• Lemon Press
  • Posts
  • 🤑 Монголчууд баяжив уу?

🤑 Монголчууд баяжив уу?

$SUU: Сагсаа өргөжүүлэв | $DUOL: AI-г зөв ашиглавал алт | Ажилгүйдэл буурав

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр та манай товхимлын 1,111 дэх дугаарыг уншиж байна. Аз авч ирдэг дугаар шүү. 😅  

*Нэг өдрийн өөрчлөлт.

MRPAM: Уул уурхайн салбарын 54 төсөлд нийт ₮4.1 их наядын хөрөнгө оруулалт шаардлагатай байна

MSE: Өчигдрийн арилжаагаар Мик холдинг ХК (MIK)-ийн хувьцааны үнэ 14.16%, Монложистикс Холдинг ХК (MLG) 6.89% тус тус өссөн бол Дархан Нэхий ХК (NEH)-ийнх 4.11%, Говь ХК (GOV) 3.37% тус тус буурлаа

CAN: Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Стивен Доуст томилогдлоо.  

 🤑 Монголчууд баяжив уу?

Танай гэр бүлийн орлого энэ оны II улирлын байдлаар жилийн өмнөхөөсөө хэр их нэмэгдэв ээ? Массаараа бол инфляцыг хасаж, 2020 оны үнээр тооцоход дундаж утга 8% өсөж ₮1.87 сая болсон байна

🍰 Орлогын өсөлт бодитоор илүү

Тодруулбал, бодит орлогын өсөлт ₮139 мянга байсан бол бодит зардал арай багаар буюу ₮87 мянгаар нэмэгджээ. Өрхийн орлого зардлаасаа илүү хурдацтай өссөн хэрэг. Хэрэв бодитоор биш, инфляцыг хасаагүй нэрлэсэн орлогыг харвал ₮2.95 сая болчихсон л тууж явна. Яг үнэндээ энэ дүнгийн ₮1.1 сая нь үнийн өсөлтөд шингэж, бодитоор мэдрэгдээгүй гэсэн үг юм.

  • 😶‍🌫️ Урд хормойгоо, ард хормойгоороо: Орлогын өсөлт зардлынхыг давсан хэдий ч орлого үргэлж зардлаасаа давж буй. Дундаж орлогоос зардлыг хассан зөрүү л гэхэд хасах ₮21.9 мянга байна. Ийм болохоор л иргэдийн зээлийн үлдэгдэл нэмэгдээд байгаа юм шүү дээ. 

🔍 Юунаас олж, юунд үрэв? 

Өрхийн нийт орлогын 54%-ийг цалин хөлсний орлого бүрдүүлж буй. Хаа очиж энэ орлого бодитоор 10.1% өсжээ. Цаашлаад нийт орлогын 20.1%-ийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлсэн бол үлдсэн хэсгийг ХАА-н болон ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээнээс олсон аж. Харин зардлын хувьд 64.1%-ийг бараа, үйлчилгээний зардал, ердөө 1.7%-ийг хүнсний зардал үлдсэн хэсгийг бусад зардал бүрдүүлжээ. 

Бага орлоготой өрх 🔻, их орлоготой 🔺

Гүнзгийрээд өрхүүдийг орлогын бүлгээр нь харвал ₮700 мянга хүртэлх орлоготой өрхийн тоо жилийн өмнөхөөсөө 33.1 мянгаар буурсан бол эсрэгээрээ ₮4 саяас дээш орлоготой өрхийн тоо хамгийн ихээр буюу 89.7 мянгаар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь өндөр орлоготой өрхүүдэд илүү хурдан тусаж байгаа хэрэг. Харин дунд орлоготой өрхүүдийн орлогын өсөлт тогтвортой бус, зарим бүлэгт буурсан байгаа юм. 

Эцэст нь… Өрх бүрийн орлого өсөж, амьдралын чанар дээшилж байх ёстой. Өндөр орлоготой өрхүүдэд хурдан тусаж буй өсөлтийг дунд болон бага орлоготой өрхүүдэд ч хүртээмжтэй болгох дээрх анхаарах хэрэгтэй байна даа.

  • 🚨 Технологийн томчууд аюулгүй байдалдаа их мөнгө зарцуулдаг вэ? (Financial Times)

  • 👀 Ирэх 2026 онд Монгол Улсад болох COP17 хурлын албан ёсны лого батлагджээ. (UN)

  • 🫧 AI-н салбарт хөөсрөл үүсэж эхэллээ хэмээн OpenAI-н Сэм Алтман үзэж байна. (CNBC)  

  • 🚌 Улаанбаатар хотод автобусны карт худалдан авч, цэнэглэх боломжтой 100 киоск төхөөрөмжийн байршил. (UBCARD)

🦉 $DUOL: AI-г зөв ашиглавал алт

DUOL: Өнгөрсөн 4-р сард Duolingo-н CEO Луис Фон Ан бүх ажилтан руугаа компанийнхаа стратегид AI-г тэргүүнд тавихаа мэдэгдсэн нь олны шүүмжийг дагуулсан. Тэрээр саяхан ярилцлагадаа AI-д суурилсан компани нь ажлын байрыг багасгах бус, бүтээмжийг илүү нэмэгдүүлэхэд чиглэнэ гэдгийг онцолсон нь хөрөнгө оруулагчдад ихээхэн таалагджээ. Учир нь компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 12.9% өсөж $369.2-т хүрсэн аж. Сонирхуулахад, компанийн цэвэр ашиг 2025 оны эхний хагаст $44.8 саяд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 84% өссөн дүн болжээ.

 🎮 eSport-н дэлхийн аваргын сонин хачин

Энэ жил eSport-н 25 төрлөөс бүрдэх $70.5 саяын шагналын сантай Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо зохиогдож байна. Тус тэмцээний сүүлийн хэсэг болох CS2-н тэмцээн өнөөдөр эхлэх гэнэ дээ.

🔫 The MongolZ

Монголчуудын бахархал The MongolZ баг өнөөдөр анхны тоглолтоо Европын GamerLegion багийн эсрэг орой 19 цагаас хийнэ. CS2 төрлийн нийт шагналын сан $1.25 сая ба дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх аж. Он гарснаас хойш The MongolZ нь ямар нэг цом өргөөгүй байгаа ч дэлхийн аварга шалгаруулах BLAST.tv Austin Major 2025 болон BLAST Bounty Fall 2025 тэмцээний дэд аварга болсон билээ. 

🕊️ Бараг л олимп

Esports World Cup 2025 нь видео тоглоом сонирхогчдын олимп юм. Учир нь eSport-н 25 төрлөөр шилдэг багууд хоорондоо өрсөлдөж онооны цуглуулан шилдэг багаа тодруулдаг. Одоогийн байдлаар Falcons баг 4,700 оноотойгоор тэргүүлж байгаа бол удаах байранд 4,200 оноотой Liquid баг жагсах аж. Мөн энэ жилийн нэг онцлог нь бид бүгдийн хэзээний танил шатар Esports World Cup 2025-д орсон явдал байв. 

♟ Танил шатар

Өнгөрсөн жил спортын ертөнцөд шатрын спорт Esports World Cup 2025-д орсноор нэлээдгүй шуугиан тарьсан. Хэзээний танил бидний тоглох дуртай шатрыг сүүлийн үед chess.com дамжуулан сард 35 сая шатарчид тоглох болсон аж. Esports World Cup 2025 шатрын төрөл нь $1.5 саяын шагналын сантай ба өнгөрсөн сарын 29-өөс эхлэн 2 өдрийн хугацаанд зохион байгуулагджээ.

  • 👑 №1 шатарчин: Дэлхийн чансааг тэргүүлэгч Магнус Карлсен нь Liquid-д харьяалагддаг бөгөөд Esports World Cup 2025-д аваргалж $250 мянгын эзэн болжээ

Эцэст нь… CS2 тэмцээн дууссаны дараа оноо тоолж тэргүүлэгч багийг тодруулах аж. The MongolZ-ийн хувьд GamerLegion-г буулган авбал дараагийн шатанд IEM Cologne 2025 тэмцээний хасагдах шатанд хүндхэн ялагдсан NAVI багтай дахин учраа таарах магадлал өндөр байна. Даагаа нэхэж хожиж чадах уу эсвэл ялагдах уу? Хамтдаа харцгаая. 🙌🏻 

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэ

Ирэх өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд хагас коксжсон түлш хэрэглэх бололтой. Утааны шийдэл гэж танилцуулсан хийн зуухнуудаа шинэ оноос өмнө авах аж. Энэ шийдвэрийг хэр үр дүнтэй гэж бодож байна?

Login or Subscribe to participate in polls.

🥛 АПУ Дэйри ХХК-ийн 4 дэх сүүн цуврал 

АПУ Дэйри ХХК бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж “Их нүүдэл сүү”-г зах зээлд гаргалаа

🧺 Сагсаа өргөжүүлэв

Компани анхлан “Сайн сүү”г гаргаж, араас нь “Дээж”, “Цэвэр сүү”-г танилцуулж байсан. Их нүүдэл сүү бол компанийн сүүн бүтээгдэхүүний 4 дэх цуврал болон гарч буй. 

👇🏻 Нэрийн учиг

Дэлхийд түгсэн нүүдэлчдийн сүү, цагаан идээний уламжлал, соёл, түүхийг бэлгэдэж шинэхэн бүтээгдэхүүнээ “Их Нүүдэл" хэмээн нэрлэжээ. 

  • 🤔 Сүүний тослогийн хувь яагаад чухал вэ?  Хэрэв та тус сүүний сурталчилгааг харсан бол “Өв тээсэн, өрөмтдөг сүү” гэх үгтэй мөн таарсан байх. “Их Нүүдэл” сүү нь 3.4% тослогтой буюу зөөлөн, амтлаг бүтэцтэй тул өрөм загсаахад төгс зохицох аж.

Эцэст нь… "Их Нүүдэл" сүүний хөгжүүлэлтэд түүхч, эрдэмтэн, сэтгүүлч зэрэг олон салбарын мэргэжилтнүүд оролцож, Чингис хаан, Их Монгол улсын түүх болон сүүн соёлын хэрэглээ, өв уламжлалыг судлан бүтээсэн гэсэн шүү. Хэрэглээд үзээрэй. 🥛

Tenor

🍋 Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурч 4.5%-д хүрэв. Энэ оны эхний хагас жилд хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнөх оны  мөн үеэс 0.5 нэгж хувь өсөж 59.1%-д хүрчээ. Том зургаараа ажиллах хүчний оролцооны түвшин 61.9%-тай байна. 

🍋 Ирэх оны төсвийн урсгал зардал 2025 оныхоос багадаа ₮1.1 их наядаар нэмэгдэхээр байна. 2026 оны төсвийн урсгал зардал ₮25.1 их наяд болон нэмэгдэхээр байгаа ч Сангийн яам ерөнхий дүнг нэмэгдүүлэхгүй, салбар хооронд зохицуулалт хийж, урсгал зардлыг ДНБ-ий 24%-д барихаар төлөвлөжээ. 

🍋 Grammarly Coda платформ дээр суурилсан баримт бичгийн шинэ интерфейс нэвтрүүлээ. Компани өнгөрсөн жил Coda-г $ тэрбумаар худалдан авч байв. Тус интерфейс нь AI туслахыг нь дэмжин ажиллахаас гадна оюутнууд, мэргэжилтнүүдэд зориулсан тусгай AI-г мөн нэвтрүүлжээ. 

🍋 ЗГ Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40% болгож нэмнэ. Тус асуудлыг ойрын хугацаанд ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэн, баталж ирэх оны төсөвт тусгах аж. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ жилдээ багтаан гаднын зээл, тусламж дотоодын нөөцөөр хэрэгжүүлэхээр болов.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.