- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Монгол Ураны талбарт
🇲🇳 Монгол Ураны талбарт
$SBM-н 2024 он | Сарны хурд | $SEND-н хөрөнгө = ₮100 тэрбум
POWERED BY
Morning! Энэ жилийн цагаан сард шинийн нэгэн байхгүй гээд байсан даа? Тэгсэн чинь бүр сарны хурднаас хамаарч ирэх 100 жилийн дотор бүр 3 удаа шинийн нэгэн гээгдэнэ гэнэ. Амралтын хувьд цагаан сар эхэлсэн өдрөөс эхлээд 3 өдөр амрах нь. Энэ “сар” бүр толгой эргүүлэх дөхлөө. 😆🌒
IFC: Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Матью Ле Блан томилогдлоо.
MSE: Богд Банк (BOGD)-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2 сарын 3-ны өдрийн 11:00 цагаас цахим, танхим хосолсон хэлбэрээр болно.
ELC: Багануурын батарей хуримтлуурын станц 46 хоногийн дотор 7.6 сая кВт.ц буюу ойролцоогоор 25,000-38,000 өрхийн 1 сарын цахилгаан хэрэглээтэй дүйх эрчим хүч нийлүүлжээ.
🔍 $SBM-н 2024 оныг шинжье
Нээлттэй компаниудын 2024 оны аудитлагдаагүй тайлангийн цуваа үргэлжилсээр. Энэ удаад Төрийн банк (SBM)-ны өнгөрсөн оны санхүү болон үйл ажиллагааг тольдон харъя.
🧮 Санхүүгийн үзүүлэлт
Өнгөрсөн онд Төрийн банк ₮107.9 тэрбумын ашигтай ажиллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13.8% өссөн дүн юм. Компанийн ашиг ийн өссөнд цэвэр зээлийн багц нь 46% өсөж ₮3.5 их наядад хүрсэн нь голлон нөлөөлсөн аж. Улмаар $SBM-н удирдаж буй хөрөнгө 16.% өсөж ₮6.2 их наядад хүрчээ.
Төсөөлөл 🆚 Бодит байдал: Тэд анх олон нийтэд нээлттэй болж байхдаа ашгаа 2024 онд ₮84.1 тэрбум, зээлийн багцаа ₮3 их наяд, нийт хөрөнгөө ₮4.9 их наядад хүргэх төсөөлөл гаргаж байв. Тэгэхээр тус банк өнгөрсөн онд төсөөллөө давуулсан хэрэг.
🏃♂️➡️ Үйл ажиллагааны тэлэлт
$SBM 2024 онд хилийн хяналтын бүсэд салбараа нээж, “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэн анхны $-ын ATM-г ашиглалтад оруулсан. Гадаадад аялж байхдаа хийсэн худалдан авалтаасаа буцаан олголт авах хөөрхөн дэмтэй байдаг шиг Монгол ч энэ төрлийн үйлчилгээг жуулчдад санал болгодог болж байгаа нь авууштай.
🎡 Сууриа ашиглав: Тус банкны харилцагчдын 99% нь иргэд. Үүнээс даваад Монголын хамгийн олон буюу 500 гаруй салбарынхаа давуу талыг ашиглаж Малчдын ногоон зээлийг он солигдох босгон дээр гаргасан билээ. Энэ тэдний бүтээгдэхүүний төрөлжилт, хэрэглэгчийн суурь зэргийг нь харгалзан Global Banking & Finance publication 2024 оны “Монгол Улсын шилдэг иргэдийн банк”-аар тодруулсан байдаг.
👩🏫 Харилцагчаа бэлдэв: Зах зээлд харьцангуй шинэлэг хэдий ч ногоон санхүүжилт татах болон олгох чиглэлд банкнууд идэвхтэй хөдөлж эхэлсэн. $SBM гэхэд нийт 2.5 сая гаруй хэрэглэгчдэдээ ногоон санхүүжилтийн талаарх мэдээл олгосон нь харьцангуй шинэлэг ч алс хэтдээ чухал уг санхүүгийн бүтээгдэхүүнийг зах зээлд овоо сурталчилж, таниулсан байна.
💌 Таатай мэдээ: Гэснээс тус банкны “Эрүүл иргэн” хадгаламж болон карттай харилцагчид нь дотоод, гадаадын 80 орчим эмнэлгээр 20% хүртэлх хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой гэж байна шүү. Тун давгүй.
Энд хүрээд ээлжит нээлттэй компанийн санхүү, үйл ажиллагааны задлан дууслаа. Харин энэ 7 хоногт ТОП-5 банкны тайланг харьцуулж тоймлоно шүү, харахсан гэхээс догдлом байна.
📈 ₮100 тэрбумын хөрөнгө
SEND: Сэндли ББСБ ХК-ийн 2024 оны цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 39.5% өсөж ₮8.4 тэрбумыг давжээ. Учир нь тэдний хүүгийн орлого тус хугацаанд 50.7% нэмэгдсэнээр цэвэр хүүгийн орлого нь 46.5% тэлж ₮19 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн компанийн нийт хөрөнгийн дүн 57.8% өсөж ₮100 тэрбум болжээ. Харин тайлант хугацаанд $SEND-н чанаргүй зээл дүнгээрээ 80.3% өссөн ч нийт зээлд эзлэх хувь нь бараг өөрчлөгдөөгүй буюу 5.3% байна.
🇲🇳 Монгол Ураны талбарт
Дэлхийн нийт ураны нөөцийн 2%-ийг эзэмшдэг бид дөнгөж өнгөрсөн 7 хоногт Францтай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан. Одоо юу өөрчлөгдөх вэ?
📈📉 Нөхцөл байдал
Дэлхийн ураны олборлолтын хэмжээ сүүлийн хэдэн арван жилийн туршид жигд бус өсөлт, бууралттай байгаа. Өөрөөр хэлбэл, 2000-2010 онд цөмийн эрчим хүчний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ураны олборлолт эрчимтэй өссөн бол 2016 оны оргил олборлолтын араас зах зээлийн үнийн уналтаас үүдэн олборлолт дахин буурсан юм. Харин 2021 оноос хойш цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний нэгэн адил нүүрсхүчлийн хий багатай шийдэл гэж үзэх болсноор эрэлт дахин өсөж байна.
🇰🇿 Казахстаны хүч
Цаашлаад, ураны олборлолтоор тэргүүлэгчдийг харвал, 2022 оны байдлаар Казахстан нийт олборлолтын 43.4%-ийг дангаараа бүрдүүлжээ. Хэдий Австрали нөөцийн хэмжээгээрээ тэргүүлдэг ч олборлолтын хувьд Казахстанд титмээ алдсан хэрэг. Учир нь Казахстаны Засгийн газар ураны салбарыг хөгжүүлэхэд зориулсан бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулалт татах олон боломжуудыг нээж Хятад, Франц, Орос, Канад зэрэг улсууд руу уран экспортолж буй. Бид үүнээс суралцах нь чухал.
🗺️ Франц ч нөлөөтэй: Франц дэлхийн цөмийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч гэдэг утгаараа Казахстанд хөрөнгө оруулалт хийж, хамтарч, ураны олборлолтод in-situ leaching (ISL) технологийг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсан аж. Тэгэхээр тэд Казахстаны жишгээр бидэнд нөлөөлөх нь.
🤔 Бидний хувьд
Харж байгаачлан 2030 он гэхэд 5%-ийн жилийн дундаж өсөлтөөр $11.4 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа ураны зах зээл хэдийн хамаарал бүхий тоглогчидтой болжээ. 4 улсын олборлолт нийт нийлүүлэлтийн 79.2%-ийг бүрдүүлж байх жишээний. Энэ зах зээл дээр Монгол хөл тавих нь хамаарлыг бууруулах боломж. Харин манайх Orano Mining-н хөдөлгөх Зөөвч-Овоо ордоос жил бүр 2,500 тн уран экспортлохоор байгаа. Тэгэхээр бид Оросын дайтай тоглогч болно. Үүний хүрээнд,
💭 Үр дүн: Цөмийн эрчим хүчинд хэрэглэгдэх 68.9 мянган тн уран үйлдвэрлэснээр улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тн-оор бууруулж, Монголчуудад $5 орчим тэрбумын ашиг өгөх юм гэсэн. 2023 онд Францтай байгуулсан $1.7 тэрбумын гэрээний үеэр 2028 онд олборлолт явуулахаар төлөвлөж байсан. Тэгэхээр уг нь нохойн дуу ойр.
Эцэст нь… Монгол Улс нүүрс зэсээс бусад чухал ашигт малтмал, түүхий эдийн хайгуул, олборлолтод зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа. Юутай ч ураны төсөлд ахиц гарлаа. Одоо харин ураны эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн түншлэлийг өргөжүүлэх, нэмж илүү олон уул уурхайн мега төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байна.
Бяцхан кейс задлан. 💡
Асуудал: … компани фитнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэд шинэ хэрэглэгчид татахын тулд маркетингдаа үнийн стратеги хэрэгжүүлж байсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байв.
Шийдэл: Компани онлайн үйлчилгээний багц санал болгож эхлэв. Ингэхдээ апп гарган фитнесийн багш тус бүрийн нүүр хуудсыг нээж, дасгал, хоолны дэглэм, сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг тусгав.
Улмаар хэрэглэгчид фитнесийн дасгал хийхийн сацуу амьдралын хэв маягтаа тохирсон зөвлөмжүүдийг авч, тэдгээрээс зорилгодоо хүрэх урам зориг авах болов.
Тус компани бизнесээ өргөжүүлж чадах болов уу? Санал, бодлоо хуваалцаарай! 😉
Inc.Magazine
🍋 Дональд Трамп TikTok Америк дахь бизнесийнхээ 50%-ийг зарах нөхцөлөөр хоригийн хугацааг 75 хоногоор хойшлуулав. Хэрэв Хятад тус хэлцэлд аливаа хэлбэрээр оролцохыг завдвал дайсагнасан үйлдэл гэж үзэн, худалдааны татварын хэмжээг 25%-100% хүртэл нэмэх аж. Гэснээс, TikTok болон Capcut-н Америк дахь үйл ажиллагаа зогссон 12 цагийн хугацаанд Meta (META) Capcut-г орлох Edits апп-аа зарлаад амжсан юм.
🍋 Хөгжлийн банк Өмнөд Солонгосын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллана. Тодруулбал, тус компани нь санхүүгийн хямралд өртсөн байгууллагуудын чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх, бизнесийн бүтцэд нь өөрчлөлт хийх зэргээр хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг аж. Сонирхуулахад, KAMCO нь 1990 онд Daewoo группт бүтцийн өөрчлөлт хийж, дампуурлын ирмэгээс аварч байж.
🍋 Монгол Улс ДЭЗФ-ын “Стратегийн оюун ухааны платформ”-д нэгдэнэ. Тус платформоос ОУ-ын ШУ-ны болон тинк-танк байгууллагуудын 400 гаруй нийтлэл болон 4,000 гаруй судалгааг авч ЭЗ, аж үйлдвэрийн салбарын нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход ашиглах боломжтой аж. Сонирхуулахад, Монгол Улс ДЭЗФ-н 10 дахь жилдээ хөгжүүлж буй тус платформд нэгдсэн 2 дахь улс болж буй.
🍋 TIKA Монгол Улсын ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт $55 мянгын тоног төхөөрөмж хандивлав. Үүнд нярайн дулаацуулагч ор, тархины цахилгаан бичлэгийн болон зөөврийн зүрхний ЭХО аппарат, нярайн жин, өндөр хэмжигч, бугуйн хэвлэх машин, компьютер болон принтер зэрэг багтаж буй. TIKA-н хувьд Монгол Улсад 2002 оноос хойш 871 төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээс 83 нь эрүүл мэндийн салбарт чиглэж.
🔍 Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гишүүдийн сонгон шалгаруулалт зарлажээ. (Ulaanbaatar)
🍊 3 жил нарны гэрэлд хатаасан жүржийн хальс 500г нь $9,650-оор үнэлэгдэж байна. (CNN)
🇰🇷 Өмнөд Солонгост “ОУ-ын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” үзэх бизнес аялал. (MongolChamber)
🦈 Перугаас 7 м хүртэл урттай цагаан акулын 9 сая жилийн настай чулуулаг олджээ. (Reuters)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг
Reply