• Lemon Press
  • Posts
  • Хэдэн жуулчин Монголыг зорив? ✈🧳

Хэдэн жуулчин Монголыг зорив? ✈🧳

Ариг банкны аудитлагдсан тайлан болон ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганы талаар тоймлов.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ. Оюутнууд сарын турш 22 удаа нийтийн тээвэрт үнэгүй зорчдог байсан бол одоо ямар ч хязгаарлалтгүйгээр 50%-ийн хөнгөлөлттэй үнээр зорчдог болох гэнэ. 🚌

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Засгийн газар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд санал авч эхэллээ.

RUS: Оросын газрын тосны экспорт өнгөрсөн сард өдөрт 600,000 баррелиар өсөж 2020 оны 4-р сараас хойших дээд түвшинд хүрснээр газрын тосны экспортын орлого нь $12.7 тэрбумд хүрэв.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮9.4 тэрбумын арилжаа хийгдсэний ₮2.5 тэрбум нь анхдагч дээр арилжигджээ.

Монгол Улсад Аеротрополис хөгжих эрх зүйн боломж

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд хуульч Т.Мөнх-Очирын Монголд Аеротрополис хөгжих эрх зүйн боломжийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Далайд гарцгүй манай орны хувьд гуравдагч хөрш Япон болон бусад өндөр хөгжилтэй орнуудтай агаарын тээврийг либералчлах замаар холбогдох боломжийг 2019 онд байгуулсан “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх (IOT) концессын гэрээ олгосон.

УИХ-ын 2022 оны 4 сарын 07-ны өдрийн 10-р тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх "Чингис хаан" Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулснаар манай улс аэротрополис байгуулах эхний алхмаа хийсэн.

Манай орны эдийн засгийн 93%-ийг уул уурхай салбар бүрдүүлдэг ч шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа үргэлжүүлэхдээ чөлөөт бүсэд тулгуурлан Аэротрополис байгуулах урьдач нөхцөл бүрдүүлсэн байна.

Ариг Банк = Ашиг ₮8.2 тэрбум

Ариг Банк дотооддоо санхүү тайлагналын олон улсын стандарт 9 (СТОУС9)-ийг нэвтрүүлэн 2022 оны тайлангаа аудитлан гаргажээ. Тэгвэл тэдний аудитлагдсан тайланг сонирхоцгооё.

Өсөлттэй

Ариг банкны аудитлагдсан тайлангаас харахад нийт хөрөнгө нь 146.8% өсөж ₮266.4 тэрбумд хүрэв. Улмаар 2021 онд ₮3.4 тэрбумын алдагдал хүлээж байсан тэдний ашиг ₮8.2 тэрбумд хүрсэн байна. Учир нь тэдний хүүгийн орлого 205% өсөж ₮11.5 тэрбумд, үйл ажиллагааны нийт орлого нь 303% өсөн ₮16 тэрбумд тус тус хүрээд буй. Түүнчлэн тайлангаас онцлоход арилжааны орлого нь 106% өсөлттэй байжээ. Үргэлжлүүлэн харвал,

  • Харилцах, хадгаламж: Тэдний харилцах, хадгаламжийн хэмжээ нь 79.7% өсөж ₮61.9 тэрбум болов. Сонирхуулахад, хадгаламжийн хүү нь нэмэгдэж 13.5% болоод буй.

  • Гэхдээ: Тус банкны хүний нөөцийн зардал 2021 онд ₮3 тэрбум байсан бол өнгөрсөн онд нэмэгдэж ₮5.6 тэрбумд хүрсэн аж. Үүнд 2022 онд 100 гаруй ажилтан шинээр авсан нь нөлөөлсөн бололтой.

Тэд өөр юу хийж байна?

Ариг банк нь банк санхүүгийн салбарт дижитал шилжилт хийх зорилгын хүрээнд 2022 онд 12 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Дэлгэрүүлбэл,

  • СТОУС9: Тус стандартыг нэвтрүүлснээр банкны тайлан олон улсын банкны салбарт хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болж байгаа бөгөөд дээрх аудитлагдсан тайланг СТОУС9-ийн дагуу дахин тайлагнасан юм.

  • Arig Online: Түүнчлэн тэдний шинээр хөгжүүлсэн цахим банкны апп-ын хэрэглэгчдийн тоо 2022 оны эцсийн байдлаар 22.6% өсөж 20 мянга болжээ.

Эцэст нь… Санхүүгийн тайлангаа олон улсын стандартын дагуу боловсруулах нь тайланг ил тод, бодитоор тайлагнах боломжтой болгож буй. Тэдний аудитлагдсан тайланг ЭНД дарж бүрэн эхээр нь уншаарай.

🐫 Энэтхэг рүү…

AAPL: Apple Энэтхэгт анхны дэлгүүрээ нээнэ. Өнгөрсөн жилийн хугацаанд Энэтхэгт нийт $7 тэрбумын үнийн дүн бүхий iPhone үйлдвэрлэсэн Apple Азийн зах зээлээ тэлэх зорилгоор Мумбай болон Дели хотноо дэлгүүрээ нээхээр төлөвлөсөн нь энэ. Тус шийдвэр нь iPhone-н борлуулалт, үйлдвэрлэлийг нэмэх аж.

Өнгөрсөн 7 хоногт Вашингтон ДС хотод ОУВС, Дэлхийн банкны ээлжит хаврын чуулган болж өнгөрлөө. Манай Ерөнхий Редактор Э.Золбаяр чуулганд биеэр оролцсон бөгөөд чуулганы талаарх цуврал нийтлэлийн эхнийхийг нь танд хүргэж байна.

Өсөлтийн төлөөх 3 алхам

Чуулганы нээлт дээр ч, чуулганы дундуур ч, мөн чуулганы төгсгөлд ч ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева дэлхийн ЭЗ-ийн талаар, ялангуяа цаашид хэрхэх талаар 3 зүйлийг давтаж байв. Хуваалцвал:

I. Инфляцаас гадна санхүүгийн тогтвортой байдлаа мартуузай!

Инфляцтай тэмцэх гэж төв банкнууд зэрэг шахуу маш хурдтай бодлогын хүүгээ ихэсгэж улмаар инфляцыг тодорхой хэмжээнд бууруулж чадсан ч суурь инфляц төдийлөн сайжраагүй л байна. Нөгөө талд, олон жил бага хүүгийн орчинд байж байгаад гэнэтийн өсгөлт санхүүгийн тогтвортой байдалд заналхийлж буй нь дэлхий даяар болж буй банкны хямралаас харагдлаа. Тэгвэл яах вэ?

  • Банк, ББСБ болон үл хөдлөхийн салбарууддаа илүү их анхаарал, хяналт тавьж бодлогоор эрсдэлээс сэргийлэх;

  • Бодлогын хүүгээр инфляцтай тэмцэх ажлаа үргэлжлүүлэх;

  • Төсвийн алдагдлыг бууруулах нь онцгой ач холбогдолтой бөгөөд цаашид болзошгүй хямралд төсвөө бэлдэх;

II. Дунд хугацааны өсөлтөд анхаарах

ОУВС-гийн таамаглалаар ирэх 5 жилд дэлхийн ЭЗ-ийн өсөлт 3% орчим байх бөгөөд энэ нь 1990 оноос хойших хамгийн муу дунд хугацааны өсөлтийн төсөөлөл юм. Тэгвэл яах вэ?

  • Бүтээмжийг нэмэгдүүлэх: Бүтцийн реформууд, дижитал хувьсгал, бизнесийн орчныг сайжруулах болон оролцоог нэмэгдүүлэх гэх мэт замаар бүтээмж болон өсөлтийг нэмэгдүүлнэ;

  • Ногоон өөрчлөлт: Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт гэхэд жилд $1 их наядын хэрэгцээ байна. “Ногоон” төслүүдэд одоо ач холбогдол өгөх нь ирээдүйд өсөлт болон ажлын байр бий болгоно;

  • Геополитик: ЭЗ-гийн хагарал, геополитикийн зөрчилдөөнийг багасгахын тулд ОУ-ын хамтын ажиллагаанд шинэ шат хэрэгтэй. Эдгээр зөрчилдөөн худалдаа болон санхүүгийн урсгалд ан цав үүсгэж үр дүнд нь зарим улс орнууд ДНБ-ийн 12% хүртэлхийг алдахад хүрч байна.

III. Илүү тэнцвэртэй дэлхийн төлөө хамтдаа

Ковид эхэлснээс хойш ОУВС дэлхийн 96 улсад $300 тэрбумын санхүүжилт олгоод байна. Гэсэн хэдий ч зарим хэцүүхэн байдалд буй улс орнуудад хөгжсөн улс орнуудаас тусламж нэн шаардлагатай байна. Бага орлоготой улс орнуудын 15% нь аль хэдийн өрийн хямралд орсон байгаа бол 45% нь өндөр өрийн хүндрэлтэй тулж буй. Мөн хөгжиж буй орнуудын дөрөвний нэг нь маш өндөр эрсдэлд буюу дефолт зарлах хэмжээний өрийн асуудалд орсон.

Цуврал нийтлэлийн эхнийх үүгээр өндөрлөв. Дараа нь Хиймэл оюун болон Криптовалютын зохицуулалт, инфляц болон өрийн асуудалтай хэрхэн тэмцэх вэ зэрэг сэдвүүдийн хүрээнд нийтлэлүүд хүрнэ.

