- Lemon Press
- Posts
- 📊 Гадаад хөрөнгө оруулагчдын арилжаа <1%
📊 Гадаад хөрөнгө оруулагчдын арилжаа <1%
ХАС-тогтвортой байдлын тайлан | Оросын шатахууны экспортын хориг | Xiaomi-н шинэ EV
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! Энэ жилийн Улаанбаатар марафонд 41 орны 30,000 гаруй гүйгч оролцжээ. Уншигч нараас маань хэр их хүн марафонд оролцож шандсаа сорив? 🏃♀️🏃♂️
*Нэг өдрийн өөрчлөлт
GEC: УИХ-ын сонгуульд тойрогт нэр дэвших 985, жагсаалтаар нэр дэвших 385 буюу нийт 1,370 нэр дэвшигч болон 45 бие даан нэр дэвшигчид оролцохоор хүсэлтээ өгчээ.
UB: Нийслэлд гамшгийн үед гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68.4%-тай байна.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮12.3 тэрбумын арилжаа хийгдсэний ₮8.3 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.
NSO: ҮСХ болон ЦХХХЯ хамтран төрийн байгууллагын өгөгдлийн сангийн үзүүлэлт, ангилал, маягтын мэдээллийг агуулсан Мета мэдээллийн сангийн платформуудын эхний хувилбарыг танилцууллаа.
📊 Гадаад хөрөнгө оруулагчдын арилжаа <1%
Гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гээд л байдаг. Гэтэл бодит байдал дээр энэ оны эхний 4 сарын нийт арилжааны 0.8%-ийг л гадаадын хуулийн этгээд болон иргэдийн арилжаа бүрдүүлжээ. Дэлгэрэнгүй ухаж үзье. 🔍
Дата: Хөрөнгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой Монголын үнэт цаасны клирингийн төвийн датаг ашиглав.
Арилжааны тоо ➡ 1.3%
Он гарснаас хойш буюу эхний 4 сард нийт 44,826 хөрөнгө оруулагч арилжаанд оролцсон аж. Үүний ердөө 14 нь гадаадын хуулийн этгээд, 313 нь гадаадын иргэн аж. Харин үлдсэн 44.5 мянга нь манайхан өөрсдөө. Түүнчлэн арилжаанд оролцсон тоогоор нь харсан ч гадаадын хуулийн этгээд болон иргэд нийлээд нийт арилжааны тооны 1.3%-ийг л бүрдүүлж байна. Бага тоо байгаа биз?
Ялгаа: Түүнчлэн эхний 4 сарын арилжааны трэндийг харвал гадаад иргэдийн арилжааны үнийн дүн 4-р сард өмнөх сараасаа 100.8% өсөж ₮387.4 саяд хүрсэн бол дотоодын иргэдийн арилжааны үнийн дүн мөн хугацаанд 20.7% унасан байна. Сонирхолтой. 🤔
Шийдэлгүй асуудал
Том зургаар манайд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эзэлдэг. Уг нь бол үүнийг өөрчилж бүх салбарт гаднын хөрөнгө оруулалт татаж, тэдний зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний хүсэл. Гэвч дээрх тоог харахаар бодит байдал сайнгүй байгаа нь илт.
Асуудал их: Хөрөнгө оруулалт татахын тулд сайн хуультай байх нь хамгийн эхний үзүүлэлт. Гэвч Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд шинэчлэн баталснаас хойш 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ оны эхээр уг хуулийг шинэчлэн батлах нь зөв буруу гээд гол усаар нэг шуугьсан ч одоо хэн ч үл дурсана…
Эцэст нь… Аливаа улсын хөгжил хөрөнгийн зах зээлийн хөгжлөөсөө ихээхэн хамааралтай. Гэтэл манай дүр зураг нэг иймэрхүү л байна даа. Яах вэ, нэг цаг үеэ бодвол илүү олон салбарын компаниуд нээлттэй болж, олон ч бүтээгдэхүүн арилжаалдаг болоод байна. Харин гаднын хөрөнгө оруулагч даан ч алга даа.
⬇️ 2.5 сая тн CO2
ХАС: ХасБанк тогтвортой хөгжлийн тайлангаараа дамжуулан 2023 онд хэрэгжүүлсэн санхүүгийн бус олон талт үйл ажиллагаагаа тайлагнав. Тухайлбал, тэд байгаль орчинд үзүүлж буй шууд болон шууд бус сөрөг нөлөөллөө бууруулах ажлын хүрээнд 2013 оноос хойш CO2-ын ялгаруулалтыг 2,543,880 тн-оор бууруулсан байна. Түүнчлэн тус банк нийт $87.4 саяын санхүүжилтийг ногоон зээлийн зориулалтаар татан төвлөрүүлжээ.
⛽ Орос: Шатахуун аваарай!
Орос шатахууны экспортод тогтоосон хоригоо 6 сарын 30 хүртэл түр цуцаллаа. Тус экспортын хоригийн дараа 2 сарын дотор дотоодын нөхцөл байдал нь тогтворжсон төдийгүй нийлүүлэлт нь давсан сурагтай.
2024 он: Тогтвортой!
Санаж байгаа бол Оросын эрх баригчид өнгөрсөн 3-р сард тус улс дотоодын эрэлтээ хангаж чадахгүй нөхцөлд орж улмаар шатахууны үнэ хаданд гарах магадлалтай гээд 3 сарын 1-нээс 8 сарын 31 хүртэл шатахуун экспортлохгүй хэмээж байсан.
Харин одоо бол нөхцөл байдал дээрдэж нефть боловсруулах үйлдвэрүүд болон хадгалах баазуудад 2.1 сая орчим тн автобензин, 250 мянган тн дизель түлшний нөөц хуримтлагдсан аж. Үүнийг дотоодын эрэлтийг хангалттай хангах нөөц гэж үзсэн төдийгүй энэ онд ер нь л түлшний нийлүүлэлт тогтвортой байх нь ээ л гээд байгаа.
Өнөө, маргаашдаа лав буурахгүй
Гэсэн ч тус хоригийг тогтоох болсон үндсэн шалтгааны нэг болох шатахууны үнэ дотооддоо сүртэй буурсангүй. Тухайлбал, өнгөрсөн оны 9-р сард дизель түлшний үнэ 1 л тутамд ₽65, АИ-92-ынх ₽51.2, AИ-95-ынх ₽56.5, АИ-98-ийнх 68 болж тус тусын түүхэн дээд түвшинд хүрч байв. 2024 он гарч экспортын хориг хэрэгжиж эхэлсэн ч тус төрлийн түлшнүүдийн үнэ өндөр байсан хэвээр…
Хардалт: Үүнээс харахад ЗГ-ын дотоодын эрэлтийг хангахын тулд гээд байсан нь иргэдийн бус угтаа байлдааны танк, дронынхоо л эрэлтийг хангаж чадахгүй байх вий гэсэн айдас байсан мэт.
Эцэст нь… Шатахууны экспортын хориг эрэлтийн оргил үе болох зуны саруудад эргэн ирэх төлөвтэй байгаа бөгөөд нөгөө талаас нөхцөл байдал гайгүй байвал энэ хэвээр дотоодынхоо эрэлтийг ч хангаад гадагшаа ч экспортлоод явж магадгүй юм байна. Тэгэхээр ирэх саруудад Орос шатахуунаа экспортлох уу, эс экспортлох уу гэдгийг дайныг асуудалгүй үргэлжлүүлэх хэмжээний нөөцтэй байх эсэх, өөрөөр бол тэнгэр л мэдэх асуудал болж байна.
Энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж орлого ₮2.3 сая, бодит орлого дунджаар ₮1.7 сая болоод буй. Тэгвэл өрхийн орлогын хэдэн хувийг цалин, хэдэн хувийг тэтгэвэр халамж бүрдүүлж байна?
Цалин хөлс: 57.3% буюу ₮1.3 сая,
Тэтгэвэр, тэтгэмж: 22.2% буюу ₮506.3 мянга
ХАА-н үйлдвэрлэлийн орлого: 7.7% буюу ₮175.4 мянга
ХАА-н бус үйлдвэрлэл: 5.8% буюу ₮131.9 мянга
Бусад орлого: 7% буюу ₮159.2 мянга байжээ.
✈️ Валют захиалгын үйлчилгээ
Аялал, томилолт гээд гадагшаа явах гэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 🔊
SendMN апп-аар ₮1 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий валют захиалаад бэлгэд нь Travel Adapter авах урамшуулалтай байгаа юм байна шүү.
Тодруулбал, уг апп-аар дамжуулан валютаа захиалж, SendMN-н Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд байрлах салбараас захиалсан валютаа очер дараалалгүй, түргэн шуурхай авах боломжтой юм.
Захиалах боломжтой валют: USD, KRW, CNY, EUR, RUB, JPY, TRY.
Онцлоход, тус салбар нь 24 цаг турш ажилладаг учир хэзээ ч очоод захиалсан валют бэлэн авах боломжтой аж.
За тэгээд, гадаадын валют захиалгаа SendMN апп-аар хийгээд хүссэн газар руугаа нисээд байж дээ.
TheDetroitNews
🍋 Xiaomi (1810.HK) энэ онд 120,000 ширхэг SU7 цахилгаан автомашиныг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Уг загварыг 3-р сард танилцуулсан бөгөөд 4-р сарын эцэс гэхэд тус цувралын захиалга 90,000 дөхжээ. Сонирхуулахад, Xiaomi-н орлого сүүлийн I улиралд 27% өсөж $10.4 тэрбумд хүрсэн нь дундаж тооцооллоос 2.7% дээгүүр үзүүлэлт аж.
🍋 Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр ирэх 6 сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тус арга хэмжээг Монгол 2013 онд санаачилж өдгөө 9 дэх бага хурлаа зохион байгуулах гэж байна. Бага хурал ЗХА-ийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал тэргүүтэй үндсэн 5 салбар хуралдааны хүрээнд болох юм.
🍋 НҮБ-ын Онцгой Байдлын Нэгдсэн Сангаас зудад нэрвэгдсэн малчдад $1.55 саяын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Уг дэмжлэгийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн 12,050 хүн хүртэх аж.
🍋 Төрийн аудитын байгууллага жилд дунджаар 4,900 орчим аудит гүйцэтгэдэг. Түүнчлэн сүүлийн 3 жилийн байдлаар 1 санхүүгийн аудитад зарцуулж буй хугацаа 2.2 хоног байгаа нь хэт богино хугацаа гэж үзэж буй. Улмаар аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 130 албан хаагчаар нэмэгдүүлэх саналыг гаргажээ.
🚚 Бетон хүргэлт бусад хүргэлтээс юугаараа ялгаатай вэ?
Шинэ буланд тавтай морил! Барилга, засварын талаар сонирхож байгаа хүмүүс энэ булантай ойр байгаарай. Өмнө нь бид Stora-р дамжуулан бетон зуурмагийг хүссэн газартаа хүргүүлэх боломжтой талаар мэдээлэл хүргэсэн дээ. Харин энэ удаад бетон хүргэлтийн онцлогийг тайлбарлаж өгье.
Миксер автомашин: Таны захиалсан бетон зуурмагийг зориулалтын тээврийн хэрэгсэл болох миксер машинаар хүргэдэг. Сонирхуулахад, хамгийн нарийн замаар ч явж хүргэлт хийх боломжтой жижиг миксерүүдийг цаашид оруулж ирэхээр төлөвлөсөн аж.
24/7 захиалга: Та магадгүй маргааш зуслан дээрээ очих юм чинь бетон зуурмагаа авчихъя гэж гэнэтхэн бодож болох юм. Тэгвэл та хэдэн цагт ч байсан Stora-р захиалгаа үүсгэх боломжтой.
80 минут: Миксер машин нь бетон зуурмагаа хэрэглэгчийн захиалсан талбайд 80 минутын дотор сулласан байх ёстой учир захиалга гарснаас хойш энэ хугацаанд багтаж очно гэсэн үг.
Анхаараарай! Та стандарт бетон, өндөр бат бэх бетон, ус тусгаарлагч бетон, тусгай зориулалтын тусгай хольц зэрэг олон төрлийн бетон зуурмагаас сонгон хүргүүлэх боломжтой. Харин бетон зуурмагийг хүлээн авах шахуургат төхөөрөмжийг захиалагч тал бэлдсэн байх шаардлагатай аж.
Эцэст нь… Одоогоор бетон зуурмаг тээвэрлэх машин нь зорчих боломжгүй болон аюулгүй байдлын эрсдэлтэй байршлуудад хүргэлт хийх боломжгүй тул хүргэлтийн бүсчлэлтэй нь сайтар танилцах хэрэгтэй шүү.
Гоё мэдээ: Ээе, Эфериумийн ETF айсуй. (CNBC)
Мэдүүштэй: Хөдөлмөрийн гэрээ боловсруулахтай холбоотой хичээл байна шүү цаана чинь. (Legaldata)
Татгалзах аргагүй: Open AI сэтгүүлзүйн салбарт татгалзахын аргагүй санал тавьж байна. (Bloomberg)
Шинэлэг: Spotify-н шинэ фонт юугаараа онцлог гэж? (TechCrunch)
Даваа: Lexus GX 550-г танилцуулах "Experience Space" үзүүлэнгийн байгууламжаар зочлох боломжтой юм байна.
Мягмар: Монголын Сошиал Энтерпрайзуудын Холбооноос зохион байгуулж буй анхны "Social Enterprise Meet up #Vol1 арга хэмжээ болно.
Лхагва: $100,000-ын шагналын сантай Nomadic Masters Spring-н үндсэн тоглолт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Пүрэв: Японы өнгөрсөн сарын ажилгүйдлийн түвшинг зарлана.
Баасан: Монголбанк 5-р сарын гадаад өрийн статистикийг танилцуулна.
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply