• Lemon Press
  • Posts
  • 🤑 Банкнуудын ашиг = ₮1.7 их наяд

🤑 Банкнуудын ашиг = ₮1.7 их наяд

Солонгорсон датанууд | $KHAN: Санхүүжилт +$200 сая | Шинэ станц

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Утааны асуудлаар хэлэлцүүлэг хийх юм гэнэ. Хэзээ хэлэлцэж дуусаад шийдэж эхлэх юм бол оо? Юутай ч ЭНД дараад дэлгэрэнгүйг нь харна биз ээ. 😷

GOV: Энэтхэгийн эксим банкнаас газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт $700 саяын санхүүжилтийг УИХ эцэслэн батлав. 

MNG: Монгол Улс Envision-той хамтарч 500 МВ  эрчим хүчний батарей хуримтлуурын станц барина

PM: Ерөнхий сайд “Дональд Трампын үед Монгол Америкийн дипломат харилцаа стратегийн түвшинд хүрсэн. Ирэх 4 жилд ч 2 орны харилцаа гүнзгийрэх хүлээлтэй байгаагаа” илэрхийлэв

 

🤑 Нээлттэй банкнуудын ашиг = ₮1.7 их наяд 

МХБ (MSE) дээр нээлттэй 6 банкны 2024 оны жилийн эцсийн тайлан гарч дууслаа. Тэд өнгөрсөн онд нийт ₮64 их наядын хөрөнгийг удирдаж ажиллажээ. Энэ дүн л гэхэд жилийн өмнөхөөсөө 23% өссөн байна. 💥

😲 Ашгийн дундаж өсөлт: 52%

Тус 6 банкны цэвэр ашиг дунджаар 52% өсөж нийт ₮1.7 их наядад хүрсэн. Гэхдээ энэ өсөлтийн дийлэнхийг Голомт банк (GLMT) болон ХХБ (TDB)-н өсөлт бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл уг 2 банкийг хасвал үлдсэн 4 банкны цэвэр ашгийн дундаж өсөлт ердөө 22.8% гэсэн үг. Харин дүнгийн хувьд нийт цэвэр ашгийн 38.4%-ийг ХААН Банк (KHAN) дангаараа бүрдүүлж буй. 

  • 📈 Хөрөнгийн өсөлтөөр тэргүүлэгч: Цаашлаад банкнуудын нийт хөрөнгийн өсөлтийг харвал Богд Банк (BOGD)-ных хамгийн өндөр буюу 50% өсөв. Харин Төрийн банк (SBM)-ны нийт хөрөнгө болон цэвэр ашиг хамгийн багаар өсжээ. Мөн ХХБ-ны нийт хөрөнгө Голомт банкнаас илүү байхаа больж $GLMT-нх ₮394 тэрбумаар давсан аж. 

  • Чанаргүй 🆚 Чанартай: Нээлттэй банкнуудын чанаргүй зээлийн цэвэр зээлд эзлэх хувь 5.7%-2%-ийн хүрээнд байна. Энэ дундаа $SBM-н чанаргүй зээлийн хувь хамгийн өндөр, ХасБанк (XAC)-ных хамгийн бага. $TDB-н хувьд 2023 оны эцэст 9.1% байсан чанаргүй зээлийн хувиа тун сайн буулгаж. Эндээс банкны салбар даяар чанаргүй зээл буурсныг харж болохоор. 

📊 Зах зээлийн хувьд: Дэгэн догон

Энэ оны 11 сарын байдлаар $MSE дээр нийт ₮269 тэрбумын хувьцааны арилжаа хийгдсэний 24.4% буюу ₮65.7 тэрбумыг нь нээлттэй банкнуудын арилжаа бүрдүүлсэн. Угаас банкнуудын реформын үр дүнд хөрөнгийн зах зээл тэлж, идэвхжиж байгаа. Тэдний 2024 оны зах зээлийн үнэлгээний өөрчлөлтийн хувьд их өсөлтийг харуулсан $GLMT-нх хамгийн ихээр нэмэгдсэн бол $TDB-нх уналттай хэвээр байна. 

