- Lemon Press
- Posts
- 🆕 Шинэ ТОП-100
🆕 Шинэ ТОП-100
ХЗЗ хөгжил 5 жилийн дотор | Трампын анхны бэлэг | Тансаг хэрэглээгээ танав
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Samsung-н олон улсын стратегийг базаж буй Монгол залуугийн талаар Lemonade in Korea-н эхний дугаараас үзээрэй. 🍋📽️
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Э-Транс Ложистикс ХК (ETR) 12 сарын 19-нийг хүртэл нэгж хувьцаагаа ₮118.08-өөр худалдан авах санал гаргалаа.
BOM: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарын бүрэн эрхийн хугацаа энэ 7 хоногт дуусгавар болно.
MSE: Стандарт Ноос ХК (ALI)-ийн шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Л.Цэндээхүүгийн үндсэн цалинг ₮2 саяар тогтоов.
🆕 ТОП-100-гийн сагс шинэчлэгдлээ
2023 оны эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дотоодын томоохон 100 компани тодорлоо. Тэдгээр компаниуд Монголын ДНБ-ий 73%, нийт татварын 29%-ийг бүрдүүлж, 83.7 мянган ажлын байрыг бий болгоод буй.
🔁 Салбарын шилжилт: ТОП-100-гийн сагсны тал гаруй буюу 59 нь уул уурхай болон худалдаа, үйлчилгээний компаниуд. Харин шинээр уул уурхайн 11 компани, барилга, замын 5 компани жагсаалтад орж ирээд буй.
⤴️⤵️ Өгсөж, уруудав
ТОП-100 компанийн жагсаалтыг “Оюу толгой” ХХК 2 дахь жилдээ тэргүүлж, Энержи Ресурс ХХК байр ахин 2-рт бичигдэх болов. ТОП-10 дотор МАК 6 байр, Хүрэн Толгой Коал Майнинг ХХК 30 байр тус тус ахисан бол Шунхлай ХХК 7 байр, Мобиком Корпораци ХХК 5 байр ухарснаар ТОП-10-аас хасагдав. Харин том зургаараа хамгийн хол үсрэгсдээр тодорсон Өсөх Зоос ХХК 56 байр, Баялаг Энержи Ресурс ХХК 50 байр тус тус ахижээ. Тэдний хамт 5 компани 29-өөс дээш байр ахисан байсан шүү.
🆕 Цоо шинэ ТОП: Харин Саусгоби Сэндс ХХК цоо шинээр жагсаалтад багтаж 11-рт бичигдэж эхэлсэн төдийгүй тэдэнтэй хамт Шарын гол ХК (SHG), АПУ Дэйри ХХК, Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК тэргүүтэй 18 компани ТОП-100-д шинээр багтах болов.
Хаалттай 🆚 Нээлттэй: ТОП-100-д багтсан ХК-иудын хувьд 5-аар нэмэгдэж 14 болсон бөгөөд тус 14 компанийн 5 нь ТОП-10-д багтаж буй.
🎡 Аварга группүүд: М-Си-Эс Групп болон Шунхлай Групп өнгөрсөн жилийн байраа хадгалж тэргүүлсэн хэвээр байгаа бол МАК ХХК Таван Богд Группийг ардаа орхиж 3-рт бичигдсэн байна.
ТОП-20: Ашиг ➖, Орлого ➕
Үргэлжлүүлээд, ТОП-20 компанийн орлого өнгөрсөн жилээс 41% өсөж ₮28.6 их наядад хүрсэн ч ашиг нь 6.9% буурч ₮1.4 их наяд болжээ. Нөгөө талд татвар 50.9% өсөж ₮3.8 их наяд, хөрөнгө нь 9.7% буурч ₮11 их наядад хүрсэн аж.
🧮 5 жилийн өмнөхөөс: Харин тус үзүүлэлтүүдийг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад, тэдний ашиг 33%, орлого нь 46.7% тус тус өссөн бол татвар 2.3%, хөрөнгө нь 2.3 дахин буурсан байна. 2019 оны ТОП-20-д Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Улаанбаатар Төмөр Зам ХНН, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК багтаж байсан гэхээр хөрөнгө нь тийм данхгар байсанд гайхах зүйлгүй.
Эцэст нь… ТОП-100 компанийн өнгө нэг иймэрхүү. 2019 онд цойлж байсан төрийн өмчит компаниудын бараа сураг нь ч харагдсангүй. Төрийн оролцоо их байх тусам засаглал сул, орлого, зарлагын тэнцэл нь яажгий явсаар байвал ингээд цаг хугацааны аясаар замхраад алга болдог байх нь. Харамсалтай…
🎁 Дональд Трампын анхны бэлэг
TSLA: Tesla-н хувьцаа арилжаа эхлэхийн өмнө нэг өдрийн дотор 8% өсөж $346-т хүрлээ. Энэ нь Дональд Трамп автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн зохицуулалтыг зөөлрүүлэхээр төлөвлөж буйтай холбоотой. Үүний өмнөхөн Дональд Трамп Илон Маск болон Бүгд Найрамдах Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр горилж байсан Вивек Рамасвами нарыг шинээр байгуулж буй ЗГ-ын үр ашигтай байдлын хэлтсийг ахлуулахаар томилсон байдаг. Ийнхүү Дональд Трамп тангараг өргөхөөсөө ч өмнө сонгуулийн эрхэм хамтрагчдаа анхны бэлгээ барилаа даа.
☝️ Хөгжил ба зан төлөв
Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа. Зах зээлийн үнэлгээ л гэхэд сүүлийн 10 жилд 8.7 дахин, сүүлийн 5 жилд л гэхэд 4.7 дахин тус тус өсөж ₮12.5 их наядад хүрээд байна. Тэгвэл энэ өсөлт иргэдийн хөрөнгө оруулалтын соёлд яаж нөлөөлж байна вэ?
👀 Хөгжилд нүд тайлав
Одоогоос 10 жилийн өмнө хүмүүсийн дунд хувьцаа гэдэг ойлголт цэнхэр, ягаан тасалбараар дүрслэгдэн мөнхөрч, үнэт цаасанд хөрөнгө оруулаад өндөр өгөөж хүртэх боломжтой гэдгийг ойлгох хүн цөөхөн байв. Өөрөөр хэлбэл, энэ ойлголт бидний дунд тодорхой бус, хязгаарлагдмал байлаа. Хөрөнгө оруулалт гэдэг нь гаднын өндөр хөгжилтэй орнуудад л зориулагдсан эд мэт хандах нь түгээмэл.
🔁 Хандлагын өөрчлөлт: Харин одоо бол 10 жилийн өмнө Биткойн (BTC) авсан бол ч, АПУ (APU)-гийн хувьцааг хямд байхад нь ихээр авчихсан бол гэж ярих хүн цөөнгүй болсон. Учир нь 2015 оноос хойш 28 компани IPO хийж нийт ₮705 тэрбум орчмын санхүүжилтийг босгосон. Энэ нь Монголчуудын чихэнд хөрөнгө оруулалт, IPO гэх ойлголтуудыг ойртуулж өгсөн хэрэг.
👶👵 8 настайгаас 80 настай: Нэмээд банкны реформ болж системийн нөлөө бүхий банкнууд олон нийтэд нээлттэй болсон нь ч Монголчуудын дунд IPO, хөрөнгө оруулалт, банкны эзэн болох гэсэн ойлголтыг дөхүү болгосон. Өөрсдийнх нь өдөр тутамдаа ашигладаг банкнууд нь олон нийтэд нээлттэй болсон нь 80 настай хөгшдөд ч хөрөнгө оруулалтын ойлголтыг ойртуулсан хэрэг.
👍 Эерэг хамаарал
Цаашлаад, зах зээлийн хэмжээ тэлж хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн нэмэгдэх нь жижиг хувьцаа оруулагчдын идэвхийг нэмж байна. Тодруулбал, 2016 онд аливаа компанийн 5%-иас доошгүй хэсгийг эзэмшигчид буюу жижиг хөрөнгө оруулагчдын тоо 318 мянга байсан бол одоо 598 мянга болтлоо 2 дахин өсөөд байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амд эзлэх жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 8 жилийн дотор 6.1 нэгж хувиар нэмэгдэж 16.5% болсон хэрэг.
Түүнчлэн 2021, 2023 он зэрэг хөрөнгийн зах зээлийн үнэлгээ огцом өсөж, IPO, бондын тоо нэмэгдэх үеэр жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо хамгийн ихээр өссөн. 2021 онд зах зээлийн үнэлгээ жилийн өмнөхөөсөө 305% өсөхөд жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 97.2% өссөн байх жишээтэй.
Тэгэхээр Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн хөгжил, компаниудын хөрөнгө оруулагчидтайгаа хандах хандлага, бүтээгдэхүүний төрөлжилт зэрэг нь хөрөнгө оруулагчдын идэвх, зан төлөвт нөлөөлж буй.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд манай хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаа нь хөрөнгө оруулагчид болон оролцогч талуудын хөгжил, оролцоо идэвхийг нэмж байна. Гэхдээ бидэнд цаашид нэмж хөгжүүлэх, илүү идэвхжүүлэх боломж бий. Үүн дээрээ л няхуур ажиллах хэрэгтэй байна даа.