Заа урин дулаан цаг наашилж, аялал жуулчлалын үе хаяанд ирлээ. Ер нь сүүлийн улирлуудад хэр их гадаадын иргэн Монголыг зорив? ✈🧳

  • 2014Q1: 77,268

  • 2015Q1: 71,005

  • 2016Q1: 63,608

  • 2017Q1: 78,789

  • 2018Q1: 85,903

  • 2019Q1: 88,585

  • 2020Q1: 41,163

  • 2021Q1: 0

  • 2022Q1: 14,518

  • 2023Q1: 86,238

Энэ оны I улиралд гадаадын 86.2 мянган иргэн Монголд айлчилсан нь өмнөх оны мөн үеэс 5.9 дахин нэмэгдсэн дүн аж. Тэдний 87% нь 30 хүртэлх хоног, 2.9% нь 30-90 хүртэлх хоног, 10.1% нь 90+ хоногийн хугацаагаар ирсэн байна.

Зорилготой, зоригтой хуримтлуулъя

Та зорилготой, зоригтой хуримтлуулагч мөн үү? Ер нь хаана, яаж хуримтлал үүсгэхээ шийдсэн үү? 🤠

Таны хуримтлалын зорилгодоо хүрэх замыг хурдасгахаар Нэйшнл Лайф Даатгал зорилготой хуримтлалын даатгалын “Зоригтой хуримтлуулагч багц”-ыг гаргаад буй.

Ямар давуу талтай багц вэ?

  • Жилийн 18.5%-ийн зорилтот өгөөж

  • Амь насны даатгал

  • Хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх боломж

  • Хуримтлал үүсгэх дүн, давтамжаа сонгох ээрэг уян хатан нөхцөлтэй гэнэ.

Түүнчлэн таны хуримтлалыг салбартаа 15 жилийн туршлагатай, тэтгэвэр, хуримтлал, эрүүл мэнд болон амь насны даатгалаар мэргэшсэн баг удирдах аж.

За тэгээд зорилгодоо хүрэх хуримтлалаа өнөөдрөөс зоригтой эхлүүлдэг юм шүү. 😎

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай.

🔹Монголд анх удаа GDPR-г нэвтрүүлсэн Higher компани өнөөдөр нээлтээ хийнэ. Уг компани нь хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд GDPR буюу ЕХ-ноос баталсан Ерөнхий Мэдээлэл Хамгаалах Журмыг нэвтрүүлээд буй. Тус журмыг ЕХ-ны 27 гишүүн улс ашигладаг аж.

🔹Германы ЗГ Intel (INTC)-г чипийн үйлдвэртээ илүү их ХО хийхийг хүсэв. Тодруулбал, Intel Германд барих €17 тэрбумын үйлдвэрийн ХО-аа нэмбэл Германы ЗГ татаасаа нэмэгдүүлэх аж. Хэрэв хэлцэл амжилттай болбол Германд II дайнаас хойших хамгийн их ГШХО орж ирэх юм.

🔹УИХ-д Эрдэнэс Тавантолгой ХК-ийн онц дэглэмийг дахин 6 сар сунгах тогтоолын төслийг өргөн барилаа. Учир нь өнгөрсөн 5 сард компанийн ашиг төлөвлөсөн хэмжээнээс 56% давж ₮1.3 их наядад хүрснээр түүхэн дээд амжилт тогтоосон юм. Түүнчлэн тус хугацаанд 13 сая тн нүүрс борлуулсан байна.

🔹Япон казинотой болно. 2018 оныг хүртэл казино, мөрийтэй тоглоом тоглох нь хууль бус байсан тус улс жуулчдыг татахын тулд ийм шийдвэрт хүрчээ. Түүнчлэн Японы казино Осака дахь $8.1 тэрбумын үнэлгээтэй хиймэл арал дээр баригдах бөгөөд жилдээ 20 сая жуулчин хүлээн авах гэнэ.

  • Унш: Бизнесийн зардлаа ангилахын давуу тал. (TheHustle)

  • Мэд: Ажлаа хөнгөвчлөхөд тань нэмэр болно. (HubSpotMarketing)

  • Танилц: Google Maps-н шинэчлэлийн эргэн тойронд. (Gizchina)

  • Сонирх: Европын Холбооны Бархасбадь гараг руу аялах даалгавар. (SPACE)

  • Даваа: Charles Schwab (SCHW)-н тайлан гарах нь.

  • Мягмар: Цаашлаад Bank of America (BAC) болон Netflix (NFLX) зэрэг томчуулын тайлан танилцуулагдана.

  • Лхагва: ХААН Банкны IPO-н анхдагч зах зээлийн арилжаа хаагдана.

  • Пүрэв: Евро бүсийн худалдааны тэнцэл гарна.

  • Баасан: Энэ оны 111 дэх өдөр тохионо.

Reply

or to participate.