- Lemon Press
- Posts
- 🇷🇺🇲🇳 Нислэгийн тоо өснө
🇷🇺🇲🇳 Нислэгийн тоо өснө
Бичил 4.0 ХБҮЦ - Чингис хаан бирж | Аяллын үнэнч анд: Дата eSIM | $HSG-н сонирхлын зөрчил
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Он гараад автобусаар зорчих үнэ ₮1,000 болно гэнэ. Өдөрт 1 удаа төлөөд хугацаа хамаарахгүй 4 удаа зорчиж болох аж. Алдагдалтай л юм шиг санагдах юм. Юутай ч автобус, нэгжний үнэ л хэвээрээ байсан хорвоод нэгжний үнэ л хэвээр үлдлээ дээ. 😅
UB: Нийслэлийн 2025 оны төсвийн орлогыг ₮3.8 их наядаар төлөвлөж, нийслэлээс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаар шинээр өргөн барив.
CHEX: Бичил глобус финанс ББСБ-ын гаргаж буй 18%-ийн хүүтэй, ₮20 тэрбумыг татан төвлөрүүлэх Бичил 4.0 ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ. Тус ХБҮЦ нь Чингис хаан биржээр арилжаалагдаж буй.
"Lemon Press Awards" 2024 🎉
Оны бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах "Lemon Press Awards"-г 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа билээ. Санал асуулга 12 сарын 26 буюу Пүрэв гаргийн 13:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг дахин сануулъя. Эрхэм уншигч та нэр дэвшигч тус бүрийн дэлгэрэнгүй үндэслэлийг ЭНД дарж уншин саналаа өгөөрэй. 🍋
Шинэ бүтээгдэхүүн ➡️ Тэлэлт
Шинэ жил айсуй. Айл болгоны баярын ширээг Газар Шим Үйлдвэр (GAZR)-ийн салат, даршилсан өргөст хэмх чимдэг дээ. Тэгвэл тэд ирэх онд шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байна. Энэ нь $GAZR-н бизнест яаж нөлөөлөх вэ?
📈 Одоогийн нөхцөл байдал
Газар Шим Үйлдвэрийн цар хүрээ 2023 оны 3-р сард IPO хийснээсээ хойш нэлээд тэлж байгаа. Тодруулбал, тэдний энэ оны эхний хагас жилийн цэвэр борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 20.8% нэмэгдэж ₮20.9 тэрбумд хүрснээр цэвэр ашиг нь 35.1% өсөж ₮5 тэрбумын босгыг даваад байна. Нэмээд компани өнгөрсөн 25 жилийнхээ түүхэд нийт 100 сая шил бүтээгдэхүүн борлуулсан гэж байгаа.
🆙 Төрөлжилт = Өсөлт: Харин ирэх оноос эхлэн майонез, кетчуп, халуун ногоотой чили соус, паста соус, шимт хүүхдийн жимс ногооны нухшийг Монголдоо үйлдвэрлэж эхлэх аж. Энэ нь тэдэнд борлуулалтын сувгаа өргөжүүлэх, брэндийн үнэ цэнийг өсгөх, зах зээлийн өрсөлдөөнд илүү том байр суурь эзлэх зэрэг давуу талыг бий болгох юм.
Импорт 🔻: Харж байгаачлан тэдний шинэ бүтээгдэхүүнүүд түлхүү импортын бүтээгдэхүүн. Нэг өрх сард дунджаар 1 сав кетчуп хэрэглэдэг гэвэл жилд ойролцоогоор ₮35.4 тэрбум гадагшаа урсаж байгаа хэрэг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монголдоо стандартын дагуу үйлдвэрлэж, илүү хямд үнэ санал болгосноор импортын хамаарлыг бууруулах юм.
Аюулгүй байдал №1: Түүнчлэн манай импортын хяналт шалгалтын тогтолцоо сул учир хүнсний аюулгүй байдлын асуудал байнга яригддаг. 2021 онд хүнсний нийт 773 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 41.1% нь лабораторид огт шинжлэгдэхгүй байгааг тогтоосон. Үүнд эрсдэлтэй хүнсний бараа багтаж байна. Харин $GAZR-н бүтээгдэхүүнүүд MNS ISO 17025 стандартын дагуу шалгагдаж буй.
Эцэст нь… Өргөст хэмх, салат, Артишокоороо танигдсан Газар Шим Үйлдвэр сагсаа нэмж бизнес болон зах зээл дэх байр сууриа тэлэх нь ээ. Энэ нь тэдний хөрөнгө оруулагчдын хувьд ч хэрэглэгчдийн хувьд ч таатай мэдээ болж байна даа.
⚠️ Сонирхлын зөрчил
HSG: Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хөсөг трейд ХК сонирхлын зөрчилтэй хэлцлийг баталлаа. Тодруулбал, Милко ХХК болон ХААН Банк (KHAN) хооронд байгуулсан ₮25 тэрбумын хөрөнгө оруулалтын зээлийн эрхийн дүн ₮20.3 тэрбум болж буурсан тул Хөсөг трейд ХК тус зээлд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн $HSG Милко ХХК-ийн ХААН Банкнаас авах 52 сарын хугацаатай, жилийн 15%-ийн хүүтэй ₮4.7 тэрбумын зээлд ч мөн барьцаа өгөх аж. Сонирхуулахад, Милко ХХК нь ТЭСО Группээс хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үүсэн байгуулагдсан билээ.
🔮 Аяллын үнэнч анд: Дата eSIM
Сурагчдын өвлийн амралт эхэлж Монголчуудын өвлийн аялал ч албан ёсоор эхэллээ дээ. Уншигчид маань гадагш аялахдаа датагаа хэрхэн шийдэж байна?
😎 Амар шүү дээ
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар eSIM тэр дундаа гадаадад ашиглах боломжтой, биет бус, дижитал сим картын үйлчилгээ нэлээдгүй алдаршиж буй. Түүхийн өмнө гэдэг шиг 2 өөр операторын сим ашиглахын тулд 2 утас баридаг хүн цөөнгүй байсан бол одоо eSIM дэмждэг утастай байхад л хангалттай болж дээ. Харин ОУ-д ашиглах боломжтой eSIM-н тухайд дэлхийн хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой гэдгээрээ тун дажгүй эд.
🆙 Өсөн нэмэгдэх хэрэглэгчид
2024 оны хагас жилийн байдлаар Монголын үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.9 сая, хөдөлгөөн өргөн зурвас буюу дата хэрэглэгчдийн тоо 4 сая болоод буй. Үүний 36.2%-ийг Мобикомын хэрэглэгчид бүрдүүлдэг гэхээр Монголд 1.7 сая хүн тус операторыг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байна гэсэн үг.
🌐 Мобикомын Global Data eSIM-н хувьд: 200 гаруй улсад ашиглах боломжтой төдийгүй багцын олон сонголттой, Мобиком апп-аас татаад идэвхжүүлчих боломжтой.
🤑 Төлбөрийн нөхцөл: Харин дата багцаа өөрийн хэрэглээ, аяллын хугацаандаа тохируулан сонгоод төлбөрөө ₮-өөр төлөхийн сацуу дата хэрэглээгээ апп-аараа хяначихна гэж байгаа. Мэдээж тус үйлчилгээг ашиглахын тулд утас тань eSIM дэмждэг байх хэрэгтэй. ЭНД-ээс утсаа eSIM дамждаг эсэхийг харж болно шүү.
👀 Монголчуудын дата хэрэглээ
Цаашлаад, сүүлийн жилүүдэд монголчуудын сарын дундаж дата хэрэглээ хурдацтай өсөж байгаа. Тодруулбал энэ оны хагас жилд л гэхэд өнгөрсөн жилээсээ 2.6 GB-р нэмэгдэж 15.9 GB болоод буй. Мэдээж дотоодод ашигладаг шигээ гадаадад ч тийм хэрэглээтэй байвал төлбөр нь талийна. Тиймээс аялагчдын хамгийн их дата зарцуулдаг апп-уудыг сонордуулъя.
Юмыг яаж мэдэх вэ? Гадаадад аялж байх үедээ олон нийтийн Wi-Fi ашиглахдаа болгоомжтой хандаж байгаарай. Учир нь хэн ч нэвтрэх боломжтой нээлттэй Wi-Fi ашиглаж байгаа тул сошиал хаягаа алдах цаашлаад цахим халдлагад өртөх эрсдэлтэй байдаг шүү. За тэгээд аялахаар төлөвлөж буй, аялаж буй уншигчид минь сайхан аялаад ирээрэй. 😊
Excel дээр Ctrl+Shift ашиглан мэдээллийг идэвхжүүлэх хялбар аргуудыг зааж өгье. 👇
4 зүгт: Эхний шаардлагатай нүдийг сонгож Ctrl+Shift товчийг дарж бариад, дараа нь ⬇️ сумыг дарахад тухайн баганын доод талын бүх нүд сонгогдоно. Энэ арга нь ⬆️➡️⬅️ чиглэлүүдэд ч үйлчлэх юм. Мөн хос хосоор нь сонгосон ч болно шүү.
Ёроол руу: Харин Ctrl+Shift+End товчийг ашиглан хамгийн доод нүд рүү шилжих бөгөөд эхний идэвхжүүлсэн нүднээс доош бүх нүд сонгогдоно.
Эцэст нь: Хүснэгт дэх бүх мэдээллийг багц багцаар нь сонгох бол Ctrl+Shift+* командыг ашиглаарай.
1Lurer
🍋 Gazprom (GAZP.ME) Европын худалдан авагчдаа Азийн хэрэглэгчдээр солино. Энэ хүрээнд тэдний шинэ дайран өнгөрөх маршрут нь ирэх 10 жилд Монгол болон Хятад, Энэтхэг тэргүүтэй орнууд руу чиглэх аж. Цаашлаад Gazprom Турк, Хятад тэргүүтэй ЕХ-ноос бусад орнууд болон Беларусь, Казакстан тэргүүтэй Социалист орнууд руу нийлүүлэлтийн сувгаа нэмэх гэнэ.
🍋 Дональд Трамп TikTok-г Америкийн зах зээлээс гаргах бодлогын эсрэг зогсов. Учир нь түүний ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх эерэг дүр төрхтэй бичлэгүүд TikTok дээр хэдэн тэрбум хандалтыг авсан байна. Тэрээр энэ талаар консерватив намынхаа уулзалтад мэдэгдээд буй ч авах арга хэмжээ нь тодорхойгүй байгаа юм. Нөгөө талд TikTok түүнийг Америкийн шүүхэд ялагдах дээсэн дөрөөн дээр буй.
🍋 Монгол болон Орос ирэх оны I улиралд нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар чиглэлийн нислэгийг Владивосток тэргүүтэй Оросын зүүн хойд хэсгийн хотуудаас үйлдэж эхлэх, цаашлаад Улаанбаатар нь Оросын Ази, Европ чиглэлийн онгоцнуудын дамжих цэг болох боломжтой аж.
🍋 Dave (DAVE) финтек компанийн хувьцааны үнэ энэ онд 934% өсөж Америкийн хамгийн өндөр өсөлттэй финтек хувьцаа болов. Эргэн харвал, 2022 онд ХНС бодлогын хүүгээ нэмснээр тус компанийн үнэлгээ өнгөрсөн жилийн 6-р сард $5 тэрбумаас $50 сая хүртэл 100 дахин буурч байсан юм. Өдгөө ХНС бодлогын хүүгээ бууруулснаар тус компанийн үнэлгээ $1.12 тэрбум болж эргэн хөл дээрээ бослоо.
💡 Хөрөнгийн зах зээлийн ажиллах зарчмыг энгийнээр. (Learn2EarnIt)
👨🍳 Роботууд ресторанд хүний хөдөлмөрийг бүрэн орлох боломжгүй хэвээр байна. (NYT)
🛰️ Гималайд сансрын хиймэл орчин бүхий туршилтын байгууламж барьжээ. (BBC)
🏚️ Энэ оны эхний 11 сард дэлхий даяар 7.1 мянган дэлгүүрүүд хаалгаа барьсан нь өнгөрсөн жилийнхээс 69% өссөн дүн. (CNN)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply