- Lemon Press
- Posts
- 😥 Удирдахад бэрх улс
😥 Удирдахад бэрх улс
Юнител Группийн дараагийн алхам | $AIC хувьцаагаа халаасална | Илон Маскийн ялагдал
POWERED BY
Өглөөний мэнд! Багадаа онгоц буудаж тоглодог байсан лимонууд байна уу? Энэ тоглоомыг анх 1900-гаад оны эхээр зохиогдсон гэж ярьдаг ч ямар нэг баттай эх сурвалжийн мэдээлэл байдаггүй аж. Хүмүүс анхандаа бидний бага нас шиг л харандаа, цаасаар тоглодог байсан бол цаг хугацааны явцад хөгжсөөр өдгөө онлайнаар өрсөлддөг болсон байна. Их ажлын өмнө толгой тархиа сэргээгээд ЭНД дарж онгоц буудаарай. 🎯🚢


MNG: Ерөнхий сайд Н.Учрал Rio Tinto (RIO)-той хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюу толгой төслийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж, төлбөрийн зардлыг $2.2 тэрбумаар бууруулснаа зарлав.
UB: Шинэ хотын даргыг ирэх Даваа гараг буюу 5 сарын 25-нд тодруулахаар товлов. Одоогийн байдлаар МАН-ын нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг хотын даргад санал болгосон сурагтай.
SWF: Өнгөрсөн онд Хуримтлалын санд ₮507.1 тэрбум, хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос ₮68.5 тэрбум тус тус төвлөрүүлж, иргэдийн нэрийн дансны хуримтлал ₮306.1 мянгад хүрчээ.

♟️ Дараагийн алхмаа хийх Юнител Групп

Энэ жил дижитал экосистемийг бүрдүүлэгч Юнител Группийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй талаар дуулсан уу? Тэгсэн өнөөдөр бүр Дашням, Балжинямтай гэдэг шиг тэд дараагийн алхмаа олон нийтэд зарлаж байгаа гэнэ дээ.
🟢 Түүхийн мөрөөр
Тэртээ 2006 онд харилцаа холбооны салбарт ногоон өнгөөр шинэ салхи оруулсан нэгэн оператор компани мэндэлсэн нь Юнител Групп байлаа. Тухайн цагт Монголын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 774.9 мянга байсан бол тэрний дараагийн жилд огцом 54.2% буюу 419.7 мянгаар өсөж 1.2 саяд хүрч байв. Энэ нь харилцаа холбооны салбарт тус групп өрсөлдөж эхэлснээс улбаатай аж.
📞 Тарифыг чөлөөлөв: Учир нь тэд 1 минут нь ₮220 байсан ярианы тарифыг ₮70-өөр хүмүүст санал болгож, 1 жилийн дотор хэрэглэгчдийн тоогоо 5.1 дахин өсгөж чаджээ. Эндээс хотод байсан утсаар ярих тансаг хэрэглээг бүх нийтэд хүртээмжтэй болгосон нь харагдана.
🇲🇳 Ямар нөлөө авчрав?
Эдийн засгийн хүрээнд зөвхөн улсад төлсөн татварын хэмжээг нь харвал Юнител Групп сүүлийн 20 жилд ₮1 их наядын татвар төвлөрүүлжээ. Энэ нь Монголын 2025 оны нийт татварын орлогын 3.7% тэнцэх хэмжээний томоохон дүн аж. Цаашлаад, тэдний байршуулсан 50 мянган км үргэлжлэх интернэтийн шилэн кабелийн тусламжтай зөвхөн Юнител Группийн хэрэглэгчдээс гадна олон нийт мэдээллээ түргэн шуурхай солилцох дэд бүтэцтэй болоод байна.
🌐 Дижитал экосистем
Юнител Групп 20 гаруй охин компанитай дижитал экосистемийг бүтээгч групп компани болсон. Тухайлбал, Юнител Групп гэх малгайн дор Монголд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн Юнивишн, хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг дамжуулагч DDISH, OTT үйлчилгээг анхлан танилцуулсан LookTV, супер апп Toki, байгууллагуудыг цахим шилжилтэд хөтлөх Nexmind, спортын төрөлжсөн телевизийн суваг PSN, eSports контентыг хүргэх ESN гэх мэт бизнес багтаж байна.
Эцэст нь… Монголын дижитал экосистемийг бүрдүүлэгч томоохон тоглогч болсон Юнител Групп цаашид тэр экосистемээрээ дамжуулан боломж, хүртээмжийг өргөжүүлж, хязгаарыг давж ажиллах гэнэ. За тэгээд ирэх өдрүүдэд ч дахиад олон сюрприз задрах нь тодорхой байна. 👀

