- Lemon Press
- Posts
- 😵💫 Татварын орлого = 0
😵💫 Татварын орлого = 0
Дата төвүүдэд тулгамдаж буй асуудал | Чип худалдан авах SpaceX | $130,500-ын анхны EV
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр 10:00 цагаас СБД, 1-р хороо, Эрүүл мэндийн яамны баруун талд байрлах International Trade Center-н 2 давхарт ITStore Business салбарт iPhone 18 Pro болон Pro Max загварын албан ёсны нээлт болох нь ээ. Нээлтийн үеэр худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд AirPods 5 үнэгүй бэлэглэхээс гадна хуучин утсаа Trade-in хийж шинээр авах боломжтой гэж байна шүү. 📲✨


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Энэ оны эхний 8 сарын байдлаар урсгал данс $484.4 саяд, хөрөнгийн данс $62.6 саяд, санхүүгийн данс $983.7 саяд тус тус хүрснээр төлбөрийн тэнцэл $1.3 тэрбумын ашигтай гарчээ.
MIMR: Өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилов.
GOV: Ирэх сарын 1-нээс 6 хүртэлх насны өвчтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийг ажлын 5 хүртэлх өдөр зайнаас ажиллуулах, цалинтай чөлөө олгохын зэрэгцээ томуугийн оргил ачааллыг тооцон нэмэлт ор дэлгэж, бэлэн байдлыг хангахыг ЕС Н.Учрал үүрэг болголоо.

😵💫 Татварын орлого = 0

Өчигдөр ЗГ хуралдаад 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг энэ сарын 21-нээс 2028 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд 0% байхаар тогтоов. Юу алдаж юу хожих вэ?
💀 Чөлөөт уналт
Одоогоос яг 10 жилийн өмнө улсын төсөвт ₮217 тэрбумын автобензин, дизелийн түлшний татварын орлого орж ирдэг байж. Тухайн үеийн төсвийнхөө 6.1%-ийг бүрдүүлдэг байсан хэрэг. Харин одоо татварын орлогын дүн нь 72.5 дахин буурсан буюу ердөө ₮3 тэрбум болсноор эзлэх хувь нь 0.01% болтлоо чөлөөт уналт хийжээ.
📌 Шалтгаан нь энгийн: ЗГ шатахууны үнэ өсөх бүрд татвараа бууруулж, үнээ барьж ирсэн. 2016 онд нэг тн бензин тутмаас ₮260 мянгын онцгой албан татвар авдаг байсан бол одоо бараг авахаа больжээ. Энэ оны 4-р сараас гаалийн татварыг ч тэглэсэн. Одоо нэмээд Хятадын хилийн гурван боомт дээр 2028 он хүртэл "0" татвартай байх нь дээ.
💰 Юу хожих вэ?
Хожил нь үнэ биш, нийлүүлэлт. Өнгөрсөн 8-р сард импортолсон бензиний 91% нь Оросоос ирсэн. Энэ зун шатахуун хомсдож, Оросын нийлүүлэгч үнээ нэмэхэд манай үнэ шууд өссөн билээ. Хятадаас татваргүй оруулах боломж нээгдвэл ганц нийлүүлэгчээс хараат байдал бага ч гэсэн багасах нь хаа юм.
⚠️ Юу алдах вэ?
Харин нөгөө талаас зам засварын асуудал сөхөгдөх нь. Шатахууны татварын нэг зорилго нь замыг санхүүжүүлэх. 1995 оны хуулиар тн бензинээс ₮25,700-ийн татвар авч, үүнээс ₮22 мянгыг нь авто замын санд өгдөг байв. Гэвч энэ дүн 31 жил өөрчлөгдөөгүй тул өнөөдөр литр бензинд ердөө ₮16 ногдож байна. Улмаар төсвийн мөнгөнөөс улсын замын 10%-12%-ийг л засаж чадаж байгаа..
Эцэст нь… Та машиндаа 50 литр бензин хийхэд замын санд ердөө ₮800 үлдэх буюу алга дарам замын нүхийг ч нөхөхөд хүрэлцэхгүй гэсэн үг. Бензиний үнийг хүчээр барьснаар эвдрэлтэй замаас үүдэлтэй авто засварт илүү их зардлыг далд хэлбэрээр төлсөөр байгаа хэрэг.


💰 Чип худалдан авах SpaceX
SPCX: SpaceX дата төвдөө Nvidia (NVDA)-н AI чип худалдан авахаар $40 тэрбумын санхүүжилт босгохоор хэлэлцэж эхэллээ. Уг хэлцлийг Apollo Global Management тэргүүлэн ажиллаж, банкнаас $10 тэрбумын зээл, хөрөнгө оруулалтын зэрэгтэй бондоор $30 тэрбумыг босгохоор төлөвлөсөн аж. Тус мэдээлэлтэй холбоотой Мягмар гаргийн after-hours арилжаагаар $SPCX-н нэгж хувьцааны үнэ 2.1% унаж $168.3-т хүрчээ.

Дата төвүүдэд тулгамдаж буй асуудал

Энэ онд анх удаа дэлхийн дата төвийн салбар руу урсаж буй хөрөнгө оруулалт $1 их наядыг давах төлөвтэй байгаа ч эсрэг талд эсрэг талд капиталын зардал ч ялгаагүй $800 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
🧐 Дата төв = Бөөн зардал
Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 800 гаруй дата төвийн компани, удирдлага, ханган нийлүүлэгчдээс авсан судалгаагаар, ирэх 12 сарын хугацаанд хамгийн ихээр санаа зовниж буй гол асуудал нь зардлын өсөлт байв. Үүнд нь, эрчим хүч, ажиллах хүчин, AI-д шаардлагатай дэд бүтцийг угсрах болон хуучин төхөөрөмжүүдийг шинэчлэх тэргүүтэй асуудлууд нөлөөлж буй.
😵💫 Тухайлбал, судалгаанд оролцогсдын 79% нь зардлын өсөлтөд их, бага хэмжээгээр санаа зовниж байгаа бол араас нь AI хэт хурдацтай хөгжиж буйтай холбоотойгоор энэ хурдыг гүйцэхийн тулд дата төвүүд хэр их хэмжээний багтаамжтай байх шаардлагатай вэ гэдэг асуудал эрэмбэлэгджээ.
🙂↕️ Дата төвийн ажиллах хүчний хомсдол
Сонирхолтой нь, дэлхий даяар хүмүүсийн ажлын байрыг булааж, гудамжинд гаргах нь ээ гэх айдаст автуулж буй AI-г эргүүлээд тогтвортой ажиллуулах дата төвийн инженерүүдийн хомсдол энэ онд эргэн эрчимжих болжээ. Тухайлбал, дата төвийн удирдлагуудын чадварлаг ажилтан олох болон тогтоох асуудал дээрх санаа зовнил 2025 оныхоос 7 нэгж хувиар өсөж 53%-д хүрсэн байгаа юм. Учир нь туршлагатай ажилтнууд тэтгэвэрт гарч, шинэ боловсон хүчний нийлүүлэлт хангалтгүй байгаа аж.
Эцэст нь… Эдгээр дарамтаас үүдэж, компаниуд бүх дэд бүтцээ өөрсдөө барьж, ажиллуулахын оронд анх удаа гуравдагч талын буюу үүлэн дата төвийн үйлчилгээг авахыг илүүд үзэх болов. Цаашлаад, AI-н хурдацтай хөгжлөөс үүдэн дата төвүүдийн сервер ашиглалтын хугацаа богиносож 41 сар болсон гэнэ. Ер нь тэгээд, хүмүүс гэлтгүй бүхэл бүтэн салбар AI-н хөгжлийн хурдыг гүйцэхгүй чирэгдэж байгаа явдал юм даг уу даа.

₮2,000
Энэ оны сүүлээр ашиглалтад орох Яармагаас Хархорин захын чиглэлд 4.2 км үргэлжлэх “Дүүжин замын тээвэр”-ийн зорчих үнэ ₮1,500-₮2,000 байхаар төлөвлөжээ.
40 жил
Төслийн санхүүжилтийг Францын ЗГ-ын $51 саяын нэн хөнгөлөлттэй, 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076%-ийн хүүтэй зээлээр хэрэгжүүлж байна. Тус зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлж эхэлнэ.
4%
Төсөл ашиглалтад орсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэхээс гадна, тухайн бүсийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4%-иар нэмэгдүүлнэ гэж тооцжээ.


Jaguar Land Rover Automotive Plc
🍋 Их Британийн алдарт Jaguar брэнд 2024 оны дуулиант ребрэндингийнхээ араас 2 жилийн дараа $130,500-ын анхны EV-гээ танилцууллаа. Нью-Йорк хотод танилцуулсан спорт загварын, 4 хаалгатай Type 01 машин нь 1,000+ морины хүчтэй, 100 км/цаг хурдыг 3.2 секундэд авах чадалтай бөгөөд нэг цэнэглэлтээр 724.2 км туулах чадвартай аж. Захиалгын хувьд 2027 оны эхээр нээгдэж, Их Британийн Солихалл дахь үйлдвэрт үйлдвэрлэгдэхээр төлөвлөгджээ.
🍋 Капитрон Банкны Гүйцэтгэх захирлаар Э.Төрболд томилогджээ. Тэрээр Японы Киотогийн Их Сургуульд эдийн засгийн бакалавр, Токиогийн Их Сургуульд санхүүгийн инженерчлэлийн магистрын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд энэ оны 10 сарын 1-ний өдрөөс тус албан тушаалд томилогдон ажиллаж эхлэв. Түүний хувьд өмнө нь Худалдаа Хөгжлийн Банк ХК (TDB), Ньюком групп, Голомт банк ХК (GLMT), М Банк зэрэг томоохон байгууллагуудад удирдах түвшинд ажиллаж байсан аж.
🍋 ЗГ-ын нөөц сангаас ямааны годрон өвчнөөс сэргийлэх үйлдвэрлэж, нөөц бүрдүүлэхэд ₮1.5 тэрбумыг зарцуулна. Тус зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг багтаажээ. Санхүүжилтийг шийдвэрлэснээр Биокомбинат ТӨХХК 1.5 сая тун вакциныг 2 сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлсөн аж. Ингэснээр ирээдүйд ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэх гэнэ.
🍋 Малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслахаар “SMART-Herders” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төсөлд 3 жилийн турш, $2 саяыг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд Баянхонгор, Дундговь аймгийн 4 сумын 4,000 малчин өрхийг хамруулах аж. Гол зорилго нь ган, зуд, цөлжилт, шороон шуурга зэрэг уур амьсгалын эрсдэлд малчдын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх явдал.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply