• Lemon Press
  • Posts
  • 😢 Инфляцад идэгдсэн орлого = ₮1.2 сая

😢 Инфляцад идэгдсэн орлого = ₮1.2 сая

ЭТТ-н ногдол ашиг айсуй | Бууз идэж байх зуур болсон явдал | $MNDL: Цэвэр ашиг 57% өсөв

POWERED BY

Шинэ долоо хоногийн мэнд! Монгол орон даяар сар шинийн баяр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Манай уншигчид ч зочин гийчин ихээр хүлээн авч, айл их хэсэж, алт мөнгө их хурааж, тарга тэвээрэг авсан гэж найдаж байна. Одоо наадмын урт амралт хүртэл буузны хүчээр зүтгэнэ шүү! 😄🔥

*Нэг өдрийн өөрчлөлт.

ETT: Эрдэнэс Тавантолгой ХК 2025 онд ₮1.1 их наядын цэвэр ашигтай ажилласны 19% буюу ₮208.5 тэрбумыг 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг болгож тараана. 1072 хувьцаатай иргэн 4 сарын 30-ны дотор татварын дараах дүнгээр ₮63,242-ийн ногдол ашиг авах нь.

NSO: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2026 оны 1-р сард өмнөх оны мөн үеэс 4.5% өсөж ₮1.8 их наядад, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.4% буурч ₮2.1 их наядад тус тус хүрснээр тэнцвэржүүлсэн тэнцэл ₮425.1 тэрбумын алдагдалтай гарчээ.

MSE: Системийн нөлөө бүхий банкнуудын ногдол ашиг: Төрийн Банк ХК ₮51.8, ХасБанк ХК ₮48, ХААН Банк ХК ₮214-ийн ногдол ашиг тус тус олгохоор болжээ.

U.S.: Өнгөрсөн 4-р улиралд Америкийн ДНБ өмнөх оны мөн үеэс 1.4% өссөн нь Dow Jones-н таамаглаж байсан 2.5%-ийн өсөлтөөс доогуур үзүүлэлт болов.

😢 Инфляцад идэгдсэн өрхийн орлого = ₮1.2 сая

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж нэрлэсэн орлого анх удаа ₮3 саяыг давлаа. Харамсалтай нь зардал мөн адил хурдацтай өсөж ₮3.1 саяд хүрснээр дундаж өрхийн санхүү сар бүр ойролцоогоор ₮91 мянгын алдагдалтай гарч байна.

🤒 Нэрлэсэн өсөлт 14.1% ⍯ Бодит өсөлт 5%

Өрхийн сарын дундаж орлогыг нэрлэсэн дүнгээр нь харвал жилийн өмнөхөөсөө 14.1% өсөж. Харин бодит буюу инфляцын нөлөөг хассан утгыг нь харвал ердөө 5% өсөж чүү ай ₮1.85 саяыг шүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого өнгөн дээрээ ₮3 саяыг давсан мэт боловч жинхэнэ худалдан авах чадвар нь ₮1.85 саяар хэмжигдэж буй. Нэрлэсэн орлогын ₮1.2 сая нь инфляцад идэгдсэн хэрэг.

  • 💼 60% хүрэхгүй хэсгийг цалингаар: 1 өрхийн бодит мөнгөн орлогын бүрдлийг харвал 57.5% нь цалин, 21.2% нь тэтгэвэр тэтгэмж, 7.9%-ийг ХАА-н орлого, үлдсэн 13.4%-ийг бусад орлого бүрдүүлж байгаа аж. Тэтгэвэр тэтгэмж бас л өндөр хувьтай байна шүү, базарваань.

  • ❌😵 Нэг ч хүрэхгүй харьцаа: Тухайн өрхөд ₮1 орж ирэхэд буцаагаад ₮1 зарцуулж байгаа бол харьцаа нь 1 болно. Гэтэл Монгол өрхийн дундаж зардал орлогоосоо давсан буюу харьцаа нь 0.97 байна. ₮1 зарлагадаж байгаа ч ₮0.97-ийг л олж байгаа гэсэн үг. Улмаар өрхийн дундаж орлого болон зардлын зөрүү ₮91 мянга буюу дээд утгадаа хүрээд байна.

‼ Орлогын ялгаа даамжирсаар

Орлогын ялгааг байршлаар нь харвал, нийслэлд харьяалагдаж буй 1 өрхийн сарын дундаж нэрлэсэн орлого ₮3.4 сая байна. Харин аймгийн төвийн өрхийнх энэ тооноос ₮588 мянгаар, сумын төвийнх ₮844 мянгаар, хөдөө байгаа өрхийнх ₮923 мянгаар тус тус бага байна. Уг нь 15 жилийн өмнө нийслэл болон хөдөөгийн өрхийн орлогын зөрүү ₮246 мянга буюу одоогийнхоос 3.8 дахин бага байжээ. 

  • 📌 Бүлгийн ялгаа: 2024 онд нийт өрхийн 11% нь сарын ₮700 мянга хүртэлх нэрлэсэн орлоготой байсан бол 2025 онд энэ тоо багасаж 7.8% болжээ. Нөгөөтээгүүр ₮3-₮4 сая хүртэлх орлоготой өрхийн нийтэд эзлэх хувь ч 3.1 нэгж хувиар, ₮4 саяас дээш орлоготой өрхийн эзлэх хувь 6.5 нэгж хувиар тус тус өсжээ. Тэгэхээр 10 өрх тутмын 4 нь ₮3 саяас дээш орлоготой болсон аж. 

Эцэст нь… Өрхийн орлого нэрлэсэн утгаараа жилд 13%-14% нэмэгдэж байгаа ч бодит өсөлт инфляцад идэгдэж, худалдан авах чадварын хувьд харьцангуй сул хэвээр. Угаас сүүлийн жилүүдэд өрхийн орлого зардлаа нөхөхөө больж, санхүүгийн дарамт улам өндөрсөж буй дүр зураг илт харагдаж байна даа.

  • 📱 iOS 26.4 үйлдлийн системийн бета хувилбарт юу багтав? (TechCrunch)

  • 🗳️ COP17 хурлын ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай эрхмүүд. (iToim)

  • 🎆 Цагаан сарын салютын зургийг сансраас зураглав. (Space.com)

  • 🛑 Буруу хүнийг битгий менежерийн тушаалд бүү дэвшүүл! (HBR)

📈 $MNDL: Цэвэр ашиг 57% өсөв

MNDL: Өнгөрсөн онд Мандал Даатгал ХК-ийн цэвэр ашиг ₮13.1 тэрбумд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 57.1% өсжээ. Үүнд даатгалын хураамжийн орлого 7.2% өсөж ₮155.5 тэрбумд, орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн өөрчлөлт 3.8 дахин буурч ₮3.2 тэрбумд тус тус хүрсэн нь томоохон нөлөөтэй байв. Түүнчлэн компани татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮14 буюу нийт ₮8.7 тэрбумын ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Сонирхуулахад, $MNDL-н нэгж хувьцааны үнэ 2026 он гарснаас хойш 27.7% өсөж ₮87-т хүрээд байна.

🥟 Бууз идэж байх зуур

Сарын сайныг өнжин хүлээж өнөөдрийн сайн өдөр сар шинийн баярын үеэр дэлхий дахин хийгээд дотоодод болж өнгөрсөн онц сонирхолтой мэдээнүүдийг түүвэрлэн хүргэж байна.

🇲🇳 Монгол оронд

  • 6.8%: Өнгөрсөн онд Монголын бодит ДНБ 2024 оны мөн үеэс 6.8% өсөж ₮34.3 их наядад хүрчээ. Тус өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 33.2%, үйлдвэрлэл, барилгын салбар 11.4%, уул уурхай, олборлолт 10.6% нэмэгдсэн нь жинтэй нөлөө үзүүлсэн аж.

  • 2.4 сая зорчигч: Агаарын тээврийн зорчигчид давхардсан тоогоор 2024 оноос 13% нэмэгдэж 2025 онд 2.4 саяд хүрэв. Үүнтэй холбоотой агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 4.4% өсөж ₮1.3 их наяд болсон аж. 

  • ₮8 их наяд: Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2026 оны 1-р сард ₮8 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт болов. Үүнд ул уурхайн салбарын борлуулалт 2.8 дахин ихсэж ₮4.4 их наядад хүрсэн нь томоохон нөлөөтэй байв.

  • 820 жил: Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар Зүрх уул, Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох шийдвэр гаргав. 

🌏 Дэлхий нийтэд

  • 10%: Америкийн Дээд шүүх Ерөнхийлөгч Доналд Трампын тогтоосон 10%-ийн тарифыг эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн үзэж хүчингүй болгох шийдвэр гаргав. Үүний араас Доналд Трамп дахин шинэ 15%-ийн тарифаа танилцуулсан ба тус шийдвэр нь 150 хоног хүчинтэй хэрэгжих аж.

  • $280 тэрбум: AI-н аварга OpenAI-н орлого 2030 он гэхэд $280 тэрбумд хүрэх магадлалтай байна. Өнгөрсөн оны байдлаар компанийн орлого $20 тэрбумд хүрсэн бөгөөд ирэх жилүүдэд Subscription үйлчилгээ нийт орлогод томоохон нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид үзжээ.

  • Бүх нас: 2024 оны 12-р сард Солонгост зарласан онц байдалтай холбогдуулж Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлд бүх насаар нь хорих ял оноолоо. Прокурорын зүгээс түүний энэ үйлдэл Солонгосын ардчилалд заналхийлсэн явдал тул цаазаар явах ялыг оноос ёстой гэж шаардаж байсан аж. 

Эцэст нь… Цагаан сараар болсон онцлох зүйлс гэвэл ийм байлаа. Сүрээр дарагч хэмээх гал морин жилдээ урдах ажлаа умалзуулахын төлөө. 💪🏼

Өчигдөр "Милан-Кортина 2026" өвлийн XXV олимпын наадам албан ёсоор болж дууслаа. Тэгвэл энэ удаагийн өвлийн олимпын наадмын спортын 116 төрөлд амжилтаар аль улс орнууд тэргүүлснийг хамтдаа харцгаая.

  • 🇳🇴 Норвеги: Скандинавын орнуудаас Норвеги нь өвлийн XXV олимпын наадамд нийт 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл медаль буюу нийт 41 медаль авснаар дэлхийн 93 орныг тэргүүлэв.

  • 🇺🇸 Америк: Харин Америкийн хувьд нийт 33 медаль авсан бөгөөд 12 алт, 12 мөнгө, 9 хүрэл медалийг тус тус авснаар амжилтаар удаах байранд оржээ.

  • 🇳🇱 Нидерланд: Гутгаар байранд 10 алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль авсан Нидерланд орсон бөгөөд тэдний араас зохион байгуулагч Итали жагссан аж.

Монголын тухайд тус өвлийн олимпын наадамд ямар нэгэн медаль авч чадаагүй дууслаа. Ирэх 2030 оны Францын өвлийн олимп хүртэл даан ч хол байна даа. ⛷️

Tenor

🍋 Ажил эрхлэгчдийн тоо түүхэнд дээд хэмжээнд хүрлээ. Тодруулбал, өнгөрсөн оны эцэст нийт ажил эрхлэгчдийн тоо улсын хэмжээнд 1.4 сая болсон байна. Улмаар ажиллах хүчний оролцооны түвшин 62.3% болов. Нөгөө талд ажилгүйдлийн түвшин 5.6% байгаа аж. 

🍋 Rio Tinto (RIO)-н 2025 оны EBITDA 9% өсөж $25.4 тэрбумд хүрснээр $10.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа. Онцлоход, компанийн зэс үйлдвэрлэл 8% нэмэгдсэнээс гадна нэгж зэс үйлдвэрлэлийн өртөг 5% буурснаар зэсээс олсон EBITDA 2 дахин өсөж $7.4 тэрбум болов. Сонирхуулахад, $RIO хувьцаа эзэмшигчдэдээ нийт $6.5 тэрбумын ногдол ашиг олгосон байна.

🍋 Өнгөрсөн оны даатгалын хураамжийн орлого 2024 оныхоос 14.5% нэмэгдэж ₮584.6 тэрбум болжээ. Учир нь даатгалтай хувь хүний тоо 15.5% өсөж 1.5 саяд, ААН-ийн тоо 13.2% нэмэгдэж 1.8 саяд тус тус хүрсэн аж. Нөгөөтээгүүр даатгалын компаниудаас олгосон нөхөн олговрын хэмжээ 20.8% өсөж ₮193.7 тэрбумд хүрчээ. 

🍋 Энэтхэг болон Бразил уул уурхай, эрдэс баялгийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх урьдчилсан гэрээ байгууллаа. Энэ гэрээ уул уурхай, эрдэс баялагт хөрөнгө оруулалт татах, олборлолт, боловсруулалтын дэд бүтэц бий болгох гэсэн хүрээнд байгуулагдсан аж. Тэдний худалдааны хэмжээ одоогоор $15 тэрбум байгаа бол дараагийн 5 жилд $20 тэрбумаас их байлгах зорилт тавьжээ.

  • Даваа: Оффис дээрээ цуглаж цагаан сарын паянгаа хуваалцах өдөр. Мөн Хятад, Япон, Оросын биржүүд амарна.

  • Мягмар: Банкнуудын нэгдсэн баланс гарна.

  • Лхагва: Германы ДНБ-ий үзүүлэлт дэлгэгдэх нь ээ.

  • Пүрэв: Өнгөрсөн сард ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн тайланг ажих нь.

  • Баасан: 2-р сарын сүүлийн ажлын өдөр бөгөөд Дэлхийн ТББ-ын өдөр тохионо.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.