• Lemon Press
  • Posts
  • 🤔 Төгрөгийн ханш чангарах уу?

🤔 Төгрөгийн ханш чангарах уу?

IPTV vs Стрийминг үйлчилгээ | MGLA: Чиглэлийн өөрчлөлт | Монополын эсрэг газар

POWERED BY

Happy Monday! Өнөөдөр 9-р сар дуусаж байна. Гэснээс жил бүрийн 9-р сарын сүүлийн өдөр ОУ-ын “Подкастын Өдөр” тохиодог. Цайны цагаараа манай “Lunch Hour” подкастын дугааруудыг сонсоорой. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг УИХ-д өргөн барилаа

CHN: Хятадын төв банк банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5% буурууллаа. Улмаар банкнуудын нийт зээлийн хэмжээ $142.4 тэрбумаар нэмэгдэнэ. 

BOM: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүлэв.

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮34 тэрбумын болон $5 саяын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮9.5 тэрбумын арилжаа хийгдсэн байна.

 🤔 Төгрөгийн ханш чангарах уу? 

Одоогоор $1 авахын тулд ₮3,381 зарцуулж байна. Тэгвэл төгрөгийн ханш ямар үед чангарч, бидний авч байгаа импортын барааны үнэ буурах вэ?  

🌈 Сайхан цаг үе

2010 оны яг энэ үед $1=₮1,325 байж. Одоо бол доллартой харьцах төгрөгийн ханш энэ үеэс 155.2% суларсан хэрэг. Өөрөөр хэлбэл 2010 онд Netflix-н сурталчилгаатай 1 сарын эрх авахын тулд ₮9.3 мянгыг зарцуулдаг байсан бол одоо ₮23.6 мянгыг зарцуулж байна. 

  • ❓ Шалтгаан: Төгрөгийн сулрал нь гадаад худалдааны тэнцэл, гадаад өр, инфляц зэрэгтэй холбоотой. Гадаад өрийн хэмжээ л гэхэд 2015 оны эхэн үеэс 60.8% нэмэгдэж $35 тэрбумд дөхсөн. Гадаад өр нь гадаад валютын нөөцийг бууруулж, төгрөгийн ханшийг сулрахад хүргэдэг.

🚿 Гадагш урссаар… 

Цаашлаад, төлбөрийн тэнцлийн урсгал дансны задаргааг харвал, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбаруудын баланс дандаа хасах утгатай байгаа. Тодруулбал, энэ оны 7-р сарын байдлаар тээврийн салбарт $57.8 саяын орлого орж ирсэн ч $86.3 саяын зардал гарчээ.  Учир нь уул уурхайн салбарын тээврийн 60%-ийг Хятад компани гүйцэтгэж байгаа тул тээврийн салбарын зардал гадагшаа урсаж буй. 

  • 💸 Орсноос илүү гарах: Аялал жуулчлалын салбарт ч ялгаагүй Монгол руу жуулчин татах нэлээд том төслүүд хэрэгжүүлж байгаа ч гарсан мөнгө нь орсноосоо $7 саяар давсан байна. Өөрөөр хэлбэл, гаднын жуулчдын Монгол руу оруулсан $ гадаад руу аялж гаргаж байгаа $-оос давахгүй байгаа хэрэг. 

📈 Төгрөгийн ханшийг чангатгахын тулд… 

Тэгэхээр бид тээврийн салбарын дотоодын чадавхыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг авч байж урсгал дансны алдагдлыг бууруулж, төгрөгийн ханшийг чангатгах юм. 

  • Нэмээд импортыг бууруулах, дотоод үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг өгүүлбэрээр бол, бүх төрлийн замаар гаднаас орж ирэх $-ыг нэмэгдүүлж байж л ₮-ийн ханш тогтворжих, чангарах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бараа, үйлчилгээний үнэ тогтворжиж, иргэдийн эдийн засгийн ачаалал буурах учиртай. 

Эцэст нь… Уг нь бол Монголбанк гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ₮-өөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлнэ гээд энэ асуудал дээр нэлээд анхаарч байгаа. Харин төр засаг маань гадаад өрийн удирдлага, төсвийн сахилга бат дээрээ анхаарах хэрэгтэй байна даа. 

💧 Чиглэлийн өөрчлөлт 

MGLA: Эм Жи Эл Акуа ХК-ийн үйл ажиллагааны чиглэлээс моторт тээврийн хэрэгслийн болон хүнс, ундаа тамхины худалдааны чиглэл хасагдана. Харин ундаа усны үйлдвэрлэл, катерингийн үйлчилгээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлүүд нэмэгдэх нь ээ. Сонирхуулахад, компани энэ оны ТУЗ-ийн төсвөө ₮600 саяар баталсан байна.

📺 IPTV vs Стрийминг үйлчилгээ

Дэлхий даяарх “Subscription Economy” буюу захиалгат төлбөрийн үйлчилгээгээр хийгдэж буй гүйлгээний дүн энэ онд $593 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Энэ эрчээрээ өссөөр 2028 он гэхэд $1 их наядын үнэлгээнд хүрнэ гэхээр зах зээл биш эдийн засаг гэгдэхээс аргагүй байгаа биз? 

🤔 Хамгийн зөв сонголт

Захиалгат төлбөртэй үйлчилгээ ийн алдартай болсонд стрийминг үйлчилгээний томоохон түлхэц үзүүлсэн. Харин нөгөө талд стрийминг үйлчилгээ алдаршихын хирээр IPTV-н үйлчилгээ эрхлэгчид ч кино, контентоо төрөлжүүлсээр байна. Тус үйлчилгээнүүдийн үнэ, санал болгож буй контентууд, давуу болон сул талыг нь харвал, 

  • +1 оноо: Стрийминг үйлчилгээг сонгогсод тухайн цаг үедээ хамгийн алдартай, эрэлттэй байгаа кино, контентууд болон зөвхөн Netflix, Hulu-с л үзэх боломжтой оригинал контентуудыг үзэх сонирхолтой байдаг. Харин IPTV-г сонгогсод ТВ-ын мэдээ, мэдээлэл спортын хөтөлбөр, кино контент зэрэг спортын, кино контентын гэхчлэн тусдаа байдаг стрийминг үйлчилгээг нэг дороос авахыг илүүд үздэг аж. 

  • -1 оноо: Үнийн хувьд стрийминг үйлчилгээ нь интернэтэд суурилсан үйлчилгээ тул IPTV-нхээс хамаагүй хямд байх нь тодорхой. Учир нь стрийминг үйлчилгээнд IPTV-нх шиг өрх бүр рүү шилэн кабель татах, интернэт, утас гэхчлэн дагалдах үйлчилгээ багтдаггүй. IPTV-н хувьд кино, контентын лиценз авахын хажуугаар интернэтийн үйлчилгээг давхар санал болгодог буюу асар том дэд бүтцийг бий болгосноор үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэдэг тул ийн үнэтэй байдаг аж.

🙂‍↔️ Захиалаад мартав

Стрийминг болон IPTV-н үйлчилгээнд захиалгат төлбөрийн үйлчилгээ эрчимтэй нэвтэрснээр хэрэглэгчид үйлчилгээгээ цуцлахаа мартсанаас үүдэлтэй хүсээгүй таталт, сунгалттай холбоотой маргаанууд гардаг. Үүнтэй холбоотойгоор зарим орнуудад захиалгат төлбөрийн үйлчилгээг цуцлахад амар болгох талаас нь хууль эрх зүйн зохицуулалт ч хийж буй.

  • ☝️ Бяцхан зөвлөмж:  Харин хувь хүмүүс хүсээгүй сунгалт, таталт хийлгэхгүйн тулд үйлчилгээ дуусахаас өмнө цуцлах сэрүүлэг тавих, эсвэл зөвхөн төлбөртэй үйлчилгээнд ашигладаг данстай болох гэхчлэн олон аргыг ашиглах боломжтой шүү. 

Эцэст нь… Захиалгат төлбөртэй үйлчилгээний ажиллах систем яг л банкны захиалгат гүйлгээ, захиалгат хадгаламжийн таталт шиг ажилладаг тул хэрэглэгч өөрөө цуцлахгүй л бол таталт хийх гээд байдаг сул талтай. Гэсэн ч өдгөө цахим худалдаа, ном, сонин, апп, стрийминг болон IPTV-с эхлээд захиалгат төлбөртэй үйлчилгээний систем хаа сайгүй л нэвтэрч байгаа тул цуцалж хэвших л хэрэгтэй шүү.

Улаанбаатар хотод орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 7,700 гаруй лифт байдаг аж. Үүнээс,

  • Насжилт өндөртэй орон сууцуудын ашиглалтын хугацаа дууссан 130, ашиглалтын шаардлага хангаагүй 40 лифт байна. 

  • Эдгээрээс 146 лифтийг 9 сарын 27-ны байдлаар засварлаад буй.

  • Улмаар 5,800 өрхийн 23 мянга гаруй оршин суугч шинэ лифтээр аюулгүй зорчих нөхцөл бүрджээ.

Лифтний насжилт 20-25 жил байдаг боловч нийслэл дэх ашиглалтын шаардлага хангаагүй лифтнүүдийн 90%-ийг 30-аас дээш жил ашиглажээ.

👨‍🎓 Олон улсын түвшинд карьераа төлөвлө

Finsight AcademyIMA-н албан ёсны эрхтэй “Олон Улсын Удирдлагын Мэргэшсэн Нягтлан Бодогч  буюу Certified Management Accountant (US.CMA) өндөр түвшний мэргэжлийн цол зэрэг олгох сургалт 3 дахь жилдээ зарлагдлаа. 

US.CMA зэрэг эзэмшсэнээр,

  • 🧩 Цогц ойлголт: Удирдлагын НББ, санхүүгийн удирдлага, дотоод хяналт, хөрөнгө оруулалтын шийдвэр тэргүүтэй 12 дэд сэдвийн хүрээнд мэдлэг эзэмшинэ.

  • 🔑 Карьерын өсөлт: Компанийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн бодлого тодорхойлох чадвартай санхүүгийн шийдвэр гаргалтын түвшний эксперт болон удирдлагын багт орж ажиллах эхлэл тавигдаж буй.

  • 🌐 Хөгжил: Олон улсын түвшинд ажиллахаас гадна бизнесийн хэлцэл хийх чадвартай болох юм.

Сонирхуулахад, US.CMA нь 150 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөж, өдгөө дэлхий даяар 140 мянга гаруй гишүүнтэй өндөр түвшний мэргэжлийн цол зэрэг юм байна шүү.

🗓️ Бүртгэлийн хугацаа: 9 сарын 30-ныг дуустал

Financial Times

🍋 Хонконг “Азийн тэргүүлэх санхүүгийн төв индекс”-д Сингапурыг ардаа орхилоо. Ийнхүү Хонконг Global Financial Centers Index-д дэлхийн хэмжээнд Нью-Йорк, Лондонгийн араас III-т жагсах болов. Харин Дублин, Чикаго болон Дубай чансаагаа ахиулсан бол Шанхай, Бээжин болон Женев доошилсон байна.

🍋 Камала Харрис сонгуульд ялбал 500 мянган ажлын байрыг дээд боловсролын зэрэг шаарддаггүй болгоно. Түүнчлэн дадлагын хөтөлбөрүүдийг 2 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ их сургуулийн төлбөрийн өрийн асуудлууд дээр анхаарах аж. Эдгээр санаачилга нь их сургуульд суралцах төлбөрийн боломжгүй иргэдийг дэмжих зорилготой гэнэ.

🍋 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг “Монополын эсрэг газар” болгон өөрчилжээ. Тодруулбал, 7 сарын 10-ны өдөр УИХ-аас хамтарсан ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой тус байгууллагын нэрийг өөрчилж буй. Улмаар тэд ЗГ-ын тохируулагч агентлаг байсан бол одоо ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг болсон байна.

🍋 10-р сараас эхлэн эмчилгээний өндөр үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр хангах ажил хэрэгжинэ. Тус ажлыг Өмнөд Солонгосын био бэлдмэл үйлдвэрлэгчдийн холбоонд харьяалагдах эм үйлдвэрлэгчидтэй хамтран хэрэгжүүлж эхлэх аж. Ингэснээр төрөөс эмд зарцуулах зардлыг бууруулах төдийгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой юм.

  • 🤵 Harvard ManageMentor хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна. (MongolChamber)

  • 🎭 Хамт олныг тань идэвхжүүлэх болон эсрэгээрээ унтраах тохиолдлууд. (FastCompany)

  • 👩‍🎓 MCS Групп оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. (MCS)

  • 🧘 Хэт их ачаалал авахгүй ажиллах нь. (LinkedIn)

  • Даваа: Их Британийн II улирлын ДНБ-ий үзүүлэлт танилцуулагдана

  • Мягмар: Хятад, Өмнөд Солонгос, Хонконгт бүх нийтийн амралтын өдөр тохиох тул биржүүд амарна. 

  • Лхагва: “Mining week & MinePro” арга хэмжээ эхэлнэ

  • Пүрэв: Оросын 9-р сарын ажилгүйдлийн түвшин зарлагдана

  • Баасан: Үргэлжлүүлээд, Америкийн өнгөрсөн сарын ажилгүйдлийн түвшингээ танилцуулах нь ээ.

Reply

or to participate.