🥊 Цагтаа “Шударга 5” нэрээр олонд танигдсан хүмүүс бүгд улс төрийн рингээс буулаа. (Ubn)
🕵🏻♂️ Доналд Трамп болон Ши Жиньпин нарын биеийн хэлэмжийг тайлбарлахуй. (NYTimes)
🇺🇸 Миннесота мужид суух Өргөмжит консулаар "Billy Sushi" томилогдлоо. (iKon)
💸 Google болон Blackstone хамтран AI үүлэн технологийн компани байгуулна. (Reuters)

📜 $AIC хувьцаагаа халаасална
AIC: Ард Даатгал ХК хувьцаагаа эргүүлэн худалдан авч халааслах тухай шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, нэгж хувьцааг ₮800 хүртэлх үнийн дүнгээр үнэлж, 3,750,000 ширхэг хувьцаа буюу нийт ₮3 тэрбумаар хувьцаа эргүүлэн худалдан авахаар төлөвлөсөн аж. Компанийн зүгээс тус шийдвэрийг хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хувьцааны үнийг тогтворжуулах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой хэмээн тайлбарлажээ. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар $AIC-н нэгж хувьцааны үнэ 7.3% өсөж ₮688.5-т хүрээд байна.

😥 Удирдахад бэрх улс

Их Британийн хамгийн богино буюу 45 хоногийн настай Ерөнхий сайд Лиз Трасс. Энэ бол одоогоос 4 жилийн өмнө хамгийн анх бичиж байсан нийтлэлүүдийн маань нэг. Түүнээс хойш Их Британийн Ерөнхий сайдаар 2 ч хүн солигдож, одоогийн Ерөнхий сайд Кир Стармер бас л огцрох уу, эс огцрох уу дээрээ туллаа.
🤨 Ямар гээч чөтгөр нь шүглэчихсэн юм бэ?
Нэгэн цагт дэлхийн парламентын алтан стандарт гэгддэг байсан Их Британийн улс төр сүүлийн 10 жил маш донсолгоотой цаг хугацааг туулж явна. Ялангуяа 2016 оноос хойш тус улсын Ерөнхий сайд нарын дундаж ажиллах хугацаа огцом богиноссон. Үүнийг шинэ цагийн улс төрч гэгддэг Маргарет Тэтчер Ерөнхий сайдын алба хашиж байсан үеэс хойш 2016 он хүртэл Ерөнхий сайдаар 5 хүн л ажиллаж байсантай харьцуулахад анхаарахгүй байхын аргагүй асуудал.
2016 оноос өмнө 🆚 дараа: Өөрөөр бол 2016 жилээс өмнөх 37 жилийн хугацаанд Их Британийн Ерөнхий сайд нар 7.5 жилийн насжилттай байсан бол түүнээс хойших 10 жилд ердөө 2 жилийн настай болоод буй.
📌 Товчхондоо Brexit-с хойш Их Британид урт хугацааны удирдагч гэхээсээ илүү хямралын менежерүүдийг л авч ажиллуулан, унагах аяндаа орчихсон гэлтэй.
❕ Нэн даруй огцор!
Риши Сунакийн дараа гарч ирсэн Кейр Стармер “Эмх замбараагүй байдлыг зогсооно” гэх амлалтаараа гарч ирсэн ч одоо тэр өөрөө тогтворгүй байдлын бэлгэдэл болж хувирсан. Дөнгөж 2 дахь жил рүүгээ орох гэж буй түүний суудал ийн дэнжгэнэх болсон нь энэ сарын эхээр болсон орон нутгийн сонгуульд Хөдөлмөрийн нам 1,460 суудал алдаж, түүхэн ялагдал хүлээснээс эхлэлтэй.
Одоогоор “Хойд зүгийн хаан” хочтой Энди Бөрнхэм Стармерын хамгийн дараагийн залгамжлагчаар яригдаж байгаа бөгөөд хэрэв тэр ирэх сарын нөхөн сонгуульд ялбал Стармерын Ерөнхий сайдын карьер дуусна хэмээн шаагилдах болжээ.
Эцэст нь… Ерөнхий сайд солигдох бүрд зөвхөн тэр хүн явдаггүй. Түүнтэй хамт бүхэл бүтэн кабинет, зөвлөхүүд, бодлогын багууд солигддог. Шинэ Ерөнхий сайд шинэ хүмүүсээ авчирна, шинэ сайд нар туршлагагүй, ажлаа эхнээс нь суралцах шаардлагатай буюу төрийн аппарат тэр чигтээ дахин суралцах шаардлагатай болдог. Энэ бол яг л одоогийн Их Британид өрнөж буй хямралын үндэс. Манайд ч ялгаагүй Ерөнхий сайд уналаа, шинэ сайд, шинэ баг, шинэ бодлогын чиглэлтэй болдог гашуун туршлага бий дээ.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэШинэ хотын даргыг ирэх Даваа гарагт тодруулах гэж байна. Одоогоор МАН-ын нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр яригдаж буй. Хэр оновчтой томилгоо гэж бодож байна? |


