- Lemon Press
- Posts
- 🚨 Мэхт мэхэндээ
🚨 Мэхт мэхэндээ
Ашиг: сүүлийн 4 жилийн доод | Өгөгдөл шошгологч | 70 жилийн дараах холболт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өчигдөр түмпэнтэй жагсаалын хажуугаар МАН-ын 7-р бага хурал Тусгаар тогтнолын ордонд 13:30 цагт эхэлж 6 цаг орчим хуралдсанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар шилэгдлээ. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
MRT: Монгол, Хятадын 70 жилийн дараа хийж буй 2 дахь боомт холболт болох Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын бүтээн байгуулалтыг Тавантолгой төмөр зам ХХК болон Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн групп хамтран хэрэгжүүлнэ.
BOM: Өнгөрсөн сарын байдлаар гадаад валютын улсын нөөц сарын өмнөхөөсөө 1.1% нэмэгдэж $5.2 тэрбум болсон ч оны эхний дүнгээс буурсан хэвээр байна.
MCE: Өнгөрсөн 7 хоногт Хөдөө аж ахуйн биржээр нийт 56.1 тн ноолуур ₮16.7 тэрбумаар буюу 1 кг ноолуур ойролцоогоор ₮297.7 мянгаар арилжигджээ.

🔻 Өгөх нь авахаасаа өлзийтэй ч…

Огцорно, огцрохгүй, төмөр зам барина барихгүй гэж байх хооронд гадаад худалдааны ашиг шал арчжээ хө.
🚨 Сүүлийн 4 жилийн доод
Энэ оны эхний 5 сарын гадаад худалдааны ашиг $884.5 сая гарсан нь 2023 оны мөн үеэс 3.2 дахин буурч, сүүлийн 4 жилийн мөн үед харагдаагүй бага дүн байлаа. Учир нь тус хугацаанд нийт бараа эргэлт 2.3% нэмэгдсэн хэр нь экспорт нь 13.6% буурч, нөгөө талд импорт 31.1% өссөн тул ашиг ингэж багассан байгаа юм. Нэмээд экспортын дүн өнгөрсөн оны мөн үеэс ч 14.7% буурсан байгаа юм.
🧐 Яагаад? Учир нь энэ оны эхний 5 сард нийт 29.3 сая тн чулуун нүүрс гаргасан нь жилийн өмнөхөөс 7.4% буурсан үзүүлэлт. Боловсруулаагүй нефтийн гарц ч 16.6% багасав. Ганц экспортын өнгийг зүлгэж байгаа нь зэс л байна даа. Байгалийн баялгаас гадна махны экспорт ч 29.9%, ноолуурынх ч 30.5% буурсан байх жишээний.
🙃 Гэтэл нөгөө талд, улаанбуудайнаас бусад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт дунджаар 60% өсөв. Өндөгний импорт л гэхэд 5.5 дахин өсөж 59.6 сая ширхэгт хүрсэн тул дундаж нь ийм өндөр байгаа хэрэг. Үүнээс гадна өнөө дизель түлш, суудлын машины импорт өсдөгөөрөө өсжээ. Ийм байхад гадаад худалдаа яаж өндөр ашигтай байх вэ дээ.
🔖 Амаргүй цаг үе
Ганцхан жилийн өмнө $1=₮3,380, гадаад худалдааны ашиг $2 тэрбумд хүрч байв. Гэтэл өнөөдөр ийм байдалд хүрчих гэж. Нүүрсний үнэ нь шал арчиж хэчнээнийг зөөж гаргалаа ч өмнөх шигээ орлого орж ирэхээ болив. Валютын орох урсгал буурахын хэрээр төгрөгийн ханш дарамтад орж, импортын бараа дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Орлого нь өдрөөс өдөрт хумигдаад байхад зардал төсөв нь тэлээд л байдаг.
Эцэст нь… Миний Монголын асуудал дундрахгүй юм даа. Улс төрд ч эдийн засагт ч шийдэх асуудал их байна. Явган хүний замыг шинэчлэх №1 асуудал уу, явуургүй эдийн засгаа хөдөлгөх асуудал №1 үү гэдгийг ялгаж салгах ухаантай төр засаг бүрдээсэй.

🤑 Өгөгдөл шошгологч
META: Meta дата, мэдээлэлд тэмдэглэгээ хийдэг Scale AI-д $10 тэрбум давсан хөрөнгө оруулалт хийхээр яригдаж байна. Талууд хэлэлцээрт хүрвэл энэ нь Meta-н AI-д оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болно. Scale AI-н тухайд Microsoft (MSFT) болон OpenAI-н AI сургалтад туслах зорилгоор өгөгдөл шошголох үйлчилгээ үзүүлдэг төдийгүй Meta-н цэргийн хэрэглээнд зориулагдсан Defense Llama-г бүтээсэн туршлагатай компани аж.

🎸 Цэнгэн хөгжилдье өө!
Амьд хөгжмийн улаан ногоон фенүүд анхаарлаа нааш! Монголын үе үеийн амьд хөгжмийн төлөөлөл Төв Цэнгэлдэх Хүрээлэнд хуран цуглаж, уран бүтээлээ толилуулах гэж байна. 📢
✨ Нэрсийг зарлая: Тоглолтод Night Train, The Lemons, A-Sound, Чойжоо, Niciton-н Батчулуун, Mxrningstar, Davaidasha x Baba Yaga, The Pips, The Tourists уран бүтээлчид оролцох нь ээ.
Гэснээс тус тоглолтын тайзыг 27 метр өндөр засаж байгаа гэсэн шүү. Мянга сонсохоор нэг үзнэ биз ээ. ✨
📅 Хэзээ: 6 сарын 13

☠️ Монголын нүүрстөрөгчийн ялгарал талийгаад 5 жилийн нүүр үзэж. (ScienceDirect)
🏴 Бодлоготойгоор хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй схем гэж юу вэ? (CNN)
💞 Чамайгаа бурхан гуйсан ч өгөхгүй дээ. (NYPost)
👠 Венчур хөрөнгө оруулалтын салбарт эмэгтэй $-н тэрбумтан төрлөө. (Forbes)

Тариф 🆚 Газрын ховор элементийн хориг
Дэлхий нийтийг Доналд Трампын тариф бүрхсэнээс хойш 5 сарын дараа Америк болон Хятадын төлөөлөгчид асуудалд шийдэл олохоор ахин нэг удаа Лондонд уулзалдаж байна.
🤔 Найдлага: Талуудын яриа эхлэхийн өмнөхөн Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятад компаниудын хувьцааны үнэ 1.2%, Hang Seng (^HSI) 1.5% тус тус өсөв.
🗣️ Лондонгийн яриа
Уг хэлэлцээр нь Хятад, Америкийн тарифын зодоон эхэлснээс хойш хэлэлцээрийн ширээний ард сууж буй 2 дахь тохиолдол. Талуудын анхны уулзалт Трамп Хятадад 145%-ийн тариф ногдуулснаас сарын дараа Женевт болж, үр дүнд нь талууд 100% давсан тарифаа 90 хоног хойшлуулж 10%-30% байхаар тохиролцож байв. Ичгэвтэр байдал орохгүйн тулд Америк Европ болон бусад орнуудын тарифыг ч хойшлуулж байсан даа.
🤼♀️ Мэхт мэхэндээ: Энэ удаагийн хэлэлцээрээс хүлээгдэж буй үр дүн нь Хятадын газрын ховор элемент (ГХЭ)-ийн экспортыг хэвийн горимд шилжүүлэх. Дэлхийн ГХЭ-ийн экспортын 90%-ийг бүрдүүлж буй Хятад 4-р сараас эхлээд экспортоо зогсоосон нь Америк гэлтгүй Европ, Япон гэхчлэн бусад оронд хүнд цохилт болсон.
🙅🏻 Үүнээс цааш газар үгүй! Трамп өөрийн эхлүүлсэн тоглоомдоо буулт хийх мэт өнгөрсөн Пүрэв гарагт Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа Ши Жиньпин рүү утас цохисон. Улмаар Ши Жиньпинтэй ГХЭ-ийн экспортыг хэвийн болгох тал дээр тохирсон аж.
😏 ГХЭ-ээр түрий барьсан шаардлага
Нөгөө талд Хятадын нөхцөл байдал ч муудаж байгаа. 5-р сард тус улсын нийт экспорт 5% өссөн ч Америк руу хийсэн экспорт нь өмнөх оноос 34% буурч, 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрэв. Асуудал даамжирвал Хятад ч гэдийж суух аргагүй болох тул Америкт Трампын тарифыг цуцлах, Европт EV-д ногдуулсан тарифыг хүчингүй болгох, дэвшилтэт технологио эргээд экспортолж эхлэх шаардлагуудыг тавьж буй. Үүний хариуд Хятад ГХЭ-ээ хэвийн экспортлох юм.
Эцэст нь… Америк, Хятадын тарифын зодоон ГХЭ-ийн нөлөөгөөр зөөлрөх магадлалтай байна. Гэсэн ч том зургаараа Америк өөрөө эхлүүлсэн тоглоомдоо буулт хийхгүй бол эдийн засгийн хямрал үргэлжлэх л байх даа. Хорвоо…

Excel дээрх өгөгдлийг мөр➡️багана эсвэл эсрэгээр нь хөрвүүлэх "Transpose" функц ашиглаж сурцгаая.
Эхлээд мөр/багана болгон хөрвүүлэх өгөгдлөө идэвхжүүлээд хуулах үйлдэл хийгээрэй.
Дараа нь тухайн өгөгдлийг байрлуулах шинэ нүдэн дээр очоод баруун товчоо дараад Paste Special➡️Transpose дараад ОK.
Жич: Excel-н шинэ хувилбарыг ашигладаг бол жижиг цонхны оронд доош унасан цэс гарч ирнэ шүү. 😉

✈️📦 Агаарын ачаагаа даатга
Ачаа бараагаа хэнд даатгах вэ гэж толгой гашилгах хэрэггүй дээ! Монложистикс Групп Улаанбаатар - Инчеон чиглэлд агаарын ачааг тун чиг чамбайлан тээвэрлэж байгаа гэнэ. 📢
Ямар онцлогтой вэ?
👌 Сонго: Ингэхдээ тэд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хамгийн хурдан, хамгийн боломжийн үнэтэй эсвэл хамгийн эрсдэлгүй тээвэр гэхчлэн шийдлүүдийг санал болгож буй.
🫂 Тусалъя: Үүн дээр нэмээд экспортын гаалийн бүрдүүлэлт, нийт ачааны эхний 50 нэр төрлийн мэдүүлгийг үнэ төлбөргүй шивж өгдөг шүү.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг 9426-0425; 8804-7898, 9187-1104 дугаарт болон [email protected] Имэйл хаягаар холбогдон авах боломжтой.


DDish
🍋 17 жилийн түүхт ДДЭШ компани шинэчлэгдэж цар хүрээгээ тэлнэ. Тус компани контент, байгууллага, хувь хэрэглэгчийн зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлж, технологид суурилсан үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Дэлхийн телепортын холбооны гишүүн болсон тус компани энэ сарын сүүлээр FIBA 3x3 World Cup-г хиймэл дагуулаар олон улсад дамжуулна.
🍋 Их Британи шинжлэх ухаан, технологийн салбарт £86 тэрбумыг цутгана. Үүнд шинэ эмчилгээ, цэнэгээ удаан барьдаг батарей, AI хөгжүүлэлт зэрэг судалгааны төслүүд хамаарах юм. Эхний ээлжид ирэх 4 жилд £22.5 тэрбумын хөрөнгө оруулах бөгөөд орон нутгийн удирдлагууд хөрөнгө оруулалтыг юунд, хэрхэн зарцуулах талаар санал гаргаснаар £5 тэрбум хүртэлх санхүүжилт хүртэх аж.
🍋 “Оюу толгой” ХХК гүний уурхайн үндсэн 3 талбайн нэг Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоов. Учир нь Панел 1-ийн тодорхой хэсэгт байрлах Entrée Resources (ETG.TO)-н лицензүүдийг ЗГ стратегийн ордод хамруулан тооцсонтой холбоотой лицензийн маргаан үргэлжилсээр “Оюу толгой” ХХК ийн хаданд хавчуулагдсан нөхцөл байдалд ороод буй. Тус талбайд Оюутолгойн бүлэг ордын зэсийн 24% агуулагддаг.
🍋 Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ. Энэ нь улсын хэмжээнд шаардлагатай байгаа нийт сургуулийн 41%, нийт цэцэрлэгийн 47%-тай дүйх бөгөөд ирэх оны төсөв хэлэлцэх үеэр энэ тоог нэмэгдүүлэх юм гэнэ. Улмаар 1 анги дахь хүүхдийн тоо 40-өөс хэтрэхгүй, цаашлаад 1 сургуульд 1,800-аас доош хүүхэд суралцах нөхцөл бүрдэх нь.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply