг цагаан захтнуудын ажлын байрны өсөлт саарсантай холбоотой. AI-н нөлөө зах зээлд хүчтэй мэдрэгдэж байна даа. 

🍋 Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц, 8 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуур барина. Уг төсөл нь АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй барууны бүсийн сэргээгдэх эрчим хүчний төслийн нэг хэсэг бөгөөд Хятадын 2 компани хамтран хэрэгжүүлэхээр шалгарчээ. Улмаар 300 хоногийн дотор барьж дуусгахаар тохиролцжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.