• Lemon Press
  • Posts
  • 🌪️ Донсолгоотой хэлцэл

🌪️ Донсолгоотой хэлцэл

Цалингийн зээлийн өөрчлөлт | $HOOD: Тэнгэрээс дээш 12.3% | Шинэ сайд

POWERED BY

Ахмадын баярын мэнд! Монголын нийт хүн амын 9%-ийг ахмадууд эзэлдэг. 40.1% нь эрэгтэйчүүд, үлдсэн 59.8% нь эмэгтэйчүүд ажээ. Хамгийн өндөр настай буурай 107 насыг зооглож байгаа гэнэ шүү. За тэгээд лимонууд маань ойр хавьд байгаа ахмад настнууддаа баярын мэнд хүргээрэй. 👴🏻😁

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE) компанийн бонд анхдагч зах зээлд худалдсан талаас арилжааны шимтгэлийг 90%, ХБҮЦ-ны анхдагч зах зээлд худалдсан талаас арилжааны шимтгэлийг 50% тус тус бууруулжээ

BOM: Ирэх онд төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, stable coin-г төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалгааг эхлүүлнэ.

GOV: Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэлийн бага хурал хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо.

🫣 Зээлээс зээл

Ойрд хадгаламж болон зээлийн хүү хэр өөрчлөгдөж байна вэ? Юутай ч хаа сайгүй зээлийн эрэлт хэрэгцээ байгаа буюу шинээр олгосон зээлийн хэмжээ нэмэгдсээр байна даа. 

🔺 10%-иас буухгүй

Том зургаараа бодлогын хүүгийн хувьд 5 жилийн өмнөөс буюу 2022 оны 6-р сараас хойш 10%-иас доош буугаагүй. Тэгэхээр зээлийн болон хадгаламжийн хүү ч сүүлийн 5 жилд 10%-20%-ийн хооронд хэлбэлзэж буй. Тодруулбал, 2023 оны 9-р сард буюу бодлогын хүү 13% байх үед ТОП-5 банкны энгийн 1 жилийн хугацаатай, ₮-ийн хадгаламжийн дундаж хүү 12.2% байсан бол одоо 12% байна. Харин зээлийн хүү буурах биш улам өссөөр.   

  • 📌 Бага өсөлт, гэхдээ: Цалингийн зээлийн хувьд л гэхэд ХХБ (TDB)-наас бусад банкны хүү өссөн аж. Гэхдээ $TDB-н зээлийн доод болон дээд хүүгийн зөрүү хамгийн хол буюу 5.4 нэгж хувь. Өөрөөр хэлбэл, ТОП-5 банкны цалингийн зээлийн хүү 2 жилд дунджаар 1.3 нэгж хувь өссөн буюу ₮30 саяын зээлийг 30 сарын хугацаатай авлаа гэхэд өмнөхөөсөө ₮975 мянгаар илүү хүү төлдөг болжээ. 

  • 📈 Хаа сайгүй өсөлт: Цаашлаад банкнуудын ААН-үүдэд шинээр олгосон зээлийн хүү ч улирал тутамд өсөж буй. Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар ХАА-н салбараас бусад салбарт олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх улирлаасаа 1.1 нэгж хувиар нэмэгдсэн аж. 

‼️ Зээл хэрэгтэй

Нэрлэсэн цалин өссөөр байгаа ч инфляц өндөр хэвээр байгаа тул худалдан авах чадвар сайжрахгүй байгаагаас гадна зээлийн хэрэгцээ өндөр хэвээр. Зөвхөн банкнуудын зээл олголтоос гадна ББСБ-уудын ч нийт зээлийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 45.4%,  2021 оноос 4.2 дахин буюу ₮5.1 их наядаар нэмэгдэж, хүү нь ч өссөөр байна. 

Эцэст нь… Зээлийн эрэлт нэмэгдэж хүү нь буурахгүй, өсөх хандлагатай байгаагийн цаана инфляц, импортын барааны үнийн өсөлт, ханшийн сулрал гээд эдийн засгийн өргөн хүрээний хүчин зүйлс нөлөөлж байна даа. 

  • 🍇 Хүнсээрээ эрүүл мэндээ дэмжих нь… (DailyMail)

  • 🛂 Виз, зөвшөөрөл, харьяаллын үйлчилгээг AI чатботоор авах боломжтой болж. (ГИХГ)

  • 😪 ДЦС-5 төслийг өнөө Камбожийн компаниар л гүйцэтгүүлнэ гэнэ дээ. (Ikon)

  • 📝 Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байгаа гэнэ. (Mongolia)

🪽 $HOOD: Тэнгэрээс дээш 12.3% 

HOOD: Саяхан S&P 500 (^GSPC) индексэд багтсан Robinhood-н нэгж хувьцааны үнэ 12.3% өсөж $136.7-т хүрснээр хувьцааны үнэ бүх цагийн үеийн дээд үнээ шинэчлээд байна. Тус өсөлтөд криптовалютаас олсон орлого өнгөрсөн улиралд мөн үеэс 98% нэмэгдэж $160 саяд хүрсэн болон 2.3 сая шинэ данс нээгдсэн зэрэг нь томоохон нөлөө үзүүлжээ.  

🎮 $EA-г баялгийн сан базна 

Видео тоглоомын хорхойтнуудын эртний танил Electronic Arts (EA) бүтцээ өөрчилж хаалттай компани болохоор нэгэнт шийджээ. Энэхүү үйл явдал нь дан ганц видео тоглоомын салбар гэлтгүй бизнесийн ертөнцийг донсолгоод байна.  

💰 Донсолгосон хэлцэл

Одоогоос 34 жилийн өмнө үүд хаалгаа нээсэн $EA-г $55 тэрбумаар Silver Lake, Affinity Partners болон Саудын Арабын Баялгийн Сан (PIF)-гууд худалдан авахаар болсон нь урьд өмнө нь байгаагүй хамгийн өндөр дүнтэй компанийн хэлбэрээ өөрчилж буй хэлцэл аж. Ингэхдээ хөрөнгө оруулагчдаас $EA-н нэгж хувьцааны үнийг $210-оор тооцон худалдан авахаар болжээ.

  • 💼 Шинэ эзэд: Silver Lake сан нь Хойд Америк, Европ, Азид нийт $110 тэрбумын хөрөнгийг удирддаг бол Доналд Трампийн хүргэн Жаред Кушнерын үүсгэн байгуулсан Affinity Partners сан нь $5.4 тэрбумын хөрөнгийг удирддаг гэнэ. 

🇸🇦 PIF-н цар хүрээ

PIF нь бизнесийн 13 салбарт, 220 компанид хөрөнгө оруулсан бөгөөд нийт $925 тэрбумын хөрөнгийг удирддаг аварга сан юм. Энэ олон компани дунд Saudi Aramco (2223.SR), Tesla (TSLA), Berkshire Hathaway (BRK-B) гэх мэт томчууд багтаж байна. Үүнээс гадна Английн хөлбөмбөгийн Newcastle United-г 2021 онд £300 саяар худалдан авсан аж.

  • 🦈 Энтертайнмент акул: Мөн eSport-н Savvy Gaming Group, ESL, FACEIT, Scopely зэрэгт хөрөнгө оруулсан тэд энэ удаад $EA-н хамгийн том хувьцаа эзэмшигч болсноор видео тоглоомын салбарын хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин баталлаа.

Цаашид… Алдарт EA Sports FC, The Sims, Madden NFL, NBA Live гэх мэт олон тоглоомууд илүү сайжрах уу, эсвэл уруудах уу гэдэг олон хүний анхаарлыг татаж байна даа. Айлын хүүхдүүдийн баялгийн сан ийм айхтар хөрөнгө оруулалтыг хийж явж байгаа бол манай үлгэр домог шиг баялгийн сан маань юу хийж явдаг юм бол доо. 😅

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Соёл, спорт, аялал жуулчлалын салбарынхан маань “Go Mongolia”-н үр дүнд Монголын эдийн засгийн эргэлт ₮6 их наядаар өссөн гэлцэж буй. Энэ тал дээр таны байр суурь?

Login or Subscribe to participate in polls.

Dribbble

🍋 OpenAI ChatGPT хэрэглэгчид Etsy (ETSY), Shopify (SHOP)-с худалдан авалт хийх боломжтой шинэ функц нэвтрүүлэв. Ийнхүү OpenAI ChatGPT-н 2.5 тэрбум хэрэглэгчдээс шинэ орлогын эх үүсвэр бий болгож буй. Гэснээс, OpenAI энэ оны эхний 6 сард $4.3 тэрбумын орлого олсон бол $2.5 тэрбумын зардалтай ажиллажээ.

🍋 Энэ оны 9-р сарын байдлаар ипотекийн зээл авах ₮4.9 их наядын шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагдаад байна. Эргэн харвал, Монгол Улс ипотекийн зээл олгож эхэлснээс хойш буюу сүүлийн 12 жилийн хугацаанд 139 мянган өрхөд нийт ₮10.1 их наядын л ипотекийн зээл олгоод буй. ЗГ-аас энэ эрэлтийг шийдвэрлэх арга хэмжээ авах үед жилд 2 оронтой хувиар өсдөг орон сууцны үнэ тэнгэрт хадах нь ойлгомжтой. 

🍋 Хятадын ЗГ хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ дэмжих ¥500 тэрбумын санхүүгийн хэрэгсэл гаргана. Үүнийг голчлон эдийн засгийн нөхцөл байдлаас болж гацаанд ороод буй барилга, үйлдвэрлэл, жижиглэн худалдааны салбарын төслүүдэд хуваарилах аж. Тодруулбал, Хятадын үйлдвэрлэлийн салбар энэ оны 9-р сард 6 дахь удаагаа тасралтгүй агшаад байгаа. 

🍋 Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна. Одоогоор тэдгээр байгууллагуудын 90% орчим нь ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд ₮ тэрбум тэрбумын орлого олоод эхэлсэн гэнэ дээ. Онцолбол, нийтийн тээврийн салбар энэ онд ₮70 тэрбум гаруйн ашигтай ажилласан бөгөөд ирэх онд энэ дүн 40% өсөх боломжтой гэнэ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.