Excel дээр баганын өргөнийг байнга чирч тааруулахад төвөгтэй байдаг биз дээ? Тэгвэл энд амархан шийдэл байна. 👀
Яах вэ гэвэл, тааруулах гэж буй 2 баганын хоорондох зураасан дээр дараад ↔️ сумыг гарч иртэл хүлээнэ. Дараа нь тус шугаман дээрээ 2 удаа дарахад л багана автоматаар өөрчлөгдөх нь. Туршаад үзээрэй. 😉
⚡ Удирдлагын тайлангаа төвөггүй гарга!
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан санхүүгийн мэдээллийг хялбар удирдаж, удирдлагын тайлан бэлтгэх FinSight Academy-н FinSight Management Dashboard Business Intelligence (BI) системийг танилцуулж байна.
Тус систем нь нягтлан бодогчдод санхүүгийн мэдээллээ шуурхай хөрвүүлж, удирдлагад зориулсан интерактив тайлан бэлтгэдэг ба дараах давуу талтай. 👇
⚙️ Тохиргоотой: Үзүүлэлтүүдийг байгууллагын онцлогтоо нийцүүлэн өөрчлөх,
💻 Нэмэлт программ нэхэхгүй: Microsoft Excel дээрх мэдээллээ шууд систем рүү хөрвүүлэн удирлагын тайлангаа бэлтгэх,
📝 Заавартай: Үүнээс гадна онлайн сургалт, зөвлөгөө болон нэмэлт мэдээллийг авах боломжтой гэнэ шүү.
За тэгээд нягтлан бодогчид, санхүүгийн ажилтнуудынхаа ачааллаас хөнгөлнө биз ээ.
WSJ
🍋 МУБИС-д энэ хичээлийн жилд нийт суралцагчдын 45% нь ₮9.4 тэрбумын тэтгэлэг, хөнгөлөлттэй суралцаж байна. Асуудалтай зүйл нь сүүлийн 3 жилд төгсөгчдийн дунджаар 75.6% нь мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Гэтэл 2030 он хүртэл багш бэлтгэх бүхий л хөтөлбөрүүд эрэлттэй байна гээд байгаа.
🍋 НҮБ-ын Хүүхдийн Санг хандивын ГАЛА арга хэмжээгээр $200 мянгын санхүүжилт босгоно. Тус арга хэмжээ нь 11 сарын 22-нд болох ба 330 багийн 4.2 мянган хүүхдийн хөгжлийг дэмжих “Таблеттай багш”-ийн нийт 330 багцыг бүрдүүлэхээр зорьж буй. Энэ нь таблеттай явуулын багш таблетад суулгасан сургалтын багцыг ашиглан алслагдсан орон нутгийн хүүхдүүдийн хөгжлийг дэмжих зорилготой аж.
🍋 Alibaba (BABA) 2 төрлийн валютаар бонд гаргаж $5 тэрбумыг босгоно. Хэд хэдэн транчаар гаргах долларын бонд нь 5.5, 10.5 болон 30 жилийн хугацаатай бол оффшор юанийн бондоо 3.5, 5, 10 болон 20 жилийн хугацаатай гаргахаар бэлдэж буй. Энэ нь энэ оны Ази, Номхон далайн хамгийн том корпорацын гаргасан бонд болох төлөвтэй байна.
🍋 Нийтийн хоолны салбарын орлого энэ оны эхний 9 сард ₮1.4 их наядад хүрч, өмнөх оны мөн үеэс 18% өсжээ. Үүний 59.7%-ийг ресторан, 10.3%-ийг цайны газар, харин 19.3%-ийг катерингийн орлого бүрдүүлж байна. Эдгээрээс рестораны орлого хамгийн их буюу 20.3% өсөж ₮140 тэрбум, харин цайны газрынх хамгийн бага буюу 13.4% өсөж ₮17 тэрбумд хүржээ.
❄️ Өвөр Монголын өвлийн фестиваль эхэллээ. (XinhuaNews)
⚡ Ирэх жилээс цахилгааны төлбөр 69.2% нэмэгдэнэ. (ERC)
💎 Тансаг хэрэглээний зах зээл 50 сая хэрэглэгчээ алдав. (VOGUE)
💹 EBITDA-р дамжуулан санхүүгийн ойлголтоо нэмэгдүүлэх нь. (HBR)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply