• Lemon Press
  • Posts
  • 🤔 Тэтгэвэрт гарахад бэлэн үү?

🤔 Тэтгэвэрт гарахад бэлэн үү?

Төв банкны ашиг | Хаврын ногдол ашиг | Огцрох амархан

POWERED BY

Hey! Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар “Огцрох амархан” нэртэй жагсаал хүртэл болоод амжлаа. Гэвч сайд маань хүний урамд орлогоо нотлох эсвэл мэдэгдэл гаргах шинжгүй л байна даа. Яасан “амаргүй” цаг үед амьдарна вэ. Хорвоо, чи цүнх, машинд цадах болоогүй юу? 😏

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Өчигдөр УУББ-ээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 22.4%-ийн зэсийн агуулгатай зэсийн баяжмалыг амжилттай арилжааллаа. Үнэ нь тн тутамд $85-оор өсөж, нийт $9.8 саяар арилжигджээ.

POL: Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 2026 онд ₮33.5 их наяд, 2027 онд ₮35.6 их наяд, 2028 онд ₮39.1 их наяд байна

NSO: Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 17.5% өсөж ₮21.9 их наяд, валютын хадгаламж 20.1% өсөж ₮5.2 их наяд болжээ.

🚦 5 жилийн дараах ногоон өнгө 

Монголбанкны нийт хөрөнгө 2017 оноос хойш 150.4% өссөн байдаг. Харин ашигт ажиллагааны хувьд 2019 оноос хойш тасралтгүй алдагдал хүлээж байсан тэд өнгөрсөн онд эцэст нь нэг ₮306.2 тэрбумын ашигтай ажиллалаа

🧐 Ашиг яагаад чухал вэ? 

Монголбанк ашгийн төлөө байгууллага биш ч ашигтай ажиллах нь эдийн засгийн тогтвортой байдал, улсын төсвийн орлого, олон улсын нэр хүндэд эергээр нөлөөлдөг. Угаас тэд жилийн цэвэр орлогын хамгийн багадаа 40%-ийг Ерөнхий нөөцийн сандаа, хамгийн ихдээ 60%-ийг улсын төсөвт төвлөрүүлж буй.

  • 🔍 Юунаас хамаарах вэ? Монголбанкны ашигт ажиллагаа нь валютын нөөцийн хөрөнгө оруулалтын өгөөж, арилжааны банкнуудад олгосон зээлийн хүүгийн орлого, инфляц, ханшийн тогтвортой байдлыг хангах бодлогын зардал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.. 

  • 📈 Алдагдлын трэнд: Монголбанкны хамгийн өндөр алдагдалтай жилүүд буюу 2019-2023 онд нийт алдагдал нь ₮3.4 их наядад хүрсэн байдаг. Санаж байвал тус онуудад бодлогын хүү одоогийнхоос харьцангуй бага буюу 6%-д ч хүрч байсан. Уг нь бодлогын хүү бага үед зардал буурч ашигтай байх боломж нэмэгдмээр сэн. 

  • 😶 Өр шир: Нөгөө талдаа төв банк 2021 оны IV улирлаас хойш өөрт хамаарах гадаад өрөө багасгаж байгаа ч $1 тэрбумыг төлөхөөр байгаа юм. 

📑 Тайлангаас онцлох нь 

Мэдээж Монголбанк инфляцыг хянах, ₮-ийн ханшийг тогтвортой байлгахаас гадна банкны салбарыг зохицуулах, хянах үүрэгтэй. Энэ хүрээнд тайлангаас сонирхуулахад, 2024 онд банк хоорондын гүйлгээний дүн жилийн өмнөхөөсөө 45% өсөж их наядын хэмжүүрийг ч давж ₮1 квадриллион гэдэг дүнд хүрчээ

Эцэст нь… Ямартай ч Монголбанк маань олон жилийн алдагдлаасаа гарлаа. Одоо инфляцаа хөөрөгдүүлэхгүйгээр, сайн хянах, ₮-ийн тогтвортой байдлыг хангах том ажил байна даа. 

  • 👽 Цаадах чинь айхтар шүү. Хор ч, хоол ч болно. (HBR)

  • 🗺️ Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна. (Ulaanbaatar)

  • 💡 Nestle-н бизнесээ тэлэх будаг нь ханхалсан стратеги. (FoodBev)

  • 👑 Nvidia-н эрин үе эргэн ирлээ. (TechInAsia)

🤑 Хаврын ногдол ашиг

JGV: Жуулчин дюти фрий ХК 2024 оны жилийн эцсийн ашиг болох ₮1.3 тэрбумаас нэгж хувьцаанд ₮4,140 хуваарилна. Өөрөөр хэлбэл, компани өнгөрсөн оны ашгийн 21% буюу нийт ₮270.6 саяыг ногдол ашиг болгон хуваарилж байгаа аж. Цаашлаад, бүртгэлийн өдрийг 5 сарын 20-ноор тогтоож, 5 сарын 31-ний дотор ногдол ашгаа тараахаар болжээ.

🤔 Тэтгэвэрт гарахад бэлэн үү?

Алсын хараа-2050 амжилттай хэрэгжихийн цагт энэ мэдээг уншиж буй та бидний нас аль хэдийн явсан байх нь тодорхой. Энэ онд дэлхийн +65 насныхан 857 сая байгаа ч 2050 он гэхэд 2 дахин нэмэгдэх тооцоотой. Тэгвэл одоогийн тэтгэврийн тогтолцоо 2050 оны энэ өсөлтөд бэлэн үү?

🌎 Судалгаа тайлан 

Allianz-н судалгаанд дэлхийн 71 орны тэтгэврийн тогтолцооны бэлтгэлтэй, тогтвортой, ил тод байдлыг илтгэх Allianz Pension Index (API)-н дундаж оноо 3.7 буюу дийлэнх улсын тэтгэврийн сангийн тогтолцоо хангалтгүй үнэлэгджээ. Тэргүүлэгчдийн хувьд Дани, Нидерланд, Швед гэх мэт өндөр хөгжилтэй улсууд орох нь мэдээж. Харин сүүл мушигсан орнуудад Шри Ланка, Малайз, Лаос багтав. Энэхүү судалгаанд манай улсыг оролцуулаагүй ч хэрэв оруулсан бол эхний 71-т орох нь эргэлзээтэй.

👴🏻 Сард авдаг тэтгэвэр

Тэтгэврийн тогтолцоо нь хөгжсөн орны иргэд сард дунджаар $1,200-оос $2,800 хүртэлх тэтгэврийн авдаг бол хөгжиж буй орнуудад $100-оос $500 хооронд хэлбэлзэж байна. Урт хугацааны хуримтал, өндөр өгөөж, сайн зохицуулалт зэрэг нь тэтгэврийн тогтолцооны хөгжилд чухал. Манай улсын хувьд жил бүр тэтгэврийн хэмжээ инфляцаас хамаарч нэмэгдэхээр хуульд тусгагдаж, энэ жилээс тэтгэврийн дундаж хэмжээ ₮787 мянга буюу $220 болов.  

🇲🇳 Нөхцөл байдал

2024 онд НДС-гийн орлого өмнөх оноос 29.1% өсөж ₮5.6 их наядад хүрсэн бол зарлага 33.3% нэмэгдэж ₮5.4 их наядад хүрчээ. Тэтгэврийн даатгалын сангаас жилийн эцэст 509.5 мянган хүнд ₮4.7 их наядыг олгож, тэтгэвэр авагчид 12.5 мянгаар, тэтгэврийн хэмжээ ₮1 их наядаар тус тус өссөн аж. Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо дорвитой шинэчлэл хийлгүй удлаа. Эртхэн арга хэмжээ авахгүй бол хэцүү дээ. 

Эцэст нь… Тэтгэврийн тогтолцоо дээр ямар нэг шийдэл, реформ бидэнд агаар ус шиг л хэрэгтэй байна. Өнөөдөр орой 20:30 цагаас NTV-н Анализ шоу - Засаглал ба Зах зээл нэвтрүүлэг дээр энэ асуудлыг хариуцах салбарын сайд маань НД-ын хуулийн шинэчлэл, тэтгэврийн реформын тухай ярилцах нь. Сувгаа тааруулаад юу ярихыг нь чих тавин сонсъё доо.

₮2 тэрбум
НЗДТГ энэ онд гадаадын албан томилолтод ₮2 тэрбумыг төсөвлөжээ.
80% 
Үүний 80% буюу ₮1.6 тэрбум нь энэ оны эхний хагаст зарцуулагдахаар байна.
5-р сард
Харин энэ сард зарцуулах төсөв нь ₮190 сая бөгөөд үүнийхээ 80% гаруйг нь саяхан болж өнгөрсөн Унгарын томилолтод зарцуулчихсан сурагтай.

🤖 Зээлийн эрхээ AI-р тогтоолго

Янзтай мэдээ! 📢 Mobicom AI-д суурилсан систем ашиглан зээлийн эрхийг хамгийн дээд дүнгээр тогтоодог болжээ.

AI систем нь өр, орлогын харьцаанаас хамааран зээлийн эрхийг хурдан шуурхай, оновчтой тогтоох давуу талтай эд юм.

  • 💭 Яадаг зээл вэ? Улмаар ₮10 сая хүртэлх зээлийн эрх үүсэх бөгөөд энэ дүнд багтаан гар утас, таблет, дагалдах хэрэгсэл, интернэт төхөөрөмж гэхчлэн хэрэгцээт төхөөрөмжүүдээ нэг зээлийн гэрээгээр багцаар нь авах боломж бүрдэх нь.

  • 🫂 Ханьтай: Мөн баталгаат хугацаанд үйлдвэрийн гэмтэл үүссэн тохиолдолд Mobicom-н засварын төвийн мэргэшсэн инженерүүд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна шүү.

“Гэхдээ би Mobicom-н дугааргүй шүү дээ.” гэж бодох хэрэггүй дээ. Moibnet, Voo-н хэрэглэгч бол зээл авах эрхтэй. Эсвэл Mobicom-н шинэ хэрэглэгч болоод зээлийн эрхээ тооцуулаарай.

Unsplash

🍋 Bank of America (BAC) 2027 он хүртэл 150 шинэ салбар нээхээр төлөвлөжээ. Үүнээс 40-ийг нь энэ оны эцэс гэхэд, ирэх жилд 110-ыг нээх нь. Ийнхүү тус банкны 2016 оноос хойш шинэ болон хуучин салбарууд дээрээ бүтээн байгуулалт хийсэн дүн $5 тэрбум болж буй. Тэд банкны салбарууд бол үйлчлүүлэгчид болон банкируудын ярилцаж, ойлголцох уулзалтын талбар гэж үзэн цахим шилжилтийг үл ажран тэлсээр. 

🍋 Дулаалгын ажлыг орон даяар хэрэгжүүлж чадвал 2028 онд агаарын бохирдол 50%-иас дээш хэмжээгээр буурна. Энэ хүрээнд ЗГ гэр, байшингаа дулаалж эрчим хүчний хэмнэлт бий болгосон иргэдэд ХХОАТ-аас ₮15 саяыг буцаан олгох, энэ чиглэлийн ногоон зээлийн нөхцөлийг 60 сар хүртэл сунгах, одоо олгож байгаа ногоон зээлийн хүүгийн татаасны хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм гэнэ. 

🍋 Саудын Араб Америкт $600 тэрбумын хөрөнгө оруулахаа амлав. Эндээс Саудын Араб энэ оны батлан хамгаалахын төсвөө 2 нугалсан дүн болох $142 тэрбумаар Америкийн 10 гаруй батлан хамгаалахын салбарын компаниудаас зэвсэг, үйлчилгээ худалдан авах аж. Үүний хариуд Дональд Трамп Сирид тавьсан бүх хоригийг цуцлах юм. Гэснээс Саудын Арабын энэ оны төсвийн алдагдал $67 тэрбум болох төлөвтэй. 

🍋 ЗГХХГ Монгол Улсын хөгжлийн бодлогын Үнэлгээний чадавхын индексийг тогтооно. Улмаар Монголын хөгжлийн бодлогын үр дүн сайжирч, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоод болон гаднын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх аж. Тэгвэл эхний ээлжид нийт 146 байгууллагыг хамруулан тус индексийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулсан байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.