Nicolas Larenas
🍋 Hunnu Air Монголын анхны “Beechcraft King Air 360” турбопроп онгоцыг захиалжээ. Тус онгоцыг 2027 оны сүүлээр хүлээлгэн өгөх бөгөөд аялал жуулчлалын нислэг, VIP тээвэр болон Монгол доторх орон нутгийн чиглэлүүдэд ашиглах аж. Beechcraft King Air-г тээвэр, эмнэлгийн яаралтай тусламж, тандалт болон бизнесийн нислэг зэрэг олон төрлийн зориулалтаар түгээмэл ашигладаг гэнэ.
🍋 Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангана. Даргаа халсан нийслэл том ажлуудыг базсан хурал хийжээ. Сэлбэ хот орон сууцжуулах төсөл болон Дулааны V цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээс гадна түлшний нөөц бүрдүүлэх, татан авах зэрэг 11 үүргийг хангаж ажиллах гэнэ.
🍋 Илон Маскийн OpenAI-н эсрэг гаргасан нэхэмжлэл хэтэрхий оройтсон гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болов. Илон Маск 2024 оны эхээр OpenAI-г анх хүн төрөлхтний төлөө, ашгийн бус AI байгууллага гэж байгуулагдсан ч зорилгоосоо буцаж 2019 онд ашгийн төлөө байгууллага болсон хэмээн $150 тэрбумыг нэхэмжилж байв. Гэсэн ч тангарагтны шүүх Илон Маск энэхүү өөрчлөлтийг мэдэж байсан мөртлөө олон жилийн дараа шүүхэд хандсан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ.
🍋 Казахстан энэ жилийн сүүлээр Токио руу, ирэх жил Нью-Йорк руу шууд нислэгтэй болно. Угтаа тэд өнгөрсөн 3-р сард Японы шууд нислэгийг нээхээр төлөвлөж байсан ч хойшлуулж, Астана-Токио чиглэлийг IV улиралд нээхээр болсон аж. Мөн Казахстан одоогоор Америк руу шууд нислэг хийхэд шаардлагатай FAA Category 1 статустай болохоор ажиллаж байгаа бөгөөд 2026 оны 11-р сар гэхэд уг статусаа авах зорилт тавьжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply