• Lemon Press
  • Posts
  • ⚠ Нэг сайн, нэг зөрчилтэй мэдээ

⚠ Нэг сайн, нэг зөрчилтэй мэдээ

Төсвийн тэнцлийн эхний хагас жил болон газрын тосны акулуудын ээлжит тайланг тоймлолоо.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдөр бол бид бүхний хайртай дүр Harry Potter-н төрсөн өдөр. Гэснээс iPhone хэрэглэдэг бүх хүмүүс “Hey Siri, Lumos” гэж хэлэхэд таны гар чийдэн асах болно. Happy birthday Harry Potter! 🎂

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 2023 оны эхний хагаст ₮623.5 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн нь 99.9%-ийн гүйцэтгэлд хүрэв.

EUR: Европын Төв банк бодлогын хүүгээ 9 дэх удаагаа дараалан өсгөж 2000 оноос хойших хамгийн дээд түвшин буюу 3.75%-д хүргэлээ.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮15.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮4.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

📄 Төсвийн тэнцлийн түүхэн ашиг

Энэ оны эхний хагаст нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.5 их наядын ашигтай гарч түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

Ерөнхий нөхцөл байдал

Хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл ашигтай гарсан нь сүүлийн 4 жилийн хагас дахь анхны тохиолдол болоод буй. Учир нь,

  • Орлого +44%: Төсвийн нийт орлого жилийн өмнөхөөс 44% өсөж ₮10.6 их наядад хүрсэн юм. Үүнд татварын орлого 41.8% өссөн нь гол нөлөөтэй. Аргагүй биз, ОАТ-ын гүйцэтгэл л гэхэд төлөвлөгөөнөөс 14.2% давсан хойно. Улмаар нийт орлогын 93%-ийг татварын орлого бүрдүүлсэн байна. Харин үлдсэн 7%-ийг бүрдүүлсэн татварын бус орлогын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс 5.9%-иар дутсан аж.

  • Зардал +10.3%: Төсвийн нийт зардлыг харвал 10.3% өсөж ₮9 их наядад хүрчээ. Гэхдээ төлөвлөгдсөн дүнгээс 14.2% дутуу зарцуулагдсан дүн юм. Түүнчлэн нийт зардлын 83.6%-ийг урсгал зардал, 16%-ийг хөрөнгийн зардал, үлдсэн хэсгийг цэвэр зээлийн зардал бүрдүүлэв.

Цаашид…

Харин цаашид төсвийн орлогын өсөлт хурдсах, эерэг тэнцэл хадгалагдах эсэх нь нүүрс, зэс, алт зэрэг түүхий эдийн үнэ, ГШХО-аас ихээхэн хамааралтай. Гэтэл,

  • Уруудан уруудах: Он гарсаар манай гол түүхий эд болох нүүрсний үнэ 64.5% унаад буй. МХБ (MSE)-ээр арилжаалагдаж буй коксжих нүүрсний үнэ ч 31.8% унаад амжсан. Тэгэхээр цаашид экспортын орлого багасаж, улмаар ЗГ-ын татвар, АМНАТ-ийн орлого ихээхэн буурч магадгүй байна.

Эцэст нь… Төсвийн тэнцлийг эерэг байлгахын тулд зохистой удирдлага, түүний дотор ЗГ-ын зарцуулалтыг хянах, оновчтой болгох нь чухал. Харин бид анх удаа төсвийн орлого давж биелсэн сургаар төсвийн тодотгол хийж зардлаа нэмдэг улс. Зарчмын хувьд эсрэгээрээ яваад байх шиг.

⚠ Нэг сайн, нэг зөрчилтэй мэдээ

SEND: Сэндли ББСБ ХК энэ оны эхний хагаст ₮2.3 тэрбумын ашигтай ажиллажээ. Учир нь тэдний хүүгийн орлого өнгөрсөн оны эцсээс 51.9% өссөн байна. Сонирхуулахад, компани нэгдмэл сонирхол бүхий Монголын финтек групп ХХК болон Мони маркет фанд ХХК-тай 1 улиралд ₮5 тэрбум хүртэлх эх үүсвэр өгөх, авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхээр болсон аж.

Газрын тосны луугаруудын хагас жил

WTI маркийн газрын тосны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 15% унаж 1 баррель нь $81 болоод буй. Улмаар өнгөрсөн онд ашиг нь 2 дахин нэмэгдэж гялалзаж байсан газрын тосны луугаруудын ашиг энэ оны хагаст бараг 2 дахин буурав. Дэлгэрүүлье,

Exxon ашиг: -$10 тэрбум

Exxon (XOM)-н орлого энэ оны II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 28% буурч $83 тэрбумд хүрснээр шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Улмаар ашиг нь тус хугацаанд 56% буюу бараг $10 тэрбумаар буурч $7.9 тэрбум болжээ. Гэсэн хэдий ч компанийн зүгээс өнгөрсөн жилийн II улирлыг эс тооцвол 15 жилийн хугацаан дахь хамгийн өндөр орлоготой улирал байсныг онцлов.

Chevron ашиг: -48%

Chevron (CVX)-н хагас жилийн орлого 29% буурч $49 тэрбумд хүрээд буй. Улмаар ашиг нь 48.3% буурч $5.8 тэрбум болжээ. Тус бууралтыг компанийн зүгээс зах зээл дээрх түүхийн эдийн үнэ унасантай холбон тайлбарласан юм. Санхүүгийн тайлан нь тиймхэн гарсан ч тэд өнгөрсөн улиралд хэд хэдэн дээд амжилт тогтоогоод амжив. Тухайлбал,

  • $7.2 тэрбум: Компани II улиралд ногдол ашиг гэж $2.8 тэрбумыг, хувьцаа халааслахад $4.4 тэрбумыг зарцуулжээ.

  • Олборлолт: Пермийн сав газарт олборлосон газрын тос өнгөрсөн оны мөн үеэс 11% өсөж 772,000 баррель болсноор дээд амжилт тогтоогоод буй.

Shell ашиг: -56%

Европын газрын тосны акулын хувьд ч энэ оны II улирал тийм ч сайн байсангүй. Тодруулбал, тэдний зардал нь 8% буурч $71 тэрбумд хүрсэн ч орлого 26% буурч $76 тэрбум болов. Улмаар ашиг нь 56% багасаж $5 тэрбумд хүрчээ. Компанийн ашиг буурсан нь зах зээл дээрх түүхий эдийн үнэ унаснаас гадна, шингэрүүлсэн хийн борлуулалт нь буурсантай холбоотой байв.

Эцэст нь… Орос Украины нөхцөл байдлаас үүссэн дам асуудлууд технологийн гигантууд, санхүүгийн томчууд гээд ер нь газрын тосны луугаруудаас бусад бүгдэд л хүндхэн туссан. Гэсэн ч нөхцөл байдал эргэж хүйтэн өвлийг давсан улс орнууд сэргээгдэх эрчим рүү эрчимтэй тэмүүлэх болсон нь газрын тосны луугаруудад тийм ч сайн мэдээ биш дээ.

Өнгөрсөн 10 жилд дизель түлшний үнэ 95% өсөж ₮3,490 болжээ. Тэгвэл 2014 оноос хойших, жил бүрийн 7-р сард Петровис шатахуун түгээгүүрийн газарт дизель түлшний үнэ хэд байсныг харцгаая.

  • 2014: ₮1,790

  • 2015: ₮1,790

  • 2016: ₮1,640

  • 2017: ₮1,720

  • 2018: ₮2,010

  • 2019: ₮2,370

  • 2020: ₮1,890

  • 2021: ₮2,390

  • 2022: ₮3,730

  • 2023: ₮3,490

Өдөр бүр цалингаа ав - Nito pay

Өдөр бүр цалингаа авах боломжтой гэнэ үү? 🧐

Яаж вэ? гэвэл Nitopay апп-аар дамжуулан байгууллага ажилчдадаа ажилласан өдрийн цалингийнхаа 40-80%-ийг хүссэн үедээ авах боломжийг олгож буй. Ингэснээр цалин буух өдрөө хүлээх шаардлагагүйгээр санхүүгийн яаралтай хэрэгцээгээ шийдэх боломжтой болж байгаа юм.

Хэрхэн цалингаа хүссэн үедээ авах вэ?

  • Алхам 1: Ажил олгогч компани Нитотех ХХК-тай гэрээ байгуулах,

  • Алхам 2: Ажилчдын мэдээллийг бүртгүүлэх,

  • Алхам 3: Ажилчид апп-аа татаад хүссэн цагтаа цалингаа авна.

За тэгээд, байгууллагаараа Nitopay-д нэгдэж, хүссэн үедээ цалингаа аваад санхүүгийн хэрэгцээгээ шийдээд байж дээ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

Tenor

🔹 Intel (INTC) 2 улирал дараалан алдагдал хүлээсний эцэст ашигт ажиллагаа нь сэргэв. Өмнөх 2 улиралд тус бүр 30% буураад байсан тус компанийн гол бүтээгдэхүүн болох процессорын борлуулалт II улиралд ердөө 11.5% буурч $6.8 тэрбум болжээ. Шинжээчдийн төсөөллөөс давсан уг тайлангийн дараа тэдний хувьцааны үнэ 6.6% өсөв.

🔹Мандал Даатгал ХК (MNDL)-ийн энэ оны эхний хагаст төвлөрүүлсэн даатгалын хураамжийн хэмжээ өмнөх оноос 26% өсжээ. Гэсэн ч нөхөн төлбөрийн зардал өссөн нь хохирлын харьцааг нэмэгдүүлэх цаашлаад ашигт ажиллагаанд нөлөөлөв. Улмаар тэдний ашиг 24% буурч ₮1.7 тэрбум болсон аж.

🔹Оны эхний хагаст Женко тур бюро (JTB) компанийн алдагдалтай ажиллагаа үргэлжилж ₮285.7 саяд хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн дүн юм. Учир нь энэ онд аялал жуулчлалын салбар сэргэж компанийн борлуулалтын орлого 95% өсөж ₮1.4 тэрбумд хүрсэн ч зардал нь ₮100 саяар давсан байна.

🔹Энэ оны эхний хагаст Америкт ухаалаг гар утасны нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 24% буурлаа. Үүнд ЭЗ-ийн тодорхойгүй байдлаас үүдэлтэйгээр эрэлт буурсан нь голлон нөлөөлөв. Задлахад, Android гар утасны нийлүүлэлт 38%, Apple (AAPL)-н утасных 6% тус тус буурчээ.

  • Унш: Оффист ажилладаг хүмүүс өдрийг хэрхэн өнгөрүүлж байна. (WSJ)

  • Мэд: Яагаад хүмүүс байнга хоцордог вэ? (Business.mn)

  • Сонирх: 7 хоногт 4 өдөр ажилладаг болбол юу болох вэ? (Insider)

  • Анхаар: Африкийн гаргасан санал Орос Украины хямралыг дуусгаж чадах уу? (Aljazeera)

  • Даваа: Sony (SONY) болон Panansonic (6752.T)-н ээлжит улирлын орлогын тайлан гарна.

  • Мягмар: Үргэлжлүүлэн Uber (UBER) тайлангаа тайлагнана.

  • Лхагва: Qualcomm (QCOM) ээлжит улирлын тайлангаа танилцуулах нь.

  • Пүрэв: Тайлангийн буухиаг Apple (AAPL) болон Amazon (AMZN) үргэлжлүүлэх нь ээ.

  • Баасан: Америкийн өнгөрсөн сарын ажилгүйдлийн түвшин гарна.

Reply

or to participate.