- Lemon Press
- Posts
- 🏡 Ипотекийн шинэ боломж
🏡 Ипотекийн шинэ боломж
Эмч нарын ажил хаялт | TDB x SG Apes | $RDDT: 66 удаа огцом өсөв
POWERED BY
Өглөөний мэнд! Мөнгөний зах зээлийг хөгжүүлж буй Money Market Fund 4 нас хүрлээ. Тэдний тухайд банкны бус санхүүгийн байгууллагуудын богино хугацааны мөнгөн хөрөнгийн хэрэгцээтэй болон илүүдэлтэй талуудыг холбож, санхүүгийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа эрхэлж буй. 4 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🎉🥳


*Нэг өдрийн өөрчлөлт.
MPP: Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Ардын Намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсанаа мэдэгдлээ.
NSO: Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 0.6% өсөж ₮48.5 их наядад хүрлээ.
U.S.: Сенат холбооны засгийн газрын O зогсолтыг дуусгах хуулийн төслийг батлав.

🤒 Эмч нарын ажил хаялт эхлэхэд 1 хоног үлдлээ

Өнгөрсөн 10 сарын 15-нд багш нар ажил хаяж байсан бол ирэх Пүрэв гарагт 100 гаруй эмнэлгийн 14 мянга гаруй эмч нар ажил хаях гэж байна. Цагийн $3.7-ийн цалинтай ажиллахаар арга ч үгүй дээ.
👉 Шаардлага ₮3.5 сая
ЗГ багш нарын ажил хаялтыг намжаахаар ирэх оноос багш нарын үндсэн цалинг 20%, эмч нарын цалинг 15%, тэтгэврийг 8.6% тус тус нэмэхээр шийдвэрлэсэн билээ. Гэсэн ч эмч нарт тус шийдвэр хангалтгүй байсан тул ажил хаялтаа эхлүүлэх гэж байгаа. Ажил хаялтын гол шаардлага болох үндсэн цалинг ₮3.5 сая болгоход ₮1.3 их наяд шаардлагатай.
🫴 ЗГ-ын санал
Өнгөрсөн Даваа гарагт Эрүүл мэндийн сай эмч, сувилагч нарын цалинг ирэх 1-р сараас 30% нэмж, 11-р сар гэхэд ₮3 саяд хүргэх тооцооллыг танилцуулсан юм. Улмаар Эрүүл мэндийг дэмжих жил гэгдэх 2027 онд эмч нарын цалинг ₮3.5 саяд хүргэх байдлаар тохиролцох гэж хичээж буй. Гол нь эмч нарын цалин тус хугацаанд зорилтот ₮3.5 саядаа хүрэхийн тулд ЭМД сангаа зузаатгах нөхцөлтэй. Алсарсан амлалт.
🤨 Гэтэл өчигдөр болсон төсвийн 4 дэх хэлэлцүүлгийн үеэр эмч нарын цалинг нэмэхийн тулд ЭМД сангийн хулгайг цэгцлэх талаар ярив. Өнөө санд нь хийсэн шалгалтаар 550 удаагийн мөнгө завших оролдлогыг илэрсэн байх жишээний.
🪙 Тухайлбал, ЭМД сангийн дээрэм тонуулыг цэгцлээд, 10%-ийг хэмнэлээ гэхэд ₮220 тэрбумыг эмч нарын цалинг нэмэхэд зарцуулж болохоор байгаа ажээ.
🤒 Ер нь нөхцөл байдал хэр байна?
Эмч нарын үндсэн цалин өдгөө ₮1.6 сая, үүнээс татвар, шимтгэлээ хасвал гар дээр ₮1.2 сая буюу улсын дунджаас 61.5% доогуур цалинтай. Дээрээс нь ажлын ачаалал, тоног төхөөрөмжийн дутагдал гэхчлэн эрүүл мэндийн салбарын асуудлыг тоочоод байвал мундахгүй их байна.
Эцэст нь… Эмч нар ажлаа хаяад эхэлбэл түүнээс үүсэх сөрөг үр дагаврыг хэн хариуцах нь сонин. 4 жилийн өмнө 2022 оноос эхлэн эмч нарын цалинг үе шаттай нэмнэ л гэсэн, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийнэ л гэсэн, аль аль нь 2025 нүүрийг үзэж байхад шийдэгдээгүй л байна. Эрх баригчид бол бидэнд итгээрэй, 2027 он гэхэд жинхэнээсээ бүх асуудлаа засах ухааны юм ярьсаар. Яг итгэлээ юу?

✍️ Уоррен Баффет Berkshire Hathaway-г орхин одох цаг айсуй. (BerkshireHathaway)
🧦 Apple $230-ын үнэтэй оймс шиг харагддаг мөрөвч танилцууллаа. (TheVerge)
🩸 Цусны шинжилгээгээр 50 төрлийн хавдрыг илрүүлэх боломжтой. (USAToday)
🎮 Бүх цаг үеийн ТОП-100 Nintendo-н тоглоомууд. (IGN)

🤖 $RDDT: 66 удаа огцом өсөв
RDDT: Reddit платформ интерактив зар сурталчилгааны шинэхэн шийдлээ танилцууллаа. Тус шийдэл нь $RDDT-н 100 мянга гаруй бүлгийн хэрэглэгчдэд сурталчилгаагаар дамжуулан тоглоом тоглох, асуултад хариулах зэрэг олон сонирхолтой зүйлсийг агуулсан аж. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 4.9% өсөж $204.2-т хүрсэн нь сүүлийн нэг жилд хувьцааны үнэ 5%-иас дээш хэлбэлзсэн 66 дахь удаагийн хөдөлгөөн болжээ.

🏠 Ипотекийн шинэ боломж

Хүмүүст өөрийн гэсэн орон сууцтай болох нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүндхэн даалгавар болж байна. Энэ асуудлыг шийдэх нэгэн арга зам бол ипотекийн зээл билээ. Тэгвэл тус зээлтэй холбоотой Америкт ямар шинэ шийдэл байгааг харцгаая.
🎁 Бурхны бэлэг = Ипотекийн зээл
Тэртээ 1981 онд Америкт анх удаагаа орон сууцтай болж буй иргэдийн медиан нас 29 байсан бол өдгөө энэ тоо 40-д хүрчээ. Үүний гол шалтгаан нь байрны үнийн өсөлт, ипотекийн зээлийн хүү нэмэгдэж байгаатай холбоотой аж. Судалгаагаар, Америкт дундаж байрны үнэ $415 мянгад хүрсэн нь 2019 оноос хойш 50% өссөн дүн болоод байна.
⏱️ 50 жилийн хугацаа
Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп иргэддээ зориулж 50 жилийн хугацаатай ипотекийн зээлийг боловсруулж буйгаа мэдэгдсэн. Энэ нь 30 жилийн хугацаатай ипотекийн зээлтэй харьцуулахад бага сарын төлөлттэй гэдгээрээ давуу талтай боловч зээлийн нийт хүүгийн төлбөрийг өсгөх сул талтай аж. Сонирхуулахад, Америкт 15 жилийн хугацаатай ипотекийн зээлийн жилийн дундаж хүү 5.5% байгаа бол 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн дундаж хүү 6.22%-тай байна.
🪙 Крипто суурьтай зээл
2021 онд Америкийн нийт иргэдийн криптовалют эзэмшиж буй байдал нэг оронтой тоогоор хэмжигддэг байсан бол энэ жил 15%-д хүрээд байна. Үүнд түшиглэн криптод суурилсан ипотекийн зээлийн хувилбарыг Холбооны Орон сууцны Санхүүгийн Агентлагаас боловсруулж эхэлжээ. Мөн хувийн хэвшлүүд криптод суурилсан зээлийн үйлчилгээг судлаад эхэлсэн ба JPMorgan (JPM) харилцагчдадаа Биткойн (BTC) болон Эфериум (ETH) барьцаалсан зээлийг санал болгохоор төлөвлөсөн аж.
Эцэст нь… Америкт ипотекийн зээлтэй холбоотой дээрх 2 хувилбар эрчийг аваад байна. Монголд энэ хувилбаруудыг туршиж үзнэ гэвэл хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг тун сонирхолтой. Манай лимончууд юу гэж бодож байна? 😅

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.2021 оноос “Ерөнхийлөгчийн илгээлт-2,100” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл сүүлийн үед тэтгэлгийн төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй, зарим оюутнууд тэтгэлгээ түдгэлзүүлсэн гэхчлэн асуудлууд үүсээд буй. Энэ тал дээр таны байр суурь? |

🪽 Залуу Мэргэжилтнүүдийн Хөтөлбөр

Даль жигүүрээ дэлгээрэй! “The Young Professionals’ Group” (YPG)-н Монгол дахь салбараас 10 дахь жилдээ зохион байгуулж буй “YPG Mentorship Program”-н бүртгэл эхэлжээ. 📢
Тус хөтөлбөр нь 12 залуу мэргэжилтнийг сонгон шалгаруулж 12 мэргэжлийн менторуудтай холбон, 1 жилийн турш хувь хүний болон карьерын өсөлтөд нь бодит дэмжлэг үзүүлдгээрээ онцлог.
🔍 Ямар үр дүнтэй вэ? Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрт хамрагдсан 100 гаруй залуучуудын 30% гаруй нь байгууллага дотроо албан тушаал дэвшсэн бол 20% гаруй нь Chevening, Australia Awards, Fulbright тэргүүтэй нэр хүндтэй тэтгэлгээр гаднын оронд суралцсан байна.
🙋 Хэн хамрагдах вэ? Тэгвэл хөтөлбөрт Улаанбаатарт оршин суудаг, 30 хүртэлх насны, 2 болон түүнээс дээш ажилласан туршлагатай залуучууд хамрагдах нь.
⌛ Өргөдөл хүлээн авах хугацаа: 11 сарын 16-ныг дуустал


🍋 Худалдаа Хөгжлийн Банк (TDB) сагсан бөмбөгийн SG Apes багийг ивээн тэтгэнэ. Тус банк ийнхүү 35 жилийн ой дээрээ багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн спортыг дэмжихээр боллоо. Энэ улиралд SG Apes баг NCAA-н 1-р дивизонд тоглож явсан Г.Дөлгөөн болон NBA-н драфтын 1-р тойргийн 5-аар сонгогдсон Томас Робинсоныг эгнээндээ нэгтгээд буй.
🍋 Burger King-н эцэг компани Restaurant Brands International (QSR) Хятад дахь бизнесийнхээ 83%-ийг худалдана. Бизнесийг Хятадын хувийн хөрөнгө оруулалтын CPE $350 саяар худалдан авч буй бөгөөд RBI үлдсэн 17%-ийг, УЗ-ын нэг суудлын хамт эзэмших аж. Ийнхүү RBI-CPE хамтарсан компани Хятад дахь Burger King-н салбарын тоог ирэх 5 жилд 2.7 дахин нэмэгдүүлж 4,000 болгохоор төлөвлөжээ.
🍋 Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах ОУ-ын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 баг бүртгүүлжээ. Тэдгээрээс II шатанд нийт 24 баг шалгарсан бөгөөд 11 сарын 14 хүртэл эдгээр багийн бүтээлийг олон нийтэд танилцуулж байгаа аж. Цаашлаад сонгон шалгаруулалтын шүүгчдийн шийдвэр, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх нь.
🍋 Visa (V), Mastercard (MA) Америкийн бизнес эрхлэгчидтэй $38 тэрбумын гүйлгээний хураамжийн тохиролцоонд хүрлээ. Тохиролцооны дагуу тэд ирэх 5 жилийн хугацаанд 2024 онд дунджаар 2.35%-тай байсан гүйлгээний хураамжийг 0.1 нэгж хувиар бууруулах бөгөөд бизнес эрхлэгчид 2031 он гэхэд $38 тэрбумыг хэмнэх нь. Угтаа өнгөрсөн 15 жилд тэдний гүйлгээний хураамж 4 дахин нэмэгдэж өнгөрсөн онд л гэхэд $111 тэрбумд хүрээд буй.
🍋 ХУД дэх арьс ширний үйлдвэрүүдийг 2028 оноос Эмээлт дэх эко парк руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүдийг нүүлгэх эсэх санал асуулгад үйлдвэрийн бүсэд оршин сууж буй 500 орчим өрх хамрагдсан бөгөөд тэдгээрийн 99% нь нүүлгэхийг дэмжсэн байна. Тэгвэл үйлдвэрийн бүсийг дахин төлөвлөхдөө сургууль, цэцэрлэг болон нийгмийн дэд бүтцийн зориулалтаар хөгжүүлэх юм гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply