• Lemon Press
  • Posts
  • 💸 Нэмнэ, нэмнэ бас дахин нэмнэ

💸 Нэмнэ, нэмнэ бас дахин нэмнэ

Далайн аялал болон улсын төсвийн тодотголын талаар тоймлов.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд. Саяхнаас Англид жил бүрийн энэ өдрийг “Баярлалаа” өдөр болгон тэмдэглэдэг болжээ. Энэ боломжийг ашиглаад сэтгэлийн үгээ дайя. Биднийг анхаарч уншдаг та бүхэндээ БАЯРЛАЛАА. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: ХасБанкны IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 9,294 захиалга авч захиалгын явц нь 106%-д хүрлээ. Тус IPO-н анхдагч ЗЗ-ийн арилжаа өнөөдөр хаагдана.

EUR: Европын инфляци 6.1% болж буурлаа.

MFF: Мөнгөний зах дээр энэ 7 хоногт ₮1.9 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮5.2 тэрбумын арилжаа хийгдсэний ₮2.2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

💸 Нэмнэ, нэмнэ бас дахин нэмнэ

ЗГ улсын төсвийн зардлыг ₮1.8 их наядаар нэмэхээр боллоо. Энэ нь ойролцоогоор 627 цэцэрлэг барих хэмжээний их мөнгө гэсэн үг.

Яагаад?

Энэ жил ₮20.5 их наядын зардалтай түүхэн том төсөв баталсан. Одоо үүнийгээ улам томсгох нь. Учир нь I улиралд экспорт сэргэснээс үүдэн ЭЗ 7.9% өсөж, 1 хүнд ногдох ДНБ анх удаа $5,000-т хүрсэн билээ. Улмаар улсын төсвийн орлого ч мөн 30 жилийн дараа түүхэд анх удаа давж биелэв. Тиймээс л төсвийн зардлыг 8.8% нэмэгдүүлж байгаа хэрэг.

Юунд зарцуулах вэ?

₮1.8 их наядыг хаашаа шингээх вэ гэвэл,

  • 21.9%: Нийт нэмэгдсэн зардлын 21.9%-ийг тэтгэврийн зөрүүг арилгах, нийтээр нь 10% нэмэхэд зарцуулах аж. Түүнчлэн, зорилтод халамжийг нэмэгдүүлэхэд ₮90 тэрбумыг тусгав.

  • 54.8%:Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлж, цалингийн доод хэмжээг ₮1 сая болгоход ₮986.6 тэрбумыг зарцуулна.

  • 9.3%: Төсөв мөнгө хэцүүдлээ гээд хэсэг хүүхдүүдийн хүүхдийн мөнгийг хассан нь саяхан. Харин одоо хүсэлт гаргасан бүх хүүхдэд мөнгө олгоод зогсохгүй өнгөрсөн 6 сарын мөнгийг нь нөхөж олгох гэнэ. Үүнд ₮167.7 тэрбумыг зарцуулах нь ээ.

  • 10.4%: Цаашлаад, Улаанбаатарын түгжрэлийн санхүүжилтийг ₮187 тэрбумаар нэмнэ.

🛑 Байз даа

Анх удаа төсвийн орлого давж биелсэн гээд бүх тэтгэвэр, тэтгэмжийг нэмж болдог юм байж. Гэхдээ цаашид яах билээ?

  • Эрсдэл: Төсвийн тодотголоор зардал нэмэгдсэн тул алдагдалгүй ажиллахын тулд орлого нэмэгдэх ёстой. Тиймээс энэ жил 36 сая тн нүүрс экспортолно гэж тооцсоныг 50 сая тн болгож нэмэгдүүлэхээр тусгаж байгаа. Гэтэл нөгөө талд нүүрсний эрэлт буурч үнэ нь он гарсаар 60% унаад буй. Тэгэхээр төсвийн орлого төлөвлөгөөнд хүрэхгүй, алдагдал хүлээх эрсдэлтэй байна.

  • Сөрөг үр дагавар: Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн үзэж байгаагаар, ЗГ инфляцыг 1 оронтой тоо руу оруулах зорилготой ч цалин тэтгэврийг нэмж байгаа нь гал дээр тос болно. Тиймээс инфляц өндөр байх үед цалин, тэтгэврийн өсөлтийг тэвчих ёстой.

Эцэст нь… Сонгуулийн өмнө тэтгэмж олгодог, цалин нэмдэг жишиг тогтчихлоо шүү. Туркийн ерөнхийлөгч яг энэ жишгээр олон удаа сонгуульд ялалт байгуулсан. Үүнээс үүдэн одоо лирагийн ханш түүхэн доод түвшинд хүрч, ЭЗ нь хэцүү байдалд байгаа. Уг нь энэ мэт суралцах муу жишээ олон доо.

☁ Үүлэн технологи ба бизнес

CRM: Америкийн үүлэн технологид суурилсан программ хангамжийн компани Salesforce ээлжит улирлын тайлангаа танилцуулав. Тэдний орлого жилийн өмнөхөөсөө 11.3% өсөж $8.2 тэрбум болсноор ашиг нь 7.1 дахин өссөн байна. Гэсэн ч хөрөнгө оруулагчдад компанийн ашиг өссөн нь бус зардлын өсөлт чухал байсан бололтой. Учир нь энэ онд 67%, I улиралд 9% өссөн тэдний хувьцааны үнийн өсөлт тасарч 5.3% унасан юм.

ICT EXPO’23 эхлэхэд 4 хоног…

Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ ICT EXPO’23 болоход 4 хоног үлдлээ.

3 өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээний хөтөлбөрт лазер шоу, холеграм тайз болон гэрлийн үзүүлбэр, e-sport, cкүүтер уралдаан, сosplay үзүүлбэр, стартап шоукэйс зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа багтсан төдийгүй олон нийтийг хамарсан технологийн энтертайнмент шоу болох гэнэ. Түүнчлэн тус экспод үндэсний 150 гаруй компани, ОУ-ын 10 гаруй байгууллагууд нэгджээ.

Энэ жилийн хувьд ICT Expo’23 байгальд ээлтэй зохион байгуулагдана гэдгээрээ онцлог тохиож буй. Тодруулбал, зохион байгуулагчдын зүгээс экспогийн мэдээлэл, сурталчилгааг дижитал самбар, апп, QR код зэргийг ашиглан цаасгүй зохион байгуулахаа мэдэгдсэн билээ.

📍Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

🛳 Эрчийг авч буй далай аялал

iTrip

Зээ, домгийн шувуу үргээж аялал зугаалгын сар ч эхэллээ дээ. Цаагуур чинь Америкт л гэхэд энэ оны хөлөг онгоцны аяллын захиалга аль хэдийн дүүрээд зогсохгүй ирэх оны захиалгууд ч эрэлттэй байгаа сурагтай.

Салбарын тоо

Энэ онд тус салбарын орлого 10% өсөж $158.5 тэрбумд хүрэх төдийгүй зорчигчдын тоо ч 12% өсөж 25 саяд хүрэх төлөвтэй байна. Үргэлжлүүлэн, хөлөг онгоцны аяллын компаниудын эхний улирлын захиалгыг харвал Royal Caribbean 102.1%, Norwegian Cruise 101.5%, Carnival Cruise 91% дүүргэлттэй байжээ. Энэ нь өнгөрсөн жилээс 50% гаруй өссөн үзүүлэлт гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

  • Бяцхан тайлбар: Хөлөг онгоцны бүхээгт ихэвчлэн 2 хүн байрлах стандарттай байдаг бөгөөд тус хөлөг онгоцны дүүргэлт 100%-иас дээш байгаа нь 1 бүхээгт 2-оос дээш хүмүүс байрласантай холбоотой. Үүнд ковид-19–ийн дараагаас борооны дараах мөөг шиг олширсон хямдрал, урамшуулал ихээхэн нөлөөлжээ.

  • Үнэ нэмэгдэв: Түүнчлэн хөлөг онгоцоор 5 өдөр аялах дундаж үнэ өнгөрсөн жилээс $551-оор өсөж өдгөө $743-ыг зарцуулах болов. Гэсэн ч аяллын өртөг нэмэгдсэн нь хөлөг онгоцны аяллыг сонгох хүмүүсийн урсгалыг багасгасангүй. Ер нь хөлөг онгоцны аялал үйлчлүүлэгчдэд юу санал болгож байна?

Цогц

Сонирхолтой болгох үүднээс дэлхийн хамгийн том хөлөг онгоц болох ‘’Далайн гайхамшиг”-ийг “Титаник”-тай харьцуулан харцгаая. Тус онгоц 1992 онд далайд гарч байхдаа тухайн үеийн хамгийн том хөлөг онгоц байсан хэдий ч Далайн гайхамшгаас хэмжээ, зорчигчдын багтаамжийн хувьд хамаагүй бага. Титаникаас ялгаатай нь одоогийн том том хөлөг онгоцнуудад театр, казиногоос эхлээд усан бассейн, хаданд авиралтын хана хүртэл байдаг нь аялагчдад байгалийн үзэсгэлэнг таашаахын хажуугаар аяллын хугацаанд уйдах завгүй хөгжилдөх боломжийг олгодог гэнэ.

Монголд ч гэсэн

Сүүлийн жилүүдэд Монголд ч хүмүүс хөлөг онгоцны аяллыг ихээхэн сонирхож бүр зорьж явах нь ихэссэн сурагтай. Гадаадад төдийгүй дотоодод ч усан онгоцны аялал хөөрхөн алдартай болж байна даа.

Он гарснаар WTI маркийн газрын тосны үнэ 5.6% өсөж $71.9 болжээ. Тэгвэл тус газрын тосны үнийн өөрчлөлтийг сүүлийн 10 жилд хэр хэлбэлзсэнийг харъя.

  • 2013: $98

  • 2014: $93

  • 2015: $48.7

  • 2016: $43

  • 2017: $50.8

  • 2018: $65

  • 2019: $57

  • 2020: $39.7

  • 2021: $68.2

  • 2022: $94.5

  • 2023: $71.9

DELL брэндийн шинэ загварын компьютер

Та байгууллагынхаа компьютерыг шинэчлэх гэж байна уу? 🧐 Тэгвэл технологийн хэрэгслүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг eshop.summit.mn-c

  • Байгууллагын лизингээр;

  • 3 жилийн баталгаат хугацаатай худалдан аваарай.

Тэд танд DELL брэндийн шинэ загвар LATTITUDE 5540 компьютерыг санал болгож буй.

Уг загварын давуу талаас дурдвал

  • Өдөр тутмын хэрэглээнд тохирсон хөнгөн загвар;

  • Хурууны хээ мэдрэгч зэрэг аюулгүй байдлын дэвшилтэт функцүүд;

  • Батарей ашиглалтын хугацаа урт;

  • Numeric keypad, 99-key компьютерын гартай зэрэг давуу талуудтай гэнэ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Монголбанк

🔹 АХБ-ны санхүүжилттэйгээр Монголбанк Мобайл төлбөр тооцооны токен системийг нэвтрүүллээ. Тус систем нь хэрэглэгчийн төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж улмаар төлбөр тооцоонд ашиглах боломжийг бүрдүүлж буй. Үүний хүрээнд Монголбанк SocialPay, QPay-тай хамтран ажиллахаар болов.

🔹Эрчим хүчний сайд ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьжээ. Тус хуулийн төсөлд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх ААН-ийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90% хөнгөлөхөөр тусгасан аж.

🔹Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны анхны ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурал зарлагдлаа. Тус хуралдааныг ирэх 7-р сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товложээ. Түүнчлэн хуралдаанаар ХХБ-ны ТУЗ-ийн гишүүдийг сонгож, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоон банкны дүрмийг батлах гэнэ.

🔹МХБ-ээр арилжаалагдсан нүүрсний 66.4%-ийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалт эзэлж байна. Тодруулбал, сүүлийн 6 сарын байдлаар МХБ-ээр нийт 1.5 сая тн нүүрс арилжаалагдсан бөгөөд ЭТТ ХК-ийн борлуулалт 1 сая тн-ыг даваад буй.

  • Мэд: Бангкок Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ. (Montsame)

  • Унш: Ажлын байран дахь сөрөг хамтрагчидтай харилцах арга. (Inc)

  • Сонирх: Google (GOOG) шинэ AI-д хөрөнгө оруулна. (TheInformation)

  • Тогло: Уйдаж байвал ийшээ.(gamesforcrow)

  • Даваа: Өмнөд Солонгосын 5-р сарын гадаад валютын нөөц гарах нь.

  • Мягмар: Үргэлжлүүлэн Хятадын гадаад худалдааны тэнцэл зарлагдана.

  • Лхагва: Нэмээд Америкийн гадаад худалдааны тэнцэл ч гарна.

  • Пүрэв: Kirkland’s (KIRK) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.

  • Баасан: Оросын хэрэглээний үнийн зарлагдах товтой байна.

Reply

or to participate.