🦈 Акул акулаа иднэ

Бид сард 1 сая тн зэс олборлох уу? | $TSLA: 7.4%-ийн өсөлтийн цаана | Оны онцлох ГХЭ төслүүд

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Хүсэн хүлээсэн УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Энэ чуулганаар Монгол Улсын 2026 оны төсөв болон олон сангуудын төсвийг холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэх нь ээ. Мөн үүнээс гадна эрх баригч намын даргын төлөөх тулаан ч эрчээ авах төлөвтэй байна даа. Ай намраа гэж… 😮‍💨

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Энэ оны II улиралд Монгол Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 12.7% өсөж $39.6 тэрбумд хүрчээ.

MSE: Премиум Нэксус ХК (CUMN) өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох Вэйв Три Инвестмент Партнерс ХХК-д төлөх ₮5.4 тэрбумын төлбөрт Чингис Шар Айраг, Сэнтрал Коммерсийн хувьцааг шилжүүлэв.

IPO: Өнгөрсөн 7 хоногт Америкт 6 компани IPO хийж, нийтдээ $4.4 тэрбум татан төвлөрүүлсэн нь 2021 оны 11 сараас хойш нэг 7 хоногт хамгийн олон компани IPO хийсэн тохиолдол боллоо.

⛏️ Бид сард 1 сая тн зэс олборлох уу?

Өнгөрсөн 7 хоног уул уурхайн салбарынхны хувьд халуухан 7 хоног болж өнгөрлөө. Салбарт оролцогч бүхий л талууд цуглав.

🇨🇳 Онцлох оролцоо: Хятад

Энэ жилийн Mining Week & MinePro-н голлох орон буюу Focus Country-р манай экспортод хамгийн чухал, том байр суурийг эзэлдэг Хятад Улс оролцов. Энэ утгаараа тус улсын 70 компани арга хэмжээнд оролцож хамгийн том асрын дийлэнх хэсгийг эзэлж байлаа. 

  • 📌 Ирээдүй зэс рүү: Бид 2012 онд урд хөрш рүү ердөө 22 сая тн нүүрс экспортолж байсан бол одоо энэ тоо 3.8 дахин өсөж 83 сая тн болоод буй. Түүнчлэн Хятадын талаас Монголыг 10 жилийн дараа сард 1 сая тн зэс олборлох боломжтой гэж харж байгаа бөгөөд цаашид тэдний Монголоос импортлох зэсийн хэмжээ эрс нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

🙏 Хүнд сурталгүй уул уурхай

Цаашлаад уг арга хэмжээнд төрийн тэргүүнүүд оролцож өөрсдийн илтгэлийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ингэхдээ гааль, боомт дээр үүсэж буй хүнд суртлуудыг бууруулах замаар экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. Тодруулбал, гаалийн хяналт дахь байцаагчаас хамаарсан 113 заалтыг цуцалж, экспортын бараа хилээр гарах хүртэл 6 удаагийн зогсолт хийдэг байсныг бууруулж, хил нэвтрэх шат дамжлагыг бууруулсан аж. 

  • 🤝 Хамтрал: Түүнчлэн Mining Week & MinePro нь уурхайн бүх оролцогч талууд цугласан гэдэг утгаараа харилцаа холбоо болон хамтын ажиллагаагаа тэлэх цогц талбар байлаа. Энэ утгаараа АҮЭБЯ, МУУҮА болон гишүүн байгууллагууд хариуцлагатай уул уурхайн кодексийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх тухай 3 талт санамж бичиг байгуулав. Нэмээд БНХАУ болон Монголын геологийн холбоо ч хамтрахаар болоод амжлаа. 

Эцэст нь… Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг шиг ирэх жилийн Mining Week & MinePro арга хэмжээ улам өргөн цар хүрээтэй болохоор байна. Монголын экспортын сагс дахь зэсийн нөлөө томорч байгаа энэ үед уул уурхайн салбарыг улам хөгжүүлэх, хайгуулаа эрчимжүүлэх, олборлолтыг солонгоруулах ажлууд хүлээгдэж байна даа. 

  • 👔 МАН-ын даргын албан тушаалын төлөө өрсөлдөх шинэ нэр дэвшигч. (NTV)

  • 📺 Монголчууд мэдээллийг ихэвчлэн хаанаас авч байна? (SICAMongolia)

  • 👤 Дэлхийн анхны AI сайд. (NBC)

  • ⏸️ Сошиал апп дээрх бичлэгүүдийн автоматаар тоглох функцийг зогсоох боломжтой. (TechCrunch)

🔎 $TSLA: 7.4%-ийн өсөлтийн цаана

TSLA: Өнгөрсөн Баасан гарагт EV үйлдвэрлэгч Tesla-н нэгж хувьцааны үнэ 7.4% өсөж $395.4-т хүрлээ. Энэхүү өсөлтийг шинжээчид компанийн танилцуулсан шинэ үеийн эрчим хүч хадгалах Megapack 3 систем болон CEO Илон Маскт зориулсан $1 их наядын урамшууллын багцтай холбон тайлбарлаж байна. Тус урамшууллын эхний шалгуур нь Tesla-н зах зээлийн үнэлгээ $8 их наяд хүрэх нөхцөлтэй. Сонирхуулахад, Tesla-н одоогийн зах зээлийн үнэлгээ $1.3 их наяд байгаа аж.

🦈 Акул акулаа иднэ 

Дэлхийн энтертайнмент салбарын акулын нэг Paramount Skydance (PSKY) нөгөө акул Warner Bros. Discovery (WBD) худалдаж авахаар зэхэж байна. Ингэхдээ бүр 2 дахин бага үнэлгээтэй акул нь нөгөө том акулаа авах гэж байна гээд л бод.

🌹 Татгалзах аргагүй санал

Өнгөрсөн оны 7-р сард Paramount болон Skydance нар нэгдэхээр болж бүтэн нэг жил нэг сарын дараа гэрээ эцэслэгдсэн. Үүний дараа $PSKY нь $WBD-г худалдаж авахаар төлөвлөж эхэлжээ. Сонирхолтой нь, $PSKY-н зах зээлийн үнэлгээ $20.6 тэрбум бол $WBD-н үнэлгээ $46.7 тэрбумаар хэмжигдэж байна. Одоогоор $PSKY-н санхүүгийн нөхцөл байдал хүндхэн ч дэлхийн тэргүүн баячуудын нэг Ларри Эллисон тус нэгдлийг бүтээхэд туслалцаа үзүүлнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

  • 💰 Аавын мөнгө: Яагаад Ларри Эллисон хаа хамаагүй 2 компанийн нэгдэлд оролцдог билээ гэж гайхах хэрэггүй. Ларри Эллисоний хүү Дэвид Элиисон нь $PSKY-н CEO бөгөөд тэрээр Top Gun: Maverick, Mission: Impossible - Fallout гэх мэт 71 орчим кинонд продюсероор ажилласан нэгэн аж. 

  • 📈 Хэн хэндээ ашигтай: Тус мэдээний дараа $PSKY-н нэгж хувьцааны үнэ 15.6% өсөж $17.5-т хүрсэн бол $WBD-н нэгж хувьцааны үнэ 29% нэмэгдэж $16.2-т хүрсэн аж. Үүнээс харахад, хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолд нийцсэн нэгдэл болох талтай. 

👊🏻 Том мэдээтэй 2025

Дуулиант мэдээг ар араас нь гаргаж буй $PSKY саяхан холимог тулааны томоохон тэмцээн UFC-тэй 7 жилийн $7.7 тэрбумын үнийн дүнтэй гэрээ хийсэн болон видео тоглоом сонирхогчдыг байлдан дагуулж ирсэн Call of Duty тоглоомын киног бүтээхээ зарлаад байна. Харин $WBD-н энэ жил нээлтээ хийсэн 7 кино дараалан нээлтийн долоо хоногтоо $40 саяас дээш орлого олсон том амжилт үзүүлээд буй. 

Эцэст нь… Энэхүү үйл явдлыг энтертайнмент салбарын өрсөлдөөнөөс харвал “миний дайсны дайсан миний найз” гэдэг үгээр тайлбарлаж болно. Энэ салбарын бусад өрсөлдөгчид болох Netflix (NFLX), Disney (DIS) нарт тус мэдээ яаж туссан бол… 🫢

Монголын багш нар цалингаа нэмүүлэх хүсэлт тавин жагсаал зохион байгуулж буй нь гагц саяхны явдал биш билээ. Эргэн дурсъя. 👇

  • 2017 он: Багш нар багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулж цалингийн доод хэмжээг ₮1.6 саяд хүргэхийг шаардан жагсаж байв.

  • 2023 он: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо цалинг $1,000 буюу ₮3.5 саяд хүргэхийг шаардаж, салбарын хэлэлцээр эхлүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад мэдэгдсэн.

  • 2024 он: Энэ удаад ₮2 саяын босго давсан цалин авах, үүнд сарын цалинг 60%-иар нэмэгдүүлэхийг шаардаж байв.

  • 2025 он: Дээрх шаардлагаа бууруулж, дор хаяж 50% нэмэх шаардлага тавин Боловсролын яамны гадна жагссан билээ.

Үүнээс багш нар хөдөлмөрөө хий хөөсөрсөн нэмэгдэл, урамшуулал бус, бодитоор үнэлүүлэх шаардлагыг 8 жилийн турш тавьж байгааг тодхон харж болно. 

🌐 Frontier Fintech Summit 2025

Финтек салбарынхан, энэ Баасан гарагт арга хэмжээтэй шүү! Монголын Финтекийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг санхүүгийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “Frontier Fintech Summit 2025” ОУ-ын форум болох гэж байна. 📢

☝️ Энэ жилийн форум “The Next Wave: Fintech for People and Planet” уриан дор зохион байгуулагдах бөгөөд форумаар салбарын гол тоглогчид, бодлого тодорхойлогчид, стартап-ууд нэг дор цугларан,

  • Санхүүгийн үйлчилгээний ирээдүйн чиг хандлага, ОУ-ын хамтын ажиллагаа, финтек дэх хиймэл оюуны зохицуулалт тэргүүтэй сэдвүүдээр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Финтек салбарыг сонирхогч хэн бүхэнд “Frontier Fintech Summit 2025” танилын хүрээгээ тэлж, туршлагаа хуваалцах сайхан боломж шүү.

📍 Хаана: ZU Ballroom

Tenor

🍋 Орон сууцны үнэ өнгөрсөн 8-р сард өнгөрсөн оны мөн үеэс 15.9% өсжээ. Задлан харвал, шинэ орон сууцны үнэ 16.8% өсөж дунджаар ₮4.75 сая болсон бол хуучин орон сууцных 15.6% өсөж ₮4.58 сая болсон байна. Цаашлаад шинэ орон сууцны үнэ Сүхбаатарт хамгийн их буюу 26.2% өсөж ₮5.4 сая болсон бол Сонгинохайрханд 13.1% өсөж ₮3.3 сая болсон нь хамгийн бага үзүүлэлт болсон аж.

🍋 Америкт ажилгүйдлийн тэтгэмж хүссэн иргэдийн тоо сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрэв. Тодруулбал, 9 сарын 6-ыг дууссан 7 хоногт тус улсын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгч иргэдийн тоо 27 мянгаар нэмэгдэж 263 мянга болсон буюу Ковид 19-ийн үеийн үзүүлэлтээс 2 мянгаар давжээ. Ийнхүү ХНС-д инфляцыг тогтоон барихын сацуу, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих толгойн өвчин нэмэгдэв.

🍋 Монголбанк: Инфляцыг ирэх онд 6%, 2027 оноос 5%-д хүргэж бууруулахыг зорьж ажиллана. Одоогоор инфляц 8.1%-тай байгаагийн 2 нэгж хувийг төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ, 1 нэгж хувийг махны үнэ бүрдүүлж буй тул ийн буулгах боломжтой гэж үзээд буй. Мөн ирэх онд Монголын эдийн засаг 5.6%-иар өснө гэж тооцсон байна. 

🍋 ХАА-г хөгжүүлэх ОУ-ын сан Монголын 6 аймгийн 18 суманд ₮22 тэрбумын төсөл хэрэгжүүлжээ. Нийт санхүүжилтийн ₮16 тэрбумыг тус сангийн зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн бол үлдсэн ₮6 тэрбумыг орон нутаг тус бүрээс санхүүжүүлсэн аж. Төсөл нь хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх зорилготой бөгөөд II үе шатыг тус сангийн нэмэлт зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 

🌠 Оны онцлох ГХЭ төслүүд

Өмнөх дугаараар бид улс орнууд Хятадаас хараат бус газрын ховор элемент (ГХЭ)-ийн ханган нийлүүлэлтийн сүлжээг болгохоор хэрхэн хамтарч, юу хийж байгаа талаар хүргэсэн. Энэ удаад энэ оны хамгийн ахицтай явж буй онцлох 3 төслийг хүргэж байна. 

👍 Америкийн манлайлал

2025 онд ГХЭ-ийн салбарт хамгийн ахицтай, амжилт гаргасан улс Америк байлаа. Тодруулбал, Батлан хамгаалах яамных нь ГХЭ-д оруулсан хөрөнгө оруулалт $1 тэрбумыг давж, үйлдвэрлэл нь өнгөрсөн оноосоо 12.3% өсөж, 45,000 тн-д хүрээд буй. Мөн өнгөрсөн 5-р сард Ames Lab Батлан хамгаалахын яамны $27 саяын санхүүжилттэйгээр ГХЭ-г илүү байгальд ээлтэй, дэвшилтэт байдлаар ялгах технологио танилцуулсан. Уламжлалт аргаас ялгаатай нь тус арга нь өрөөний температурт бэлтгэх боломжтой бөгөөд химийн хорт бодис ялгаруулахгүй, өндөр цэвэршилттэй ГХЭ ялган авах боломжтой аж. 

  • 🫴 Цаашилбал, Австралийн Arafura Rare Earths (REB.F) 2025 онд ЗГ-аасаа AU$200 саяын санхүүжилт татаж, хайгуул, боловсруулалтаа өргөтгөн, 2032 оноос дэлхийн неодим, празеодимийн 4%-ийг үйлдвэрлэхээр ажиллаж байгаа. 20 гаруй жилийн хайгуулын түүхтэй уг төсөл нь карбонатитын хүдэрт суурилсан, байгальд ээлтэй, бага радиоактив элемент агуулсан боловсруулалт хийхээрээ онцлог.

Сүүлд нь танилцуулахад, Канад Хойд Америкийн хамгийн том ГХЭ орд болох Ashram-г хөдөлгөх амлалт өгөөд буй. Тус орд нь 73.2 сая тн нөөцтэй, хэмжээгээрээ дэлхийд 6-рт бичигдэх орд болох боломжтой. Тус төслийг урагшлуулснаар Канад цэргийн зардлаа ДНБ 5%-д хүргэх буюу $109 тэрбум болгон өсгөхөд дэм болох хүлээлттэй байгаа аж. 

Дараагийн дугаарт ГХЭ боловсруулах дэвшилтэт технологиудыг танилцуулъя. Хүлээж байгаарай.

  • Даваа: Өнгөрсөн сарын гадаад худалдааны тойм гарна.

  • Мягмар: Энэ оны эхний 8 сард үнэт цаасны зах зээл хэр байв?

  • Лхагва: Банкнуудын нэгдсэн баланстай танилцана.

  • Пүрэв: Банкнуудын харилцах, хадгаламжийн үлдэгдэл танилцуулагдана.

  • Баасан: Ипотекийн зээлийн тайлан гарах нь ээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.