- Lemon Press
- Posts
- 📊 Эдийн засаг: Төсөөллөөс доош 3 метр
📊 Эдийн засаг: Төсөөллөөс доош 3 метр
Дэлхийд байхгүй “Залилангийн хууль” | $SUU: Цэвэр ашиг +12.9% | Зах зээлийн чимээ
POWERED BY
Morning! Ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж байгаа компаниудын тоо өдөрт хэд хэдээрээ нэмэгдэж байна даа. Заримынх нь хувьцаа дагаж өсөөд, заримынх нь унаад л. Голомт банкны ногдол ашгийн шийдвэр л гэхэд нэлээд урам хугалав бололтой, хувьцааных нь үнэ нь 14.61% уналаа. Энэ хөдөлгөөнүүдийг нэг багцалж тоймлоно оо. Та хэд маань бас ногдол ашигтай холбоотой ямар мэдээлэл хүсэж байгаагаа reply хийж ирүүлээрэй. 🍋


MSE: Түмэн Шувуут (TUM) болон Дэвшил Мандал (DMA) ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэлээ.
MSE: Тавантолгой (TTL) 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮6,960-ийг, Төрийн банк (SBM) ₮63.7, Тандэм Инвест ББСБ (TAND) ₮1.1-ийг, Хүрд (HRD) ₮3,350, Газар Шим Үйлдвэр (GAZR) ₮2.6, Улаанбаатар БҮК (BUK) ₮10-ийн ногдол ашгийг тус тус хуваарилна.
KHAN: ХААН Банк (KHAN) “Цагаан Алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан нэхий (NEH)-д анхны хөнгөлөлттэй зээлээ олгов.
UB: Багануурын батарей хуримтлуурын станц өнгөрсөн 12-р сараас хойш төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлжээ.

📊 Эдийн засаг: Төсөөллөөс доош 3 метр
Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.9% өсөж томоохон байгууллагуудын төсөөллийг давах нь битгий хэл ойртсонгүй ээ гэж. Яагаад тэр вэ? Одоо яах билээ?
📉 Уруу, уруу, уралын нуруу
Монголбанк, Сангийн яам, АХБ тэргүүтэй нөлөө бүхий байгууллагуудын гаргасан Монголын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл дунджаар 5.3% байв. Гэтэл хөдөө аж ахуйн салбарын доройтол, шал арчих нүүрсний үнэ, тэнгэр бараадах импортын бараанаас үүдэн 2023 онд 7.4%-д дүүлж явсан эдийн засгийн өсөлт 2.5 нэгж хувиар уруудлаа. Нэмээд инфляц өссөөр 9.6%-д хүрчихсэн байдаг…
📌 Тодруулъя: ДНБ-ийг задлаад харвал ХАА-н салбарынх 28.7% буюу хамгийн ихээр буурсан бол бүтээгдэхүүний цэвэр татвар 16.1% буюу хамгийн ихээр өссөн байгаа юм. Араас нь уул уурхайн салбар 10.8% өсөж ДНБ-ий нийт өсөлтийн 1.4 нэгж хувийг бүрдүүлэв.
🧐 Гол зогоогчийн гагцаа
Харж байгаачлан манай эдийн засаг уул уурхайдаа чирэгдсээр л байна. Энэ дундаа 2016-2022 оны хооронд нүүрсний салбар ДНБ-ий 4% орчмыг, экспортын орлогын 35.1%-ийг бүрдүүлж ирсэн. Харин өнөө нүүрсний үнэ нь 2022 оны оргилоосоо 60.8% буюу $154.75-оор доош өнхөрч явна. МХБ (MSE) дээр арилжаалагдаж байгаа баяжуулсан коксжих нүүрсний үнэ л гэхэд 2024 оны эхнээс 37.1% унажээ. Нөгөө талд бид жил ирэх тусам нүүрсний экспортоо учир зүггүй нэмээд л.
😓 Зөөгөөд, зөөгөөд түрийвч хоосон: Манай нүүрсний экспорт 2019-2022 оны хооронд 1 ч удаа төлөвлөгөөндөө хүрч байгаагүй. Харин 2023 онд буюу Ковид-19-ийн дараа төлөвлөгөөгөө байнга давуулж, нүүрсийг ядах юмгүй зөөж байна. Харин зөөгөөд байгаа ч орлого буураад байгаа нь асуудал. 2024 оны нүүрсний экспортын үнийн дүн л гэхэд өмнөх оноосоо $230 саяар буурсан.
Тэгэхээр, цаашид нүүрсний үнэ унасаар байвал Монголын эдийн засаг тэр дундаа уул уурхайн салбарт зөвхөн зэс хамгийн чухал болох нь. Гэтэл зэсийн хамгийн гол тоглогч Оюу толгойн оргил үе 2036 он гэхэд дуусна. Тэрний дараа үйлдвэрлэл ч үгүй, нүүрс зэснээс өөр юм үгүй манай эдийн засаг одоо яана вэ?

💰 $SUU: Цэвэр ашиг +12.9%
SUU: Сүү ХК-ийн цэвэр ашиг 2024 онд өмнөх жилээсээ 12.9% өсөж ₮16 тэрбум болжээ. Учир нь тайлант хугацаанд компанийн борлуулалтын орлого 30.2% нэмэгдэж ₮192.4 тэрбумд хүрсэн аж. Өөрөөр хэлбэл тэдний цэвэр ашгийн хувь нь 8.3% байгаа хэрэг. Түүнчлэн $SUU-н нийт хөрөнгө 28.2% өсөж ₮155.4 тэрбум болсон бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж буюу ROE нь 27.4% байгаа юм. Харин тэдний хувьцааны үнэ он гарснаас хойш 58% өсөж ₮698-т хүрээд байна. Компани 2024 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮3.4 буюу өчигдрийн үнээр 0.5%-ийн өгөөжтэй ногдол ашиг хуваарилах нь.

🚨 Дэлхийд байхгүй “Залилангийн хууль”

Австрали дэлхийн хамгийн анхны “Залилангаас урьдчилан сэргийлэх хууль”-ийг баталлаа.
Анхных гэсэн учир нь тус хуулиар үүрэг хүлээх талууд нь олон нийтийн сүлжээ болон харилцаа холбооны компаниуд нэмээд банкнууд. Хууль тогтоогчид нь дэлхийн хамгийн хатуу залилангийн хууль баталлаа гээд бахдалтай ярьж байх юм билээ.
🚓👮🏻♀️ Залилагчдыг олж, барь!
Шинэ хуулиар олон нийтийн сүлжээний платформууд оруулж буй зар сурталчилгаагаа шалгах, харин банкнууд мөнгө хүлээн авагчийн мэдээллийг илүү тодорхой харуулдаг болох гэхчлэн өөрчлөлтүүдийг хийх ёстой болж буй.
😲 $50 саяын торгууль: Маргаан дагуулж буй гол асуудал нь компаниуд хяналтаа сайн тавьж чадахгүй буюу залиланг таслан зогсоож чадахгүй бол AU$50 сая хүртэлх торгууль ногдуулах аж.
⚖️ Дүрэмтэй, номтой: Мэдээж торгохын өмнө тэдгээр байгууллагуудад залилангаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мэдээлэх гэхчлэн тогтсон зарчмуудыг гаргаж өгөхийн сацуу хэр мөрдөж байгааг давхар хянаад явах юм байна.
Хэн хянах вэ гэхээр, банкнуудыг Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо, харилцаа холбооныхныг Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн газар тус тус хянаж ажиллана.
🤖 Харж байгаа шүү! Залилаад үзээрэй!
2023 онд Австралид залилангийн 301,765 хэрэг бүртгэгдсэн бөгөөд хохирлыг дүн нь AU$476.8 сая. Улмаар ACCC буюу манайхаар бол хуучин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2023 оноос эхлэн Залилангийн эсрэг виртуал үндэсний төвийг ажиллуулж эхэлжээ. Гол зорилго нь иргэдээ мэдээллээр хангахын сацуу нөгөө талд залилагч иргэнтэй холбогдохоос өмнө таслан зогсоох.
✌🏻 Үр дүн: Тус төв ажиллаж эхэлснээс хойш буюу 2024 онд залилангийн хэргийн гаралт 17% буурсан аж. Сонирхуулахад, Австралид хөрөнгө оруулалттай холбоотой залилан хамгийн их гардаг юм байна.
🚨 Бяцхан сорил: Цаашлаад, ScamWatch гэх платформоор залилантай холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй тавьж, иргэдийн залиланд хэр өртөмтгий байгааг нь шалгах бяцхан сорилыг ч байршуулсан харагдана. ЭНД дарж өөрийгөө сориод үзээрэй. Хөөрхөн эд байна.
Юутай ч тус хууль ирэх жилээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хуулийг батлах гол түлхэц нь өнгөрсөн хугацаанд гагц хувь хүмүүс л луйвар, залилантай тэмцэж ирсэн тул залилангийн гол суваг болж буй платформуудыг үүрэгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Хэрхэн хэрэгжүүлэх нь л сонирхолтой байна. Манайд ч гэсэн энэ тал дээр яс мөрдөгддөг зохицуулалт хэрэгтэй л байгаа даа.

Бяцхан кейс задлан. 💡
Асуудал: … компани органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэдний бүтээгдэхүүнүүдийн чанарт хэрэглэгчид сэтгэл ханамжтай байдаг ч үнийн хувьд өндөр дүнтэй байсан тул шинэ хэрэглэгчид татахад хүндрэлтэй байв.
Шийдэл: Компани Bundling стратеги хэрэгжүүлж, өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг багцлан, харьцангуй хямд үнээр санал болгов. Мөн тогтмол хэрэглэгчдэдээ урамшууллын хөтөлбөрийг эхлүүлж, үнэгүй дээж бүтээгдэхүүнүүдийг тараан, цаашлаад шинэ хэрэглэгчдийн сонирхлыг татахад анхаарав.
Тус компанийн баримталсан стратеги бизнесийн хөгжилд нь хэр өгөөжөө өгөх бол? Санал, бодлоо хуваалцаарай! 😉


BBC
🍋 Samsung Electronics (005930.KS) халаасалсан $2.11 тэрбумын дүнтэй хувьцаагаа хүчингүй болгоно. Түүнчлэн өнөөдрөөс 5 сарын 16 хүртэл хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ажилтнууддаа ашиг хүртээх зорилгоор $1.86 тэрбумаар энгийн хувьцаа, $209.76 саяар бусад төрлийн хувьцаагаа халааслахаар төлөвлөжээ. Ийнхүү тэд 2017 оноос хойш анх удаа буюу энэ онд нийт $7.5 тэрбумаар хувьцаа халааслах аж.
🍋 Хархорум хотын газар ашиглах эрхийг тус хотын захирагч олгоно. Тус хот нь Архангай болон Өвөрхангайн 3 сумын нутаг дэвсгэрийг хамарсан эдэлбэр газартай байх бөгөөд зөвлөл, захирагчийг оршин суугчдаас сонгох хүртэл ЗГ-аас томилсон хотын зөвлөл болон захирагчаар удирдуулах аж. Харин хотын байнгын оршин суугчийн тоо 10,000 хүрснээр хотын зөвлөл, захирагчийн сонгуулийг зохион байгуулах нь ээ.
🍋 Sany Heavy Industry (600031.SS) Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийж $1.5 тэрбумыг босгоно. Юутай ч $20 тэрбумын үнэлгээтэй тэд IPO хийх бэлтгэл ажилдаа Bank of America (BAC), JPMorgan (JPM) болон CITIC Securities (6030.HK)-г хөлсөлсөн аж. Гэснээс ойрмогхон $163.33 тэрбумын үнэлгээтэй CATL (300750.SZ), $40 тэрбумын үнэлгээтэй Hengrui Pharma (600276.SS) нар ч IPO хийж, аль аль нь $5 тэрбумыг босгох сурагтай.
🍋 ГБХНХЯ ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зардлыг 5 дахин нэмэв. Түүнчлэн 50 ба түүнээс дээш ажиллагсадтай ААН нийт ажиллах хүчний 2%-иас доошгүй тоогоор ахмад настан ажиллуулах хууль батлагджээ. Цаашлаад төсөвт байгууллагууд жил бүр цалингийн нийт сангийн 3% хүртэлх дүнг ахмадын сангийн зардалд тусгах нь.

📺 Маргааш 21 цагаас "Зах зээлийн чимээ" ХЗЗ-ийн бодлогын хэлэлцүүлгийн эхний дугаар цацагдана. (MongolTV)
🗞️ REIT буюу үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэмжлэлийг Монголд нэвтрүүлэх боломж. (FRC)
🌊 Улаан тэнгис дахь нээлтэд үндэслэн бусад гаригууд дээрх амьдралыг судлах боломжтой гэнэ. (DailyGalaxy)
🎂 Дональд Трампын төрсөн өдрийг холбооны баярын өдөр болгон тэмдэглэдэг болно. (Snopes)


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ
Reply