🤖 AI товхимол

2023 оны AI-н сонин сайхан

POWERED BY

Өглөөний мэнд ээ. 2023 он дуусахад 11 өдөр үлдлээ. Үүнтэй холбоотойгоор бид он дуустал өдөр бүр нэг сэдвийг хөндөж, энэ оны сонин сайханг хуваалцах болно. 2023 он AI-н, тэр дундаа chatGPT-н жил байлаа. Тэгвэл дэлхий даяар AI-н дэвшил юу болоод өнгөрснийг нэг санацгаая. Тухлан сууж уншина уу!

🚀 Эрчээ авсан 2023 он 

2023 гарснаас хойш ChatGPT эрчээ авсан. Үүнээс хойш AI ертөнцөд жинхэнэ гал ассан юм. Энэ ч утгаараа 2021 онд $95.6 тэрбум байсан AI-н дэлхийн зах зээлийн хэмжээ энэ онд 2.2 дахин өсөж $207.9 тэрбумд хүрэх нь. Улмаар 2030 он гэхэд AI дэлхийн ДНБ-д $15.7 их наядыг нэмэх төлөвтэй байна .

🤖 AI бүтээлүүд

2023 он гарснаас хойш AI гэдэг үг оны хамгийн халуухан үг болж, хаа сайгүй л яригдах болсон. Бараг бүхий л технологийн томчууд өөрсдийн гэсэн AI-г гаргалаа. Тэгвэл энэ онд AI-н эргэн тойронд ямар үйл явдлууд өрнөснийг улирал тус бүрээр нь харъя. 

  • Q1: ChatGPT хэрэглээнд нэвтрээд 2 сарын дотор л 100 сая хэрэглэгчтэй болсны араас Google (GOOG) Bard нэртэй AI-г танилцуулсан юм. Үүний араас Microsoft (MSFT) ч мөн өөрсдийн ChatGPT-р сайжруулсан Bing болон Edge-г хэрэглээнд нэвтрүүлсэн. 

  • Q2: Bloomberg их хэмжээний мэдээлэл дээр өөрөө суралцан түүнийгээ хүнд ойлгомжтойгоор бичвэр хэлбэрээр илэрхийлдэг технологийг ашиглан санхүүгийн салбарт тохирох AI буюу Bloomberg GPT-г бүтээсэн юм.

  • Q3: Meta (META) ChatGPT-н үүсгэгч OpenAI-н хүчтэй өрсөлдөгч Llama-н 2-р хувилбарыг танилцуулсан юм. Тэд Llama-н 2-г чатбот хийх, AI дүрс үүсгэх гэх мэт бизнес зорилгоор ашиглахад үнэгүй гэж зарлаж байв. 

  • Q4: Baidu (BIDU) ч мөн 10-р сард AI загварынхаа шинэ хувилбар болох Ernie 4.0-г танилцуулж, ChatGPT-4 зэрэг загваруудтай өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Мөн Google энэ сард хүнд асуултуудад илүү анхааралтай бодож хариулах чадвартай AI болох Gemini-г танилцуулаад байгаа. Түүний математик тооцоолол хийх, уншиж ойлгох чадвар, Python код үүсгэх гээд бараг бүх чадвар ChatGPT 4-с илүү. Ингээд бодохоор баахан л шинэ бүтээлүүд гарч дээ. 

Энэ жилийн хувьд хүмүүсийн дунд AI-н хэрэглээ эрс нэмэгдсэн. Энэ ч утгаараа нийт дэлхийн хүн амын 77% нь ямар нэгэн байдлаар AI-р ажилладаг төхөөрөмж эсвэл үйлчилгээг ашиглаж байгаа аж. Бид өнгөрсөн 3-р сард уншигчдаасаа ChatGPT-г хэр их ашиглаж байгааг асуусан санал асуулга явуулахад 26.7% нь өдөр тутамдаа ашиглаж байгаа гэсэн юм. 

  • Хэр их хүн: Өнгөрсөн 10-р сарын байдлаар л гэхэд ChatGPT 1.7 тэрбумын хандалт авсан байна. Энэ нь энэ оны эхнээс 2.8 дахин өссөн дүн юм. Харин Bard-нх бол дөнгөж 8.7 саяд хүрчээ.

Хэн хэн?

AI-г хэрэглэгч, бүтээгч гээд олон этгээд байгаа ч яг чухал нөлөөтэйг нь харвал цөөхөн хэдэн акул бий. Үүний нэг нь мэдээж ChatGPT-г бүтээгч OpenAI. Энэ онд Илон Маскийн үүсгэн байгуулсан OpenAI ашгийн бус компанид амжилт ч асуудал ч тохиов. 

  • Хоёр тал: OpenAI өнгөрсөн сард нэг дор 300 хуудас бичвэрийг бичих чадалтай GPT-4 Turbo-г танилцуулсан. Мөн тус компанийн ТУЗ Гүйцэтгэх захирал Сэм Алтманыг сүр дуулиантайгаар гэнэт огцруулж, бөөн эсэргүүцэл тэмцэлтэй тулгарсны эцэст буцаан томилсон

  • Бүхэнтэй хамтрагч Microsoft: Энэ оны эхэнд Microsoft ChatGPT-г бүтээгч OpenAI-д $10 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь Microsoft-н 2019, 2021 онуудад оруулсан ХО-ын дараагийн буюу гурав дахь үе шат байсан юм. Түүнчлэн компани Llama 2-н гол хамтран ажиллагчаар сонгогдож Microsoft Azure дээр Llama 2-г ашиглаж хөгжүүлэлт хийх боломжтой болсон. 

  • Нийлүүлэгчид: Одоо бий болсон бүхий л AI-тай холбоотой бүтээлүүдийг AI чипгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр энэ бүх үйл хэрэгт Nvidia (NVDA), Intel (INTC) зэрэг чипийн акулууд чухал нөлөөтэй. Nvidia л гэхэд Windows үйлдлийн системтэй компьютерт зориулсан чип гаргасан билээ.

🤔 Яаж нөлөөлөв?

AI-г дагаад гол түүхий эд болох чипийн зах зээлд ихээхэн өөрчлөлт гарав. Өнгөрсөн онд бол Америк Хятадын чипийн маргаанаас үүдэн Америкийн чипийн компаниудын үнэлгээ 49.3% унаад байсан бол энэ онд чипийн компаниуд тодоор гэрэлтэв. 

  • Галзуу өсөлт: Nvidia (NVDA)-н хувьцааны үнэ л гэхэд он гарсаар 237% өсөж $500-т хүрээд байгаа. Түүнчлэн Intel (INTC)-нх 74.9%, Advanced Micro Devices (AMD) 117% тус тус өссөн байна. 

  • Геополитикийн асуудал: Энэ жил Америк, Хятадын чипийн дайн хурцдаж Хятад чипийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох галли, германий экспортыг хязгаарласан. Технологийн 44 салбарын 37-д нь Хятад тэргүүлдэг бол Америк ердөө 7 салбарт нь л тэргүүлж буй. Тиймээс л Америк Хятадыг дарчих гээд байгаа хэрэг. 

  • Ассан их өрсөлдөөн: Америк Хятадаас нүүр буруулж Вьетнам болон Тайландаас чип импортлох нь нэмэгдэж байна. Мөн Израил, Япон, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг орнууд чипийн орон зайн төлөө өрсөлдөх болжээ. Японы ЗГ л гэхэд 2027 онд ашиглалтад оруулах чипийн үйлдвэртээ $7.5 тэрбумын татаас олгоод байгаа.

Тэгэхээр энэ жил бол AI-н хувьд галзуу өсөлттэй жил байлаа. Instagram 1 сая таталттай болохын тулд бараг 2.5 сар, Netflix (NFLX) 1 сая хэрэглэгчтэй болоход 3.5 жил зарцуулсан байхад ChatGPT ганцхан сар зарцуулсан нь үүнийг гэрчлэх мэт. AI-н хөгжил нь улам гаараад LLM хэлний загвар нь асуултуудад өгсөн хариулт дээр үндэслэн хүн шиг айдас, мэдрэмжээ илэрхийлж чаддаг болоод байгаа.

Харин ирэх жилийн хувьд Google-н танилцуулсан Gemini-с их зүйл хүлээж байгаа. Учир нь түүний чадвар ChatGPT-с илүү гээд байгаа. 2024 онд бас л AI-н өрсөлдөөнийг хурцлах жил байх болов уу гэж таамаглаж байна. Түүнчлэн,  

  • Илүү дүрэмтэй: IBM (IBM), Meta тэргүүтэй 50 байгууллага хамтран AI холбоог байгуулаад буй. Энэхүү холбоо нь тус байгууллагуудын AI-н хөгжлийг ёс зүйн стандартад нийцүүлэх зорилготой. Тэгэхээр ирэх оны AI-н өрсөлдөөн илүү зохицуулалттай байх нь. 

  • Энэтхэг од болно: Энэтхэгийн AI зах зээлийн хэмжээ 2022 онд $680 саяд хүрсэн бол 2028 он гэхэд $3.9 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа. Тиймээс 2024 онд Энэтхэг дэх AI-н хөгжил хурдсах төлөвтэй байна. 

  • Ажлын байр хэцүүдэх үү? Цаашлаад Chatbot-г хүний оронд ашиглах сонирхолтой компаниуд нэмэгдэж байгаатай холбоотойгоор ChatGPT шиг AI нь дэлхий даяарх 300 сая гаруй ажлын байранд нөлөөлөхөөр буй. Тэгэхээр ирэх онд зарим нэг ажлын байрны эрэлт буурах, цомхотголд орохыг ч үгүйсгэхгүй. 

Заа тэгээд 2023 оны AI-н сонин хачин нэг иймэрхүү байлаа. Ирэх онд бүр их адал явдал болох биз ээ. Lemon Press-тэй ойр байвал тэр бүхнийг цаг алдалгүй мэдээд л явна шүү.

⚡ Гайхамшигт технологиудын нийлэмж

AI-н талаар нэгэнт ярьсных AI-н хүч түрэн орж буй өөр нэгэн салбар бол NFT. Сонирхуулахад, NFT-н ирэх жилийн чиг хандлагын онцлох хэсэг нь AI байх төлөвтэй байна

NFT болон AI синержи

AI-р хөшүүрэгдэж NFT-н хэвшмэл загварыг эвдэх боломж хаяанд ирсэн төдийгүй тус технологиудыг нэгтгэснээр хүний төсөөллөөс ч давсан бүтээлч, шинэлэг NFT-нүүд зах зээлд олшрох төлөвтэй байгаа аж. Төсөөлөөд үз дээ эзэмшиж буй NFT-гээ харах бүрд NFT-н дүрүүд өөдөөс тань мэндлэх, бүжиглэхээс эхлээд дүрийн сэтгэл хөдлөл, хувцсыг сонгодог байвал сонирхолтой байхгүй гэж үү?

  • NFT шинжээч AI: Түүнчлэн AI-н тусламжтайгаар хуурамч NFT-г дорхноо шалгах боломжтой. Тухайлбал,  bitsCrunch гэхэд саяхан хуурамч NFT-г шалгадаг AI гаргаад буй. Алдартай уран зургуудыг жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг шалгадаг мэргэжилтэн байдаг шиг NFT ертөнцийн шинжээч нь AI болох юм.

Эцэст нь… AI энэ оны онцлох сэдэв байж чадлаа. Ирэх онд ямар сонин содон зүйлээр өнгө нэмж нүд баясгах бол?

  • Wikipedia-н халуухан сэдэв: Энэ онд Wikipedia дээр хамгийн хандалттай байсан сэдэв ChatGPT-н талаар байсан бөгөөд хандалтын тоо нь 49.5 саяд хүрчээ.  

  • Хэд юм бэ? ChatGPT шиг апп хөгжүүлэхийн тулд танд ойролцоогоор $100,000-$500,000 хэрэгтэй.

  • 1 цагт ихдээ 50 асуулт: ChatGPT 3 болон ChatGPT 3.5-аас 1 цагийн дотор хэдэн ч асуулт буюу ямар нэгэн хязгаар байдаггүй бол ChatGPT 4-д 4 цагийн дотор 50 асуулт л асуух боломжтой байдаг аж.

Reply

or to participate.