  • 🤔 IPO-н үнээ давав уу? Энд анхаарууштай нь 2024 оны хаалтын ханшийг харвал зөвхөн $KHAN болон $XAC-н хувьцааны үнэ IPO-н үнээ давсан юм. Бусад нь энэ босгод бүдэрлээ. Бүдрэх бүдрэхдээ босгоо давсан 2-оос бусдынх нь хувьцааны үнэ IPO-н үнээсээ дунджаар 18.8% доогуур үзүүлэлтээр оныг үдсэн байна. 

Эцэст нь… Банкнуудын 2024 оны санхүүгийн үзүүлэлт бол бүгд сайн мундаг л байна. Гэхдээ хөрөнгийн зах зээл дээр нэгэнт нээлттэй болсон л бол хувьцааны үнэ, арилжааны идэвхдээ анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нараа жоохон халамжлахгүй бол горьгүй нь. Энэ тал дээр юу бодож явдаг юм бол доо? 

🤑 Санхүүжилт +$200 сая

KHAN: ХААН Банк бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор $200 саяын хосолсон валют бүхий хамтарсан санхүүжилтийн гэрээ байгууллаа. Тодруулбал, тэдний урт хугацааны түнш Нидерландын хөгжлийн банк (FMO) уг хамтарсан санхүүжилтийг удирдан зохион байгуулсан бөгөөд уг санхүүжилтэд тэднээс гадна 7 санхүүгийн байгууллага оролцжээ. Сонирхуулахад, FMO санхүүжилтийн 20%-ийг төгрөгөөр олгож байгаа аж. Мэдээж $KHAN санхүүжилтийнхээ 30%-ийг ногоон зээл, төслүүдийг санхүүжүүлэхэд, 70%-ийг эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчдийн санхүүжүүлэлтэд зарцуулах юм.

🌈 Солонгорсон датанууд 

Монголчуудын дата хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсөж, 1 хэрэглэгч сард дунджаар 15.9 GB дата ашиглаж байна. Энэ нь 2023 оноос 2.6 GB-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хэрэв энэ эрчээрээ жилд дунджаар 15% өслөө гэж бодоход 5 жилийн дараа 31 GB - 34 GB болж өсөх нь ээ. 

👑 Интернэтийн хаан видео контентууд

Өөр нэгэн сонирхолтой зүйл нь хэрэглэгчдийн дата хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгаа асуудал. Тухайлбал, YouTube-г өдөр бүр 122 сая, сард 2.5 тэрбум гаруй хүн ашиглаж байгаагийн сацуу энэ дундаа дийлэнх нь видео контентыг өндөр чанартай үзэхийг таашаах болсон. Хэрэглэгчдийн дата хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа үед операторууд ч уралдаж дата багцаа шинэчилж, илүү уян хатан багцуудыг санал болгосоор.

💌 Багц бүр онцлог

Үүний нэгээхэн жишээ болгож Мобиком Корпорацийн шинэчлэгдсэн 4 төрлийн багцыг тайлбарлаад өгье. Тэдний нэмэлт, энтертайнмент, сошиал хязгааргүй багцуудын сонголт илүү төрөлжиж, хэрэглэгч өөрийн хүссэн чиглэлд датагаа салгаж авах боломжтой болсон бол шинээр Triple boost багцыг танилцуулаад буй. 

  • 🆙 Тriple boost багцын хувьд нийт 20 GB датаг 2 төрлөөс сонгох боломжтой. 1 нь сошиал, шөнийн, бусад хэрэглээнд нөгөөх нь Gaming, шөнийн бусад хэрэглээнд ашиглах гэх байдлаар хэрэглэгч хэрэглээндээ тулгуурлан сонгохоор болжээ. 

  • 👨‍🎤 Харин энтертайнмент багц нь Gaming, Music, Video, Academy, Social гэх сонголтуудтай байсан бол одоо зөвхөн IG, YouTube, Netflix, Roblox-д зарцуулна аа гээд 30 хоногийн 10 GB дата авч болох нь ээ. Анзаарч байсан бол өмнө нь YouTube, Roblox багц гэж байдаггүй байсан шүү.  

  • ♾️ Сошиал: Энтертайнмент багц дахь сошиал хэрэглээнд зориулагдсан дата нь хэрэглээний хувьд хязгааргүй бөгөөд 1,3, 7 гэхчлэн өдрийн сонголттой гэдгээрээ л ялгаатай аж.

Эцэст нь… Монгол Улсын үүрэн холбооны сүлжээнд гар утсанд дата татах дундаж хурд 17.9 Mbps буюу 1 секундэд 2.24 MB дата татах боломжтой байдаг. Энэ хурдаар 1 цаг бичлэг үзэхэд 7.8 GB датаг өлхөн ашиглачихна. Тиймээс ЭНД дарж ямар апп-д хамгийн их дата зарцуулж байна, хэрэглээгээ хэрхэн ухаалгаар удирдаж болох талаар сонирхоорой. 

💡 Таавар таацгаая. 

… нь статистик загвар, өгөгдөл ашиглан шийдвэр гаргах үйл ажиллагаа. Энэ аргыг төлбөрийн заавар илгээх, зээлийн хүсэлтийг шийдвэрлэх зэрэг санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэх ба ихэвчлэн их хэмжээний өгөгдлийг шинжилж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулах замаар ашигладаг. Тэр юу вэ?

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

Giphy

🍋 Rio Tinto (RIO) Монголын ЗГ-т $295 саяар Оюу толгой төслийн татварын маргааныг эцэслэх санал тавив. Үүний $285 саяыг үргэлжилж буй татварын маргааныг шийдэхэд зарцуулах бол үлдсэн $10 саяыг хүү болон торгуульд төлөх бөгөөд Монголд төлсөн ₮814 тэрбумын татварын акттай холбоотой нэхэмжлэх эрхээсээ татгалзжээ. Сонирхуулахад, Оюу толгой төслийн олборлолт 2030 он гэхэд 2 дахин нэмэгдэж 500 мянган тн хүрэх төлөвтэй байна.

🍋 Golomt Capital Championship-2 гадаад арилжааны уралдааны ялагч 9 сарын хугацаанд хөрөнгө оруулалтын багцаа 790.6% өсгөжээ. Улмаар ₮350 саяын гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрх болон ₮20 саяын эзэн болов. Харин удаах байрны оролцогч хөрөнгө оруулалтын багцаа 684%, III байрны оролцогч 663.5% тус тус өсгөсөн байна. 

🍋 SK Hynix (000660.KS)-н өнгөрсөн жилийн IV улирлын орлого 2023 оны мөн үеэс 75% өсөж $13.7 тэрбумд хүрчээ. Харин үйл ажиллагааны ашиг нь мөн хугацаанд ойролцоогоор 2.3% өсөж $5.59 тэрбум болсноор компанийн түүхэнд дээд амжилт тогтоов. Тэгвэл тэдний хувьцааны үнэ мөн хугацаанд 29% өссөн ч өчигдрийн байдлаар л гэхэд гол бүтээгдэхүүн болох DRAM болон NAND чипүүдийн эрэлт тодорхойгүй байгаагаас үүдэн 2.7% унаад буй.

🍋 Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК-ийг Эрчист Монгол нэгдэлд нэгтгэж, орон тоог 30% цомхотгоно. Тодруулбал, төрийн өмчит уул уурхайн компаниудыг Эрдэнэс Монгол, уул уурхайн бус компаниудыг Эрчист Монгол нэгдэлд нэгтгэснээр ₮11 тэрбумын цалингийн зардлыг хэмнэх аж. Цаашлаад төрөөс оролцох 5 салбарыг тодорхойлж, ТӨК-иудын тоог 40% бууруулах нь.

  • ⚡ Дэлхийн нийт цахилгааны 35.4%-ийг нүүрс ашиглан үйлдвэрлэж байна. (Geopolitical.Guy

  • 👀 ЗГ PDAC-2025 олон улсын чуулга уулзалтад 3 дахь жилдээ өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гэнэ ээ. (Mining.mn)

  • 📀 Пянз тоглуулагчийг аналог технологийн оронд дижитал технологи ашиглан үйлдвэрлэдэг болсон уу? (DigitalTrends)

  • 🛰️ Улсын ЭЗ-ийн байдлыг хиймэл дагуулаас авсан зургаар шинждэг болж. (BusinessInsider)

Reply

or to participate.