- Lemon Press
- Posts
- 🇰🇷 Солонгост сурдаг оюутнууд олширсоор
🇰🇷 Солонгост сурдаг оюутнууд олширсоор
Оньсого: Гарах нь орохоосоо илүү тэр юу вэ? | $QPAY: ЦА өсөж, НА олгоно | ОУСК х $KHAN
POWERED BY
Өглөөний мэнд! Алдарт Berkshire Hathaway (BRK-B)-н бэлэн мөнгө өнгөрсөн улирлын байдлаар $382 тэрбумд хүрчээ. Энэ нь өмнөх улирлаас 10.9% өссөн дүн бөгөөд онолын хувьд S&P 500 (^GSPC) индексийн томчуудыг тооцохгүйгээр 480-ыг нь худалдан авахад хүрэлцэх хэмжээний мөнгө гэнэ шүү. 💸


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Засгийн газар ирэх онуудад үндсэн төлөлт нь хийгдэх гадаад бондуудыг дахин санхүүжүүлэхээр 6 жилийн хугацаатай шинэ бондын мэдээллийг өнөөдрөөс томоохон банкнуудад танилцуулахаар төлөвлөжээ.
IFC: Олон Улсын Санхүүгийн Корпораци ХААН Банк ХК (KHAN)-д $280 саяын санхүүжилтийн багц олгохоор төлөвлөж байна.
MPP: МАН 105 жилийн ойн баярын зохион байгуулалт, бэлтгэл ажлаа хэлэлцэхээр бага хурлаа 2 сарын 27 буюу энэ Баасан гарагт хуралдахаар товлов.

🤯 Аялаад байна уу, аялуулаад байна уу?

Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарыг экспортын гол орлого боллоо хэмээн зарлав. Бадрангуй байх чинь ээ, үнэхээр ийм зүйл боллоо гэж үү?
❌ Энгийнээр харвал тийм ээ
Өнгөрсөн 1-р сард Монгол Улс 44,767 жуулчин хүлээн авч, тус сарын түүхэн өндөр үзүүлэлтийг тогтоолоо. Уг тоо 2 сарын 10-ны байдлаар 60,638-д хүрээд буй. Нэмээд өнгөрсөн онд 847 мянган жуулчин хүлээн авсан нь Ковид-19-ийн өмнөх үе буюу 2019 оноос 46.7% өссөн дүн. Ингээд харвал манай аялал жуулчлалын салбар үнэхээр алаад байна уу гэлтэй. Гэхдээ бодит байдал нь тийм биш ээ.
‼️ Ухаад харвал ондоо
Экс Соёлын сайд Ч.Номин 2023 онд 690 мянган жуулчин хүлээн авч $1.2 тэрбумын орлого оллоо гэж зарлаж байлаа. Гэвч энэ салбар хэзээ ч ийм их орлого олж байгаагүй. Төлбөрийн тэнцэл дэх аялал жуулчлалын дансны орлогыг харвал 2025 онд $728.4 саяын орлого олсон нь түүхэн дээд амжилт. 2023 онд $531 саяын орлого л чүү ай олж. Яаж бодохоор бодит тоо 2 нугардаг юм бол доо.
🔻 1 жуулчны зарцуулалт буурлаа: Бас нэг анхаарах тоо нь хэдий олон жуулчин ирсэн ч 1 жуулчинд ногдох дундаж зарцуулалт 2019 оныхоос $20-оор буурав. Уг нь инфляцаас шалтгаалаад бүхий л зүйлийн үнэ өссөн байхад яагаад ингэж буурсан нь сонирхолтой.
📌 Оньсого: Гарах нь орохоосоо илүү
Аялал жуулчлалын салбар маань орлого оллоо гээд баясаад байгаа боловч аялал жуулчлалаар гадагшаа урсгаж байгаа мөнгө бүр их. 2025 онд монголчууд аялал жуулчлалын зорилгоор гадагшаа явж $1.7 тэрбумыг зарцуулсан байна. Олсон орлогоос 2.4 дахин их дүн шүү дээ. Экс сайд маань зардлаа орлоготойгоо андуурсан бололтой юм.
Эцэст нь… Ийм алдагдалтай ажиллаж байгаа салбарыг экспортын гол орлого боллоо гэж зарлах нь ч хаашаа юм. Гэлээ гээд сүүлийн хэдэн жилд хэзээ хэзээнийхээс олон жуулчин ирж байгааг үгүйсгэх нь ч хаашаа юм. Нэг талаас улс төрчид маань попрохгүй бодит тоо баримтаа үнэн зөвөөр танилцуулдаг баймаар. Нөгөө талаас хамаг төсвийн мөнгө үрж Монгол руу авхуулсан даллагууд нь яг үр дүнтэй байсан уу гэдгийг дүгнэх цаг иржээ.

👀 Дэлхийн хамгийн том Монгол дээл. (ЧХҮМ)
🪬 Монголд хөрөнгө оруулагчид яагаад эргэлзэж байна вэ? (MineProTV)
🧐 Зээл авахдаа санхүүчид 100% итгэж болох уу? (Ubn)
🕸️ Америкийн компаниудын CEO нарын цоо шинэ толгойн өвчин. (BusinessInsider)

✅ $QPAY: ЦА өсөж, НА олгоно
QPAY: 2025 онд Инновэйшн Инвестмент ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 34% өсөж ₮13.4 тэрбумд хүрчээ. Үүнд компанийн нийт орлого 45.3%, хүүний орлого 25.6% нэмэгдсэн болон хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн олз ₮685.7 саяд хүрсэн нь томоохон нөлөө үзүүлсэн аж. Ташрамд, $QPAY 2025 оны цэвэр ашгаас ₮9.2 тэрбум буюу нэгж хувьцаанд ₮50-ийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 8.7% өсөж ₮284.3-т хүрчээ.

🇰🇷 Солонгост сурдаг оюутнууд

Зүүн Азид хөгжлөөрөө толгой цохидог Солонгост олон орны нэлээдгүй оюутнууд суралцдаг. Тэгсэн сүүлийн жилүүдэд оюутнуудын тоо огцом нэмэгдэх болсон гэнэ шүү. Энэ дунд монгол оюутнуудын тоо ч ихээхэн өссөн аж.
📈 305.8 мянгад хүрэв
Солонгосын Хууль Зүйн яамны өнгөрсөн 1-р сард гаргасан мэдээллээр, мэргэжил эзэмших D-2 болон хэлний бэлтгэлийн D-4 визтэй гаднын иргэдийн тоо 305.8 мянгад хүрсэн нь 2023 оноос 50% өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь гадаад оюутанд олгох тэтгэлэг, төгссөний дараах ажлын байрын боломж нэмэгдсэнтэй холбоотойгоос гадна Солонгосын соёлын нөлөө ихээр нөлөөлж буй аж.
🌏 Улс орнууд: Суралцаж буй гадаад оюутнуудыг Вьетнамчууд тэргүүлж буй бөгөөд нийт 37.9% буюу 115.9 мянгыг бүрдүүлжээ. Үүний дараа удаах байранд 25.2%-ийг эзлэх Хятад оюутнууд орсон бол гутгаарт 6.6%-ийг бүрдүүлэх Узбекстан бичигдсэн аж.
🇲🇳 Манай оюутан: Солонгост нийт 19 мянга гаруй монгол оюутнууд суралцаж буй нь нийт оюутнуудын 6.2%-тай тэнцэж байна. Сонирхуулахад, сүүлийн 8 жилд Солонгост суралцаж буй манай оюутны тоо 2.6 дахин өсжээ.
💔 Ирээдүйн хямрал
Гадаадаас Солонгост суралцаж буй оюутны тоо өсөж буй нэг талаар сайн хэрэг ч нөгөө талаар ирээдүйд Солонгосын их дээд сургуульд суралцах хүүхдүүдийн тоо буурах хандлагатай байна. Тухайлбал, ирэх 3-р сард Солонгос даяар 298.2 мянган хүүхэд бага сургуульд элсэн орох төлөвтэй байгаа нь жил бүр 450-500 мянган оюутан хүлээн авах чадалтай боловсролын системд цаашид элсэлтийн томоохон асуудал нүүрлэх эрсдэлтэйг харуулах аж.
Эцэст нь… Солонгост урт хугацаанд оршин суух F-4 болон F-5 визтэй гадаад иргэдийн тоо өссөөр байгаа. Мөн эдгээр иргэдийн Солонгос хүмүүстэй гэрлэх явдал өссөөр 188 мянгад хүрсэн аж. Тэдний дийлэнх нь Хятад, Вьетнам, Филиппинээс ирсэн бөгөөд эдгээрээс гадна Монголчууд ч Солонгос хүмүүстэй багагүй гэрлэж байгаа гэнэ. 💍

Гэснээс өдөр бүр бидэн рүү ээдэг алтан нар маань халуун дулаанаар төөнөөд зогсохгүй өөр нөлөө үзүүлдэг талаар бодож байв уу? 🧐

Tenor
☀️ Үнэндээ нар нь дуу чимээ гаргадаг бөгөөд энэ нь даралтын долгионы хэлбэртэй байдаг. Эдгээр долгионууд нь нарны гүнээс дээшээ хэдэн зуун мянган миль/цагийн хурдтай хөдөлж буй халуун хийний том хөндийнүүдээс үүсэж, эцэст нь Нарны гадаргуу руу гардаг бөгөөд шинжлэх ухаанчид эдгээр долгионыг ашиглан нарны дотоод бүтцийг судалдаг аж.
Гэхдээ эдгээр долгионы урт маш урт, хэдэн зуун мильд хүрдэг тул бид тэднийг сонсож чаддаггүй байх нь.

📶♾️ Утас аваад жилийн турш дататай

Hey! Гар утсаа шинэчлэх бодолтой байгаа бол анхаарлаа нааш! Unitel тун дажгүй нөхцөлтэй гар утасны урамшуулал зарлажээ. 👀📢
Урамшууллын хүрээнд Unitel-н салбарууд болон Toki апп-аас гар утас худалдан авсан хүн бүрд үнийн дүнгээс шалтгаалан бүтэн жилийн турш хэрэглэх дата бэлэглэх нь.
📲 Сар бүр дататай: ₮1 саяас дээш шаталсан үнээр гар утас худалдан аваад сарын турш ашиглах 3GB-30GB хүртэлх дата бэлгэнд авах боломжтой. Ингэснээр та жилд 36GB-360GB хүртэлх датаг бэлгэнд авах нь ээ.
💡 Сонирхуулахад, Монголчуудын сарын дундаж дата хэрэглээ 2024 онд 15.9 GB-д хүрч байж. Тэгвэл Unitel-с ₮3.2 саяас дээш үнээр гар утас худалдан аваад сар бүр үүнээс 2 дахин их буюу 30GB дата бэлгэнд авах нь байна шүү дээ.
Мэдээж гар утасны брэндийн хувьд Samsung, Apple, Huawei тэргүүтэй өргөн сонголттой гэсэн шүү.
📆 Урамшуулал үргэлжлэх хугацаа: 3 сарын 5 хүртэл


Skift
🍋 Uber (UBER) агаарын такси үйлчилгээний Joby Aviation-той хамтран хот дотор нисдэг тэрэгний үйлчилгээ нэвтрүүлнэ. Joby Aviation-н хувьд дэлхий даяар агаарын такси үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой бөгөөд 2020 онд Uber-н агаарын такси төслийг хариуцдаг нэгжийг худалдан авсан бол өнгөрсөн онд Blade Air Mobility-г $125 саяар худалдан авчээ. Улмаар тэд үйлчилгээндээ CO₂ бага ялгаруулдаг, дуу чимээ багатай нисдэг тэргүүдийг нэвтрүүлэх сурагтай.
🍋 НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ төлөөлөгч Беате Дастел ЗГ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ амлав. Тэрээр олон улсын хөгжлийн салбарт 23 жилийн турш ажилласан туршлагатай бөгөөд Косово, Бурунди, Бутан, Лаос, Джибути улс дахь НҮБ-ын Хүүхдийн Санд мэргэжилтнээс Шадар Суурин төлөөлөгч, Суурин төлөөлөгч хүртэлх албыг хашсан туршлагатай нэгэн аж.
🍋 Дональд Трамп дэлхий даяар ногдуулсан 10%-ийн тарифыг 15% болгон нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь Америкийн Дээд шүүх түүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж тарифын бодлогыг хүчингүй болгох шийдвэр гаргасны дараах мэдэгдэл юм. Энэ удаад Трамп Америкийн Худалдааг өргөтгөх тухай хуулийн 122-р заалтын дагуу тарифын дээд хэмжээг 15% болгон тогтоохоор болжээ.
🍋 Нийслэлийн орон сууцны корпораци Өмнөд Солонгосын Mocuratec компанитай хамтран туршилтын төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд талууд Улаанбаатарын гэр хороолол болон сонгосон бүсүүдэд Лити-ион зай хураагуурт суурилсан контейнер хэлбэрийн эрчим хүчний хадгалах систем суурилуулах аж. Улмаар дулаан хангамжийг дэмжих, оргил ачааллыг бууруулах, цахилгаан сүлжээний тогтвортой байдлыг хангах юм гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply