- Lemon Press
- Posts
- 🐑 1 хэрэглэгчид 16.6 сая
🐑 1 хэрэглэгчид 16.6 сая
Цэцэглэж буй микро драма | $XAC: ЦА буурлаа | Америкийн инфляц
POWERED BY
Шинэ долоо хоногийн мэнд! Их ажлын өмнө хөнгөхөн толгойгоо сэргээх нэгэн тоглоомыг танилцуулж байна. Энэ бол The New York Times-н Wordle тоглоомын Монгол хувилбар бөгөөд дүрэм нь 5 үсэгтэй үгийг 6 оролдлогоор таахад оршино. За тэгээд энэхүү “Үглэ” тоглоомыг ЭНД дараад тоглоорой. 🏁🗣️


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: 2026 оны эхний 3 сард Монгол нийт 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт $7.4 тэрбумд хүрснээс экспорт $4.9 тэрбум, импорт $2.5 тэрбум болж, тэнцэл $2.4 тэрбумын ашигтай гарчээ.
ADB: Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийг 2026 онд 5.7%, 2027 онд 6% өсөх төлөвтэй гэж төсөөлөв.
POM: Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын чуулганаар санал хураахаар товлогдоод байсан Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай” хуулийн төслийг АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авснаар энэ Пүрэв гараг хүртэл хойшлуулжээ.

🫨 ₮10 мянгаас ₮30 мянга руу

58.1 сая малтай Монгол Улсад махны үнийн өсөлт газар авлаа. Хэдээр өсөв юу болоод байна вэ?
🥴 10 жилийн өмнө: Цагийн сайханд
2015 оны өдийд үхрийн цул мах 1 кг нь ₮10.3 мянга байж. Одоо бол ₮30 мянга давжээ. Ястай нь бол ₮8.5 мянга байсан гэдэг. Адууны мах бол ₮6 мянга ч хүрдэггүй байв. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд бүх төрлийн махны үнэ дунджаар 158% өсжээ.
❤️🩹 "Алтан үе" буюу дефляци: 2015 оныг суурь үе гэж үзвэл 2015 оны сүүлээс 2018 оны эхэн хүртэл махны үнэ түүхэн доод түвшиндээ хүрч байжээ. Тодруулбал, 2015 оны 12-р сараас 2016 оны сүүл хүртэл хонь, ямааны махны үнэ 2015 оныхоосоо 40%-46% буурсан байна.
🥵 Үнийн өсөлтийн эхлэл: 2019 оноос эхлэн махны үнэ буурахаа больж, эрчимтэй өсөж эхлэв. 2021 оны дундуур адууны махны үнэ анх удаа 2 дахин нэмэгджээ. Угаас Монголчуудын хамгийн их хэрэглэдэг хонь, үхрийн махны үнэ сүүлийн 2 жилд хамгийн огцом буюу "босоо" графикийн өсөлт үзүүлжээ.
🥊 Импортын хамаарал ба ялгаа
Сонирхолтой, дотоодын улаан махны үнэ зогсолтгүй өсөж байхад импортын тахианы махны үнэ харьцангуй тогтвортой, бүр 2022 оны оргил үеэсээ эргэж буурсан аж. Энэ нь дотоодын мах бэлтгэл, логистик болон бусад үнийн өсөлтөөс хамаарсан үнийн хэлбэлзэл их байгааг харуулж байна.
🔑 1 хэрэглэгчид 16.6 сая ногдох хэдий ч: Махны үнэ өсөхөд малчны халаасанд орох ашиг биш, харин замын зардал, шатахуун, агуулахын түрээс болон олон шат дамжлагын зардал жин дарж буй. Малчин махаа хямд өгдөгтөө гомдолтой, хэрэглэгч махаа үнэтэй авдагтаа бухимдалтай. Ингэсээр "Хоёр талдаа хохирогчтой" бизнес загвар бий болжээ.
Эцэст нь… Малчин, хэрэглэгч хоёрыг холбох орчин үеийн логистик, агуулах, дижитал платформыг улс орны хэмжээнд шийдэж чадахгүй бол бид 100 сая малтай болсон ч махны үнэ дийлдэхгүй өссөөр л байхаар байна даа.


📊 $XAC: ЦА буурсан ч хувьцаа өслөө
XAC: Системийн нөлөө бүхий ХасБанк ХК-ийн цэвэр ашиг энэ оны I улиралд өмнөх оны мөн үеэс 3.9% буурч ₮42.4 тэрбумд хүрчээ. Цэвэр ашиг буурахад үйл ажиллагааны бусад зардал 7.8% өссөн болон эрсдэлийн сангийн зардал 43.5 дахин нэмэгдэж ₮3.5 тэрбумд, ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал ₮0.8 тэрбумд хүрсэн нь нөлөөлсөн аж. Нөгөөтээгүүр, $XAC-н хүүгийн орлого 10.8% нэмэгдэж ₮218.5 тэрбумд хүрээд байна. Уг тайлангийн дараа өнгөрсөн Баасан гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 5.5% өсөж ₮1,075 дээр хаагджээ.

🌺 Цэцэглэж буй 1 минутын кино

Орчин үед хүмүүс 2 цагийн кино биш, 1 минутын цуврал кино үзэх болсон гэвэл та итгэх үү? Үүний тод илрэл болох микро драма жинхэнэ бизнес болтлоо цэцэглэж, хөрөнгө оруулагчдаас олон саяын санхүүжилтийг босгосон гэнэ дээ.
🔎 Микро драма гэдэг нэг анги нь 1-10 минутын урттай, 60-100 ангитай, гар утасны дэлгэцэд зориулсан богино хэмжээний цуврал кино юм. Анх Хятадад эхэлсэн энэхүү контент нь TikTok, YouTube Shorts зэрэг платформоор дамжин дэлхий даяар хурдацтай тархаж байна.
🏆 Хятадын аварга
Саяхан Хятадын AI-д суурилсан микро драма бүтээгч StoReel стартап хөрөнгө оруулагчдаас $34 саяын санхүүжилтийг амжилттай татсан. Тус санхүүжилтийн $9 сая нь seed шатны хөрөнгө оруулалт байсан бол үлдсэн $25 саяыг Сингапурын олон төрлийн гар утасны тоглоом болон хэрэглээний апп-уудыг санхүүжүүлсэн PVX Partners олгожээ. Компанийн хувьд уг мөнгийг микро драмын апп хөгжүүлэх, контент бүтээгчдийн тоног төхөөрөмжийг сайжруулахад зарцуулах аж.
📈 Дэлхийн трэнд
Судалгаагаар, микро драмын зах зээл 2025 онд $11 тэрбумд хүрсэн бөгөөд 2026 оны эцэст $14 тэрбум болж өсөх төлөвтэй байна. Сонирхуулахад, сарын 55 сая идэвхтэй хэрэглэгчтэй ReelShort апп-ийн хүмүүс өдөрт дунджаар 35.7 минут үзэж байгаа нь энтертайнмент салбарын акул Netflix (NFLX)-н өдрийн дундаж үзэлтээс 10.9 минутаар өндөр үзүүлэлт юм. Эндээс хүмүүсийн үзэх контент хаашаа чиглэж буйг харах бүрэн боломжтой.
Эцэст нь… Цаг минуттай уралдан гарч буй олон микро драма байгаагаас хамгийн олон хүнд хүрсэн нь ReelShort дээр нээлтээ хийсэн 500 сая үзэлттэй The Double Life of My Billionaire Husband цуврал гэнэ. Манай лимонууд энэ цувралыг үзэж амжсан уу? Ер нь амьдралдаа микро драма үзсэн удаа байна уу? 👀

✈️ SkyTrip: Аяллын салбарын Дижитал Экосистем

Зөвхөн тийз биш, бүрэн аяллын шийдлийг SkyTrip-ээс. Тэд үйлчилгээний стандартдаа технологи болон нийгмийн хариуцлагыг ийнхүү хослуулж байна.
🔹 Хязгааргүй сонголт: Lufthansa, United, Korean Air, Aero Mongolia зэрэг 500 гаруй авиа компанийг нэг дороос харьцуулж, хамгийн үнэтэй нөөц болох "цаг хугацаа"-гаа хэмнэх боломжтой.
🔹 Тасралтгүй холболт (Travel-Tech): Гадаадад буугаад интернет хайх шаардлагагүй. Захиалга бүрт 7 хоногийн дата эрхтэй СИМ карт бэлэглэж, роаминг зардлыг тань ₮0 болгоно.
🔹 Нийгмийн хариуцлага (ESG): Таны аялал хүүхдийн ирээдүйд гэрэл нэмнэ. Тус компани UNICEF-тэй хамтран хүүхдийн сайн сайхны төлөөх төсөлд хувь нэмэр оруулдаг "Зөв үйлстэн" брэнд юм.
SkyTrip - Зөвхөн борлуулагч биш, таны аяллын ухаалаг түнш.
🚀 Аялалдаа шинэ стандарт тогтоох уу? Одоо захиал.

Энэ он гарснаас хойш дэлхий даяар технологийн салбарын ажлын байрны цомхотголууд газар авсаар байна. Тэгвэл аль улсад хамгийн их цомхотгол өрнөснийг харцгаая.
🇺🇸 Америк - 59.5 мянга
🇦🇺 Австрали - 4.5 мянга
🇦🇹 Австри - 2 мянга
🇸🇪 Швед - 1.9 мянга
🇳🇱 Нидерланд - 1.7 мянга
Цомхотголд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч AI хамгийн том нөлөөг үзүүлж байна. Тухайлбал, 2026 оны I улиралд технологийн салбарт 80 орчим мянган хүн ажлаа алдсанаас талаас нь илүү нь, өөрөөр хэлбэл 37,638 ажилтан AI болон автоматжуулалтын шууд болон шууд бус нөлөөгөөр цомхотгогджээ. 🤖


Giphy
🍋 Өнгөрсөн 3-р сард Америкийн хэрэглээний үнийн индекс жилийн өмнөхөөсөө 3.3% өсөв. Үүнд орон сууц, үйлчилгээ, хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлсөн ба шатахууны үнэ 21.2% огцом өссөн нь нийт инфляцын өсөлтийн 3/4-ийг бүрдүүлжээ. Түүнчлэн энэ нь 2026 оны 2-р сарын 2.4%-ийн өсөлтөөс харьцангуй өндөр үзүүлэлт болж, сүүлийн 2 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.
🍋 Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ. Хөтөлбөрт зах зээл үүсгэгчийн тогтолцоог сайжруулах, шорт арилжаа болон үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчин бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс нэвтрүүлэх зэрэг багтжээ. Мөн өгөгдөл, тайлагнал, ил тод байдлыг сайжруулж, зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлууд тусгагдаад байна.
🍋 УИХ-ын чуулганаар “Харбины” гэрээтэй холбоотой сонсгол явуулах саналыг дэмжсэнгүй. Өнгөрсөн оны 10-р сард УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй 40 гишүүнээс “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн ч санал хураалтаар олонхын дэмжлэг авч чадаагүй байна. Тус гэрээ нь 2024 оны сонгуулиас хойших бодлого, томоохон төслүүдтэй холбогдож, учруулсан алдагдал нь ₮34-₮36 их наяд гэж яригдаж байна.
🍋 Хятадын төрөөс Өвөр Монголд туршилтын чөлөөт худалдааны бүс шинээр байгуулах төлөвлөгөөг баталлаа. Ингэхдээ шинээр Хөххот, Манжуур, Эрээн хотуудад 120 км.кв талбайг хамрах худалдааны бүсүүд байгуулж, Хятадын чөлөөт бүсийн худалдааны тоо 23-д хүрээд байна. Сонирхуулахад, Өвөр Монголын худалдааны эргэлт 2025 онд 6.4% өссөн нь улсын дунджаас 2.6 нэгж хувиар өндөр дүн аж.

Даваа: ОУВС болон Дэлхийн банкны 2026 оны хаврын чуулга эхэлнэ.
Мягмар: Үндэсний Дээд Лигийн финалын 3 дахь тоглолт явагдана.
Лхагва: 2026 оны I улирлын үнэт цаасны зах зээл статистик танилцуулагдана.
Пүрэв: $TSM, $NFLX, $PEP-н I улирлын санхүүгийн гүйцэтгэл ил болно.
Баасан: Хаврын дунд цагаагчин туулай сар өндөрлөх ба үс засуулахад дэмий өдөр.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply